News

Надин Гордимер: Зохиолч болох ганцхан л арга бий, тэр нь тархиа номоор дасгалжуулах

Нобелын шагналт зохиолч, Надин Гордимертэй хийсэн ярилцлага.

2005 оны 04 сарын 26.

Зохиолч Надин Гордимер


1991 оны Нобелын шагналт, Надин Гордимер таныг хүрэлцэн ирсэнд туйлын их баяртай байна.

Танд ч мөн баярлалаа.

Яаж яваад Надин Гордимер гэгч хүн Өмнөд Африкийн алтны уурхайн хотод төрчихөв өө?

Цагаан арьстнууд яагаад Африкийг зорьдог тэр л шалтгаанаар аав минь Латвиас, ээж минь Англиас ирсэн юм.

Африкт цагаачилж очсон дундаж давхаргын хүмүүсийн нийтлэг төрх тийм байсан гэж ойлгож болох уу?

Зөвхөн дундаж давхарга ч гэлтгүй дээд доодгүй л адилхан, нэг үе, хоёр үе, бүр гурван үеийн туршид Европын өнцөг булан бүрээс янз бүрийн шалтгаанаар хүмүүс Африк руу цувцгаасан. Уурхай бол олон шалтгааны ганц нь.

Таны залуу нас, хүүхэд нас чинь хэрхэн өнгөрсөн бэ? Өмнөд Африкийг эзэмшдэг элит давхрааны хэсэг мэт санагддаг байв уу?

Өө тэгэлгүй яах вэ. Гэхдээ манай гэр бүлийг элит байсан гэж байгаа бол бид ердөө алтны уурхайн жижиг хотод амьдарч байсныг санах хэрэгтэй. Өөрчлөлтийн салхи үлээж, эрх чөлөө ирэхээс өмнө цагаан арьстан байна гэдэг нь автоматаар удирдагч кастад хамаарагддаг тийм үе байлаа. Даруухан байхыг хэчнээн хичээсэн ч ямар ч ялгаагүй.

Та тэр үед доромжлолыг мэдэрдэг байсан уу?

Мэдэрдэг байсан гэж хэлж болохгүй байх. Хүүхэд байсан учраас нарийн ширийн зүйлсийг ойлгохгүй, өссөн орчноо хэвийн зүйл мэтээр хүлээж авна шүү дээ. Мэдээж тэр үед хүйсээр ялгаварлан гадуурхах үзэгдэл байсан уу гэвэл байсан. Тийм ч учраас би охидын сүмийн сургуульд явдаг байлаа. Бүх л сурагчид нь цагаан арьстан. Бас дандаа эмэгтэйчүүд. Хагас сайн өдөр бүр кино үзээрэй гэж халаасны мөнгө өгдөг байсан ч би үздэггүй байсан. Бас миний санахаар хар арьстан хүүхдүүд кинонд явдаггүй байсан.

Хүүхэд насны минь хамгийн чухал зүйл хотын захиргааны номын сан байлаа. Ээж минь номд их дуртай хүн байсан сан. Эгч бид хоёрыг ч багаас минь номд дуртай болгосон. Зургаан настай байхдаа суудаг байсан тэр номын сан миний боловсролын үндэс суурь болж өгсөн. 

Хэрэв тэр номын сан байгаагүй сэн бол би зохиолч болохгүй ч байсан байж магад. Зохиолч болох ганцхан л арга бий, тэр нь тархиа номоор дасгалжуулах. Мөн би өнгөт арьстан байсан бол тэр номын санг ашиглаж чадахгүй байсан.

Та хэзээ өөрийгөө элит зиндаанд харьяалагддаг,  нийгмийн тэгш бус ангиллын нэг хэсэг нь гэдгээ мэдсэн бэ?

