News

Утга зохиол лекц #4: Утга зохиолын шүүмжийн урлаг


Удиртгал

Өнөөдөр бид утга зохиолын шүүмжийн тухай ярилцана. Оксфордын Англи хэлний толь бичигт тодорхойлсноор бол, утга зохиолын шүүмж гэдэг нь “утга зохиолын бүтээлийн чанар, онцлогийг шүүх, дүгнэх үйл явц буюу урлаг” ажээ. 

Германы Reallexikon der deutschen Literaturwissenschaft хэмээх “Утга зохиолын хэлзүйн толь бичиг”-т харин утга зохиолын шүүмж гэдгийг “утга зохиолыг дүгнэсэн, шүүсэн, зэмлэсэн, сайшаасан эсвэл ангилсан утга бүхий аливаа мэдэгдлийг” хамруулж ойлгохоор тодорхойлсон байна. 

Үгийн гарлын хувьд, “criticism” буюу “шүүмж” хэмээх үг нь грек хэлний “kritein” буюу “ялгах”, “шийдэх” гэсэн утгатай үгнээс үүсэлтэй. Платоны Төр улс номын II, III дэвтрийг утга зохиолын анхны шүүмж гэж үзэх нь элбэг. Учир нь энэ бүтээлд утга зохиолын тухайд маргаан өрнүүлсэн байдаг. (Гэхдээ энд тодорхой нэг бүтээлийг бус, харин утга зохиолыг ерөнхийд нь шүүмжилжээ. Платон төгс бүгд найрамдах улсад утга зохиолыг хориглох учиртай гэж үзэж байв.) Нэн эртний утга зохиолын шүүмж гэж тооцож болох хоёр дахь бүтээл бол Аристотелийн алдарт Туурвил зүй юм. Жүжгийн зохиолыг анх удаа онолын үүднээс авч үзэж судалсан энэхүү бүтээл утга зохиолын салбарт хамгийн их эш татагддаг бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогдоно. 

Утга зохиолын шүүмж өнөөгийн утгаараа анх XVII, XVIII зууны үед Англи, Франц, Германд үүсжээ. Сайн эсвэл муу зохиол гэж юуг хэлэх вэ гэдгийг зөвхөн сүм, хязгааргүй эрхт засаг шийдэхгүй гэдгийг Соён гэгээрлийн хөдөлгөөнийхөн дахин давтан хэлж байв. Ямар зохиол унших тухайд дээрээс тулгасан (ихэнхдээ дур зоргоороо) шийдвэрийг олон нийт, ард түмэн ойшоохоо больж, энэ тухайд өөрсдөө эргэцүүлэх, хэлэлцэх явдал бага багаар хүрээгээ тэлсээр байлаа. Үнэхээр ч өнөөгийн нийгэм бүрэлдэн тогтоход утга зохиолын шүүмж багагүй нөлөөлжээ. Анхны сэтгүүл, сонинууд гол төлөв утга зохиолын тухай нийтлэл хэвлэдэг байв.

Утга зохиолын шүүмж хэрхэн хөгжиж, Европын олон нийтийн соёлд ямар хувь нэмэр оруулсан тухай ярьж хэлэх зүйл бишгүй. Түүнчлэн өдөрт тутмын сонинд гардаг утга зохиолын шүүмж болон илүү эрдэм шинжилгээний, онолын шинжтэй шүүмж хоёрын ялгааны тухайд урт удаан ярьж болно. Гэхдээ бид өнөөдөр өдөр тутмын сонинд голдуу гардаг шүүмжид төвлөрч, утга зохиолын сайн шүүмж бичихийн тулд яавал зохих хийгээд ямар алдаа гаргахаас сэрэмжлэх учиртай тухай ярилцана.


Зарим энгийн дүрэм буюу шүүмж бичих арга барил

Сонин сэтгүүлд утга зохиолын шүүмжлэгчийн ажил эрхэлдэг эсвэл өөрийн цахим блог, Фейсбүүк хуудастаа шүүмж нийтэлдэг аливаа хүн юун түрүүнд нэг дүрмийг байнга санаж байх учиртай: Таны шүүмжийг унших хүмүүсийн ихэнх нь шүүмжилж буй зохиолыг тань хараахан уншиж амжаагүй гэдгийг байнга сана. Тиймээс ч аливаа сайн шүүмж юун түрүүнд, үйл явдал бүрийг нарийн тодорхой өгүүлэлгүйгээр тухайн бүтээл ерөнхийдөө юун тухай өгүүлдгийг, түүнчлэн ямар хэв маягтай бичигдсэн тухай мэдээллийг уншигчид өгөх учиртай. Тухайн зохиолын бичигдсэн хэв маягийг уншигчид ойлгуулахдаа зарим нэг хэсгээс эшлэх нь хамгийн түгээмэл арга юм. Эшилж буй хэсэг нь хэт урт бишээс гадна зохиолын амин судсыг хөндөж байвал зүгээр. Түүнчлэн тухайн зохиолын хэв маягийг A) үүнтэй ижил төстэй хэв маягаар бүтээлээ туурвидаг олонд сайтар танигдсан зохиолчийн бүтээлтэй эсвэл Б) тухай зохиолчийн уншигчдад танигдсан өөр бүтээлтэй харьцуулж болно. 

Зохиолын амин судсыг хөндсөн эшлэл сонгох, гярхай голыг нь олсон харьцуулалт хийх нь шүүмжлэгчийн чадварыг илтгэх бас нэгэн үзүүлэлт юм. Зохиолоос дурын эшлэл авна гэдэг хэн хүний ядах юмгүй хийчих зүйл мэт санагдаж болох ч угтаа энэ бол мэдлэг, зөн, гоо сайхны дүгнэлт хийх чадвар шаардсан урлаг гэж болохуйц ажил билээ. Гярхай харьцуулалт хийх чадвар ч мөн ялгаагүй.

Хоёрдугаарт, аливаа бүтээлд зохиогч, сэдэв гэсэн хоёр гол зүйл байдгийг шүүмж бичиж буй хүн мартахгүй санах учиртай. Эхнээсээ дуустал зохиолчийн хувийн амьдралын тухай өгүүлж буй шүүмж сайн шүүмж биш, гэхдээ зохиолчийг бүхэлд нь орхигдуулсан шүүмж ч сайн шүүмж болж чадахгүй. Тухайн зохиолч уншигчдад хэр танигдсан хийгээд уг бүтээл зохиолчийн хувийн амьдралтай хэр холбоотой вэ гэдгээс хамаарч шүүмжлэгчийн зүгээс зохиолчийн тухай шүүмждээ хэр багтаахаа шийднэ. Шүүмжлэгч хүн тухайн зохиолчийн бусад бүтээлийг болон уг шүүмжилж буй бүтээл нь тэдгээртэй хэрхэн холбогдож буйг сайн мэддэг байх хэрэгтэй. Бичвэр хоорондын хамаарлын тухай өмнөх лекцэд өгүүлсэнчлэн аливаа ном бүтээл өөр зохиолчийн өөр бусад бүтээлтэй холбоо, хамааралтай байх нь түгээмэл; түүнчлэн энэ хамаарлыг мэдэх нь уг бүтээлийг ойлгох гол түлхүүр болох магадлал өндөр. Бичвэрүүд хоорондын хамаарал зарим бүтээлүүдэд бүр гарчгаасаа эхлээд л харагдах нь бий. Жишээ нь, Лоренс Стерний “Эрхэм ноён Тристрам Шендийн амьдрал, цаг үе” (The Life and Times of Tristram Shandy, Gentleman) роман, Даниэл Дефогийн Далайч Робинзон Крузогийн амьдрал, адал явдал (The Life and Adventures of Robinson Crusoe, Mariner) бүтээлийг егөөдсөн гэдэг нь гарчгаасаа эхлээд илэрхий. Түүнчлэн Александр Солженицыны ГУЛАГ олтриг романы гарчиг Антон Чеховын “Сахалин арал”-ын (Остров Сахалин) гарчигтай төстэй. Жеймс Жойсын Үлисс роман Хомерын (Одиссей) бүтээлээс нэрээ “зээлсэн” гэдгийг ч уншигч абугай андалгүй мэдэх буй за. Аливаа зохиолын өөр бусад бүтээлтэй энэ мэт харилцан холбоо, хамаарлыг утга зохиол шүүмжлэгч хүн гарцаагүй мэдэх ёстой. Үүнээс гадна шүүмжлэгч хүн түүхийн талаар багагүй мэдлэгтэй байх нь чухал. Үгүй бол Жорж Орвеллийн Амьтны ферм Оросын хувьсгалыг, И Мүн Ёлын Манай бүдэрсэн баатар Солонгос улсын саяхны түүхийг далдуур ёгтолсон зэргийг ойлгож чадахгүй өнгөрнө.

