Мэдээлэл

Энэ намар заавал унших 5 ном

Обломов

Хүн бүхэн алба ажил, хичээл сурлагандаа илүү ихээр анхаарлаа хандуулан хичээн шамдах ёстой улирал хаяанд ирсэн байхад ганцхан чи л зуны зугаатай амьдралынхаа хэмнэлээс салж чадахгүй байна уу?

Залхууралаа даван гарахад чинь, хийж бүтээх эрч хүчээ дахин олж авахад чинь И.А.Гончаров-ын шидэг бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог “Обломов” роман чамд гарцаагүй туслах болно.

Хорвоо дээр мэндэлсэн цагаасаа эхлэн  дутагдаж гачигдахын зовлонг мэдрээгүй, ажил хөдөлмөрийн үнэ цэнэ, утга учрыг ухаарч амжаагүй Обломовын амьдралын гунигтай дурсамжаар дамжуулан зохиолч бидэнд аз жаргалтай амьдралын гол түлхүүр нь угтаа баяр хөөртэйгээр тасралтгүй хөдөлмөрлөн, тав тухтай байдлаас үргэлж зайлсхийн өөрийгөө өдөр бүр шинээр сорьж амьдрах явдал юм гэдгийг ойлгуулахыг зорьжээ. Цайлган цагаан сэтгэлтэй, үнэнч шударга нэгэн хэдий ч амьдралынхаа гол зорилгыг, утга учрыг тодорхойлон мэдээгүйгээсээ болж залхуурал хэмээх өвчинд насан туршдаа дарлуулах Обломовын түүх танд олон чухал зүйлсийг ойлгуулах болно.

Обломовын дүрээс үүдэн хэт залхуурах гэсэн утгатай “Обломовжих” гэдэг үг ч Орост үүссэн аж. Оросын сонгодог утга зохиолуудын гарамгай орчуулагч Ш.Очирбат гуайн орчуулгаар энэ намар Обломовтой танилцан ”Обломовжих”-оос өөрийгөө хамгаалаарай.


Газар дороос бичсэн тэмдэглэл

“...Ямар ч хүний ой санамжид хэн бүхэнд дэлгээд байдаггүй, зөвхөн анд найз нартаа л хэлж магадгүй зүйл байдаг шүү дээ. Найз нөхөддөө ч нээж хэлдэггүй, зөвхөн дотроо өөртөө сэмхэн нээдэг ч юм бас байдаг. За бүр тэгж яривал, өөрөө өөрөөсөө нууж, санахаас ч жийрхдэг тийм нууц, тэр тусмаа зөв яваа хүмүүст ч нэлээдгүй их байдаг...”  “Газар дороос бичсэн тэмдэглэл” туужийн хэсгээс

Намар бол өөрийнхөө дотоод хүнтэй сайтар ярилцан, амьдралын мөн чанар, утга учрын талаар эргэцүүлэн бодон суухад тун тохиромжтой улирал. Хэдхэн сарын дараа ар араасаа шил шилээ даран зохиогдох олон баяр наадмын өдрүүдээс өмнө амжиж зөвхөн өөртэйгээ ярилцан суух үедээ уншихад хамгийн тохиромжтой бүтээл бол “ Газар дороос бичсэн тэмдэглэл” хэмээн нийтлэлчийн зүгээс тунгаан энэхүү туужийг жагсаалтандаа багтаасан билээ.

Фридрех Ницще нэгэнтээ энэхүү бүтээлийг “Жинхэнэ сод ухааны бүтээл” хэмээн  бишрэн хэлж байсан төдийгүй өмнө нь огт таньдаггүй байсан Достоевскийн тухайд “надад шинэ зүйл зааж чадах цор ганц сэтгэл судлаач” хэмээн шагшин магтаж байжээ.

Энэхүү тууж нь бүтцийн хувьд өөр хоорондоо төдий л холбоогүй 2 хэсгээс бүрдэх бөгөөд 2 хэсгийн аль алийг нь өмнө нь боломжийн ажил эрхлэн албан хаагч байсан хэдий ч одоо Санкт Петебургийн захын дүүрэгт газар доорхи хуучирч муудсан хонгилд амьдарч буй эр буюу “би” баатар хүүрнэж, өөрийн амьдралыг үзэх үзлээ уншигчтай хуваалцах болно. Достоевскийн ёс суртахууны радикализм, аймшиггүй зориг, сэтгэл зүйн асуудлыг хурцаар дэлгэн тавих авьяас билиг анхнаасаа л түүнд заяагдсан байсныг 1864 онд бичсэн энэхүү туужаас нь уншигчид олж харах нь дамжиггүй.


