News

Германы контемпорари уран зохиол

Монгол хэлнээ орчуулагдсан Германы контемпорари уран зохиол: Санал болгох таван ном

Нью-Йорк Таймсын бестселлер номын жагсаалтад гол төлөв англи хэлээр бичигдсэн номууд багтдаг. Дэлхий дахин англи хэлээр бичигдсэн номуудыг тус тусын хэл рүү хөрвүүлж байхад, англи хэл рүү хөрвүүлэгдсэн номууд харин тун бага хувийг эзэлж, борлуулалтаараа ч тааруухан байдаг. Жам гэлтэй болсон энэ үзэгдэл шинэ мянган гарснаас хойших хорин жилийн хугацаанд хэдхэн удаа эвдэгдсэний нэг нь Даниель Кээлманны бүтээл Дэлхийг хэмжсэн нь роман байлаа. Энэ бүтээл анх 2005 онд Германд уншигчдын хүртээл болж, Нью-Йорк Таймсын судалгаагаар 2006 онд дэлхий дахинд хамгийн их зарагдсан номын жагсаалтад аман хүзүүджээ. Дэлхийг хэмжсэн нь роман өдгөө 40 хэлээр хөрвүүлэгдээд байна. Энэхүү бүтээлийг 2019 онд Гёте Институт-ийн дэмжлэгтэйгээр монгол уншигчдын хүртээл болсон билээ. Энэхүү нийтлэлээр бид  та бүхэнд Кээлманны энэхүү алдарт бүтээлийг контемпорари германы уран зохиолыг төлөөлөх, монгол уншигчдын гар хэдийнээ хүрсэн болон удахгүй хэвлэгдэн гарах дөрвөн бүтээлийн хамт танилцуулж байна. Эдгээр бүтээлүүд нь хэв маяг, төрөл жанрын хувьд эрс тэс ялгаатай. Түүхэн романаас эхлээд хүүхэд залуусын уран зохиол, эксперименталь-концепт зохиолоос эхлээд хөөрөл-гутралын эмгэгтэй залуу зохиолч эр өөрийн дотоод ертөнц, эмгэг өвчнийхөө түүхийг задалж шинжилсэн намтарчилсан хүүрнэл багтана. Герман хэлтний контемпорари уран зохиолоос олж нээх зүйл олон бий!

1. Даниель Кээлманн: Дэлхийг хэмжсэн нь (2005)

 1975 онд Мюнхен хотноо төрсөн Даниель Кээлманн бол өдгөө энх тунх буй герман хэлт зохиолчид дундаа дэлхий дахины уншигчдад зохиол бүтээлээрээ хамгийн их хүрсэн зохиолч юм. Түүнийг амжилтад хүргэсэн бүтээл Дэлхийг хэмжсэн нь романд европын соён гэгээрлийн үеийн хоёр гарамгай герман эрдэмтний тухай өгүүлдгийг нэг нь байгалийн судлаач, газар зүйч Александр фон Хумбольдт (1759–1859), нөгөөх нь түүнээс арван хоёр насаар дүү математикч, газрын гадаргуу судлаач Карл Фридрих Гаусс  (1777–1855). Хэн хэн нь тухайн цаг үеийнхээ шинжлэх ухааны ололт дэвшилтэд өөр хоорондоо эрс ялгаатай авч үлэмж их хувь нэмэр оруулсан хүмүүс: Тийм ч учраас Александр фон Хумбольдтыг амьд ахуй цагт нь “Хоёр дахь Колумб” гэсэн алдар хүртээж; Гауссыг харин “математикийн гүнтэн” хэмээн хочилж байж. 