Эцэст нь аливаа шүүмж гол дүгнэлтээр дуусдаг. Өөрөөр хэлбэл, тухайн номыг унших хэрэгтэй юү, үгүй юү гэдгийг уншигчид хэлнэ гэсэн үг. Дэлхий дээр сайн, муу маш олон ном бий. Хүн тэр бүх номыг нэг бүрчлэн уншина гэвэл нас нь гүйцэхгүй. Тиймээс гарцаагүй бусдын зөвлөгөөг сонсох хэрэг шаардлага үүснэ. (Мэдээж хэрэг, энэ зөвлөгөө уншигчдад тулгасан бус, харин тодорхой нөхцөлтэйгөөр санал болгосон шинжтэй байна: жишээ нь, хэрэв танд Борхесын Даян дэлхийн жигшүүрт түүх таалагдсан бол энэ ном ч мөн таалагдана эсвэл хэрэв танд Мүракамигийн хамгийн сүүлчийн ном таалагдаагүй бол энэ ч мөн таалагдахгүй болов уу гэх мэт.) Аль ч тохиолдолд, та зөвлөгөөгөө баримтаар дэмжих хэрэгтэй. Яг ямар үндэслэлээр, юунд түшиглэж тухайн бүтээлийг тийнхүү дүгнэж буйгаа тодорхой өгүүлэх шаардлагатай гэсэн үг. Үгүй бол та энэ зөвлөгөөгөөрөө уншигчдад тухайн номыг уншихыг эсвэл уншихаас татгалзахыг санал болгож буй хэрэг бус, харин ердөө өөрийн хувийн санал бодлоо илэрхийлж буй утга гарна. Эндээс бид энэ лекцээрээ авч хэлэлцэхийг хүссэн дараагийн асуудалдаа шилжиж болно. Энэ бол утга зохиолын гадаад болон дотоод шүүмжлэлийн ялгааны асуудал юм.

 

Гадаад ба дотоод шүүмжлэл

Гадаад шүүмжлэл гэж бүтээлийг гадна талаас нь жишиж дүгнэхийг хэлнэ. Жишээ нь, тухайн зохиолын гол дүр сайн христийн шашинтан уу, сайн буддист уу эсвэл сайн социалист уу? Энэ яруу найраг эсвэл роман сэдэв, хэлбэрийн хувьд уламжлалт загварт нийцэж байна уу? гэх мэт. Утга зохиолын салбарт олон зууны туршид гадаад шүүмжлэл давамгайлж иржээ. Шүүмжлэлийн энэ аргын дагуу, хожим нь сор бүтээл гэж шагшигдсан бүтээлүүдийг анх хэвлэгдсэн цаг мөчид нь зэмлэж муулсан нь жишээ олон бий. Жишээ нь, Мелвиллийн Моби Дик хэвлэгдээд удаагүй байхдаа “хэтэрхий нуршуу, хэт олон янзын хэв маяг хольсон” хэмээн шүүмжлэгч, уншигчдын хэл амны бай болж байлаа. Гэтэл уг бүтээл өнөөдөр эрт постмодернист үеийн сор зохиол төдийгүй Америкийн хамгийн сайн роман хэмээн өргөмжлөгдөж байна. Владимир Маяковскийн футурист найраглалууд өнөө цагт модернизмын гол бүтээлд тооцогддог ч анх бичигдсэн цаг үед нь Оросын коммунист намаас яруу найрагчийг ноцтой буруутгаж, түүний гайхамшигт Өмдтэй үүл (Облако в штанах) найраглалыг нь намын үзэлд харш гэж шүүмжилсэн юм.

