Казүо Ишигүро

Намайг бүү явуулаач

Казүо Ишигүро 1954 оны 11 дүгээр сарын 8-нд Японы өмнөд хэсгийн томоохон боомт хот Нагасакид төржээ. Түүнийг зургаан настай байхад эцэг нь Британийн Засгийн газрын урилгаар Далай судлалын үндэсний хүрээлэнд ажиллахаар болж, гэр бүлээрээ Лондон руу шилжин суурьшихдаа хүүхдүүдээ авч явжээ. Анхандаа нэг юм уу дээд тал нь хоёр жил ажиллаад буцахаар төлөвлөж очсон тэдний гэр бүл Их Британид суурьшиж, он удаан жил амьдарсан аж.
Түүний анхны роман Бүдгэрэн харагдах толгод /A pale View of Hills-ийг 1982 онд британийн алдартай Faber & Faber хэвлэлийн газар хэвлэн гаргасан бөгөөд үйл явдал нь төрөлх Нагасаки хотод өрнөдөг. Хожмоо дахиад зургаан ч роман бичиж, улмаар 2017 онд Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэнээр оргилдоо хүрэх зохиолчийн агуу замнал ийнхүү эхэлсэн юм.
2005 онд бичсэн Намайг бүү явуулаач хэмээх энэ зохиол нь Ишигүрогийн зургаа дахь роман бөгөөд Өдрөөс үлдсэн зүйл романы зэрэгцээ олноо хамгийн их алдаршсан бүтээл билээ. Энэ зохиолыг дистопи хэмээх төрөлд хамааруулан авч үздэг. Романы үйл явдал 1970, 80 ба 90-ээд оны Англи оронд өрнөх авч тэрхүү Англи орон бидний мэддэгээс ондоо. Тэндхийн хүмүүс маш урт наслах агаад дундаж наслалт нь зуу хэдийнээ давжээ. Учир нь клонын аргаар өөрсдийн хувилбарыг бүтээж, хэрэгцээтэй цагтаа эд эрхтнийг нь сэлбэг болгон авдаг юм санж. Эдгээр клонууд “жирийн” хүмүүсээс алс тусгаарласан байранд, хаалттай газарт амьдарна. Ийм байрнуудын нэг, тун ч тав тухтай тансаг газар болохыг нь уншигчид тун удалгүй олж мэдэх Хэйлшэмд зохиолын Би баатар Кэти.Ш бүсгүйн хүүхэд ахуй болон бага залуу нас өнгөрнө. Ихэнх клонуудыг насанд хүрэв үү үгүй юу эд эрхтнийг нь авах тул тэд их сайндаа л гурав юм уу дөрвөн удаа эд эрхтнээ өгсний дараа үхнэ. Анхны удаа эд эрхтнээ өгөөд л амиа алдах нь ч бий. Гэвч клонуудыг “үхсэн” гэж ярихгүй, харин „to complete“ гэсэн үгийг хэрэглэдгээс харахад тэдний оршин буйн цор ганц утга учир нь эд эрхтний донор болоход оршдог нь илэрхий.
Клонуудын хувьд „асрагч“ болсноор амьдрах хоногийн тоогоо арай уртасгах боломж олдоно. Асрагч гэдэг нь бусдыгаа эрхтнээ өгөх үед нь хамт явж, арчилж сувилдаг клонууд юм. Кэти бол тэдгээр асрагч нарын нэг. Өөрийн түүхийг хүүрнэж эхлэх үедээ гучин нэгэн настай байх бөгөөд арван нэгэн наснаасаа хойш асрагчаар ажиллажээ. Гэвч тэрээр тун удалгүй өөрөө донор болох цаг ирж, тоотой хоногийн нас үлдсэний учир туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэн дурсана. Сэтгэл хөдөлгөхийн зэрэгцээ үймрүүлсэн энэ дурсамжаас бид Кэтийн хүүхэд ахуй болон бага залуу нас, Рут гэгч найз бүсгүйнх нь тухай, түүний найз Томмитой үүсгэсэн, урт удаан настай золгүй хайрын түүхийг, тодруулж хэлбэл он цагийн явцад олон гэнэтийн эргэлт туулсан хайрын гурвалжны тухай олж мэднэ. Клонууд үнэн хэрэгтээ сэтгэл оюуны хувьд “жирийн” хүмүүсээс ямар ч ялгаагүй байдаг нь Кэтигийн хүүрнэлээс тодорхой болдог Хайрлах, найзалж нөхөрлөх, хардах, ганцаардах гэхчлэн хүний мэдэрдэг бүхий л мэдрэмжийг тэд огтоос ялгалгүй мэдэрдэг ажээ. Цорын ганц ялгаа гэвэл тэд үр хүүхэдтэй болж чадахгүйн дээр хувь заяа нь хэрхэн төгсөх нь хэдийнээ зурагдаж шийдэгдсэн байдаг. Гэвч энэ бүхнийг өөрчлөх арга зам байдаг юм биш биз?
Зохиолын ертөнц рүү нэвтрэн орох цор ганц үүд хаалга бол Кэтигийн дотоод ертөнц, дурсамж, бодол эргэцүүлэл юм. Энэхүү роман нь Ишигүрогийн бусад бүхий л зохиолын нэгэн адил хүний оршихуйн асуудлыг мөн хөнджээ. Романы баатрууд нь жинхэнэ хүн гэж эс тооцогдох клон байх тусмаа энэ асуудлыг улам ч гүн хөндөж байна. Намайг бүү явуулаач өнөө цагт хүн төрөлхтний өмнө нээгдээд буй биотехнологийн өргөн боломж, нээлтүүдэд бодлогогүй хөнгөн хандаж хэрхэвч болохгүйг Ишигүро ил шулуухан, ой тойнд буутал сануулсан юм.

Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Казүо Ишигүро ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 24,900₮,

ISBN: 9789997317834,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: None,

ФОРМАТ: Hardback,

ХУУДАСНЫ ТОО: 332,

ХЭМЖЭЭ: 639 х 639 х 639 ММ ,

ЖИН: 639.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах