Зохиолын үйл явдал хөдөөний нэгэн сургуульд өрнөнө. Зохиолын “Би” буюу хүүрнэгч Хан Бён Тэгийн эцэг тушаал буурсны улмаас гэр бүлээрээ Сөүлээс жижиг хот руу нүүж, тус сургуульд шилжиж ирнэ. Гэтэл энэ жижиг хотын сургуулийн байшин барилга нь нурах дөхсөн, ангийн багш нь цамцан дээрээ будааны архины толботой, үс зүсээ тордсон эсэх нь ч тодорхойгүй нэгэн агаад удирдсан ангиа Ом Сог Дэ хэмээх сурагчид тэр чигээр нь найдаж орхижээ.
Тэрхүү Ом Сог Дэ бусад сурагчаас хэдэн насаар ах ба том биетэй учир бусдыгаа дээрэлхэж, дарангуйлдаг бөгөөд түүнийг эсэргүүцэх хүн үгүй. Харин Хан Бён Тэ л эсэргүүцэлгүйгээр бууж өгөхийг хүссэнгүй. Ийнхүү цааш Ом Сог Дэгийн эсрэг Хан Бён Тэгийн тэмцэл, бүтэлгүйтэл, ангийн хувьсгал зэргийн талаар өгүүлэх болно.
Энэхүү туужийг Монсудар хэвлэлийн газраас "Утга зохиол" цувралын X номоор сонгож 2017 онд эрхлэн гаргасан билээ.
Бидний бүдэрсэн баатар хэмээх энэхүү тууж нь хэмжээний хувьд бага ч И Мүн Ёлын олон талт, чухал бүтээлүүдийн нэгд тооцогддог.
Энэ туужийг бичихдээ Өмнөд Солонгосын сургуулийн нэгэн анги дахь эрх мэдлийн харилцааг өгүүлэхдээ далд агуулагдах ёгтлол (аллегор) ашиглаагүй сэн бол Солонгос төдийгүй дэлхий дахинаа алдаршихгүй байх сан. Тэгэхээр туужийн ёгт санааг илэрхийлэх элементүүдийг авч үзэхийг хичээе. Туужид гарах Ом Сог Дэгийн дүр цэргийн дэглэмийг төлөөлнө. Тэр бие бялдрын давуу байдлаараа, хүчээр сүрдүүлэн дарамталж, эрх мэдэлд хүрсэн нэгэн. Харин Хан Бён Тэгийн дүр цэргийн дэглэмийн эсрэг зогсдог энгийн иргэдийн тэмцлийг төлөөлнө. Түүний Ом Сог Дэгийн эсрэг тэмцэлд илрэх түүний янз бүрийн сэдэл нь хүмүүсийг шударга бус ноёрхлын эсрэг тэмцэхэд хүргэдэг бардам зан, үзэл суртал, түүнчлэн өөрт ашигтай байх зэрэг шалтгаануудыг харуулна. Ангийн бусад сурагч Солонгосын ард түмний янз бүрийн ашиг сонирхолтой бүлгүүдийг төлөөлнө. Ингэж нэг ангийн бичил нийгмээр цэргийн дэглэмийн үеийн Солонгосын нийгмийг харуулжээ. Түүгээр ч зогсохгүй зөвхөн Солонгосын нийгэмд л хамаарах үйл явдлыг бус, харин дэлхийн аль ч өнцөг буланд өрнөж болох ерөнхий дүр зургийг харуулсан бүтээл болжээ. Хүч чадалтай нэгэн нь бусдыгаа захирч, дарангуйлж буй нийгэмд хүмүүс хэрхэн харилцдаг вэ? Дарлагдсан олонд дарангуйлагчийг эсэргүүцэж, шударга ёсыг тогтооход юу саад болдог вэ? Ийм асуултын хариуг эрэлхийлж буй хүн бүрд энэхүү зохиолоос сурах зүйл их бий.
Buy