News

Тойм: Монсудар утга зохиол цуврал 2017

Монсудар хэвлэлийн газар Утга зохиол цувралынхаа арван наймдугаар бүтээл буюу Трүмэн Капотигийн "Тиффани дахь өглөөний цай" романыг уншигчдадаа өргөн бариад байна. Аргентины алдарт зохиолч Хорхе Луис Борхес (Даян дэлхийн жигшүүрт түүх), Нобелийн шагналт япон зохиолч Оэ Кензабүро (Тэжээмэл) зэргийг багтаасан есөн өөр орны есөн өөр туурвилыг багтаасан 2017 оны цуврал ийнхүү бүрэн хэвлэгдэж дууслаа. Энэ цуврал цаг тооллын дарааллын хувьд Достоевскийн 1864 оны харьцангуй бага танигдсан Газар доороос бичсэн тэмдэглэл туужаас эхлүүлээд Элис Манрогийн 1998 онд бичсэн Сайн бүсгүйн хайр тууж/урт өгүүллэг хүртэлх есөн бүтээлийг багтаасан. Эдгээр есөн бүтээлээс долоо нь монгол хэлнээ анх удаа хөрвүүлэгдсэн төдийгүй нэгээс бусад нь бүгд анх бичигдсэн эх хэлнээсээ монгол руу орчуулагдан уншигчдад хүрч буй билээ. 

Номуудад Монсудар хэвлэлийн газрын зүгээс бичсэн өмнөх үг тус бүрийг www.monsudar.mn хаягаас үнэгүй унших боломжтой. Ингээд Утга зохиол цувралд 2017 онд багтсан есөн номыг товч өгүүлье.

№10 И МҮН ЁЛ: МАНАЙ БҮДЭРСЭН БААТАР (Өмнөд Солонгос, 1987)

И Мүн Ёл өнөө цагт Өмнөд Солонгост уран бүтээлээ ид туурвиж буй зохиолчид дундаас хамгийн их уншигдаж, тэр хэрээрээ хамгийн их маргаан дагуулж буй эрхэм билээ.Түүний романууд Өмнөд, Умард хоёр солонгосын хуваагдал, аж үйлдвэржилт, хэрэглэгчийн зах зээл, мөн тэрчлэн хэрэглээний нийгэм болон улс төрийн эрх мэдэл буруу замаар орж буйг харуулдаг. И Мүн Ёлын 1987 онд бичсэн Манай бүдэрсэн баатар тууж нь утга зохиолын хэллэгээр дам утга /Allegorie/-д хамаарах бөгөөд судлаач шүүмжлэгчдийн зүгээс уг зохиолыг Жорж Орвелийн алдарт Амьтны ферм зохиолтой жишиж үзэх нь элбэг. Зохиолыг өнгөцхөн харвал Өмнөд солонгосын хөдөө тосгон дахь нэгэн сургуулийн сурагч ангийн дарга Ом Согдэ ба тэр ангид шилжиж ирсэн Би хүүрнэгчийн хоорон дахь зөрчлийг харуулна. Улс төрийн эрх мэдэл гэгч юу болохыг  хэний ч ой тойнд бүрэн буутал, сургуулийн нэгэн ангид өрнөх маш энгийн үйл явдлаар харуулж буйг монгол уншигчид маань яг л өөрийн эргэн тойронд болж буй үйл явдал мэтээр хүлээн авах биз ээ.     

 

№11 ЭЛИС МАНРО: САЙН БҮСГҮЙН ХАЙР (Канад, 1998)

