News

Утга зохиол лекц #3: Хорих лагерийн утга зохиол - Оросын гурван жишээ

Удиртгал

Утга зохиол судлалд “Хорих лагерийн утга зохиол” буюу “лагерийн утга зохиол” гэж яг юуг хэлдгийг томьёолох харьцангуй хялбар. Энэ бол хорих лагерийн тухай бичигдсэн утга зохиол юм. Энэ төрлөөр уран бүтээл туурвигчид нь ихэнх тохиолдолд (гэхдээ заавал тийм байх албагүй) урьд өмнө нь хорих лагерьд хоригдож, эсэн мэнд суллагдсан хүмүүс байдаг. Гэхдээ улс улсын “хорих лагерийн утга зохиол” нь сэдэв, хамрах хүрээний хувьд өөр хоорондоо маш их ялгаатай.

Герман хэлээрх утга зохиолын хувьд энэхүү төрөлд нацист Германы хорих лагериудын тухай бичсэн зохиол бүтээлүүдийг хамруулж ойлгодог. Тиймээс Примо Левийн Энэ хүн гэж үү? (Se questo è un uomo), Имре Кертесийн Хүн заяа ноогдоогүй нь, Эли Визелийн Шөнө, Жан Америйн Гэм, наманчлалын цаана (Jenseits von Schuld und Sühne) зэрэг нь “хорих лагерийн утга зохиол”-д багтана гэсэн үг. Эдгээр номуудыг 1960-аад оноос хойш “Холокостын утга зохиол”-ын нэг хэсэг гэж үзэх нь түгээмэл болжээ. Харин Оросын хувьд “хорих лагерийн утга зохиол” гэдэгт зөвхөн коммунист ГУЛАГ-ийн тухай зохиол бүтээлүүдийг хамруулна. Үүнд Солженицыны ГУЛАГ олтриг, Евгения Гинзбургийн Эгц маршрут (Крутой маршрут), Варлам Шаламов Колымын өгүүллэгүүд (Колымские рассказы) зэрэг багтана. Эдгээрээс гадна цаг хугацааны хувьд илүү өмнөх үеийн (хаант Орос улс, Европын колоничлолын үе) болон дэлхийн бусад газар нутгийн (коммунист Хятад улс, Пиночитын үеийн Чили улс гэх мэт) хорих лагерь, шоронгийн амьдралын тухай өгүүлсэн зохиол бүтээлүүд ч энэ төрөлд орно. Түүнчлэн Кафкагийн 1914 онд бичсэн Цээрлүүлэх колонид (In der Strafkolonie) өгүүллэг зэрэг зохиолчийн өөрийн санаанаас зохиосон шорон, хорих лагерийн тухай зохиол туурвилыг ч энэ төрөлд хамруулж ойлгоно.

Дээр дурдсан аль ч тохиолдолд “хорих лагерийн утга зохиол” гэх нэр томьёог хэрэглэж болох ч үүнийг яг ямар утгаар хэрэглэж буй нь тодорхой байх учиртай. “Хорих лагерийн утга зохиол” уншиж, судалж буй хүн өөр өөр төрлийн хорих лагерь, хөдөлмөрийн колонийг хооронд нь хольж хутгахгүй, ялгааг нь бүдгэрүүлэхгүй байхад анхаарах нь чухал. [1]

Өнөөдөр бид XIX–XX зууны Оросын хорих лагерийн утга зохиолын алдарт гурван зохиолыг жишээ болгон авч хэлэлцэнэ. Эдгээр нь Достоевскийн Үхлийн байшингаас бичсэн тэмдэглэл (Записки из Мёртвого дома), Антон Чеховын Сахалин арал (Остров Сахалин), Александр Солженицыны Иван Денисовичийн нэг өдөр юм. Үүнд эдгээр зохиолын хэвлэгдсэн түүх, хэлбэр, агуулга, нөлөөг авч үзэх юм. Бүтээл тус бүр зохиолчийн амьдрал, бичлэгийн хэв маягтай салшгүй холбоотой учир зохиолчдын намтрыг ч мөн авч хэлэлцэх шаардлага гарах нь дамжиггүй. 


Фёдор Достоевский: “Үхлийн байшингаас бичсэн тэмдэглэл”(1861–1862)

1849 оны дөрөвдүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө, Достоевский байрандаа сэрэхэд, түүнд утопи социалист нууц нийгэмлэгийн (удирдагчийнхаа нэрээр нэрлэгдсэн “Михаил Петрашевксийн хүрээлэл”-ийн) гишүүн учир баривчилж байгааг дуулгана. Үүнээс нэг жилийн өмнө Франц, Германд хувьсгал гарч, Марксын Коммунист тунхаглал хэвлэгдсэн учир I Николай хаан үүнтэй төстэй үйл явц Орос оронд өрнөх вий гэдгээс болгоомжилж байв. Тэр цагт Достоевский 28 настай байлаа. Найман сарын турш түр саатуулах байранд хорьсны эцэст шүүх комиссоос уг хүрээллийн гишүүн нэг бүрийг цаазаар авах санал тавина. Гэхдээ цэргийн шүүхээс уг ялыг Омскийн ойролцоох хорих лагерьд найман жил хорих ял болгож зөөлрүүлнэ. Дараа нь I Николай хаан уг хэрэгт оролцож, ялыг дөрвөн жил хорих лагерьд хүнд хөдөлмөр эрхэлж, дараагаар нь “Казахстанд жирийн цэргийн алба хаах” болгон өөрчилнө. Түүнчлэн тэднийг хуурамчаар цаазаар авахыг хаан хүсэх ажээ. Өөрөөр хэлбэл цаазаар авах талбайд гарах хүртлээ жинхэнэ ял шийтгэлээ мэдэх ёсгүй гэнэ.

