News

Бид хүүхдээ аргалдаг уу, анхаардаг уу?

Томчууд дандаа хүүхдүүдийг өөрсдөөсөө ялгаж ярьдагт би дургүй. “Тэрийг ч хүүхдэд хэлж болохгүй, энийг ч ярьж болохгүй’’гэсэн зааг ялгаа гэж огт үгүй. Хэлэх гэж буй зүйл чинь ҮНЭН л бол хүүхдэд тэр бүхнийг ярих хэрэгтэй.      /Маурис Сендак/

“Хүүхэд юм чинь” гэх хайхрамжгүй хандлага, “хүүхдийнх юм чинь тэгсхийгээд болно доо” гэж үл тоомсорлодог байдал хэвийн үзэгдэл. Эмээ, өвөө, ээж, ааваас эхлээд бүгд л ингэж хүмүүжиж, хүмүүжүүлсээр яваа болохоор үүнийг юман чинээ тоож анзаарах хүн үгүй.

Саяхан манай хүүхдийн номын редакц руу нэг эмэгтэй залгалаа. Хүүхдийн баяраар охиндоо “Хавар” гэдэг хайлтын ном авч өгөөд, хамт үзэж байтал талбай дээр өлсгөлөн зарлаж суугаа хүмүүсийн зураг байна гэв. Их л бухимдангуй ярих тэр эмэгтэй “Би ийм хачин, балай юмыг чинь хүүхдэд яаж тайлбарлах болж байна аа? Та нар жаахан бодолтой баймаар юм” гэж хангинах нь тэр. 

Хүүхдийг олон талаар хөгжүүлдэг хайлтын номыг үзээд ихэд олзуурхсан бид таньж мэдэхгүй барилга байшингийн зурагтай гадаад номыг орчуулан хэвлэлгүй, шинээр зохиол гарган  Улаанбаатар хотынхоо аж амьдралыг буулгасан юм. Ингэхдээ хотод маань, хүүхдийн эргэн тойронд өрнөж буй бүхнийг байгаагаар нь, мэдээж тэдэнд тохирсон өнгө төрхөөр дүрсэлснээ тэр ээжид тайлбарласан билээ. 

Томчууд хүүхдэдээ аз жаргал бялхаж, цэцэг навч, эрвээхий, сайн сайхнаар дүүрсэн ном авч өгөх дуртай. Амьдралаас хол гоёчилсон ертөнц, хаа ч байдаггүй үлгэр жишээ сайн хүүхдүүд гардаг үлгэр түүхээр саатуулахаас биш, эгэл жирийн бодит зүйлсийг харуулж, жинхэнэ амьдралыг тайлбарлаж өгөхөөсөө ийнхүү тойрч зугтацгаадаг нь худал биш. Ажил, амьдрал гээд зав алга, хүүхэд юугаа ойлгох вэ дээ гээд л тоочих шалтгаан олон байдаг нь үнэн. Гэвч хүүхдийг бага жижиг гэж амарчлан аргалж явсаар эцэстээ бүр ч том асуудлууд үүсэж, хэрхэхээ мэдэхгүй гайхшаа баран суудаг шүү дээ.   

Эцэг эхчүүд биднээс “Манай хүүхэд ном уншихгүй юм, яаж ном уншуулах вэ?” гэсэн асуултыг түгээмэл асуудаг. 

Шударгаар хариулахад, хүүхэд тань хэрэв зургаан нас хүрчихсэн бол нэгэнт оройтсон байх вий.  Яагаад гэж та бодож байна уу?

Бага нас бол идэх, тоглох, унтахаас өөрийг мэдэхгүй, юу ч ойлгохгүй жаргалтай үе хэмээн биднийг андуурч явах зуур хүүхэд бүхнийг танин мэдэж, ойлгож, ой ухаандаа хадгалж, ирээдүйд ямар хүн болох суурь нь тавигдаж байдаг. Хамгийн чухал энэ насанд нь хамт байхаас төвөгшөөж, чихэр, тоглоомоор эрхлүүлэн утас, зурагтаар саатуулж өнгөрөөчхөөд сургуульд ормогц нь гэнэтхэн л ном уншуулж, бүхнийг сургах гэж улайрцгаадаг маань ичмээр. Үр суулгаад огт услаагүй хэрнээ сайхан цэцэг ургахгүй байна гэж уурлахтай адил шүү дээ. 

Энэ л насанд нь ээж, аав та хүүхэдтэйгээ “хамт” байж (хажууд нь зурагт үзээд суух биш шүү) чадвал тэд аяндаа нээлттэй, өөртөө итгэлтэй хүн болж өснө. Энэ  насанд нь л  номтой өсгөсөн бол хожим нь хэнээр ч шахаж шаардуулахгүй уншина. 

Бас нэг зүйл. Хүүхдийн номыг хүүхдэд зориулсан ном гэж бидний ихэнх нь буруу ойлгодог. Энэ бол “эцэг эхэд зориулагдсан” зүйл юм. Та өөрөө уншиж, ойлгож, хүүхэдтэйгээ хамтдаа уншиж ярилцах учиртай ном. Хэрэв тэгж чадахгүй л бол тэр номыг бид бүтээсний, та худалдан авсны хэрэг гарахгүй. Авч өгөхөө бүр больсон нь дээр гэж хэлэх байна.

Нэгэнт оройтсон хойно нь хүүхдийнхээ учрыг олохоо байсан, ном уншуулж, даалгавар хийлгэх гэж аргаа барах олон эцэг эхийг би мэдэх юм. Зарим нь элдэв юм амлана, эсвэл загнаж айлгана, үлдсэн хэсэг нь зөнд нь хаяна. Шан харамж, мөнгө, чихрээр хахуульдаж байгаад юм сургах гэдэг муйхар арга маань сүүлдээ бүр ч мухардалд хүргэдэг. Аль, аль нь буруу гэдгийг бүгдээрээ л мэдэж байгаа . Тэгвэл яасан нь дээр вэ? 

Энэ тухай Монсудар хэвлэлийн газрын Соён гэгээрлийн өдрүүдийн хүрээнд болох “Хүүхэд нас жаргалтай өнгөрдөг гэвэл худал...” арга хэмжээн дээр уулзаж ярилцацгаая.  

Бид хүүхдэдээ, хүүхдийн гэсэн олон зүйлд хэрхэн тоомжиргүй ханддаг вэ

Хүүхэдтэйгээ “хамт” байх гэж чухам юуг хэлээд байна вэ?  гэх зэрэг хүүхдүүд, хүүхэд насанд хандах томчуудын хандлагын тухай хамтдаа ярилцаж, хамтдаа хариулт хайхыг хүссэн юм. 

Бид бүгд үр хүүхдэдээ хайртай. Тэднийгээ сайн хүн болж сайн сайхан яваасай л гэж хүсдэг. Гагцхүү хүүхэдтэйгээ “хамт” байх тэвчээр, оролдлого л дутаж байх шиг санагдана. 

Бид хүүхдийг эмзэг дорой гэж боддог ч тэд хатуужил тэвчээртэй. Тийм ч байхаас аргагүй. Томчууд үргэлж л эвийлж хөөрхийлдөг ч юу үнэн, юу бодит биш вэ гэдгээ тэд ялгаж чадна.  Бэлгэдэл, зүйрлэл бүгдийг ойлгоно. Биднээс ялгаатай нь илүү дэггүй, эмх замбараагүй л байх.”  /Маурис Сендак/

Sign up for newsletter