News

“Эрэг дээрх Кафка” буюу удаанаар хөврөх эрчлээс

Зохиолч Мүраками Харүки
Зохиолч Мүраками Харүки


Харь гарагийн жагсаал, эцгээ хөнөөсөн явдал, хий үзэгдлийн ертөнцөөрөө Мүраками Харүкигийн “Эрэг дээрх Кафка” зохиол уншигчдыг шүтэн бишрэгчид болон үзэн ядагч нар гэсэн хоёр бүлэгт хуваасан юм.

Дэвид Митчел


"Эрэг дээрх Кафка" зохиолыг Англи хэлнээ хөрвүүлснээр Японы уран зохиолын чандлан нуусан эрдэнэ Мүраками Харүки дэлхий дахинаа танигдсан зохиолч болсон юм. Түүнийг шүүмжлэгчдийг гурван бүлэгт хувааж болно: түүний зохиолд мансуурсан хэт шүтэгчид (нэгэн найз минь өөрийн хүүгээ Харүки хэмээн нэрлэсэн гээд бод доо), шүүмжлэлт дэмжигчид, толгойн өвчин бологсод. Анх 2002 онд хэвлэгдэж, Англи хэлнээ Филипп Габриелийн орчуулгаар хөрвүүлснээр, сэтгэл хөдөлгөм үйл явдлаараа олонд танигдсан “Эрэг дээрх Кафка” дээр дурдсан гурван бүлэг уншигч нарт зөвхөн ганцаар зогсохгүй, олон янзын холимог сэтгэгдэл төрүүлж чаддаг.

Зохиол хоёр эрчлээс удаанаар хөврөх мэт үргэлжилнэ. Эхний эрчлээс нь 15 настай Кафка Тамура (жинхэнэ нэрийг нь бид мэдэхгүй) хэмээх Токио хотод амьдран суудаг хүү муур хөнөөн сүнсээр нь лимбэ хийгч эцгээсээ болон өссөн хотоосоо дайжин зугтаана. Хувийн номын сангийн эрхлэгч Ошима хэмээх эмэгтэй, насанд хүрээгүй, гэрээсээ оргосон хүүг ажилд аван, амьдрах байраар тэтгэдэг. Номын сангийн нууцлаг эзэн хатагтай Саэкитэй Японы гол арлуудын хамгийн жижиг арал болох Шикокуд орших Такамацу хэмээх бяцхан хотод очин Кафка хүүтэй танилцдаг. Хоёр дахь эрчлээс нь Япон улсад халдсан Америкийн зэвсэгт хүчний нууц материалаас эхлэн хөвөрнө. Энэхүү нууц материалд дайны үед хоол хүнс эрэн Шикаку уулнаа бүгэж байсан дүрвэгчид Харь гарагийн нисдэг биет байж болзошгүй зүйл харсныхаа дараа хэдэн цаг ухаангүй байсан талаар дурддаг. Ухаан алдсан хүмүүс удалгүй сэргэсэн ч Наката хэмээх хөвгүүн л хэдэн долоо хоног комын байдалтай байдаг.“Тийм ч тод биш” гэх мэт учир битүүлэг үгс шивнэсээр хүү сэрэхдээ мууртай ярих чадвартай болсноо мэддэг.

50 жилийн дараа, алга болсон гэрийн тэжээмэл муурнуудыг хайх ажлаа хийж байхдаа Наката Кафкагийн аавтай (Жэк Даниелс) тааралдаж, санамсаргүйгээр түүнийг хөнөөж байгаа тухай “Намайг хөнөө, үгүй бол муур үүнийг авчихна” хэсэгт гардаг.

Харин эхний эрчлээс маань цааш хөвөрсөөр Кафка хатагтай Саекигийн 15 настай сүнсэнд дурлаж, улмаар номын сангийн эзэн Саекитай жиг ургуулдаг. Бодит байдал дээр Саеки эзэгтэй түүний ээж шиг хүн бөгөөд магадгүй Кафкагийн ээж ч байж болно. Эцгийнхээ үхэлд сэрдэгдэх вий хэмээн айсан Кафка Ошима уулан дахь урцанд бүгдэг. Эргэн тойрны ой шугуйгаар хэсүүчилж явахдаа хагас бодит-завсрын ертөнцийн үүдийг олж нээдэг. Энэ үед хүн алсандаа цочирдсон Наката зугтан явахдаа хүнд даацын машины жолооч Хошино хэмээх залуутай тааралдан хамтдаа Шикокуг зорьдог. Үүний дараа дээрх хөвөрсөн хоёр эрчлээс нийлдэг.

Ихэнх уншигчид сүүлийн хэдэн бүлгийг эелдэгээр орхичих гээд байдаг талтай.  Яг үнэндээ энэ зохиолыг дуусгах тийм ч амаргүй бөгөөд зохиолч өөрөө ч хүртэл дуусгасангүй. 

