Колин Маккалоу

Өргөст модны дууч шувуу

Амьдрал гээч ер нь юусан билээ. Бидний шунан тэмүүлэгч, утга учрыг нь олох гэж зүтгэгч амьдрал ердөө өргөст мөчир бол тэр мөчирт сүвлэгдэн, өвдөлтөө давж гарахын тулд илэрхийлж буй шаналан маань хайр бол яах вэ? Австралийн зохиолч Колин Маккалоугийн "Өргөст модны дууч шувуу" роман 1977 онд хэвлэгдэж, Дрохеда эдлэнд болж өнгөрөх нэг гэр бүлийн хувь тавилангаар хүн төрөлхтний амьдрал, түүнд хүмүүс яаж ханддаг болохыг баатруудынхаа харуусалт хувь тавилангаар дэлгэн харуулжээ. Тус роман 1983 онд дэлгэцнээ мөнхөрч, олон үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон юм.
Амьдралдаа ганц удаа бусдаас илүү сайхан дуулдаг шувууны тухай эртний нэг домог буй. Нэг өдөр тэрээр үүрээ орхиж, үүргэний бут олохоор санаа нь үл амран нисдэг. Тэрээр бутны мөчир дундаас хамгийн урт, хурц өргөстэйг нь олж, түүн рүү хамаг хүчээрээ нисэн очиж, шорлогддог. Өөрийн энэ зовлонг давж, сүүлийн амьсгалаа хураах хүртлээ дуулж жиргэдэг. Энэ дуу нь алтан гургалдай атаархам сайхан бөгөөд амины үнэтэй цорын ганц, юутай ч харьцуулшгүй аялгуу аж. Тэр дууг дэлхий амьсгаа даран чагнаж, тэнгэрт Бурхан хүртэл инээмсэглэдэг. Учир нь энэ хорвоод сайн сайханд хүрэхийн тулд асар их зовлонг даван туулах хэрэгтэй байдаг… гэж домогт өгүүлжээ.

Шинэ Зеландад тарчигхан амьдардаг Пэддигийн гэр бүл Фрэнк, Боб, Жек, Хьюги гэсэн дөрвөн хүү, гурван ой хүрч байгаа Мэгги хэмээх ганц охинтой. Тэдний гэр бүлийн хамаг хэргийг эхнэр Фиа нь эрхлэн явуулж, эцэг Пэдди Клири нь хонь хяргах ажилд өдөржин зүтгэж, гэр бүлээ тэжээнэ. Нэг удаа тэд Австралиас захиа авснаар бүх зүйл орвонгоороо эргэнэ. Пэддигийн эгч Мэри Карсон нас дээр гарсан тул тэдний хүүхдүүдэд Дрохеда эдлэнгээ өвлүүлнэ, хүрэлцэн ирнэ үү хэмээн захиа бичжээ. Ингээд л тэд Австрали руу амьдралыг нь өөр тийш эргүүлэх аялалд гарна. Тэдний амьдралыг хамгийн их өөрчилсөн зүйл Дрохеда эдлэн, Ральф лам хоёр байлаа. Пэдди түймэрт амиа алдаж, Фрэнк өөр хүний хүүхэд гэдгээ мэдэн, гэрээсээ явна. Нэг л хэмээр давтагдах эмэгтэйчүүдийнх нь хувь тавилан, дүнсгэр, ганцаардмал, бас хэзээ ч эхнэр авдаггүй эрэгтэйчүүдийнх нь байдал хүний амьдралын утга учрын тухай гүн сэтгэгдэл төрүүлдэг. Гурван үеийн амьдрал үнэндээ өргөст мод руу тэмүүлсэн шувууны домог байсан гэдгийг эцэстээ ухаарна. Хайр сэтгэл гэгч мөн тийм гунигт дуун биш үү.

Насны зөрүүг умартан Ральфт өгсөн Мэггигийн хайр эцэстээ хүүгийнх нь үхлийн шалтгаан, өөрийнх нь мөнхийн ганцаардлын сүүдэр болно. Түүний охин ч бас ийм ээдрээг туулна. Амьдралын үнэн төрх ердөө л ийм. Хиймэл, ядмаг хийсвэрлэлээс холдож, хүний амьдралын үнэн төрхийг тольдоход тань тус болох эл бүтээл дэлхийн олон оронд хэвлэгдэж, уншигчдын талархлыг хүлээсээр байгаа билээ.
Худалдаж авах


ХУВААЛЦАХ

РЕДАКТОРЫН БАГ

Зохиогч: Колин Маккалоу ,

НОМЫН МЭДЭЭЛЭЛ

ҮНЭ: 14,900₮,

ISBN: 9789996203848,

ЭРХЛЭН ГАРГАСАН ГАЗАР: Монсудар,

ЭРХЛЭН ГАРГАСАН ОГНОО: 2013-10-01,

ФОРМАТ: Paperback,

ХУУДАСНЫ ТОО: 628,

ХЭМЖЭЭ: 287 х 287 х 287 ММ ,

ЖИН: 287.0 ГР,

Номын хэсгээс

Номын мэдээлэл хүлээн авах