Мэдээж албан ёсоор чи тийм шүү гэж надад хэлээгүй л дээ. Амьдрал өөрөө надад харуулсан. Сургуульдаа очих зам маань тал дундуур өнгөрдөг байлаа. Зүүн талд нь Спрингсийн уурхай гэдэг нэртэй том том уурхайнууд байдаг байв. Тэнд Африкийн өнцөг булан бүрээс ирсэн хар арьст ажилчид аж төрж, ажилладаг байлаа. “Уурхайн хүүхдүүдээс хол яваарай” гэж байнга захидаг байсан тул харуудаас айх айдас хүүхэд болгонд их бага хэмжээгээр байдаг байсан. Гэрийн хамаг ажлыг амжуулдаг асрагч эх маань өнгөт арьстан байсан л даа. Гэхдээ тэр эмэгтэй байсан болохоор, ядахнаа муу зүйлд уруу татахгүй нь ойлгомжтой. Тэр үеийн цагаан арьстнуудын дунд нийтлэг болгоомжлол байсан нь харууд бэлгийн хүчирхийлэл үйлддэг гэх айдас юм. Уурхайн ажилчдыг арван настай сурагч охиныг хүчирхийлэх гээд хүлээж байдаг мунаг амьтад гэж л боддог байсан шиг байгаа юм. Уурхайн орчимд нэг эгнээнд баригдсан жижигхэн түрээсийн мухлагуудыг барих болсон нь мөнөөх хий хоосон айдсаас үүдэлтэй. Харуудыг тосгон руу оруулахгүй гэж л тэр шүү дээ. Харин би тэдгээр дэлгүүрүүдийн хажуугаар өнгөрөхдөө уурхайн ажилчдыг ажигладаг байлаа.

Тэдний олонх нь анх ирэхдээ өмсөж байсан хувцас, хөнжилтэйгөө, одоо үед дрэдлок гэсэн хэв маяг болоод байгаа, харин тэдний хувьд тэр үед ч, өмнө нь ч байсан тийм хэв маягаар үсээ сүлжсэн байдаг байлаа. Тэднийг юм худалдаж авахаар ирэхэд нь бат бөх утсаар хашсан, тор мэт зүйл дотор суусан худалдагч заасан юмыг нь авч өгдөг байв. Үүнээс илүү үйлдэл хийх эрх хар арьстнуудад байсангүй. Хүссэн зүйлээ худалдан авахаас өөрөөр үзээд эргүүлж өгөх ч юм уу, ер нь л ямар ч зүйлд хүрэх эрхгүй байв. Мөнгөө шургуулаад, бараагаа авна. Тэгээд л боллоо. Арван нэг, арван хоёртой байсан санагдаж байна, тэр үед үүнийг ямар хачин юм бэ гэж боддог байсан. Учир нь ээжтэйгээ хамт гутал, юм уу даашинз сонгохдоо хувцас солих хөх өнгийн өрөөнд өмсөж үзэж болдог байсан. 

Яагаад хар арьстнууд юу гэдгийг нь ч мэдэхгүй, чанартай чанаргүйг нь шалгаж болдоггүй, зөвхөн авах л ёстой гэдгийг ойлгодоггүй байсан юм. 

Энэ мэт тохиолдлууд намайг ялгавартай байдлын талаар бодоход хүргэсэн дээ.

Согтууруулах ундааны баривчилгааны талаар бас нэг жишээ байгаа юм байна. 1930-аад оны үед хар арьстнууд согтууруулах ундаа худалдан авч болдоггүй байлаа. Тийм учраас тэд гэрийн нөхцөлд шар айраг хаа сайгүй исгэдэг байв. Арван нэгтэй байлуу даа, нэг өглөө цагдаа нар манайд ирж, нэгжлэг хийж билээ. Үйлчлэгч нарын өрөөг орвонгоор нь эргүүлж, хоёр наснаас минь намайг харж хандсан асрагч эхийн орны гудсыг нь шалгаж, хувцсыг нь тарааж хаян, шар айраг хайж байсан юм. Харин эцэг эх маань энэ бүгдийг чимээгүй хараад зогсож байсан юм. ”Нэгжлэг хийх зөвшөөрөл чинь хаана байна? Та миний хувийн өмчид зөвшөөрөлгүй нэвтэрлээ” гэж хэлээгүй. Энэ бүхэн хэвийн үзэгдэл байсан бөгөөд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдал ч тийм байсан. Би насанд хүрэгчдэд зориулсан анхны зохиолоо үүнээс санаа авсан билээ.