Канадын эмэгтэй зохиолч Элис Манро “орчин үеийн өгүүллэг туурвилд оруулсан хувь нэмрийнхээ ачаар” 2013 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн билээ. Түүнийг Нобелийн шагналын хороо “Орчин цагийн /contemporary/ богино өгүүллэгийн мастер” хэмээн үнэлжээ. Судлаач шүүмжлэгчдийн зүгээс ч түүнийг Антон Чеховтой зүйрлэх нь ч бий. Сайн бүсгүйн хайр туужид Элис Манрогийн асуудлыг богино, нягт өгүүлэмжид багтаах онцгой ур чадвар, өгүүллэгээс урт хэмжээний үргэлжилсэн үгийн зохиол буюу тууж бичлэгийн арга барилыг гайхамшигтай эзэмшсэн нь харагддаг юм. Энэхүү зохиолд Канадын нэгэн тосгонд болсон хэрэг явдал, удтал шаналсны эцэст амьдрал нь төгсгөл болж буй залуухан эмэгтэй, түүний ойр тойрны хүмүүсийн хувь тавиланг өгүүлнэ. Утга зохиолд ховорхон бичлэгийн арга барил энэ зохиолын онцлог бөгөөд уншигчийг өөрийн эрхгүй хайр сэтгэл, хар санаа, үхэл гэсэн амаргүй амьдрал дундуур хөтөлдөг. Энэ зохиолыг уншсан хэнд ч болов хайр сэтгэлийн эргэн тойронд өрнөх амьдралын тухай, өөрийгөө оролцуулан бодож, ярилцах хүсэл тэмүүлэл зүрх сэтгэлд нь оргилох нь дамжиггүй юм.       

 

№12 Ф.М.ДОСТОЕВСКИЙ: ГАЗАР ДООРООС БИЧСЭН ТЭМДЭГЛЭЛ (Орос, 1864)

Агуу Достоевский Гэмт хэрэг ба ял шийтгэл (1866 он), Карамзовын хөвүүд (1881 он) зэрэг романуудаараа дэлхий дахинаа алдаршсан билээ. Түүний энэхүү хожмын, гайхалтай романуудын эхлэлийг анх 1864 онд туурвисан Газар доороос бичсэн тэмдэглэл хэмээх бэсрэг роман тавьж өгсөн юм. Энэ зохиолын агуулга ердөө л төрийн алба хашиж явсан нэгэн хижээл эрийн өөрийгөө үгүйсгэсэн Би өгүүлэгчийн хүүрнэл юм. Хүн хийсэн үйлдлээ эргэцүүлэн бодож өөрийнхөө буруу зөвийг дүгнэж явах тийм ч амар байдаггүй. Эргэлзээнд ордог, ичдэг, эсвэл огт тоохгүй байхыг хичээх нь бий. Тэгвэл хийсэн үйлдэл байтугай бодлоосоо өөрийгөө олж харах, өөртэйгээ ярьж буй хүний бичсэн тэмдэглэлийг сонирхъё гэвэл энэ номыг танд санал болгоё. Энэхүү зохиолыг санаандгүй олж уншсан агуу философич Ницще нэгэнтээ хүний сэтгэл зүйг мэдье гэвэл Ф.М.Достоевскийг унш хэмээсэн байдаг.   


№13 ЭЛИАС КАНЕТТИ: МАРРАКЕШИЙН ДУУ ХООЛОЙ (Болгар/Герман, 1967)

1905 онд Болгарт төрсөн Элиас Каннети герман хэлээр зохиол туурвигсдын дунд  нөлөө бүхий нэгэнд тооцогддог. 1981 онд "өргөн хүрээг хамарсан харах өнцөг, гайхамшигтай санаа сэдэл, урлагийн эрч хүч бүхий бүтээлүүд туурвисны" учир тэрээр Нобелийн шагнал хүртжээ. Марракешийн дуу хоолой түүний намтарчилсан бүтээлүүдийн нэг бөгөөд Марокко руу аялснаасаа хойш хэдхэн долоо хоногийн дараа, 1967 онд анх хэвлэн нийтлэгджээ. Тэрээр энэхүү зохиолоороо уншигчийг тухайн үеийн олны хөл хөдөлгөөнтэй барааны зах, еврейчүүдийн дүүрэг, европ маягийн баар цэнгээний газрууд болон араб чихрийн дэлгүүрээр аялуулна. Тэнд сохор гуйлгачин, тэмээний наймаачид, дайн тулаанд оролцож явсан ахмад дайчин, дэмий сэлгүүцэгчид, янхнууд болон баян ядуу бүгд тааралдана. Энэ багашаархан бүтээл ер бусын хэв маяг, нарийн нягт ажиглалт, гайхшируулам харилцан ярианыхаа ачаар XX зууны хамгийн алдартай аян замын тэмдэглэлүүдийг нэгээр үнэлэгдэх болжээ. 