Хуурамч цаазаар авах ёслол


Энэ хуурамч цаазаар авах ёслол 1849 оны арван хоёрдугаар сарын 22-нд болжээ. Достоевскийг Сибирьд Омскийн ойролцоо хорих лагерьд авчирна. Тэр энд амьдралынхаа дараагийн дөрвөн жилийг өнгөрүүлэх учиртай аж. 1854 оны хоёрдугаар сард тэр хорих лагериас суллагдаж, Казахстаны Семипалатинск руу орон нутгийн цэргийн хуаранд эгэл жирийн цэргийн алба хаахаар илгээгдэнэ. Тэр гэр лүүгээ, ахдаа бичсэн захидалдаа ном (түүх, христийн сүмийн тухай номуудаас гадна Хегелийн философийн ном) явуулахыг хүсэж, хорих лагерьд үзэж өнгөрүүлсэн өдөр хоногууд нь түүнд амьдрал өөрчлөхүйц нөлөөтэй туршлага болсныг хэлнэ. Тэр хорих лагериас суллагдаад ердөө долоо хоногийн дараа өөрийн туршлагаа үгээр буулгахаар шийдэж тэмдэглэл хөтөлж, зохиолоо бичиж эхэлжээ.

Достоевскийд аз тохиов. Семипалатинскийн дүүргийн прокурор Александр Врангель гэгч эр Достоевскийн эрт үеийн зохиол бүтээлийг нь уншсан төдийгүй цэвэр тохиолдлоор хуурамч цаазаар авах ёслолд ч оролцсон нэгэн байж таарлаа. Достоевскийд туслахыг хүссэн тэрээр түүнийг гэртээ урьж, орон нутгийнхантай танилцуулж, зохиол туурвилыг нь дэмжив. 1955 онд I Николай таалал төгсөж, хожим “Чөлөөлөгч царь” хэмээн алдаршсан II Александр хаан ширээнээ залраад, либерал шинэчлэлүүд хийжээ. 1959 оны зун Достоевскийд эцэст нь цөллөгөөс Орос орон руу буцаж ирэхийг зөвшөөрч, тэрээр эхлээд Тверьд, дараа нь Санкт Петербургт ирэв. Достоевский ирэхдээ гар хоосон байсангүй: цөллөгөөс хойших анхны роман “Үхлийн байшингаас бичсэн тэмдэглэл” нь бараг дууссан байлаа. Цензурт өртөхөөс дахин шоронд хоригдох ял авахаас эмээсэн тэрээр романыхаа эхний таван бүлгийг “Русский мир” нэртэй орон нутгийн жижиг сэтгүүлд хэвлүүлжээ. Зохиол бүтээлийн цензурийн асуудал хариуцсан газраас энэ романы хэвлэлтэд хөндлөнгөөс оролцохгүй байгааг харсныхаа дараа л Достоевский бүтээлээ бүрэн эхээр нь Санкт Петербургт ах Михаилынхаа хамт байгуулсан “Эпоха” сэтгүүлдээ хэвлэв.

Уг роман жаазалсан өгүүлэмж бүхий хоёр бүлгээс бүрдэнэ. Гадуур  хүрээлсэн ерөнхий өгүүлэмж нь эхнэрээ өөр хүнтэй хардан хөнөөсний учир Сибирийн хорих лагерь руу цөлөгдсөн Александр Петрович Горянчиков хэмээх танилынхаа тэмдэглэлүүдийг гэрээс нь олон уншигчид хүргэж буй зохиомол редакторын тухай юм. Энэ бүхэн өөрийнх нь хувийн дурсамж биш гэсэн сэтгэгдлийг эрх мэдэлтнүүдэд төрүүлэхийн тулд Достоевский зохиолын энэ аргыг ашигласан болов уу. Горянчиковын хөнөөсөн эхнэрийнх нь нэр зөвхөн нэг л удаа дурдагдаж байгаа зэргээс зохиолч ийм заль мэх хэрэглэснийг уншигч даруй ойлгох боломжтой. Олдсон тэмдэглэл нь ч нэгдүгээр биеийн хүүрнэгчийн санал бодлыг бус, харин Достоевскийн өөрийнх нь санал бодлыг дамжуулж буй нь илэрхий.

Нэгдүгээр бүлэг ерөнхийдөө хорих лагерьд төрсөн анхны сэтгэгдлүүдийн тухай юм: Тэнд хоол унд хангалттай, ажил ч төдий хэцүү биш аж. Тэр бүү хэл лагерьд архи, цай зэргийг нууцаар оруулж ирнэ. Хамгийн хэцүү зүйл гэвэл лагерь дахь нэгэн хэвийн амьдрал. Өдөр бүхэн нэг нь нөгөөгийнхөө хуулбар мэт ар араасаа цуварна. Онц сонин зүйл юу ч болохгүй. Хувийн амьдрал, нууц гэх зүйл огт үгүй. Хоригдлууд олноороо нэг хуаранд байрлана. Өдрийн аль ч цаг мөчид хоригдлыг ганцааранг нь орхихгүй. Түүнээс гадна хоригдлууд бие биеийнхээ эд зүйлсийг хулгайлах нь түгээмэл учир тасгаа байнга манаж байх хэрэгтэй. Хоригдлууд хэд хэдэн бүлэгт хуваагдана: язгууртнууд ба тариачид; хүн амины хэрэг гэх мэт ноцтой гэмт хэргийн улмаас хоригдогсод ба улс төрийн хоригдлууд гэх мэт. Хүүрнэгч эдгээр бүлгүүд хоорондын харилцааг нарийн тодорхой өгүүлэх авч хорих газар үнэхээр онц сонин зүйл өрнөхгүй. Гэхдээ хүүрнэгчийн шоронд өнгөрүүлсэн анхны Улаан өндөгний баярын үеэр онцгой сэтгэгдэл төрүүлэм үйл явдал болж, тэрээр орон дээрээ хэвтэж байтал гэнэтхэн багын дурсамж санаанд нь орж ирнэ. Энэ дурсамж түүнд яг л шашны сэхээрэл мэт нөлөө үзүүлж, тэр цагаас хойш бусад хоригдлуудаа үзэн ядахгүй, тэднийг ойлгож, сонирхож, тэр бүү хэл заримдаа өрөвдөх сэтгэл төрөх болно. Зохиолын уг хэсгийг Достоевский өөрийн амьдралаасаа санаа авч бичсэн гэдгийг бид түүний намтраас харах боломжтой.