Энэ үйл явдлаас хоёр, гурван жилийн дараа миний зохиол Өмнөд Африкийн утга зохиолын сэтгүүлд дайн гардаг жил буюу 1939 онд хэвлэгдсэн. Хэн ч намайг хүүхэд гэж мэдээгүй. Би зохиолдоо дээр дурдсан үйл явдлаас надад төрсөн мэдрэмжийг дүрслэхийг оролдож, бидний яаж амьдарч байгаа, яагаад бид давуу эрх эдлээд байгаа талаар, харин “буруу” арьсны өнгөнөөсөө болж хүмүүс тэр эрхийг эдэлж чаддаггүй талаар өөрийн бодлоо буулгах гэж оролдсон юм.

Та энэ бүх доромжлол, шударга бус байдлыг олж мэдсэнийхээ дараа өнгөт арьст Өмнөд Африкчуудыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан дүр зургийг илүү олноор цуглуулан, бусдад харуулах гэж оролдсон уу? Энэ оролдлогын чинь үр дүнд хүмүүсийн хар арьст хүмүүсийг ижил түвшинд харах нүд нь нээгдсэн болов уу?

Тийм ээ. Бас та нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй болов уу. Надад өнгөт арьстан хүмүүстэй өөрийн бодол санаагаа хуваалцаж, уулзаж ярилцах боломж байгаагүй. Өөрөөр хэлбэл, энгийн байдлаар, харилцан ойлголцож, ярилцахын оролдох бүрд эзэн зарцын харилцаа хэмээх биегүй хаалт саад болдог байлаа. Та хүүхэд байсан ч хамаагүй, эзний хүүхэд эзэн гэсэн зарчим л үйлчилнэ. Надад энэ бүхэн түвэгтэй санагдаж, удирдагч байхаас бүр залхсан. Тэгээд энэ ертөнцөд арьс өнгөөр ялгаварлах гэж нэг юм байдаг, өөрөө хэсэг нь болчихсон явж байгаагаа ухаарсан юм.

Тэгсээр их сургуульд элсэж, өдөр бүр галт тэргээр сургуульдаа явдаг болов. Тэнд анх удаа хар арьст хүнтэй чөлөөтэй ярилцаж үзсэн. Мэдээж миний суралцдаг их сургууль цагаан арьстнуудад зориулсан байсан ч, өнгөт арьстнуудын суралцдаг их сургуульд анги нь байдаггүй ганц хоёр цаг дээр хар арьстан оюутнууд ирж суудаг байлаа. Харин би бусад цагаан арьст хүмүүсээс илүү тэдэнтэй олон зүйлээрээ төстэй гэдгээ мэдэж авсан юм.

Би спортод сонирхолгүй нэгэн байв. Цагаан арьстнуудын хийдэг ихэнх зүйлс миний сонирхлыг татдаггүй байсан бөгөөд харин бичиж сурахыг оролдож буй, дөнгөж бичиж эхэлж байгаа хар арьстнууд илүү таатай санагддаг байв. Бидний амьдралд тэмүүлэх хүсэл, амьдралын нууцыг тайлах гэсэн оролдлого, өөрсдийн минь амьдралд нийгмийн зүгээс тавьж буй асуултууд биднийг нэгтгэж, би өнгөт арьст найзуудтай болж эхэлсэн. Бүтээл нь хэвлэгдсэн залуу зохиолч миний бие, сэтгүүлч, жүжигчид, өөр хүрээний хүмүүстэй харилцах боллоо. Уран бүтээлч хүн хууль дүрэмд баригдах дургүй, тогтсон дүрэм зэргийг ойшоодоггүй, аливаа нэг зүйлийг бусдаас өөр учраас ялгаварлахыг тэвчдэггүй. Зөвхөн арьс өнгөөр ялгаварлах үзэл ч биш, чиний хэн болохоос чинь үүдэн ялгаварлаж байгаа бол завхарсан зүйл. Тэдний энэ нөлөөлөл миний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж, бага наснаас минь надад зөв гэж итгүүлсэн арьс өнгөөр ялгаварласан хүмүүжлээс эрх чөлөө рүү зүглэх миний замнал эхэлсэн юм.

Та өөрийгөө төрөлхийн зохиолч гэдэг. Магадгүй таны сая дурдсан хүмүүс ч уран бүтээлч байхаар заяагдсан байх.

