Мэдээлэл

Шүүх ажиллагаа: Учиг, нотолгоо, сэтгэл түгшээсэн орчин, учир битүүлэг байдал

Утга зохиол, соёл урлагийн талаар олон алдартай нийтлэл, эсээ бичсэн Америкийн жазз хөгжмийн шүүмжлэгч, хөгжмийн түүхч, “Жазз хөгжмийн түүх”, “Дельта блюз” зэрэг номын зохиолч Тед Жояагийн бичсэн "Шүүх ажиллагаа" номын тухай нэгэн сонирхолтой эсээг уншигчдадаа толилуулж байна.

--

Франц Кафкагийн дотно анд, хөгжмийн зохиолч Густав Яноух нэгэнтээ Эдгар Аллан Пог “алдартай архичин” хэмээн нэрлээд, зохиолч найзынхаа уур цухлыг барсан түүхтэй. “По энэ ертөнцийн эсрэг ямар ч хамгаалалтгүй хөөрхий амьтан байсан... Тэр энэ л ертөнцөд өөрийн гэртээ байгаа мэт мэдрэхийн тулд учир битүүлэг, нууцлаг зохиолууд бичиж сэтгэлээ баясгаж явсан хэрэг” гэж Кафка анддаа хэлсэн аж.

Гэмт хэрэг, урссан их цус, гэм буруу, ял шийтгэлийн тухай голлон өгүүлдэг “нууцлаг” зохиолын төрлийг Кафка ямар хачирхалтай тодорхойлоо вэ! Тэр бүх аймшигтай, сэтгэл зэвүүцэм зохиолууд хүнд гэртээ байгаа мэт, амар амгалан мэдрэмж төрүүлнэ гэж үү? Гэхдээ л нууцлаг жанрын зохиолд түгээмэл ажиглагддаг тэр л бүрдэл элементүүд, Кафкагийн Шүүх ажиллагаа романд бидний хамгийн сайн мэдэх, “гэр бүлийн” тухтай орчинд үнэхээр л тийм “дотно” мэдрэмж төрүүлмээр уусаж шингэжээ. Тиймээс ч романы гол дүр Иозеф К. нэгэн нууцлаг хэрэгт орооцолдсоноо гэртээ амарч байхдаа анх олж мэддэг нь тохиолдлын зүйл бус буй за.

Иозеф К. нэг өглөө сэрээд, өглөөний цайгаа уухаар байрны эзэн хатагтайгаа дуудтал, өрөөнд нь үл таних нэг эрхэм орж ирээд, “Та явж болохгүй. Баривчлагдчихсан шүү дээ” хэмээн дуулгана.Үүний дараа, “Тэгсэн бололтой." "Гэхдээ ямар учраас билээ?" "Энэ тухай хэлэх эрх бидэнд байхгүй" хэмээсэн яриа зочин, К. хоёрын хооронд өрнөх аж. 

Гэмт хэргийн зохиолуудад буруутан гол төлөв зохиолын төгсгөлд баривчлагддаг. 

Харин Франц Кафкагийн Шүүх ажиллагаа романд “баривчилгаа” бүр эхний өгүүлбэрт дурдагдана. Түүнчлэн нууцлаг үйл явдлын тухай өгүүлсэн ихэнх зохиолд гэмт хэргийг хэн үйлдсэнийг юун даруй илчлэлгүй, уншигчийн сонирхлыг өдөөдөг. Гэтэл энэхүү жанрыг орвонгоор нь эргүүлсэн Кафкагийн бүтээлд, сэжигтэн бүр анхнаасаа илэрхий агаад эсрэгээрээ, түүний чухам ямар хууль дүрэм зөрчиж, ямар гэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тун тодорхойгүй үлдэнэ. Энэ жанрын номууд дахь гэмтнүүд юун даруй хуулиас зугтаж дайждаг бол, Шүүх ажиллагаа романы Иозеф К. үл мэдэх хэрэгт өөрийг нь буруутгасан хуулийн тогтолцооны гүн рүү тун сониучирхан хөл тавина. Товчхондоо, гэмт хэргийн тухай дасал болсон романуудын нийтлэг онцлог бүрийг энэхүү романд орвонгоор нь эргүүлжээ.

Романы үйл явдал цааш хөврөхтэй зэрэгцэн уншигч улам олон нууцлаг зүйлтэй нүүр тулах авч тэр бүхэн, гэмт хэргийн зохиолд бидний уншиж дассанаас огт ангид байх аж. 

Иозеф К.-г хэрэгт буруутгаж буй эрх мэдэлтнүүд хэн бэ? Тэдэнд ямар нотолгоо баримт байна вэ? Яг ямар шүүх ажиллагаагаар сэжигтний гэмт буруутай эсэхийг тогтоох вэ? Түүнд яг ямар ял шийтгэл ногдуулах вэ? Тэр бүү хэл, К.-г хэзээ ч шоронд хорихгүй учир “баривчлагдсан” гэдэг нь чухам ямар учиртай нь үл ойлгогдом, бүрхэг хэвээр үлдэнэ.

