Kazuo Ishiguro

Өнчрөл хагацлын он жилүүд

Казүо Ишигүро нь 1954 оны 11 сарын 8-нд Японы өмнөд хэсгийн томоохон боомт хот Нагасакид төржээ. Түүнийг зургаан настай байхад эцэг нь Британийн Засгийн газрын урилгаар Далай судлалын үндэсний хүрээлэнд ажиллахаар болж, гэр бүлээрээ Лондонд шилжин суурьшив. Ишигүрогийн гэр бүл Их Британид нэг, хоёр жил ажиллаад эх орондоо буцахаар төлөвлөсөн ч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэндээ суурьшин, он удаан жил амьдарсан ажээ.
Ишигүро 1977 онд 23 настай байхдаа рок од болох зорилгоо өөрчлөн, уран бүтээлийн өөр нэг сонирхлоо дагахаар шийдсэн нь зохиол бичих байлаа. Ингээд Зүүн Английн их сургуулийн “Уран зохиолын хөтөлбөр” (Creative Writing Programm) хэмээх алдартай хөтөлбөрт элсэхээр шалгуулаад даруй тэнцжээ. Үүндээ өөрөө ч багагүй гайхсан аж. Уг хөтөлбөрт элсэн орсноор тэрээр бүтэн жилийн турш бичих туурвихад бүхий л анхаарлаа хандуулах боломжтой болсон юм. Ишигүро энэ хугацааг ашиглан өөрийн анхны роман буюу үйл явдал нь төрөлх Нагасаки хотод нь өрнөдөг Бүдгэрэн харагдах толгод (A Pale View of Hills) романыхаа эхний хагасыг бичсэн ба түүнийг нь 1982 онд Британийн алдартай Faber & Faber хэвлэлийн газар хэвлэн гаргажээ. Үүнээс гадна дахиад зургаан ч роман бичиж, улмаар 2017 онд Утга зохиолын төрөлд Нобелийн шагналыг хүртсэн юм.
Өнчрөл хагацлын он жилүүд хэмээх энэхүү бүтээл Ишигүрогийн тав дахь роман бөгөөд 2000 онд анх олны хүртээл болжээ. 1930-1937 оны хооронд Лондон болон Шанхайд ихэнх үйл явдал нь өрнөх энэ романы гол баатар нь Кристофер Бэнкс хэмээх нэгдүгээр биеийн хүүрнэгч юм. Өдрийн тэмдэглэл маягаар бичигдсэн долоон бүлгээс бүтэх энэхүү романы эхэнд өнчин хүү Кристофер Бэнкс аль хэдийнээ нас биед хүрч, Лондон хотынхны дунд нэр хүндтэй, залуухан хувийн мөрдөгч болчихсон яваагаар дүрслэгдэнэ. Хамгийн төвөгтэй хэргийг ч ядаж цөхөлгүй илрүүлэх түүний хувьд тайлж чадахгүй оньсого, илрүүлж чадахгүй хэрэг гэж үгүй. Нийгмийн дээд хүрээнийхэн дунд түүнийг мэдэхгүй хүнгүй болж, ид мандаж яваа залуухан мөрдөгчийг охид бүсгүйчүүд ч ихэд сонирхох болсны дунд Кристоферын нэгэн адил тавилан үүрч, өнчин өрөөсөн үлдсэн Сара Хеммингс гэх бүсгүй байлаа. Кристофер хэдий амжилттай яваа боловч эцэг эхийнх нь учир битүүлэг алга болсон явдал амар заяаг нь ер үзүүлэхгүй ажээ.
Өнчрөл хагацлын он жилүүд бол Ишигүрогийн бичсэн цорын ганц детектив роман юм. Гэхдээ Ишигүро детектив төрлөөр ч бусдаас эрс ялгаатай, давтагдашгүй өвөрмөц бичсэн байдаг. Тиймээс энэ роман түүний бусад зохиолууд, тэр дундаа "Өдрөөс үлдсэн зүйл" хэмээх суут бүтээлийн нэгэн адил нарийн урласан түүхэн роман болсон юм.
Хятадад цэцэглэж байсан британичуудын хар тамхины наймаа, Хятад-Японы II дайн, үймж бужигнасан ХХ зууны эхний хагасын Шанхай хот гээд энэ бүхнийг Ишигүро уншигчдадаа давхар танилцуулснаараа уг романыг сонирхолтой төдийгүй тун ч сургамжтай зохиол болгож чаджээ.
Зохиолчийн бүх бүтээлд тавигддаг тэр л асуудлууд энд мөн хөндөгдөж, бидний амьдралд ой дурсамж хэр чухал үүрэгтэй вэ, ер нь бид дурсамжууд, өөрсдөдөө оноосон тэр сайн сайхан төсөөллүүддээ хэр итгэж үнэмшиж болох вэ зэрэг асуултуудад уйгагүй хариулт хайх нь мэдээж.
Buy


Share

CONTRIBUTORS

By (author): Kazuo Ishiguro ,

PRODUCT DETAILS

PRICE: 24,900₮,

ISBN: 9789997317056,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

PUBLISHED: None,

FORMAT: Hardback,

PAGES: 428,

SIZE: 678 х 678 х 678 ММ ,

WEIGHT: 678.0 ГР,

Image: sample content (inside page)

Sign up for newsletter