Амьд ахуй цагтаа зохиол бүтээлээрээ улс төрийн дээд түвшинд шууд нөлөөлсөн зохиолч цөөхөн. Александр Исаевич Солженицын бол гарцаагүй тэдний нэг билээ. Иван Денисовичийн нэг өдөр зохиол 1962 онд Новый мир сэтгүүлд анх хэвлэгдэхдээ Никита Сергеевич Хрущёв (1894–1971)-ын тусгай зөвшөөрлөөр гарч байв.
Энэхүү тууж Солженицыныг дэлхий дахинд алдаршуулаад зогсохгүй, судлаач шүүмжлэгчид болон түүхчдийн үзэж буйгаар зөвлөлт засаглалыг нуран унахад хамгийн ихээр нөлөөлсөн бүтээл ажээ.
Уран бүтээлчийн санаа, Иван Денисовичийн нэг өдөр хэмээх номын нэрээс л шууд харагдана. Энд зөвхөн нэг өдрийн үйл явдал өрнөх хэдий ч Солженицын ганцхан өдрийн дүрслэлээр ГУЛАГ системийн хар бараан, гашуун үнэнийг тод харуулна. И.Д.Шухов хэмээх гол баатрын бодлоор ГУЛАГ дахь харьцангуй боломжийн, бараг л сайхан гэмээр өдрийг дүрслэхээр шийдсэн нь зохиолыг бүр ч амжилттай болгожээ. Ингэснээрээ зохиолч маань “жирийн” мэдээг уран зохиол болгох зохистой хэмжээг өөртөө тогтоож өгсөн юм. Ердөө л ганцхан өдрийг дүрслэх ч энэ ганц өдөр нь хорих лагериудын бүхэл бүтэн харгис тогтолцооны жишээ болно. Түүнчлэн ухаалаг, эрс тэс дүрүүдийг сонгосон нь Солженицыны бичлэгийн нэг онцлог юм. Хорих ангид шинээр ирсэн, нэр төр, шударга ёсны үнэр нь хараахан арилаагүй шумбагч онгоцны ахмад асан Буйновскийг тэндхийн хатуу ширүүн амьдрал дунд хамаг хүний мөс, эрээ цээрээ гээсэн Фетюковтой эсрэгцүүлэн тавьжээ. Харин бригадын ахлагч, нийцэрхүү зантай Татариныг эрх мэдлээ ичгүүргүй ашиглан хоригдлуудыг учир шалтгаангүй тарчлаан зовоодог, хорихын командлагч хүртэл эмээдэг, садист зантай дэслэгч Волковойн дүр мөн л тодотгох аж.
Buy