Зохиолын хоёрдугаар бүлэг илүү ерөнхий агуулгатай. Эхний хэдэн долоо хоног, сарын дурсамж нь илүү тодорхой шинжтэй байсан бол үлдсэн гурваас дөрвөн жилийн дурсамж нь бүдгэрчээ. Эмнэлэгт хэвтэхийн тулд өвчтэй болж жүжиглэсэн болон гаднаас хориотой зүйл нууцаар оруулахыг завдаад баригдсан хүмүүст ногдуулдаг дэндүү харгис системтэй шийтгэл, шоронгийн эмнэлгийн тухай мөн уншигч мэдэж авна. Хорих лагерийн харгис хэрцгий байдлыг сэтгэл хөдлөл агуулаагүй, хөндий өнгөөр өгүүлж, ямар нэг байдлаар дүгнэж шүүхгүй. Зохиолын дүрслэл нь шоронгийн харгис хэрцгий өнгө аясыг шууд дамжуулахуйц хүчтэй. Хоёрдугаар бүлгийн үйл явдлын өрнөлийн оргил нь сүүлийн хэсгийн өмнөхөн бий: Хоригдлуудын зарим нь оргох гэж оролдоод бүтэлгүйтнэ. Үүнээс өөр ямар нэг онцгой үйл явдал болохгүй. Зохиолын өгүүлэмж нь дүрслэл, ёс суртахууны бодрол, социологийн анализаар дамжин гарна. Гэхдээ энэ бол уг зохиолын сул тал биш, харин Достоевскийн уншигчдад хүргэх гэсэн гол зүйл юм. Хорих лагерийн өдөр бүр нь ялгарах зүйлгүй. Ямар ч үйл явдал өрнөхгүй. Хоригдлууд бол амьд үхдэлүүд, тиймээс ч Достоевский эл зохиолоо “Үхлийн байшингаас бичсэн тэмдэглэл” гэж нэрлэжээ.

Ном эцэст нь 1961–1962 онд бүрэн эхээрээ хэвлэгдмэгц шуугиан тарив. Тургенев үүнийг Дантегийн “Там”-тай зүйрлэсэн бол Толстой уг бүтээлийг “Орос хэлээрх хамгийн сайн зохиол” гэж нэрийджээ. Түүнчлэн Достоевский уг романаараа зохиолчийн хувиар эргэн ирснээ зарласан гэж хэлж болно. Достоевскийг 1966 онд Гэмт хэрэг ба ял шийтгэл номоороо алдаршсан гэх үзэл түгээмэл. Гэвч үнэн хэрэгтээ тэрээр үүнээс хэдэн жилийн өмнө “Үхлийн байшингаас бичсэн тэмдэглэл” романаараа тухайн цаг үеийнхэн дундаа аль хэдийнээ танигдсан байлаа. Сибирийн хорих лагерь руу илгээгдсэн хүмүүс буцаж ирэх нь ховор, буцаж ирлээ ч амаа үдүүлсэн мэт дуугаа хурааж, буцаж цөлөгдөх вий гэж эмээсэндээ тэнд чухам юу үзэж туулснаа огт ярьдаггүй байв. Гэтэл Сибирийн хөдөлмөрийн лагерьд амьдрал ямар байдгийг нарийн тодорхой өгүүлсэн номыг тэнд хоригдож асан нэгэн бээр хэвлүүлж буй нь хэний ч сонирхолыг татах нь дамжиггүй зүйл байв.

Хорих лагерийн туршлага болон түүнийгээ уран бүтээл болгож буулгасан нь Достоевскийн амьдралд ч ихээхэн өөрчлөлт авчирсан нь түүний захидлуудаас тодорхой харагддаг. Үүнийг дараах хоёр баримтаас харах боломжтой: Юун түрүүнд, шоронд хоригдох хугацаанд түүний улс төрийн үзэл үндсээрээ өөрчлөгдөж, тэр залуу үеийнхээ социалист утопи үзэл бодлоос хөндийрөн, үнэн алдартны шашны үзэл санаанд эргэж ханджээ. Хоёрдугаарт, тэрээр зохиолчийн хувиар романууддаа гэмт хэрэг, үүнд ялангуяа хүн амины хэргийн тухай өгүүлэх болов. Достоевский хорих лагерьд алуурчид, гэмт хэрэгтнүүдийн дунд дөрвөн жил амьдарсан учир тэднийг тодорхой хэмжээнд ойлгож, зарим талаар өрөвддөг байжээ. Хорих лагерьд үзэж өнгөрүүлсэн амьдралынхаа ачаар л тэрээр Гэмт хэрэг ба ял шийтгэл романы Раскольников зэрэг дүрүүдийг тийм үнэмшилтэйгээр бичих боломжтой болсон билээ.[2]

“Үхлийн байшингаас бичсэн тэмдэглэл” романаараа тэр хорих лагерийн тухай орчин цагийн утга зохиолыг үндэслэгч болов. Тургенев уг зохиолыг Дантегийн Тэнгэрлэг туульс-ын эхний бүлэг “Там”-тай зүйрлүүлсэнд гайхах зүйлгүй, учир нь “Үхлийн байшингаас бичсэн тэмдэглэл” анх хэвлэгдэн гарахад өөр зүйрлүүлчих зохиол байгаагүй юм. Улмаар энэхүү “жанр” XIX зуун, дан ялангуяа ХХ зууны Оросын утга зохиолын хамгийн чухал төрөл болжээ. Энэ төрөлд өөрийн хувь нэмрээ оруулсан хамгийн чухал хүмүүсийн нэг нь үүнээс гучин жилийн дараа бүтээлээ туурвих Антон Чехов байлаа.