Тийм шүү.

Шударга бус зүйлийн сүүдэр оршсоор байсан тэр үед танд уур цухал төрдөг байсан л байж таарна. Үзэл бодлоо илэрхийлэхэд  тань чухам юу хамгаас их нөлөөлөв?

Цухалдалгүй яах вэ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ цухал минь улам нэмэгдэж байлаа. Өнгөт арьст хүн ямар нэг асуудалд орооцолдлоо гэхэд цаашдын хувь заяа нь үргэлж муугаар төгсдөг байв. Эхэндээ өөрт төрсөн уур цухлаа зөвхөн урлагаар илэрхийлж байсан ч олон найзууд минь шударга бус нийгмийн золиос болоод ирэхээр өөрийн эрхгүй улс төржиж эхэлдэг юм байна лээ. Цагдаад байцаагдах үед хараагүй, мэдэхгүй гэж хэлэх удаа олон гарч байлаа. Апертейд дэглэм, өөрийнх нь эсрэг байдаг хүнийг худалч болгож дөнгөдөг юм шүү. Өөрийгөө бодохгүй ч гэсэн найзуудынхаа төлөө, бусдын төлөө худлаа ярихаас аргагүй байдалд хүрнэ.

Таны үе тэр чигтээ апертейд дэглэмийн дор өнгөрсөн. Харин дараачийн үе чинь өөр төрлийн боловсрол, өөр төрлийн мэдээллээр хүмүүжиж байна. Таны бодлоор залуу зохиолчдын үзэл бодлыг бүрдүүлэх хөрс суурь,  боломж бололцоо ямар байгаа вэ? Таны үеэс ямар ялгаа байна?

Зөвхөн арьсны үзэл ч гэхгүй, өөр олон зүйл зохиолч болоход нөлөөтэй. Хар, цагаан гэлтгүй бүх л хүүхэд сургуулиасаа гэртээ ирмэгцээ зурагт асаагаад суучихдаг. Орой унтахад нь үлгэр уншиж өгдгөө бүр больсон. Эцэг эхчүүд ч хүүхдийн программ тавьж өгөөд суухыг эрхэмлэх болсноос ном уншиж өгнө гэдэг зүйлийг бүр мартжээ. 

Эцэг эхчүүд нь хүүхдэдээ уншиж өгч байж, тэдний сонирхол төрнө, өөрсдөө уншихыг хүсдэг болно, уншиж сурна. Бичиг үсэг мэдэхгүй явдал их байна. Энэ асуудлыг би номд шимтэх явдал багассантай л холбож ойлгодог. 

Хичээлийн номоо унших бол өөр хэрэг. Энэ бол үүрэг. Харин хүүхдийг чинь тэс өөр ертөнцөд аваачих тийм зүйлийг уншиж байвал бас нэг хэрэг. Энэ асуудал дэлхий нийтийн шинж чанартай болон томроод байна. Англи, Америкт бичиг үсэггүйчүүдийн тоо өсөж, зөв бичих тал дээр тэг заагаад байна.

Тэгэхээр апартейд дэглэмээс цаадах асуудал таны анхаарлыг  татдаг болжээ. Уг асуудал дэлхий нийтэд тулгамдаад байгаа зүйл мөн үү?

Тэгэлгүй яах вэ. Мэдээж энэ апартейдтэй холбоогүй ч гэсэн, үг гээч зүйл, номон дээр байдаг үгс, бичмэл үгст тулгараад байгаа том асуудал.

Таны залуудаа бичиж байсан Lying Days (Хуурмаг өдрүүд) хэмээх зохиол нийгмээ ойлгож эхэлсэн үеийн тань тусгал мөн үү?