Кээлманн энэхүү бүтээлд энэ хоёр эрхмийн амьдралыг нэгд нэггүй, намтарчлан хүүрнэсэнгүй. Харин элдэв нээлт ололтын эзэн энэ хоёр эрдэмтнийг хувь хүн талаас нь авч үзэн, гэр бүл, найз нөхөд, охид бүсгүйчүүдэд хэрхэн яаж ханддаг, ямархуу хүмүүс байсныг илүүтэй хөндөн сэтгэл хөдлөм, нэн сонирхолтой бүтээл туурвижээ. Энэ хоёр суут эрдэмтэн шинжлэх ухаанд хамаг сэтгэлээ өгч, өндөр нас хийгээд үхлээс өөр юу ч салгамгүй шимтэн дурлаж явах зуур хувийн амьдрал, харилцаа нь байсхийгээд нурж унахдаа хүрнэ. Шинжлэх ухаанд шийдвэрлэх хувь нэмэр оруулсан гайхамшигт хоёр эрхэм хийгээд шинжлэх ухаанд шунан дурласан сэтгэлийг уран зохиолоор илтгэн харуулсан бүтээл.

 2. Вольфган Херндорф: Чик (2010)

Зохиолч Вольфганг Херндорфын (1965 онд Берлинд төрж, 2013 онд нас барсан) хүүхэд залууст зориулсан Чик хэмээх энэхүү роман сүүлийн арван жилд герман хэлээр бичигдсэн хамгийн шилдэг бүтээл болсон юм. Энэхүү романд Берлиний хоёр өсвөр насны хүү Германаар хөндлөн гулд явсан адал явдалт аяллын тухай өгүүлнэ. Марк, Чик хоёр нэг ангид сурдаг бөгөөд хэн хэн нь бусадтай нийлдэггүй зожиг зангаараа хоорондоо төстэй. Гэхдээ ар гэрийн хувьд эрс тэс ялгаатай. Майк баян чинээлэг боловч гэр бүлийн харилцаа нь авах юмгүй болсон айлын хүүхэд: Ээж нь архинд орж, аав нь залуухан туслах бүсгүйтэйгээ байнга ийш тийш томилолтоор явчихна. 

Чик буюу жинхэнэ нэр нь Андрей Чихачов бол ядуу айлын хүүхэд бөгөөд хачин этгээд нэр, хямдхан тааруу хувцсыг нь ангийнхан нь байнга шоолж гоочилно. Зуны амралтын нэгэн өдөр Чик хулгайлж авсан Лада машинтайгаа гэв гэнэт Майкийнд хүрч ирнэ. Хоёул хамтдаа нэгэн үдэшлэгт урилгагүй зочилно. Улмаар замд гарч, германы хөдөө нутгаар эрх дураараа аялан явах замдаа зожиг хоёр хүү сайн найзууд болно. Осолд орсноор аялал өндөрлөх ч гэлээ хөвгүүдийн хувьд энэ насандаа мартамгүй өдрүүд болж өнгөрдөг. Энэ зохиол анх хүүхэд залууст зориулан бичигдсэн боловч сая сая уншигчид, томчууд ч шимтэн уншжээ. 2016 онд энэ романаар найруулагч Фати Акин кино бүтээжээ. Киноны гол дүрд Ананд хэмээх монгол хүү тоглосон билээ.

3. Кристиан Крахт: Эзэнт гүрэн (2012)

Кристиан Крахт (1966 онд Заанэн хотноо төрсөн) бол зохиол бүтээл нь хамгийн олон хэлнээ орчуулагдсан щвейцарь зохиолч бөгөөд 1990-ээд оноос хойш орчин үеийн герман хэлтний уран зохиолын ертөнцөд тодрон гялалзсаар ирсэн нэгэн. Ингээд 2012 онд туурвисан Эзэн гүрэн роман нь олон улсын тавцанд гарах боломжийг олгожээ. Ёгт хошин энэ зохиолын гол баатар нь Аугуст Энгельхардт хэмээх түүхэн хүн юм. Тэрээр хоёр зууны зааг үед нудизм, ногоон хүнсээр хооллох үзэлд нэгдсэн зожиг даяанч герман эр агаад 1902 онд тухайн үед Германы колони байсан Германы Гвиней хэмээх нутагт очиж суурьшин, “Нарны нийгэмлэг” хэмээх бүлгэм байгуулжээ. Өөрийнх нь тодорхойлсноор тэрхүү урсгалын гол үндэс суурь нь “наргилын самрыг шүтэх” ажээ: Өөрөөр хэлбэл энэ ёсыг шүтэгчид наргилын самрын шүүс, зөөлөн эдээс өөр юу ч идэж уухгүй амьдарснаар үхэлгүй мөнхийн хутгийг олох учиртай аж. Өнөөгийн өнцгөөс харахад утга учиргүй тоглоом наргиан мэт санагдавч Энгельхардт чин үнэнээсээ ийн итгэж явсан агаад түүний зам мөрөөр замнан Германы Гвиней рүү дагаж ирсэн олон арван хүн амь насаа алдсан түүхтэй. 

