“Миллениум” цувралын дөрөвдүгээр дэвтэр Аалзны торонд орооцолдсон охин роман 2015 онд дэлхийд нээлтээ хийжээ. Уг цувралын зохиолч Стиг Ларсон 2004 онд зуурдаар нас барсан боловч өөр нэгэн алдартай, Швед зохиолч Давид Лагеркранц цувралыг үргэлжлүүлэн бичжээ. Тэрээр Стиг Ларсоны зохиолын үйл явдлууд хэд хэдэн газарт нэгэн зэрэг онц сонирхолтойгоор өрнөдөг арга барилын онцлогийг хадгалсан ч сэтгүүлийн бичлэгийн хэв маягаас нь зайлсхийсэн аж. Аалзны торонд орооцолдсон охин роман худалдаанд гарсан даруй 38 хэл дээр орчуулагдаж, АНУ-д шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж байв.
Ларсоныг нас барсны дараа цувралыг яагаад цааш үргэлжлүүлэх болсон тухайд нь асуухад, "Миллениум" цувралыг эрхлэн гаргагч хэвлэлийн газрын төлөөлөгч Сони Мехта, “Лизбет Саландер XXI зууны уран зохиолын хамгийн чухал гол дүрийн эмэгтэйчүүдийн нэг төдийгүй, хамгийн өвөрмөц нь. Тэр зоригтой, эрэлхэг, аймшиггүйгээс гадна өөрийн гэсэн ёс зүйн дүрэмтэй. Саландер, энэ сэтгүүлч эртэй хамт үйл хэргийг үргэлжлүүлж байгаа нь уншигчдад таалагдах байх” хэмээн хариулжээ.
Энэ ботийг хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд ч өндрөөр үнэлж, янз бүрээр магтсан юм. USA Today, “Лизбет Саландерийн шүтэн бишрэгчид санаа зовохгүй байж болно. Панк хакер баатрын түүхийг чадварлаг зохиолч цааш үргэлжлүүлэн хүүрнэж байна. Лагеркранц, Аалзны торонд орооцолдсон охин номоор Лизбетийн сэтгэлийн гүнд нэвтэрсэн төдийгүй өнгөрснийг нь, ялангуяа түүний аавын тухай дурсамжийг нь уншигчид нэгд нэгэнгүй дэлгэн харуулжээ” хэмээв.
Аутизм өвчтэй, сод ухаант жаал хүү аллагын гэрч болж, Саландер АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны сүлжээнд нууцаар нэвтрэх зэрэг үйл явдлын өрнөлийг ухаалаг, үнэмшилтэйгээр дэлгэн харуулжээ.
Buy