Үүнээс өмнө би өөрийн амьдралдаа асуулт тавьсан хэд хэдэн зохиол биччихсэн байсан. Харин миний бичсэн ес, арван номд багтсан 14 өгүүллэгээс зөвхөн энэ л өөрийнхөө түүхээр бичсэн нь. Би өөрийнхөө амьдралыг зохиолтойгоо холбохыг чармайдаг хүмүүсийн нэг биш. Нэгдүгээр биеэс өгүүлсэн, гуравдугаар бие дээр бичигдсэний алинд ч, миний зохиолууд ихэнхдээ гол дүртэйгээ нягт холбогддог. Шинэ зохиолч болгон л тэгдэг байх, ер нь эхний өгүүллэгийг өөрийнхөө амьдралаас ургуулан биччих гээд байдаг талтай. Бас өөрийн гэр бүл, хуучин амьдралаасаа “өшөө авах” маягтай, яагаа вэ дээ, цээжнээсээ гаргаад хаячихмаар тийм зүйлүүд байдаг даа.

Таны зохиолыг уншихад дандаа өөр өөр өнцгөөс харж бичсэн байдаг. Бүх л төрлийн хүмүүс, янз бүрийн нөхцөл байдал гээд л. Зохиолууд тань хүйсийн ялгаа, бэлгийн амьдрал, шударга бус зүйлс, арьс өнгөөр ялгаварлах явдал гээд маш өргөн хүрээг хамардаг.

Би ямар нэг зүйлийн “тухай” биш, ямар ч зүйлийг дотроос нь бичдэг. Би хүмүүсийн мөн чанарыг, тэрхүү мөн чанар хэрхэн бий болдог талаар бичдэг. 

Ямар нэг зүйлийн “тухай” бичих гэж байгаа бол өгүүллэг, зохиол биш, эссэ бичсэн нь дээр.

Би саяхан таны Loot (Олз омог) номыг уншиж үзлээ. Жишээ нь уг номд багтсан, Mission Statement (Алсын бодлого) хэмээх богино өгүүллэг дэх тэр нөхцөл байдал, тэр амьдралыг яаж ингэж нарийн дүрслэв? Та яаж огт өөр хүмүүсийн, янз бүрийн нөхцөл байдал дахь дүрд орж, дотроос нь мэдэрдэг юм бэ?

Ёстой бүү мэд дээ. Үнэхээр мэдэхгүй юм байна.

Гэхдээ та хүмүүнлэгийн ажилчдыг дотор нь орсон юм шиг сайн мэдэж байх шиг санагдсан. Зохиолоо бичдэг арга техник ч юм уу, тийм зүйл байдаг уу? Саяын жишээн дээр бол тэнд ажилладаг хүмүүсийн талаар илүү сайн ойлголттой болохын тулд биечлэн хүмүүнлэгийн ажилтай танилцах ч юм уу.

Яалаа гэж дээ. Би сэтгүүлч биш шүү дээ. Гэхдээ жилийн туршлага гэж нэг зүйл байна. Өдий наслахдаа мэдээж олон хүнтэй уулзаж, олон ч зүйлийн талаар ярилцсан байна. Бас сониуч зангийн үүднээс бусад хүмүүсийг юу бодож байгаа бол, юу хийдэг бол, сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлдэг бол гээд л ухаж төнхөж гарна даа. Гэхдээ яаж өөрийнхөө мэдэхгүй хүмүүс юм уу, ажил мэргэжлийн талаар бичдэгээ шууд тайлбарлахад хэцүү юм. Бусад зохиолч нар ч мэддэггүй байх. Зохиолын дүртэй холбогдож буй хүн, эсвэл үйл явдал ямар нэгэн байдлаар амьдралд минь тохиолдсоноос гарцаагүй. Бас өөрийнхөө сайн мэдэхгүй зүйлийн талаар бичих үед, бусад хүнийг мэдэхгүй юм, би лав өөрийгөө шахах их дургүй. Буруу юм биччих вий гэхдээ судалгаа гэж нэрлээд байгаа тэр зүйлийг хийхдээ их дурамжхан. 

Жишээ нь би түүхэн зохиол хэзээ ч бичихгүй. Учир нь надад тэр судалгааг нь хийх чадамж байхгүй.

Таны боловсролын талаар ярилцъя. Та Витс их сургуульд элсээд, төгсөөгүй байх аа.

Буруу ойлгосон байна. Би Витсд нэг жил түр сургалтад л сууж байсан.