Кристиан Крахт энэхүү бодит түүхээс ургуулан, уран зохиолын аргаар (зарим талаар хийсвэрлэн) баяжуулж, Аугуст Энгельхардт болон түүнийг дагагчдын инээдтэй хэр нь эмгэнэлтэй хувь заяаг өгүүлсэн сургамжит зохиол туурвижээ. Энэ түүх дэндүү хийсвэр мэт санагдаж байж мэдэх ч тухайн үед Энгельхард тийм ч байж болшгүй этгээд нөхөр байгаагүй бөгөөд өнөө цагт ч ялгаагүй соён гэгээрлийг эсэргүүцсэн элдэв хөдөлгөөнүүд, туйлын хийсвэр хуйвалдааны онолуудад автах хүмүүс улам бүр нэмэгдсээр байна. Крахтын энэ роман бол энэ үзэгдлийн эсрэг хөгжилтэй, хошин маягаар тэмцэж буй эсэргүүцлийн дуу хоолой болохын зэрэгцээ уншигчдыг огтхон ч уйдаахгүй нэн сонирхолтой зохиол. Түүнчлэн Кээлманны Дэлхийг хэмжсэн нь романы нэгэн адил Нью-Йорк Таймсын бэстсэллэрийн жагсаалтад багтсан билээ.

4. Томас Мелле: Нуруун дээрх ертөнц  (2016)

 Зохиолч Томас Мелле  (1975 онд Боннд төрсөн) өгүүллэг, роман жүжгийн зохиол туурвидаг бөгөөд тийм ч учраас орчин үеийн германы уран зохиолын хамгийн сонирхолтой төлөөлөгчийн нэгэнд тооцогддог. Тэрээр хөөрөл-гутралын хоёр туйлт эмгэгтэй хүн бөгөөд энэ өвчинд түүнд, амьдралд нь хэрхэн нөлөөлсөн тухайгаа Нуруун дээрх ертөнц хэмээх намтарчилсан романдаа дэлгэрэнгүй бичсэн юм: “Хэрэв та сэтгэл хөөрөл, гутралын эмгэгээр өвдвөл амьдралд тань бат тогтвортой зүйл гэж үгүй болно. Энэ өвчин таны өнгөрсөн үеийг сүйтгэх ч ирээдүйг тань бүр ч их заналхийлнэ. Хөөрлийн үе дайрч өнгөрөх бүрд таны мэддэг байсан урьдын амьдрал тань цааш үргэлжлэх ямар ч боломжгүй болно... Зурсхийн орж ирээд, даруй мартагдах ёстой бодлууд тань харин хөөрлийн үед үйл хэрэг болчихно. Хааяа нэг сэм шагайн хардаг, гүн ангал хүн бүрийн дотор нуугдаж байдаг бололтой. Хөөрөл бол тэр ангалаар хийх тойрон аялал л гэсэн үг. Хэчнээн жилийн турш минийх, надад хамаатай гэж бодож ирсэн бүхэн тань хэдхэн хормын дотор ор мөргүй болно.” 

Нуруун дээрх ертөнц роман бол нэг барьсан хүн салахын аргагүй сонирхолтой хүүрнэх сарниж бутарсан амьдралын цаг тооны бичиг, уран зохиолын нэн чансаатай намтарчилсан бүтээл. Уншигчид энэхүү романаас Томас Меллегийн амьдрал, уран бүтээлээс гадна германы утга зохиолын ертөнц, уг ертөнцийн дотоод амьдрал, сүүдэртэй бараан тал болон үл үзэгдэгч баатруудын тухай ихийг олж мэдэх болно.