 

Антон Чехов: “Сахалин арал” (1893–1894) 

1889 онд Чехов өгүүллэг, жүжгийн зохиолчийн хувиар өөрийгөө хэдийн батлаад байсан үедээ Москвагаас 10.000 километрийн тэртээх Сахалин арал руу буюу Оросын эзэнт гүрний зүүн хязгаар луу замд гарахаар шийджээ. Түүний ах сүрьеэ өвчтэй хэмээн оношлогдсоноос гадна тэр өөрөө ч сүрьеэ өвчтэй гэдэг нь тодорхой болоод байв. Тэр цагт сүрьеэ эмчлэх аргагүй, үхлийн аюул дагуулсан өвчинд тооцогддог байлаа. Чеховын эхнэр, найз нөхөд, номоо хэвлүүлдэг хэвлэлийн газрынх нь эзэн гээд бүх хүн түүний биеийн байдлыг бодолцон энэ амь өрссөн аяллаас татгалзуулах гэж хичээсэн ч Чехов аян замд гарав. Тэр Сахалинд очиж, Оросын “соёлтой” баруун хагаст бараг мэддэггүй тэр арлын тухай бичихээр шийджээ.

 

Чеховын аялалын маршрут 


Хэдэн сар бэлдсэний дараа 1890 оны дөрөвдүгээр сарын 21-нд Чехов аян замд гарч, галт тэрэг, завь, морин тэрэг зэргээр аялсаар, долоодугаар сарын арванд Сахалин аралд хүрэв. Арал хүрэх хөлөг онгоц дээр түүнтэй таарсан залуу албан хаагч Чеховт дээд удирдах газрын албан ёсны зөвшөөрөлгүйгээр арал дээр чөлөөтэй явж, хоригдлуудтай ярьж чадахгүй хэмээн анхааруулсан ч Чеховын аз таарчээ. Арлын захирагч В.О.Кононович хэмээх боловсролтой эр түүнийг найрсгаар хүлээн авч, түүнд чадах чинээгээрээ тусална гэж амласан ч дүрэм журмын дагуу түүнээс албан ёсны зөвшөөрөл хүсэв.

Ийнхүү Чеховт асуудал тулгарах нь тэр. Одоо зохих зөвшөөрөл авахын тулд буцаад 10.000 километр зам туулах хэрэгтэй. Энэ үнэхээр байж боломгүй зүйл байлаа. Гэхдээ Чеховт гайхалтай санаа төрж, тэрээр нэг шөнийн дотор 12 асуулттай хүн амын тооллогын маягт бэлдэж, энэхүү тооллого нь арлыг захирах, хөгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг цуглуулахад тустай хэмээн арлын захирагчид ойлгууллаа. Захирагч саналыг зөвшөөрч, Чеховт арал даяар хүссэнээрээ аялах зөвшөөрөл олгов. Үүний үр дүнд, арлын хүн амын тооллого бүртгэл бус, харин Нью Йорк Таймс сонины зүгээс “XIX зууны сэтгүүл зүйн хамгийн сайн бүтээл” гэж дүгнэсэн тэр зохиол бий болсон юм. Чехов тайлангаараа урьд өмнө Оросын баруун хагаст огт мэддэггүй байсан бодит үнэнийг илчилж орхив. Москвад ирснийхээ дараа буюу 1893 оны аравдугаар сараас 1894 оны долоодугаар сарын хооронд Русская мысль сонинд нийтлэгдсэн 23 бүлэгтэй номдоо Чехов алс хязгаарын арал дээрх амьдралын хэцүү нөхцөл байдлыг нарийн дэлгэрэнгүй өгүүллээ. Хаалттай шоронгуудад ариун цэврийн хангамж тун аймшигтай аж. Хоригдлуудыг уурхайд жигтэй өлөн зэлмүүн ажиллуулдаг учир тэд заримдаа өөхөн дэнлүүгээ идэх явдал ч гардаг байв. Оргохыг завдсан эсвэл аливаа дүрэм журмыг зөрчсөн хоригдлуудыг системтэйгээр хүнд хэрцгий шийтгэнэ. Түүнчлэн ялаа дуусгасан ялтнууд болон арал дээр оршин суугч жирийн хүмүүс ч энэ бөглүү нутагт зүдрүү амьдарна. Хүүхнүүдийн дунд биеэ үнэлэх явдал түгээмэл. Амиа хорлолтын хувь хэмжээ Оросын бусад бүс нутгаас хавьгүй өндөр.

Хорих лагерийг дүрслэх тухайд Чехов Достоевскийтой зарим талаар төстэй ч тэдгээрийн хооронд ялгаатай зүйл ч бий. Достоевскийн нэгэн адилаар, Чехов ч хорих лагерийн амьдрал ахуйг зайгаа барьж, сэтгэл хөдлөлд авталгүй, шүүмжлэлгүй энгийн хүүрнэсэн өнгө аясаар өгүүлэхээс гадна хоригдлуудын анги давхаргын ялгаа болон хорих лагерь дахь амьдралын үнэн мөнийг үзүүлэх нөлөөнд л онцгой анхаарал хандуулжээ. Гэхдээ Чехов өөрөө хоригдол биш учир, аливааг Достоевскийгоос өөр өнцгөөс харж, илүү чөлөөтэй хөдөлж, тэмдэглэл хөтөлж байв. Харин Достоевский нууцаар тэмдэглэл хөтөлж, үүнийгээ шоронгийн эмнэлэгт ажилладаг итгэл хүлээсэн хүндээ хадгалуулдаг байсан юм. Түүнчлэн Чеховт хоригдлууд “эрхэм ээ” гэж ханддаг байсан төдийгүй тэрээр хүссэн үедээ тэндээс явах боломжтой байлаа. Чехов хэдий ийм тав тухтай орчинд байсан ч арлын бодит байдлыг үнэн бодитойгоор өгүүлж чадсан юм. Тийм ч учраас түүний “тайлан” хэвлэгдсэний дараа засгийн газраас байцаагч томилж, арлын нөхцөл байдлыг шалгуулж, сайжруулахад шаардлагатай арга хэмжээг авахыг даалгаж байжээ.