Дүрийнхээ дотор нь орж бичдэг гэхээр нэг л бууж өгөхгүй юм.  Зохиолчийн замнал тань хэрхэн өрнөв? Өгүүлэх чадвар, дүрслэх чадвар, хэлц үг ашиглах чадвар зэргээ яаж хөгжүүлсэн бэ?  Энэ бүхэн яг хаанаас гардаг юм бол? Эсвэл бүгд шаргуу хөдөлмөрийн үр дүн үү?

Ном. Зургаан наснаас хойш уншсан болгон маань. Бас мэдээж амьдрал.

Ном уншихдаа ямар нэгэн зарчим баримталдаг байсан уу?

Үгүй дээ. Ном уншихад ямар ч зарчим хэрэггүй. Унших гэдэг үйлдэл маань өөрөө хэмжээлшгүй их баяр хөөр, төгсгөлгүй таашаал, үгээр тайлбарлаж боломгүй тийм нэг зүйл. Үгийг хайрлах нь боловсролоос эхтэй гэж хүмүүс боддог ч яг үнэндээ надад тэр арвин боловсрол нь байгаагүй. Эсвэл би өөр хэлбэрийн зохиолч юм болов уу? гэж заримдаа би өөрөөсөө асуудаг. 

Нөгөөтээгүүр академик уран зохиолууд хэтэрхий хөшүүн, ашигладаг үгс нь хэтэрхий албархаг. Магадгүй уран зохиолыг сургуульд сураагүй нь нэг бодлын аз байж магадгүй. Харин илүү олон хэл сурахгүй яав даа л гэж харамсдаг.

Ямар хэл?

Миний төрөлх хэл англи, бусад гадаад хэл сурах боломж ч байсан. Харин африк хэлнүүд сурах шаардлага гардаггүй байлаа. Бүх л өмнөд африкчуудын адилаар өнгөт арьстан найзуудтай уулзахдаа зөвхөн англиар ярьдаг байсан. Харин намайг мөс ч юм уу, өөр нэгэн зүйл авчраад хамтдаа бага сага хатуу юм хүртэх үед тэд өөрсдийнхөө хэлээр заримдаа ярьчихдаг байж билээ. Зулу, Сэтсвана гээд л, би төрөлх нутагтаа, ард түмэнтэйгээ байж гаднын хүн шиг санагддаг байлаа. Энэ миний амьдралын хамгийн том харуусал.

Та академик боловсролтой байсан бол өөр төрлийн зохиолч болох байсан гэсэн. Түүн шиг энэ бүх шударга бус зүйл, эсрэг тэсрэг үзэл бодол зэрэг зүйлсийг туулаагүй бол бүр тэс өөр зохиолч байх байсан даа.

Тийм шүү. Хэрэв чи зохиолч болох гэж л байгаа бол канар бялзуухайн үхлийг онцлон, үүнийгээ амьдралын гинжин хэлхээ, амьдралын нууцтай холбож чаддаг байх хэрэгтэй. Миний зохиол бичих болсон шалтгаан бол ертөнцийн түмэн нууцыг тайлах гэсэн оролдлого, өөрийгөө, улс төрийг, биднийг буй болгосон тэр хүч, мөнхүү биднийг өөрчлөх гэж дотроос минь өдөөдөг өөр нэгэн хүч, тэдгээрийн тэмцэл зэргийг ойлгох гэж оролдсон тэр хичээл зүтгэл минь юм.

Өнгөрсөн он жилүүдэд Өмнөд Африкийн соёл урлаг, тайзны урлаг, уран зохиолууд апартейд дэглэмийг эсэргүүцэн гарч ирсэн. Харин орчин үед урлагийн салбар ардчилагдсан болов уу? Хүмүүс дотоод мөн чанар луугаа өнгийсөн, илүү өөрсөд рүүгээ хандсан уран бүтээл туурвиж байгаа юу?