Хэрэв миний бие андуураагүй бол “Эрэг дээрх Кафка” Харүкигийн аль ч зохиолоос илүү задгай төгсгөлтэй. Дайны үеийн нууц материал нэг л удаа дурдагдана; харь гарагийн нисдэг биетийн талаар ямар ч тайлбар байхгүй; хоёр ертөнцийн хооронд орших сүнсний тосгон, Кафкагийн зугтаж очих, мөн эргээд зугтах газар гэдгээс өөрөөр үүрэг нь тийм ч тодорхой бус. Далдын нууцлагдмал шинжтэй зохиолын гол утга санаа нь ч илэрхий биш. Хатагтай Саэки үнэхээр Кафкагийн ээж байв уу? (Ийн асуухад нь Кафкад “Чи өөрөө хариултыг нь мэдэж байгаа” гэж хариулдаг) Зохиолын эхэнд тааралддаг, Кафкагийн зүүдэндээ хүчинддэг Сакура хэмээх бүсгүй үнэхээр Кафкагийн эгч нь байв уу? Өөр нэгэн зүүдэндээ Кафка өөрийн эцгээ хөнөөдөг нь Накатагийн далд ухамсарт нөлөөлж  бодит байдал дээр хүн амины хэрэг гарав уу? Хөвгүүнтэй байнга хамт явах Хэрээ нэртэй хүү Кафкагийн супер эго юм болов уу, яг хэн юм бол? Такамацү дахь байранд орж ирэхээр оролддог аварга том биетэй нялцгай биет нөгөө ертөнц рүү орохоор оролдож байгаа Кафкагийн аавын дахин биелсэн дүр мөн үү? Зохиолын задгай, хүссэнээрээ төсөөлж болох төгсгөл нь Харүкигийн шүтэн бишрэгч нарыг тарчлаан зовоож, хүндэтгэн уншигч нар нь түүнээс тайлбар хийхийг шалан сандаргаж, харин үл итгэгч нарыг толгойгоо сэгсэрэхэд хүргэдэг билээ.

Шүүмжлэгч нар ихэвчлэн “Эрэг дээрх Кафка” өмнө бичсэн олон зохиолын элементийг давтсан байна хэмээн шүүмжилдэг. Хоёр ертөнцийн хоорондох хаалга, өсвөр насныханд төрдөг дур хүслийг бодит байдлаас хэтрүүлэн дүрсэлсэн, сураггүй болсон эмэгтэйг хайж байгаа гол дүрийн өгүүлэгч, сексийн эрх чөлөөг эрхэмлэгч өөр нэгэн дүр, дайны үед тохиолдох ер бусын үзэгдэл, дагшаа хөгжим, виски, кофе, найрал дууны талаар Шинжүкүгийн хэн хүний хүртэх боломжоос илүү гүнзгий мэдлэгтэй дурын нэгэн оршин суугч гээд түүний бусад зохиолуудтай төстэй зүйл олон.

Шүүмжлэгч нарт таалагдах гэж зохиол бичдэг болох тэр өдөр бүү ирэг. Харүкигийн бичлэгийн хэв маяг бараг өдөөн хатгасан шинжтэй, эсвэл уруу татсан ч гэж болохоор. 

Би “Эрэг дээрх Кафка”-г нэг суурин дээрээ, босолгүй уншиж дуусгаж билээ. (Хоёр дахь удаагаа уншихдаа л жижиг сажиг зүйлсийг анзааран, шүүмжлэгчийн өнцгөөс уншсан) Өгүүлэгчийн зүрх дэнслүүлэм хайр уншигчдын сэтгэлийг татдаг. Хүний хэлээр ярьдаг муур, дүрвэгч армийн хий үзэгдлүүд, Хурандаа Сандэрс (KFC-г үндэслэгч) зэрэг галзуу ч гэмээр хэсгүүд зохиолын өнгө аясыг баяжуулж өгдөг. Японы утга зохиолын алдрын титмийг зүй ёсоор эзэмшигч Оэ Кэнзабүро нэгэнтээ “Харүкигийн дүрүүд өдөр тутмын амьдралаас илүү, арай өргөн үйл явдалд оролцоосой” хэмээн халаглаж байсан нь бий. Эрэг дээрх Кафка Японы ажилчин ангийн талаар (Хүнд даацын машины жолооч Хошиногийн дүрээр) ихийг өгүүлэхээс гадна нийгмийнхээ өнгө аясыг ч мөн агуулжээ. Японы сургалтын хөтөлбөр, ялангуяа түүхийн хичээлийг илэрхий шүүмжилсэн нь анзаарагдана. Наката Дэлхийн хоёрдугаар дайны талаар дурдахад Хошино “Та юу яриад байна аа? Япон улс хэзээ байтлаа Америкчуудад эзлэгдсэн юм бэ?” хэмээн өгүүлж байгаа хэсгээс үүнийг тодорхой харж болно.

Юу юунаас илүүгээр Харүкигийн дүрүүд өөрийн нөлөөгөө уран зохиолоор дамжуулан олон зохиолчдод хүргэж чаджээ. Тэдгээр зохиолчдын тоонд саяхан уран бүтээл нь англи хэлнээ орчуулагдан гарсан, уламжлалт хэв маягийг таашаадаггүй Мураками Риү (хамаатан биш), Кирино Нацүо, Сүзүки Кожи нарын нэр зүй ёсоор багтдаг юм.

Эх сурвалж: www.theguardian.com

 

Sign up for newsletter