Марракешийн дуу хоолой

1981онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн Элиас Канетти –ийн “Марркешийн дуу хоолой” туужийг танд санал болгож байна. Герман зохиолч маань энэхүү туужаа Марроко улсаар аялах хагас сарын богинохон аялалынхаа хугацаанд үзэж харж, сонсож дуулсан зүйлийнхээ эмхэтгэл болгон бичсэн бөгөөд тун ч сайн аян замын тухай ном болсон юм.

Зохиолын харилцан ярианууд тун үнэмшилтэй, оновчтой төдийгүй заримдаа хөгжилтэй, бичлэгийн хувьд нэг ч илүү дутуу үг, өгүүлбэргүй төгс гэж хэлж болохоор.

Дараа зуны аялалын төлөвлөгөөгөө одооноос сэтгэлдээ ургуулан төлөвлөж эхлэсэн бол энэхүү ном төлөвлөсөн аялалдаа бушуухан гарах хүслийг чинь улам ихээр бадраан өгөх болно.


Эмиль ба мөрдөгчид

Хатагтай Тишбен өөрийн хүү Эмильд тохиолдох гайхамшигтай адал явдлыг урьдчилан мэдсэн бол хэзээ ч хүүгээ Берлин рүү явуулахгүй байсан биз.

Эмиль хүү гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар халаасандаа 7 паундтайгаар Берлин явах галт тэргэнд сууснаар түүнд тохиолдох олон гайхалтай зүйлсийн эхлэл тавигдана. Галт тэргэн дотор хэсэгхэн зүйрмэглэх үедээ халаасан дах мөнгөө хулгайд алдсан Эмиль хүү хулгайчийг барихаар сэтгэл шулуудлаа. Мөнгөө олж авах урт удаан аялалынхаа туршид олон олон адал явдал түүнд тохиолдох болно.  1929 онд анх хэвлэгдсэн цагаасаа эхлэн дэлхийн сая сая багачуудын хамгийн хайртай ном болж чадсан энэхүү бүтээлийг эрдэм мэдлэгийн их далайгаар аялаж буй бяцхан багачуудынхаа энэ намар унших номын жагсаалтанд багтаагаарай. 


Хэрээний найр

“Game of Thrones” цувралын шинэхэн бүлгийн төгсгөлийн дараа урт удаан хүлээлтийн хугацааг  хэрхэн давахаа мэдэхгүй байна уу?Тэгвэл танд “Гал мөсний дуун” цувралын 4-р дэвтэр болох “Хэрээний найр” номыг энэ намрын унших жагсаалтанд тань санал болгож байна.

George.R.R.Martin анхны номын төлөвлөгөөндөө “Хэрээний найр”-ыг багтаагаагүй байсан хэдий ч үйл явдал хоорондын уялдаа холбоог илүү тодотгох зорилгоор энэхүү номыг бичихээр шийдсэн гэдэг.Аавынхаа гэнэтийн үхлийн дараа бага хүүгээ хаан болгон хаант улсын бүхий л эрх мэдлийг өөрийн болгохоор хичээж буй Серсей Ланнистер,  Кателин Старк-д өгсөн амлалтаа биелүүлэхээр Санса Старкийг 7 ханлигийн газар нутгаас хайж олохоор урт удаан аяныг эхлүүлж буй Тарт-ын Бриен, авга ах Оберин Мартелл-ийн үхлийн өшөөг Ланнистеруудаас авахаар тангараг тавин элсний могойнуудтай хамт ааваасаа урвах Дорне-ийн өв залгамжлагч гүнж Арианна Мартелл, ахынхаа гэнэтийн үхлийн дараа Төмөр арлын хаан ширээний төлөө тэмцэхээр ирсэн Еврон Грэйжой гээд олон олон чухал үйл явдал Вестерос тивд өрнөх болно. Харин далайн чанадад орших Эссос тивийн чөлөөт хотуудын нэг болох Бравос хотод Нед Старк-ийн бага охин Аръяа Старк нүүргүй бурхадад хүчин зүтгэн,  Сэмвэл Тарли хуучин хотод арчмэйстерүүдийн удирдлаган дор мэйстер болохоор хичээнгүйлэн суралцах болно.

“Хэрээний найр” номын гол онцлог нь “Гал Мөсний Дуун” цувралын гол зангилаа болсон Дейнерис Таргариан, Жон Сноу, Тирион Ланнистерийн биеэ даасан бүлэг байхгүй бөгөөд эсрэгээрээ жижиг дүрүүдэд илүү анхаарлаа хандуулан  уншигчдад тэднийг илүү дэлгэрэнгүй танилцуулж чадсан явдал юм.


Номын мэдээлэл хүлээн авах