Жинхэнэ агуу бүтээлүүд өөрсдийн жишгээ тогтоодог гэдгийг гадаад шүүмжлэлд орхигдуулдагт асуудлын гол учир оршино. Ийм тохиолдолд, чадварлаг шүүмжлэгч хүн бол тэрхүү уг зохиолын өөрийн дотоод жишгийг тодорхойлоод, тэрхүү жишгийнх нь дагуу шүүмжилж дүгнэх учиртай. Уран зохиолын агуу бүтээлийг үнэлж цэгнэх цор ганц арга энэ гэдэг тухайд өнөө үед маргалдаж зөрөх хүн бараг үгүй. Өнөөдөр Жеймс Жойсын Үлиссроманы бүлэг бүр өөр өөр хэв маягаар бичигдсэнийг сул тал, алдаа гэж үзэж эсвэл Т.С.Элиотын “Үржил шимгүй нутаг” (The Wasteland) хэмээх урт найраглалыг толгой сүүл нийлдэггүй гэж буруутгах нь утгагүй хэрэг болно. Эдгээр бүтээл өөрсдийн жишгийг тогтоож, роман эсвэл яруу найргийн тухайд бидний бодлыг өөрчилсөн билээ. (Гэхдээ бид андуурч эндүүрэхгүй байх хэрэгтэй: учир нь өөрсдийн жишгийг тогтоосон гэж тунхаглаад эсвэл тодорхой жишигт хүрсэн гэж зарлаад бүтэлгүйтсэн зохиол бүтээл бишгүй бий. Тэдгээрийг шүүмжлэгчид гол төлөв “дүр эсгэсэн”, “хуурамч” гэж дүгнэдэг.)

“Дотоод шүүмжлэл” хэмээх нэр томьёо Г.В.Ф.Хегелиэс эхтэй; ХХ зуунд Вальтер Беньямин, Теодор В.Адорно зэрэг шүүмжлэгчид түүнээс уг томьёог уламжилж авч түгээн дэлгэрүүлжээ. Энэ гурван эрхэм агуу философич, шүүмжлэгч төдийгүй улс төрийн сэтгэгчид байв. Тиймээс ч “дотоод шүүмжлэл” гэдэг нь урлаг, уран зохиолоос гадна нийгмийн асуудлуудын тухай хэлэлцэхэд хэрэглэгддэг чухал ойлголт гэдгийг нь дурдах хэрэгтэй болов уу. Хүн улс төрийн аливаа нам эсвэл шашны бүлэглэлийг зөвхөн гадна талаас нь хараад, гадаад жишгээр үнэлж шүүмжилбэл тухайн бүлгийн гишүүд төдийлөн хүлээн зөвшөөрөхгүй. Харин тухайн бүлгийн дотоод зөрчилдөөнийг, жишээ нь, улс төрийн намын дарга эсвэл шашны бүлгийн төлөөлөгчийн хэлж ярьж буй нь хийж үйлдэж буйгаас нь эрс зөрж байна гэдгийг харуулж чадах юм бол энэ нь дотоод шүүмжлэлд тооцогдох төдийгүй гадаад сануулгаас илүү үр дүнтэй байж чадна.