 

Сахалин арал дээрх Чеховын дурсгалт хөшөө


Сахалин арал зохиолыг уншигч, шүүмжлэгчдийн зүгээс олон жилийн турш утга зохиол гэж үзэлгүй үл тоомсорложээ. Уг номыг ихэнхдээ угсаатны зүйн судалгаа, дутуу орхисон докторын зэрэг горилсон ажил, аяллын тайлан гурвын өвөрмөц холимог гэж дүгнэв. Эсвэл ердөө Чеховын сүүлчийн өгүүллэгүүдийн эх сурвалж гэж харна. (Үнэхээр ч Чехов олон өгүүллэгтээ Сахалин руу хийсэн аяллаасаа санаа авчээ. Эдгээрээс хамгийн алдартай нь сэтгэц мэдрэлийн эмнэлгийн өвчтөн, эмч хоёрын харилцааны тухай Зургаадугаар тасаг юм. Энэ зохиолыг уншсаныхаа дараа хувьсгалч болохоор шийдсэнээ Ленин нэгэнтээ дурдсан нь бий.) Сахалин арал үнэндээ утга зохиолын сайн бүтээл юм гэдгийг олон орны уншигч, шүүмжлэгчид сүүлийн жилүүдэд л ойлгож эхэлж байна: Энэ бол эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эхэн үеийн сор бүтээл төдийгүй Оросын хорих лагерийн утга зохиолын уламжлалд гүнзгий нөлөө бүхий ном билээ.


Александр СолженицынИван Денисовичийн нэг өдөр (1962) ба бусад 

ХХ зууны Оросын хорих лагерийн утга зохиол гэхэд санаанд хамгийн түрүүнд 1970 оны Нобелийн шагналт Александр Солженицын бууна. Солженицын одоогоос яг зуун жилийн өмнө 1918 онд, Оросын хувьсгалын дараахан мэндэлжээ. Оросын өмнөд нутагт орших Терек мужийн Кисловодск хотод төрөхийнх нь өмнөхөн аав нь ан хийж яваад осолдож нас барсан аж. Тиймээс түүнийг украйн гаралтай ээж нь ганцаараа өсгөв. Боловсрол сайтай, шашин шүтлэгтэй эх нь шинэ коммунист дэглэмийг үл харгалзан Солженицыныг нууцаар үнэн алдартны шашинд оруулсан байна. Гэхдээ Солженицын дунд сургуульд ороод Марксын түүхэн материа­лизмын онол заалгаж, үнэнч марксист-ленинист болжээ. Өсвөр насандаа тэрээр коммунизм бол аливаа бусад нийгмийн тогтолцооноос хол илүү гэдэгт бүрэн итгэсэн байв. ЗХУ-д нацист Герман халдан довтолсон 1941 оны зун тухайн үед их сургуулийн математикийн ангийн оюутан байсан Сольженицын цэрэгт татагдлаа. Эх орноо хамгаалахад бэлэн тэрээр цэрэгт очоод их бууны ангид долгион хэм­жилтийн техникчээр гурван жил гаруй алба хаав. Фронтод байгуулсан гавьяаг нь үнэлэн 1944 оны долоодугаар сард түүнийг “Улаан од” одонгоор шагнажээ.

Гэвч 1945 оны хоёрдугаар сард буюу дайн дуусахаас ердөө гурван сарын өмнө Солженицын нэгэн алдаа гаргаж, ахдаа бичсэн хувийн захидалдаа дайны эхний хэдэн сар дахь В.И.Сталины удирдах арга барилыг шүүмжилж, коммунист нийгэм ямар байх ёстой тухай Лениний алсын хараанаас урвасан хэмээн бичсэн аж. Солженицын хэдийгээр захидалдаа Сталины нэрийг дурдаагүй ч үүнээс хойш тун удалгүй Зөвлөлт Оросын армийн тусгай алба болох Сөрөг тагнуулын төв газарт (СМЕРШ) ба­ривчлагдан тусгай албаны зартай шорон болох Мосвкагийн Любянкад хүргэгдэв. Тэр жилийн тавдугаар сарын есний ялалтын баярыг Москвагийн оршин суугчид хэрхэн тэмдэглэхийг тэрээр шоронгийн торны завсраар харж байлаа. Солженицын 1945 оны до­лоодугаар сарын долоонд буюу “Улаан од” одонгоор шагнагдсанаасаа хойш яг нэг жилийн дараа “ардын дайсан” хэмээгдэж ГУЛАГ-т найман жил хүнд хөдөлмөр эрхэлж хоригдохоор яллагдав. Энэ нь Сталинч засгийн газрын зүгээс түүнд харьцангуй хөнгөн ял оноосон хэрэг аж. Сталиныг шүүмжилсэн түүнтэй ижил төстэй “гэмт хэрэг” үйлдэгсэд даруй цаазаар авхуулдаггүй юм гэхэд ихэнхдээ 20–25 жилийн ял эдэлнэ. 

