Эрнест Хемингуэй энэ тууждаа нэг талаас байгаль, хүн хоёрын байнгын тэмцлийг харуулсан бол нөгөөтэйгүүр цөхрөл, итгэл найдварын тухай өгүүлжээ. Америкийн алдартай зохиолчийн амьд ахуйдаа хэвлүүлсэн хамгийн сүүлчийн бүтээл болох энэ туужаас Хемингуэйн алдар нэрд хүрсэн учир шалтгаан тус бүрийг олж харах боломжтой.
Куба загасчин өвгөн Сантьяго наян дөрвөн хоногийн турш нэг ч загас бариагүй ажээ. Өвгөнтэй цуг загасчилдаг хөвгүүний эцэг эх хоёр ийм олон хоногийн турш загас барьж чадаагүй Сантьягог заяа нь хаяасан амьтан гэж үзээд, хүүгээ өөр загасчинд туслуулах болсон юм. Өөрт туслах хүнгүй ганцаар завиндаа суун далай тэнгисээр загасчлахаар явсан Сантьяго өвгөн энэ наян тав дахь өдөр (Эрнест Хемингуэй зохиолоо энэ өдрөөс эхлэн хүүрнэнэ) аз нь гийх байх хэмээн горьдно.
Өвгөн тэр өдөр үнэхээр загас барилаа. Барих барихдаа урьд өмнө нь хэзээ ч агнаж байгаагүй тийм том марлин загас барив. Завинаас нь ч урт, лунзгар том энэ загасыг туслагч хүүгийнхээ хамжлагагүйгээр агнах өвгөнд тийм амар байсангүй. Загасанд чирэгдэн далайн тэнгисээр гурван өдөр, гурван шөнө явсны эцэст Сантьяго өвгөн хашир ухаан, тэвчээр, шантрашгүй зангийнхаа ачаар олзоо агнаж чадна. Гэхдээ энэ ан тийм ч өөдрөгөөр дуусахгүй.
Зохиолын өнгөц үйл явдлын цаана, юун түрүүнд, энэ зохиол байгаль, хүн хоёрын тэмцлийг өгүүлж байна гэж тайлж уншиж болно. Туужийг ийнхүү тайлж унших юм бол өвгөн Сантьяго, түүний залуу найз хоёр бүх хүн төрөлхтнийг бэлгэднэ. Агуу хүч, гоо сайхан болон өвгөнд учруулсан аюул заналаас нь харахад том загас харин байгалийн бэлгэдэл болж таарна. Ийнхүү зүйрлэж тайлах нь зөв гэж үзэх нэг шалтгааныг туужийн англи нэрээс харж болно. Англи гарчигт, “The Old Santiago and the Sea” (Өвгөн Сантьяго, тэнгис хоёр) гэж онцгойлон дурдахын оронд The Old Man and the Sea гэж ерөнхийлөн нэрлэжээ. Өөрөөр хэлбэл, “Сантьяго” хэмээх хувь хүний нэрээр бус “Man” (Хүн) хэмээн ерөнхийлөн дурдсан байна. Гарчиг, Сантьяго хэмээх хувь хүний хувь тавиланг бус, харин өдрөөс өдөрт амьд гарах гэж тэмцэх хүн төрөлхтний хувь тавиланг онцгойлжээ.
Buy