5. Юдит Шаланский: Алдагдсан зүйлсийн жагсаалт (2018)

 Юдит Шаланский (1980 онд Грайфсвальд хотод төрсөн) бол зохиолч төдийгүй, номын дизайнер, хэвлэн нийтлэгч билээ. Бичиж туурвисан номуудынхаа хавтас, гадар, дотор дизайныг тэрээр цөмийг нь өөрөө гардан хийдэг бөгөөд үүгээрээ ч олны анхаарлыг багагүй татдаг юм. Алслагдсан арлуудын атлас хэмээх утга зохиол-үзүүлэн таниулах бүтээлээрээ тэрээр дэлхийн утга зохиолын ертөнцөд алхан оржээ. Түүний хамгийн сүүлд туурвиж, өөрөө бие даан загвар дизайныг нь гаргасан Алдагдсан зүйлсийн жагсаалт хэмээх шинэхэн бүтээл ч бас агуулга, концептын хувьд нэгэн ил тод шугамыг дагана: Тус түүвэрт багтсан 12 өгүүллэг хүмүүс, амьтад, барилга байшин, бүлэг арал, урлагийн бүтээлүүд гэх мэтчилэн нэгэн цагт оршин байгаад янз бүрийн шалтгаанаар алдагдан үгүй болсон зүйлсийн тухай өгүүлнэ. Эдгээр өгүүллэгүүдийн баатрууд бол мөнх бусын эсрэг тэрслэн буй ер бусын хүмүүс: Хүн төрөлхтний мэдлэгийн санг Тессин дэх цэцэрлэгт хүрээлэндээ хураан цуглуулах өвгөн, хэзээ ч тохиолдоогүй өнгөрсөн цагийг бүтээгч туурь балгасын зураач, Манхэттэнээр хэрэн тэнэж, яг хэзээ үхсэн байж таарах вэ хэмээн өөрөөсөө асуух өтөлж яваа Грета Гарбо, түүгээр ч үл барам түүхийн хуудаснаас арчигдан мөхсөн Зүүн Герман улсад өнгөрүүлсэн хүүхэд насаа нэхэн мөшгөж үзэх зохиолч Шаланский өөрөө. Сонин содон сэдэв хийгээд элбэг дэлбэг, баян тансаг бичлэгээрээ энэ ном Даян дэлхийн жигшүүрт түүх бүтээлийг нь Монсудар хэвлэлийн газраас уншигчдын хүртээл болгоод буй суут зохиолч Хорхе Луис Борхесийг эрхгүй санагдуулдаг. Юдит Шаланский бол эрэлхийлэл дүүрэн бүтээлүүдээрээ өнөөгийн уран зохиол хэчнээн олон талтай байж болохыг тодхон харуулдаг эгэлгүй зохиолч билээ.

 * 

Дээр танилцуулсан бүтээлүүдийг манай хэвлэлийн газар Гёте Институт-ийн өгөөмөр дэмжлэгтэйгээр герман хэлнээс шууд хөрвүүлэн уншигчдад хүргэсэн. Эзэнт гүрэн романыг Щвейцарийн ProHelvetia сангийн дэмжлэгтэйгээр хөрвүүлсэн болно. Хамгийн сүүлд өгүүлсэн хоёр зохиолын орчуулагчид Гёте Институт-ээс хэрэгжүүлсэн  “Хамтын орчуулга” хэмээх төсөлд оролцож, уг бүтээлийн зохиолчид болон олон улсын орчуулагчидтай биечлэн танилцах, харилцан мэдээлэл, туршлага солилцох боломж тохиосон юм. Энэхүү төсөлд оролцсон тухайгаа орчуулагч Г.Ариунцэцэг, Б.Ундрах нарын өгүүлсэн мэдээлэл манай хэвлэлийн газрын цахим хуудсанд буй.

 

Instagram


@monsudar

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч хэвлэлийн газар.

Sign up for newsletter