Ялынхаа эхний үед тэрээр янз бүрийн шо­ронд албадан хөдөлмөр эрхэлж байв. Хожим ялын “дунд үе”-дээ эрдэм­тэн хоригдлуудаар Улсыг Аюулаас Хамгаалах Албанд (КБГ) зориулсан судалгааг хатуу хяналтын дор хийлгэдэг “Шарашка” хэмээх эрдэм шинжилгээ­ний тусгай байгууллагад ажиллажээ. Москвагийн ойролцоох энэ тусгай байгууллагад математикчид хүний дууг ялгаж санадаг цахим төхөөрөмж хийж байлаа. Энэхүү шорон нь цагдаа, тагнуулын байгууллагын тусгай чанд хяналтын доор байх бөгөөд энд амьдрах нөхцөл байдал Сибирийн бусад хөдөлмөрийн лагериас дээр ажээ. 1950 онд түүнийг Казахстаны Экибастуз дахь улс төрийн хоригдлуудад зориулсан чанга дэглэмтэй шорон руу шилжүүлж тэрээр уурхай,барил­гын хүнд хүчир ажил хийсний эцэст 1953 онд суллагдлаа. Суллагдахаас нь нэг жилийн өмнө анхны эхнэр нь түүнээс салсан төдийгүй өөрт нь хорт хавдрын онош тавив. Улс төрийн гэмт хэрэгтний эхнэр байхын зовлонг Солженицын ойлгохын дээдээр ойлгож байсан ч эхнэрээсээ салсандаа гүнзгий шаналсны дээр хорт хавдар түүнийг золтой л авч одсонгүй. Энэ хэцүү үед цор ганц сайн мэдээ дуулсан нь 1953 оны гуравдугаар сарын таванд Сталин нас барсан явдал байжээ. Хорих лагериас чөлөөлөгдөөд удаагүй байсан Солженицын энэ мэдээг “бэлэг” хэмээн хүлээн авсан байна. Амьдралынх нь найман жилийг авч одсон хүн түүнээс өмнө нөгөө ертөнц рүү одсон нь энэ байлаа.

Солженицын ГУЛАГ-аас суллагдахдаа амьдралынхаа үлдсэн хугацааг энд үзэж өнгөрүүлсэн амьдрал, туршлагаа ямар ч үнээр хамаагүй өгүүлж өнгөрүүлнэ гэдгээ мэдэж байв. Гэхдээ л тэр ГУЛАГ-ийн тухай анхны бүтээл болох Иван Денисовичийн нэг өдөр романаа хэвлэгдэх хүртэл дахин арван жилийг үдэх учиртай байжээ. Сталин нас барсны дараа 1953 онд Хрущёв Оросын Коммунист намын даргаар томилогдож түүнтэй цуг сая нэг “урин цаг” ирэх нь тэр. Үүнийг Орост “Хрущёвская оттепель” буюу “Хрущёвийн дулаарал” гэнэ. Тодруулж хэлбэл, энэ үед Сталиныг тахин шүтэхээс ан­гижирч, цензур, улс төрийн мөрдлөг хавчла­га зөөлөрч, “ардын дайсан” гэгдэгчид болон Сольженицыны нэгэн адил улс төрийн хоригдлуу­дыг (амьд үлдсэн бол) цагаатгаж, харьцангуй хэвийн иргэний амьдралд оруулж байв.

 

Иван Денисовичийн нэг өдөр номын анхны орос хэвлэл


Үнэхээр ч Хрущёв зөвшөөрч дэмжсэний хүчинд л 1962 онд Иван Денисовичийн нэг өдөр роман Новый Мир сэтгүүлд хэвлэгджээ. Сэтгүүл хэвлэгдсэн даруйдаа дуулиан тарьж, Орост нэг сая шахам хувь борлогдон гараас гар дамжин уншигдлаа. Хүмүүс энэхүү зохиолыг нэг шөнийн дотор уншиж дуусгаад найз, хамаатан садандаа дамжуулдаг байжээ. Гэхдээ энэ зохиол ердөө аюултай сэдвийг хөндсөн учраас биш, мөн тун гайхалтай бичигдсэн учир ийнхүү алдаршсан хэрэг. Достоевскийн нэгэн адилаар, урьд нь хорих лагерьд хоригдож байсан Солженицын өөрийн үзэж туулсан түүхээ өгүүлэхийн тулд романы хэлбэрийг сонгожээ. Утга зохиолын хандлага нь бүр нэрээсээ эхлээд л тодорхой: Солженицын ГУЛАГ-ийн бүхий л аймшиг, зовлон, шаналлыг Иван Денисович хэмээх нэг хоригдлын нэг л өдрийн амьдралаар өгүүлэхийг зорьжээ. (“Нэг өдрийн роман” хэмээх энэхүү төрлийн хамгийн алдартай жишээ нь Жеймс Жойсын Үлисс роман юм.) Солженицын үүндээ ямар нэг хэтрүүлэг хэрэглэж, дуулиан тарих зүйл бичихийг зориогүй, харин ч эсрэгээрээ ГУЛАГ-ийн хөдөлмөрийн лагерийн “сайхан” гэж хэлж болохуйц нэгэн өдрийг өгүүлж, муу өдөр нь ямар байж болохыг уншигч өөрөө төсөөлөг хэмээн орхижээ. Иван Денисович хамт хоригдож буй хүмүүсийнхээ хамтаар үүрээс орой хүртэл өлсөж даарна. Хэрэв ийм “сайхан” гэж хэлж болохуйц нэг өдрийг хоригдлууд өлсөж, даарч, хүнд хөдөлмөрт нухлуулж өнгөрүүлдэг юм бол ГУЛАГ-ийн муу өдөр нь ямархуу байж таарах вэ?