 

Зайлсхийх алдаанууд буюу шүүмжлэлийн ёс зүй

Лекцийнхээ төгсгөлд сайн шүүмжлэгчийн зайлсхийх учиртай алдаануудыг хэлэлцье. Аливаа шүүмжлэгч шүүмжилж буй ном бүтээлдээ шударга хандах ёстой. Зохиогчид нь (эсвэл орчуулагчид нь) дургүй гээд зэмлэж буруутгасан утгатай шүүмж бичих нь шударга бус. Зохиогч нь (эсвэл орчуулагч нь) таалагддаг гээд учиргүй магтах нь ч мөн адил буруу. Шүүмжлэгч эхний тохиолдолд зохиолчид (эсвэл орчуулагчид), харин хоёр дахь тохиолдолд уншигчдад шударга бус хандаж, тэднээс урваж байна. Сайн шүүмжлэгч хүн шударга, алагчилдаггүй байх учиртай. Энэ хэдий мэдээжийн зүйл мэт санагдаж болох ч шүүмжлэгчид ийм энгийн алдаа гаргах нь элбэг. Франц, Германд шүүмж бичдэг хүмүүсийг “утга зохиолын өмгөөлөгч”-тэй зүйрлүүлдэг. Аливаа сайн шүүмжлэгчийн нэгэн адилаар номын сайн шүүмжлэгч ч өрөвдөх сэтгэл эсвэл өшөө хорсолд авталгүй шударга ёсыг хангахад аль байдгаараа хичээх учиртай. 

Сайн өмгөөлөгч хүн өөрийн үйлчлүүлэгчийн ашиг сонирхлыг урьтал болгодог. Шүүмжлэгчийн үйлчлүүлэгч бол уншигчид юм. Шүүмжлэгч хүн тухайн ном бүтээлийг бусдад танилцуулах, хэлэлцэхийн оронд өөрийн ур чадвараа гайхуулсан байхыг харах хэзээд таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Сайн шүүмжлэгчид зоригтой байх, даруу төлөв байх гэсэн хоёр зан чанар юу юунаас эрхэм. Зоригтой шүүмжлэгч тухайн ном (эсвэл орчуулга) муу гэдгийг шударгаар хэлж чадна. Харин даруу төлөв шүүмжлэгч хүн шүүмж бичихдээ өөрийн нэр хүнддээ бус, харин дараагийн удаа ямар ном уншихаа шийдэж ядаж буй уншигчид өгөх мэдээлэлдээ хамгийн их анхаарах хэрэгтэй гэдгийг мэднэ. Эцэстээ, сайн шүүмжийн гол зорилго нь ном унших хүсэл эрмэлзэлтэй уншигчийг сайн номтой учруулах шүү дээ. Учир нь энэ л хүрээнд, өөрөөр хэлбэл, уншигч зөв номтойгоо учирсан үед л утга зохиол үүргээ бүрэн гүйцэтгэж чадна.

Шүүмжлэгчийн анхаарах учиртай гурав дахь сул тал бол хайхрамжгүй зан юм. Зохиол бичих эсвэл орчуулахад ямар нөр их хөдөлмөр шаардагддаг билээ дээ. Гэтэл олон шүүмжлэгч бүтээл зохиолыг анхны сэтгэгдлээрээ дүгнээд, цааш ойлгох гэж, лавшруулж эргэцүүлэх гэж хичээдэггүй. Үүнээс үүдсэн буруу дүгнэлт нь утга зохиолын хөгжилд гарцаагүй муугаар нөлөөлнө. Уншигчид, бид зохиолч, орчуулагчдаас хамгийн сайнаараа хичээхийг шаарддаг шигээ шүүмжлэгчдээс ч мөн тэгж шаардах учиртай. Учир нь утга зохиолд чин сэтгэлээсээ хайртай шүүмжлэгчдийн хийж буй ажил зохиолч, орчуулагчдынхаас дутахгүй үр нөлөөтэй билээ.

Дээрх зөвлөгөөнүүдийг дагаж, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг шүүмжлэгчид, утга зохиолын хөгжилд зохиолч, орчуулагчдаас дутахгүй хувь нэмрээ оруулдаг. Тийм ч учир тэднийг зохиолч орчуулагчдын нэгэн адилаар хүндэлж үзэх нь зүй.


Sign up for newsletter