News

Ном тойм: Монсудар Утга зохиол 2016

Жил бүр 9 номоор баяжин үргэлжлэх Монсудар Утга зохиол цуврал хоёр дахь жилдээ уншигчдад хүрч байна. Уншигчдын танин мэдэхүй, утга зохиолын тухай мэдлэгт өнгө нэмсэн уг цувралын эхний жилийн буюу 2016 онд хэвлэгдэн гарсан 9 номын агуулгыг тоймлон хүргэж байна.

1. МИХАЭЛЬ КООЛХААС

Хэн нэгэн өмчинд чинь халдаж, чамайг хохироогоод зогсохгүй, бүр дотнын найзыг чинь зодож занчиж гэж саная. Мэдээж, энэ хэргээс болж танд болон танай гэр бүлд гарз хохирол учрах нь ойлгомжтой. Тэгээд үнэн мөнийг олох гэж хэчнээн ч яваад тусыг эс олбол танд юу бодогдох бол? Мөн шүүх шударга бус байдгийг, шүүх чамд биш эрх мэдэлтэн, баячуудад л үйлчилдэг, зөвхөн тэднийг л хамгаалдаг болохыг эцэстээ та мэдвэл яах бол? Таны уур хилэн бадарч, өс хонзон оволзох болов уу? Та ийм шударга бус байдлын эсрэг эцсийн аргаа хэрэглэх хүртлээ тэмцэх болов уу, яах бол? Эсвэл ямар ч арга чаргагүй болоод тэр шударга бус хүмүүсийг яаж ч чадахгүй тэр хэвээр нь орхих болов уу?

 

2. КАНДИД БУЮУ ӨӨДРӨГ ҮЗЭЛ

Чи багшдаа итгэсэн. Гэтэл багш чинь чамайг мэхэлдэг байж. Чи төр засагтаа итгэдэг. Гэтэл төр засаг чинь бас л чамайг мэхэлдэг учраас хүмүүс төр засгтаа итгэхээ болино. Тэгэхдээ чи сайхан ирээдүйд үргэлж итгэдэг байя. Гэвч амьдрал өөдөлж өгөхгүй чамд улам л амьдрахад бэрхшээл төвөг учирсаар байвал, чи бас бусдын үгэнд итгэмтгий, тэдэнд итгээд сурчихсан гэнэн нэгэн гэж бодъё. Өөрийн толгойг зовоохгүй чамд ингээд явсан нь ч амар хялбар санагдаж магадгүй. Гэтэл тэр хүмүүс бас өөр бусад хүний ярианд итгэдэг, бид бүгдээрээ бусдын хэлж ярьсан дам ярианд итгэж амьдардаг бол юу болох вэ? Амьдрал ийм байх гэж үү, эсвэл танд энэ байдлаас гарах ёстой гэсэн бодол төрж байна уу? Та тэгвэл алдарт Вольтерийн Кандидыг унш!


3. КРЕЙЦЕРИЙН СОНАТ

Амраг хосын харилцаанд сэв суужээ. Таны эхнэр өөр хүн рүү тэмүүлээд байх шиг санагдаж байна гэсэн үг. Энэ байдлыг харж суух хэн бүхэнд бэрх төдийгүй хамгийн арчаагүй амьтан шиг өөрийгөө бодоход ч хүргэж мэднэ. Энд хардалтын талаар өгүүлж байна. Үгүй байлгүй дээ гэж бодохыг хичээвч байдал бүр л хүндэрнэ. Эхнэрийн тань сэтгэл аль талд нь байгаа бол? Надад үнэнч хэвээр болов уу? гэж бодогдох л байх. Үгүй бол яах гэж? Хэрэв тийм бол эхнэрээ та өршөөх үү? Эсвэл шууд салах уу? Бүхнийг нураах хүчтэй Л.Толстойн хардалтын тухай энэ сонгодог бүтээл тун уншууртай. 


4. ЭРГЭЛТ

Мо Янь муухай царай зүснээсээ болоод ангидаа адлагдан, бүр сүүлдээ сургуулиа орхиход хүрдэг. Тариачин гаралтай хүү 11 насандаа сургуулиасаа гарах бөгөөд ядуу тарчиг амьдралтай, эх нь бичиг үсэггүй байсан аж. Гэвч Мо Янь хүү гэртээ урвайж суусангүй, тэр амьдралд хэзээ ч бууж өгөлгүй, уйгагүй зүтгэж явсаар нэрт зохиолч болж бүр Нобелийн шагнал хүртжээ. Түүнийг хамгийн доод шатнаас гарч ирсэн анхны нобелийн шагналтан гэж хэлж болно. Өөрийн болон дотныхоо хүмүүсийн тухай өгүүлсэн энэ зохиол тун сонирхолтой. Энэ ном бас Хятадын орчин үеийн түүх юм шүү.  