Зохиолд нь дүрслэгдэж буй үйл явдал угтаа онцгой ач холбогдолтой, гойд содон зүйл биш гэдгийг уншигчдадаа үнэмшүүлэхийн тулд Кафка бүх эхнээсээ хичээжээ. “К. шударга хуульт төртэй, эрх тэгш үйлчилдэг дүрэм журамтай, энх тайван газар сайгүй амаржин тогтсон улсад амьдарч” буйг тэрээр уншигчдадаа юун даруй сануулна. Иозеф К. баривчлагдсаны дараа ч өдөр тутмын эгэл жирийн амьдралаа нөгөө л янзаараа үргэлжлүүлнэ: К. ажилдаа явж, найзуудтайгаа зөвлөлдөж, хамаатан садантайгаа уулзсан хэвээр. Гэсэн хэдий ч шүүх ажиллагаа К.-гийн сэтгэлийг түгшээж, саад бэрхшээл учруулах ажээ. Түүнчлэн шүүхтэй холбоотой элдэв хэрэг явдал өрнөж буй газрууд нь ч (хөлсний байрны дээврийн хонгил, нийтийн байр дахь нэгэн бүсгүйн өрөө, банкны агуулах гэх мэт)хууль, шүүхийн байгууллагын албархуу орчин, гэр бүлийн өдөр тутмын орчин хоёрын ялгаа заагийг бүдгэрүүлнэ. Кафкагийн урвуугаар нь эргүүлсэн ертөнцөд, шүүх хурал ч хотын захын хорооллын нэгэн айлын залгаа өрөө гэмээр газарт өрнөнө. Энэ төрлийн бусад романы хувьд, ийм орчинд шүүх хурал болохоос илүүтэй гэмт хэрэг үйлдэгдэх магадлал хавьгүй өндөр болов уу.

Кафка Шүүх ажиллагаа романаа бүрэн дуусгаагүй хэдий ч тун хурц өрнөлтэйгөөр төгсгөхөөр төлөвлөжээ. 

Гэхдээ л романы бүр төгсгөлд ч К. “Мартаж орхисон ямар нэг учир шалтгаан байсан уу? […] Царай зүсээ харуулаагүй тэр шүүгч хаана байна вэ? Хүрч нэвтэрч оруулаагүй тэр дээд шүүх гэгч хаана байна вэ?” хэмээн эргэцүүлсэн хэвээр байна. 

Гэмт хэргийн жанрын бусад зохиолын нэгэн адилаар, Кафкагийн энэхүү бүтээлд ч тайлагдаагүй оньсогууд олноор үлджээ. Ерөнхийдөө зохиолч энэ бүх асуултуудад хариулт өгөхөөс зориуд татгалзаж, уншигчдад өөрсдөд нь үлдээжээ гэж ч бодож болохоор. Ер нь Кафкагийн энэ ер бусын бүтээлийг “гэмт хэргийн зохиол” хэмээх жанр багтаан авч үзсэнээрээ бид зохиолчийн санааг гуйвуулсан хэрэг болох юм биш биз гэсэн асуулт яах аргагүй тавигдана. Энэ тухайд, Кафкагийн найз Яноухын хүүрнэсэн нэгэн онигоо бий. Яноух нэг өдөр чемодандаа гэмт хэргийн роман авч яваад Кафкад “баригдчихжээ”. Яноух үүнээсээ тун их ичсэн ч Кафка үүнээс огт ичих хэрэггүй гэж анддаа хэлсэн аж: “Ер нь бол Достоевскийн Гэмт хэрэг ба ял шийтгэл ч гэмт хэргийн роман шүү дээ. Шекспирийн Хамлет ч угтаа детектив зохиол. Зохиолын үйл явдлын зүрхэнд, аажим учир нь тайлагдах нууцлаг явдал хэзээд байдаг. Гэхдээ бодит үнэнээс илүү нууц гэж огт үгүй. Яруу найраг ч хэзээ ямагт бодит үнэнийг эрэлхийлдэг.”

Кафкагийн Шүүх ажиллагаа болон бусад бүтээлийг энэ л сэтгэхүйгээр унших нь хамгийн зүйтэй болов уу. Учиг, нотолгоо, сэтгэл түгшээсэн орчин, учир битүүлэг байдал зэрэг гэмт хэргийн романы элементүүдийн хамрах хүрээг улам бүр тэлж, бидний хүрээлэн буй орчинд шингээсэн Шүүх ажиллагаа роман магадгүй гэмт хэргийн романыг нэг дээд түвшинд авчирсан биз. Кафкагийн хэлсэнчлэн, уран зохиолын аливаа бүтээлд их бага хэмжээгээр нууцлаг зүйл зайлшгүй агуулагдах учиртай. Кафка зохиолынхоо төгсгөлийг өөрчилж, арга мухардсан гол дүрээ ялаас чөлөөлөх юм уу хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо ч энэ нууцын учир тайлагдаагүй хэвээр үлдэнэ. Учир нь, энэ ердөө Иозеф К.-гийн шүүх ажиллагаа биш, бид бүгдийн шүүх ажиллагаа юм шүү гэдгийг л зохиолч бидэнд ойлгуулахыг зорьсон бололтой.

Эх сурвалж: www.postmodernmystery.com

Номын мэдээлэл хүлээн авах