Иван Денисовичийн нэг өдөр роман хэвлэгдсэнээр Солженицын Орост ч, олон улсад ч өдрөөс өдөрт алдаршиж эхэлсэн бөгөөд тэр үед Солженицын 44 настай байв. Гэхдээ хүнд хэцүү он жилүүдийн дараах аз жаргалтай өдөр хоногууд нь удаан үргэлжлэх хувьгүй байжээ. 1964 онд Хрущёвын дараа Брежнев Оросын Коммунист намыг толгойлох болсноор Орос оронд “урин цаг”-ийн төгсгөл ирлээ. Цензур улам бүр чангарч, 1960-аад он дуусахаас өмнө бичсэн Солженицыны гурван томоохон романыг хэвлэхийг зөвшөөрсөнгүй: Солженицыны “Шарашка” өнгөрүүлсэн цаг мөчийн тухай Эхний тойрогт (В кругом пер­вом); Солженицыны ГУЛАГ-аас суллагдсаны дараах хорт хавдрын эмчилгээний тухай Хорт хавдарт корпус (Раковый корпус); түүнчлэн Орос дахь коммунизмын үүслийн тухай 1914 оны наймдугаар сар (Август Четырнадцатого) түүхэн романуудыг нь журамлан, хэвлэхийг хоригложээ. Энэ сүүлчийн түүхэн роман хожим нь Солженицыны Улаан хүрд (Красное колесо) хэмээх түүхэн романы нэг хэсэг болсон юм. Гэхдээ эдгээр номын хуулбарууд Парист амьдардаг орос цагаачдын хэвлэлийн газарт хүрч тэнд хэвлэгдсэнээр эхлээд орос эх нь, дараа нь бусад хэлээрх орчуулгууд нь олны хүртээл болов. Солженицыны тухайд энэ бүхэн төдий л тайтгарал авчирсангүй. Юун түрүүнд, тэр ЗХУ-ын ард иргэдэд хандаж үгээ хүргэхийг хүсэж байсан төдийгүй эдгээр ном нь Парист хэвлэгдсэнээр Солженицын Зөвлөлтийн зохиолчдын эвлэлээс 1969 онд хөөгдсөн байна. Удалгүй түүнд Нобелийн хороо Утга зохиолын шагналаа олгох болсноо дуулгав. Солженицын тус шагналыг авахаар зөвшөөрсөн хэдий ч Стокхольм руу биеэр очсонгүй. Учир нь хэрэв эх орноосоо гарч гэмээ нь Зөвлөлтийн төрийн эрх мэдэлтнүүд түүнийг эргүүлэн эх нутагт нь оруулахгүй байж юуны магад хэмээн айж байжээ. Үнэнчээр бодоод үзье л дээ: Ийм шийдвэр гаргаж чадах тэрс үзэлтэн хүн хэр олон байх бол? Солженицыны өмнө нэг сая ам. доллартай Нобелийн шагналт, ЗХУ-ыг эсэргүүцэгч баатар зохиолчийн тухтай амьдрал болон Оросын КБГ-д хавчигдсан зохиолчийн ядуу зүдүү амьдрал гэсэн хоёр сонголт гарахад тэр хоёр дахийг нь сонгожээ. Тэр хорих лагерийн тухай ГУЛАГ олтриг хэмээх дахин нэг гайхалтай роман бичихийн тулд нь ийм шийдвэр гаргасан аж.[3]

Иван Денисовичийн нэг өдөр роман хэвлэгдсэний дараа ГУЛАГ-т хоригдож асан олон хүн Солженицынд ирж өөрийн дурсамжаа хүүрнэдэг байв. ГУЛАГ-ийн бүхий л үнэнийг олон нийтэд өгүүлж чадах цор ганц хүн бол Солженицын юм гэж тэд итгэдэг ажээ. Солженицынд маш их хэмжээний материал цугласан учир тэр нууц бүлэг байгуулж, баримт цуглуулах, цэгцлэх ажлыг тэдэнд даалгаж байв. Солженицын өөрөө Орос улсыг орхин явахгүй гэдгийг КБГ мэдэж байсан учир 1971 онд түүнийг рицин хэмээн бодисоор хордуулах гэж оролдоод бүтэлгүйтжээ. Түүнийг болон бүлгийнхнийг нь нөмөрсөн нууц албаныхны тор улам чангарсаар 1973 оны зун Сольженицыны гурван бичээчийн нэг Елизавета Денисовна Воронянскаяг баривчилж, гурав хоног хорьжээ. Эрүү шүүлтэд орсон бүсгүй эцэстээ Зөвлөлтийн нутаг дэвсгэрт байсан гурван хувь гар бичмэлийн нэгийг хаана нуусан тухай ам алдсан бөгөөд суллагдсаных нь дараа түүнийг гэртээ боо­милж үхсэн байхад нь олсон юм.

Ингээд Сольженицын ЗХУ-д л лав энэ зохиолоо хэвлүүлж чадахгүй нь ойлгомжтой болов. Ингээд Парис дахь хэвлэ­лийн газарт шифрлэсэн нууц захидал илгээсэнд зохиолын нэгдүгээр дэвтрийг Парист хэвлэн гар­гах зөвшөөрөл өгчээ. 1973 оны арван хоёрдугаар сард ном хэвлэгдэн гарч, дэлхий дахинд шуугиан тарилаа. Энэ номын нөлөөг дутуу үнэлэх аргагүй. Үүний ачаар л Баруунд Сталинист ЗХУ-ыг дайралт, шүүмжлэлээс ямагт өмөөрөн хамгаалсаар ирсэн зүүний үзэлтэй Жан Поль Сартр гэх мэт олон ч сэхээтэн буруу бодож байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

ЗХУ-д уг роман Самиздат хэмээх нууц хэв­лэлээр тодорхой хүрээнд тархсаар, ард олонд мэдээлэл өгч, 1989-1990 оны ЗХУ-ын задран уналтад хүргэсэн тэрхүү бослогууд дэгдэхэд ч хувь нэмрээ оруулав. ГУЛАГ олтриг 1973 онд хэвлэгдэхэд КБГ мэдээж хэрэг баярласангүй. Гэвч Сольженицын хэтэр­хий нэрд гарсан тул түүнийг хороосноор асуудал шийдэгдэхгүй байлаа. Харин Сольженицыны хувьд зугтах юм уу, сайн дураараа эх орноо орхино гэдэг санахын ч хэрэггүй зүйл хэвээр байлаа. Ингээд 1974 оны хоёрдугаар сард КГБ түүнийг баривчлан Баруун Герман руу албадан явуулжээ.