№14 МИШЕЛЬ УЭЛЬБЕК: ТУЛААНЫ ТАЛБАРЫН ТЭЛЭЛТ (Франц,1994)

Өнөө цагийн хамгийн их маргаан дэгдээсэн, амжилттай франц зохиолч гэвэл Мишель Уэльбекийг л нэрлэх байх. Тэрээр цөөн тооны зохиолчдод тохиох цаг үеийн нийгэм, улс төрийн маргаан дагуулсан асуудлыг хөндөхдөө өөрийн байр сууриа хүмүүсийг өдсөн маягаар зохиол бүтээлдээ тусгадаг. Түүний Тулааны талбарын тэлэлт хэмээх анхны туужид францын ХАА-н яамны мэдээлэл технологийн хоёр мэргэжилтний тухай хүүрнэнэ. Францын хөдөө тосгодод албан томилолтоор ажиллах тэрхүү гол дүрүүдийн ганцаардмал амьдрал, сексийн дутагдал, гаслант явдалууд зохиолын хөндөж буй сэдэв аж. 1960, 70-аад оны сексийн хувьсгал нийгмийг дэвшилд хүргэсэн үү эсвэл сөрөг үр дагаврууд авчирсан уу?  Тулааны талбарын тэлэлт роман 1994 онд хэвлэгдсэн даруйдаа Мишель Уэльбекийг нэгэн өдрийн дотор олны танил од болгож алдаршуулсан төдийгүй түүнд “супермаркетын Бодлер” хэмээн алдар нэрийг хүртээжээ. 


№15 НАДИН ГОРДИМЕР: ЗУРГААН ТОХОЙ ГАЗАР (ӨАБНУ, 1986)

1991 онд Утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн Надин Гордимер бол Өмнөд Африкаас төрсөн орчин цагийн хамгийн чухал уран бүтээлчдийн нэг билээ. Түүний он удаан жилийн турш арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг /апартейд/ хийсэн тэмцлийг утга зохиол шүүмжлэгчид Алберт Камю, Жан Паул Сартер нарын нийгмийн идэвхи зүтгэлтэй эн зэрэгцүүлдэг.  Зургаан тохой газар хэмээх энэхүү өгүүллэгийн түүвэр анх энэ бүтцээрээ 1982 онд Пингвин хэвлэлийн газраас худалдаанд гарчээ. Энэхүү түүвэрт 1956-1980 онд хэвлэн нийтлэгдсэн, түүний шилдгийн шилдэг (“Зургаан тохой газар”, “Хотын амрагууд”, “Хөдөөгийн амрагууд”,“Аман түүх” өгүүллэгийн түүврүүд) бүтээлүүд дундаас сонгогдсон долоон өгүүллэг багтаж буй билээ.


16 ХОРХЕ ЛУИС БОРХЕС: ДАЯН ДЭЛХИЙН ЖИГШҮҮРТ ТҮҮХ (Аргентин, 1935)

Хорхе Луис Борхес бол өнгөрсөн зууны утга зохиолын хамгийн ер бусын, нөлөө бүхий төлөөлөгч билээ. Түүнийг “шидэт реализм” ба “постмодернизм”-ын үүсэлд түлхэц болсон гэж үзэх нь түгээмэл. Борхесын уран бүтээлүүд дэлхий дахины философич, зохиолчдод өнөөдөр ч нөлөөлсөн хэвээр. Даян дэлхийн жигшүүрт түүх бол Борхесын анхны өгүүллэгийн түүвэр юм. Зохиолын гарчгаас харагдаж байгаачлан Борхес энэ түүвэртээ АНУ, Хятад, Энэтхэг, Аргентин зэрэг дэлхийн олон орны жигшим явдлын түүхийг шинэчилж эсвэл шинээр өгүүлнэ. Баялаг хэв маяг, Борхесын өөрийн өвөрмөц егөөдөл, хошигнолоор дүүрэн энэхүү түүвэр уг зохиолчтой танилцах хамгийн анхны бүтээл болоход хамгийн сайн тохирно. Түүнчлэн түүнтэй хэдийн танилцаж амжсан туршлагатай уншигчдын хувьд ч анхны бүтээлийг нь эх хэл дээрээ бүрэн хэвлэлээр нь унших таалагдах буй за.