5. ӨӨРИЙН ГЭСЭН ӨРӨӨ

Чи өөрийгөө хэр мэдэх вэ? Чамд нэг сайн зохиол эсвэл уран бүтээлийн санаа байя гэж бодъё. Гэвч түүнийг хийж бичих цаг хугацаа, бас дээр нь мөнгөгүй бол ямар ч сайхан санаа байгаад нэмэргүй. Харин энэ бүхэн бүрдээд, яг хийж бүтээх гээд суух гэтэл хаалга үүд онголзуулаад, өөрийн гэсэн өрөөгүй бол ажилдаа төвлөрч суухын аргагүй нөхцөл байдал үүсдэгийг төсөөлж болно. Виржиниа Вүүльф энэ талаар бичихдээ бүтээлч ажилд яах аргагүй шаардлагатай материаллаг зүйлс байдгийг энд маш ухаалгаар гаргаж тавьсан. Оюунлаг бүтээлч хүмүүсийн заавал унших ном. 


6. АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА

Зарим хувь тавилан хүний амьдралд ганцхан удаа тохионо. Түүнийгээ мэдэлгүй эсвэл хайхралгүй өнгөрөөж хожим хойно хэчнээн харуусаад ямар ч нэмэргүй байдаг. Тийм харуусал хүний сэтгэлээс үхэн үхтэл арилдаггүй.  Хүн нэг бус удаа ажил мэргэжлээ орхиж болдог бол харин хайр сэтгэлийн хувьд өнгөрүүлж болдоггүй хувь тавилан байдаг юм шүү гэж Сабахаттин Али энэ номондоо өгүүлснийг уншихад сэтгэл хөдлөм. Магадгүй та бас ийм тохиолдлыг мэдэх эсвэл бас өөрөө ч түүнтэй учирч байсан юм бил үү. Чин үнэнч хайрын сэтгэл хөдөлгөсөн хором мөчүүдийг энэ номтой цуг өнгөрөөгөөрэй.

7. ЛЮМПЕНИЙ ТУУЖ

Заримдаа хүн энэ хорвоо дээр цор ганцаар гэж бодогдох, тэгж ганцаардах үе хэнд ч ирдэг. Хүнд хайр халамж, зүг чиг, бас мөнгө мэдлэг дутвал юуг зөв, юуг буруу гэж үзэхэд, тэдгээрийг ялгаж салгахад маш бэрх болдог. Өнчирсөн хүүхдийн хувь тавилан энэ байдал их ойрхон аж. Ром хотод авто замын ослоор эцэг эхээ алдсан насанд хүрээгүй хоёр хүүхдийн амьдралыг энэ номд өгүүлнэ. Тэд хүн болж чадах болов уу? Тэдэнтэй тун төстэй хайр халамж, хөрөнгө мөнгөөр хясагдсан амьдрал энэ хорвоогийн өнцөг булан бүрт бий. Өнчрөл хагацал үзээгүй ч, бас олны дунд ганцаардаагүй юм шиг харагдах ч үнэндээ бол ганцаардаж, амьдралд зүг чигээ олж ядан яваа олон хүнд энэ номын өгүүлэмж тун ойр санагдана.  

 

8. ӨВГӨН ТЭНГИС ХОЁР 

Амьдрал бол өдөр тутмын хичээл зүтгэл гээд шуудхан хэлчихэд болно. Хэзээ нэгэн цагт хүн асуудал бүрээ шийдсэн ч дараа нь санаа амарна гэж ер үгүй. Аз жаргалтай мөчүүд ирэх ч өдөр бүр тэмцэж олох амьдрал дунд бид явдаг. Ингэж боддоггүй хүмүүс харин хэзээ нэгэн өдөр амьдралд гутрах, амьдралаас хүссэнээ авч чадахгүйд хүрнэ гэдгийг мэдэж байх ёстой. Энэ номын баатар куба өвгөн шиг та өдөр тутмын уйгагүй тэмцэлд бэлэн үү?. 84 хоног далайд ганцаар тэнэсэн ч загасчилж чадаагүй өвгөн, ядаж байхад туслагч хүү нь ч аргаа барагдахдаа түүнийг орхиж, өөр загасчдыг дагаж явдаг. Өвгөн ганцаар 84 дэх хоногтоо далайд гарна. Бас 85 дахь өдрөө цааш үргэлжлэн загасчлахаар (тэмцэхээр) гарна... Амьдрал бол тэмцэл, түүнийг энэхүү номоос уншаарай.

9. БОЧЧАН

 

Боччан бол залуухан багш. Тэр саяхан сургуулиа төгсөөд маш их эрч хүч, итгэл сэтгэл өвөртлөн нийслэлээс японы хөдөөгийн бөглүү нэгэн тосгонд багшлахаар болно. Гэвч тодорхой хугацааны дараа түүний дэврүүн сайхан сэтгэл, бодит амьдрал хоёрын хооронд ямар их зааг байдгийг тэр өөрийн биеэр ойлгож авдаг. Ажил хийхээс илүү сургууль дээрх багш нарын, сурагчдын хоорондын атаа жөтөө, хов жив, матаас гэх мэтүүд сургуулийн амьдралыг тодорхойлно чинээ бодож ирээгүй залуу багш Боччанд тэр бүхэн хүндээр тусна. Өнөөгийн бидний амьдралд ч бүх юм өөдрөг хүслээр эхэлдэг ч тэр нь юутай тулгарч юунд хүрч унтардаг билээ? Залуу үеийнхэнд хэрэг болох хөгжилтэй, инээдтэй, хоржоонтой бичигдсэн энэ зохиолыг Японы бүх дунд сургуулиудад заавал уншуулдаг аж.  

 

Sign up for newsletter