1962 онд ЗХУ-ын хамгийн хүч нөлөөтэй хүн Хрущёвын ачаар Иван Денисовичийн нэг өдөр роман хэвлэгдэж байсан бол 1974 онд мөн л ЗХУ-ын хамгийн хүч нөлөөтэй хүн Брежнев уг бүтээлийг бичсэн эрхмийг Оросоос хөөн зайлуулахаар шийдсэн нь энэ юм. Улс төрийн хамгийн өндөр албан тушаалтныг ийнхүү арав гаруй жилийн турш шаналгасан зохиолч Солженицыноос өөр байдаг болов уу? Цөллөгийн хугацааг тэрээр зохиолч эх­лээд Хайнрих Бёллийнд, дараа нь Цюрих, улмаар Швейцар руу нүүж тэнд Лениний тухай судалж өнгөрүүлжээ. (Хачирхалтай нь, Ленин ч мөн Цюрихт цөлөгдөж байсан.) Түүнд өдөр алгасалгүй шахам КГБ-ээс сүрдүүлсэн захидал ирж байсан тул тэрээр 1975 оны зун АНУ руу дүрвэж, тэнд түүний гурван хүү нь төрөв. Тэрээр 1978 оны зургаадугаар са­рын наймны өдөр Харвардад хэлсэн алдарт үгэндээ америкчуудыг хатуухан шүүмжилсэн юм.


Дүгнэлт

Гурван зохиолчийг харьцуулж үзэх аваас Солженицын ГУЛАГ-ийн тухай үнэнийг бичихийн тулд нөгөөдүүлээсээ хавьгүй их эрсдэл үүрсэн нь тодорхой харагдана. Гэхдээ ГУЛАГ-ийн тухай бичсэн Евгения Гинзбург, Варлам Шаламов зэрэг зохиолчийн нэгэн адилаар түүний өмнө Оросын хорих лагерийн утга зохиолын уламжлал бэлэн хүлээж байсан бол Достоевский, Чехов хоёр энэхүү жанрын үндэс суурийг тавьсан анхдагчид юм. Гэхдээ энэ гурван эрхмийн аль аль нь нийгмийн хар бараан талыг уншигчдад илчилж харуулах ёстой гэдэгт итгэсэн байв. Учир нь зөвхөн мэдээлэл, ойлголтын ачаар л ахиц дэвшил гарна шүү дээ. Улс орны муу муухайг утга зохиолоос нуух учиргүй гэдгийг тэд гурвуул ойлгож байжээ. Утга зохиолын хамгийн эрхэм үүрэг бол үнэнийг хэлэх, шийдвэрлэх хэрэгтэй асуудлыг хуруугаараа чичин заах болохоос бус, уншигчид хүлцэнгүй занг сургаж бүүвэйн дуу аялах биш ээ. Бичгийн ертөнцөд баатарлаг үйлс гэж байдаг бол Достоевский, Чехов, Солженицын гурав тэр л үйлийн эзэд, баатрууд гэж дуудуулах бүрэн эрхтэй нь гарцаагүй бизээ.




[1] Нацист хорих лагерь, ГУЛАГ хоёрт хоригдлуудын өдөр тутмын амьдралын тэмцэл тун төстэй: Хоригдлууд хоол хүнс, дулаан байр, амралт, сайн гутлаар дутагдаж гачигдана; хоригдлууд дунд эрэмбэ зиндаа үйлчилнэ; жирийн хоригдлуудыг харгалзагч болгож ажиллуулсан баримт аль алинд нь үлдсэн; хоригдлуудыг дугаарлаж, нэрээр нь бус дугаараар нь дуудна. Гэхдээ эдгээрийн хооронд мартах учиргүй ялгаа ч мөн бий. Нацист хорих лагериудад нас баралт ГУЛАГ-аас хавьгүй өндөр хувьтай байсан. Түүнчлэн ГУЛАГ-т хорт хийгээр утаж хөнөөх өрөө байгаагүйн дээр Белжец, Треблинка, Собибор, Аушвитц-Биркенау зэрэг нацист лагериуд шиг (“бөөнөөр хөнөөх лагерь” гэнэ) зөвхөн хүн хөнөөх зорилго бүхий лагерь ч байгаагүй. ГУЛАГ-т хоригдлуудын дугаарыг хувцас дээр нь оёж тогтоодог байсан бол Аушвитцад дугаарыг нь хоригдлын арьсан дээр шивдэг байлаа. Энэ нь нэг ёсондоо тэд нас эцэслэтлээ ердөө л дугаар хэвээр үлдэнэ гэсэн утгатай ажээ. 

[2] Гэмт хэрэг ба ял шийтгэл романы эхэн үеийн гар бичмэлээс харахад сөрөг талын Свидригайлов хэмээх дүрийн нэр анхандаа “Аристов” байсан нь харагддаг. Энэ нь  “Үхлийн байшингаас бичсэн тэмдэглэл”-ийн “А-в” хэмээх дүртэй адил юм. Түүнчлэн Карамазовын хөвүүд романы Дмитрий Карамазов эхэндээ хорих газар дахь Достоевскийн өрөөний андын нэгэн адил “Ильинский” хэмээх нэртэй байжээ.

[3] Зохиолын нэр Чеховын “Сахалины арал”-тай төстэй нь шууд анзаарагдана. Арал нь одоо олтриг буюу бүлэг арал болжээ.

Sign up for newsletter