No.17 ОЭ КЕНЗАБҮРО: ТЭЖЭЭМЭЛ (Япон, 1957)

1994 онд Нобелийн шагнал хүртсэн Оэ Кензабүро бол орчин цагийн Япон орны хамгийн алдартай зохиолчдын нэг юм. Тэрээр Тэжээмэлтуужаа 1957 онд хэвлүүлжээ. Тосгоны жаал хүүгийн тухай өгүүлэх уг туужийн үйл явдал 1945 онд буюу дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлийн хэдэн өдөрт өрнөнө. Америкийн цэргийн онгоц бууны суманд өртөж, Японы хязгаар нутгийн нэгэн жижиг тосгонд унажээ. Осолд орсон онгоцноос нэг нисгэгч нь амьд үлдсэнийг тосгоны ард иргэд олзолж авна. Энэ үйл явдалд тосгоны хүн ард, үүнд ялангуяа хүүхдүүд маш их догдлох төдийгүй олзны хүн хар арьстан гэдгийг мэдмэгц тэдний сэтгэл хөдлөл улам бүр нэмэгдэнэ. Тосгоныхонд олзны хүнийг хэсэг хугацаанд баривчилж байх даалгаврыг дээд газраас өгчээ. Айх сэтгэл нь дарагдаж, арьсны өнгөнөөс шалтгаалж болгоомжлох нь багасахтай зэрэгцэн туужийн гол хүүрнэгч болон тосгоны бусад хүүхдүүд, насанд хүрэгчид хар арьст эрд бага багаар дасаж эхэлнэ. Гэвч энэ бүхний дараа тэднийг эмгэнэлт төгсгөл хүлээж байх ажээ.

 

No.18 ТРҮМЭН КАПОТИ: ТИФФАНИ ДАХЬ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ (АНУ, 1958)

Трүмэн Капоти өнгөрсөн зууны 50, 60-аад оны үед Америкийн Нэгдсэн улсын хамгийн алдартай, нөлөө бүхий уран бүтээлч болж тодорсон билээ. Түүний алдар хүндийг Эрнест Хемингуэй, Уильям Фолкнер, Ф. Скотт Фицжеральд нарынхтай л зүйрлүүлж болох биз ээ. Энэхүү алдар нэрийг хүртэх болсны шалтгаан нь юун түрүүнд Капоти ард олны нүднээ байнга өртөж, анхаарлын төвд байсантай холбоотой. Харин дараагийн чухал шалтгаан нь туурвисан хоёр бүтээлтэй нь хамаатай. Тэрхүү бүтээлүүд бол 1966 онд бичсэн “Хүйтэн сэтгэлтэн” (In Cold Blood) хэмээх баримтат роман болон үүнээс найман жилийн өмнө хэвлэгдсэн Тиффани дахь өглөөний цайхоёр юм. Дур булаам хэр нь таамаглах аргагүй хувирамтгай ааштай Холли Гөлайтли бүсгүй гэнэт Нью Йорк хотод ирж амьдрах болсон тухай Тиффани дахь өглөөний цайроманд өгүүлнэ. Энэ хотод тэрээр тун тансаг хангалуун амьдарч, эрчүүдийн сэтгэл зүрхийг эзэмдэх ажээ. Гэвч нэг өдөр бүсгүй романы нэгдүгээр биеийн хүүрнэгч болон хөршүүддээ таатай дурсамжаас өөр юу ч үлдээлгүйгээр Нью Йорк хотод ирсэн шигээ гэнэтхэн алга болж одно.

Монсудар Утга зохиол цувралын бусад номын тухай: Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Sign up for newsletter