Би уран бүтээлийг эргэж хургасан байгаасай гэж боддоггүй. Ганцхан зүйлээ л эргүүлж мөлжөөд байдаг тийм утга зохиол байгаасай гэж хүсэхгүй байна. Одоо гараад байгаа өөрчлөлт бол тун онцгой, мөн шинэ залуу үе маань манай үеэс тэс өөр зүйлийг үзэж туулсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний үр хүүхэд, тэдний хүүхдийн өмнө ч нээн илрүүлээгүй амьдралын маш олон нууцууд байгаа. Тэр бүхнийг бушуухан нээгээд, бусдад чадах чинээгээрээ хүргээсэй гэж залуу зохиолчдоос хүсдэг дээ. Орчин үед сайн зохиолчид байна. Гэхдээ өнгөрсөнтэй хэтэрхий зууралдаад байх шиг. Өнгөт арьст зохиолчдын эцэг эх, элэнц хуланц тэр хүнд ачааг нуруун дээрээ үүрч явсан учраас мэдээж тэднийг ойлгож болно.

Гэхдээ үүнийг одоо бичлээ гээд юуг ч өөрчилж чадахгүй шүү дээ. Зарим талаараа энэ надад Фройдын нээн илрүүлсэн зарим эмгэгийг санагдуулаад байдаг юм. Миний эцэг эх арьс өнгөөр ялгаварлах үзэлтэн байсан, одоо ч гэсэн үүний талаар бодоход таагүй байна. 

Эцэг эхээс чинь үлдсэн таагүй дурсамж байдаг бол сэтгэлзүйч эмч дээр очих хэрэгтэй болохоос үүнийгээ олон нийтэд зарлаад байх шаардлага байхгүй. 

Намайг өнгөт арьстан биш болохоор тэгж хэлж байна гэж битгий бодоорой, бид одоо цагтаа илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Одоо байгаа асуудлуудыг жижиг гээд үлдээж ер болохгүй. Ганц очноос түймэр дэгддэгийг санаарай.

Дээхэн үед цагаан арьст хүүхдүүд л суралцах боломжтой байсан нэгэн бага сургууль манай гэрийн ойролцоо байдаг юм. Нэг их том биш ч сайхан сургууль. Үдийн хоолны цагаар тэр сургуулийн хажуугаар алхаж явахад, хүүхдүүд завсарлагаагаараа тоглоцгоож байдаг. Нэг удаа цагаан арьст, өнгөт арьст хоёр хүүхэд ноцолдож байсан. Мэдээж энэ бол хүүхдийн хувьд хэвийн үзэгдэл. Хүүхдүүд аль барилдах, ноцолдохыг тэр гэхэв. Харин миний үед хар цагаан хоёр хүүхэд хамт тоглох гэдэг зүйлийн талаар бодоод ч хэрэггүй байлаа. Кино театрт, өөр бусад газар хар, цагаан хос явахыг хэзээ ч харж байсангүй. Харин одоо үед энэ бүгд энгийн үзэгдэл болсон талархууштай хэрэг.

1991 онд хүртсэн Нобелын шагналын тань талаар ярилцъя. Та энэ тухайгаа яаж мэдсэн бэ? Таны нэр жагсаалтад орлоо гэж утсаар мэдэгдсэн үү? Энэ талаар дэлгэрэнгүй хүүрнээч.

Миний нэр жагсаалтад нэлээн хэдэн жил явсан. Олон сэтгүүлч наад асуултыг чинь надаас асуусан даа. Таны нэр жагсаалтад орчихлоо, та юу бодож байна гээд л. Харин би “За шагнал хүртвэл дуулгана аа, баяртай” гэж хариулж байсан санагдаж байна. Яг тэр үед шалтгаан гараад хүүтэйгээ хамт Нью-Йоркт байсан юм. Цагийн зөрөөтэй учир үүрээр эрт босож Лондон руу утсаар ярьдаг байлаа. Нэг өглөө гал тогоонд байсан утас минь дуугарч, утсаа автал швед сэтгүүлч над руу ярьж шагнал хүртсэнийг минь дуулгасан юм даа.

Та тэр үед юу мэдэрсэн бэ? Нобелын шагнал амьдралд чинь хэрхэн нөлөөлөв?

Мэдээж орон нутгийн чанартай биш, дэлхийн хэмжээний том шагнал учраас гайхалтай байлгүй яах вэ. Дэлхийн бүх хэлний номуудаас шүүн тунгаадгаараа Нобелын шагнал бусдаас онцгой. Уг шагналын хүч нь, зарим хүнийхээр сул тал нь үүнд оршдог байх.

Бас би Нобелын шагналыг маш хэрэгтэй эд юм гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хэдэн жилийн өмнө олонд төдийлөн танигдаагүй, орчуулга нь олон оронд гараагүй Хосе Сарамаго Нобелын шагнал хүртэж байсан юм. Тэр үед би түүнийг мэддэггүй байлаа. Үүний дараа мэдээж олон орчуулга гарч, уншигч олны хүртээл болсон. Олон түмэн төдийлөн мэддэггүй байсан зохиолчийг дэлхий нийт мэддэг болохоос илүү гайхалтай зүйл хаа байх билээ.

Энэхүү шагнал таны дуу хоолойгоо олонд хүргэх үйлст тань нэмэр болсон уу?

Уншигч гэж хэнийг хэлэх вэ гэдэг нь өөрөө их маргаан дагуулсан асуудал. Ихэнх уншигчид Нобелын шагнал авсны чинь дараа номыг чинь сонирхож эхэлнэ, дараа нь хамгийн сүүлд юу гарч вэ гэж харна, үүний дараа нь хавтсан дээр бичигдсэн хэдэн үгийг харж байж номоо сонгодог. Олон олон зохиолчид “гүйцэтгэгч нар” болоод байна. Шинэ ном гаргах боллоо гэхэд сайн ном байх хэрэгтэй, сайн өмнөх үгтэй байхгүй бол болохгүй зэрэг олон шаардлагатай тулгарна. Үүний дараа телевизийн нэвтрүүлэг, өдөрлөг зэрэгт яриа өгч, номоо рекламдахгүй бол бас болохгүй. Тэгж байж л ном нь зарагддаг.

Харин энэ шагнал таны дуу хоолойг илүү өргөн цар хүрээтэй болгож, хүмүүст хүргэж чаддаг. Жишээ нь би “Telling tales” номоо гаргахад уг шагнал их тус болсон. Бусад зохиолч нартай холбогдох, хэвлэлийн газруудтай гэрээ хийхэд дэм болсон.

Бас нэг давуу тал гэх зүйл нь жил болгон та Нобелын шагналын хороонд хэн нэгний нэрийг нууцаар дэвшүүлж болно. Нууцаар санал болгодог учир хэн нэгэн надад тус болж, миний номыг... гээд эхлэх юм бол тоох хэрэггүй гэсэн үг. 1991 оноос хойш би жил болгон энэ эрхээ ашиглаж хоёр удаад нь амжилт олсон. Нэгэнт шагнал хүртчихсэн учраас нэрийг нь зарлаж болох байх. Эхнийх нь Германы Гюнтер Грасс, дараачийнх нь Япон зохиолч Кэнзабүро Оэ.

Та надад дараа жил нэр дэвшүүлэх хүнээ хэлчих. Би хэнд ч хэлэхгүй, амлая.

Үгүй шүү,

Та ойрд ер нь юу хийж байна?

Бичиж л сууна, өөр юу хийж чадах билээ дээ.

Юу бичиж байгаа вэ?

Саяхан шинэ өгүүллэгээ дуусгасан. Жилийн сүүлээр гарчих байх аа.

Арай дэлгэрүүлбэл?

Тэгэх хэрэггүй.

Яагаад хэрэггүй гэж?

Би дөнгөж дууссан зохиолынхоо талаар ярьдаггүй ээ.

Сүүлчийн асуулт. Энэхүү ярилцлагыг уншаад сууж байгаа залуу зохиолчид хандаж юу гэж зөвлөгөө өгөх вэ?

Мөнөөх хариултаа л өгнө дөө. Унш, унш, бас дахин унш. Гэхдээ машиндаа, гэртээ, өөр хаана ч юм, тэр гар утас, компьютер гээч зүйлсээр битгий ном унш. Ном уншмаар бол номын санд л оч.

Зохиолч болгоны туулах ёстой шат дамжлага гэж  бий. Эхэн үедээ хүн бүр өөрийн дуртай зохиолчоо өөрийн эрхгүй дуурайдаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа чи өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсоно. За яг л наадах чинь даа.

Бидэнтэй хамт байсан танд баярлалаа

Надад ч мөн таатай байна.  

Эх сурвалж: Nobelprize.org 


Sign up for newsletter