Номын нэр эх хэл дээрээ “Project Hail Mary” буюу “Аве Мария Төсөл”. Гэвч энэ нэр Гэгээн Мариягийн магтуу дуу гэдгээс илүү нарийн сэжмээр зохиолын үйл явдалтай уялдсан юм. Барууны спортод, тэр дундаа хөл бөмбөгт “Аве Мария дамжуулалт” гэх үг сонсогддог. Тоглолтын цаг дуусаж, эцсийн хоромд аль нэг тамирчин өрсөлдөгч багийн хаалганаас хаа хол яваа бөмбөгийг “цөлж” өдрийн од шиг тохиох ховорхон азаа сорихыг ийн нэрлэдэг аж. Харамсалтай нь Аве Мария дамжуулалт амжилттай болох тохиолдол бараг байдаггүй зовлонтой.
Зохиолын үйл явдал ч гэсэн үүнтэй агаар нэг. Нарны гэрэл бүдгэрч, дэлхийд ирэх дулаан нь буурсаар арван хоёр жилийн дараа хамгийн сайнаар л бодлоо гэхэд хүн төрөлхтний тэн хагас нь үгүй болох хүнд цаг үе иржээ. Ан амьтад, байгаль дэлхийн тухай бодоод ч хэрэггүй. Энэ хооронд зөвхөн өлсгөлөн, цаг уурын өөрчлөлтөөс гадна өвчин тахал, дайн тулаан, элдэв тэмцэл тохиох нь мэдээж хэрэг. Ингээд бодохоор хүн төрөлхтний тэн хагас гэдэг бол харин ч бага тоо гэдгийг төсөөлөхүйеэ бэрх.
Эх дэлхийгээ хэрхэн аврах вэ? Нараа хэрхэн аврах вэ? Үр хүүхдүүд маань тэр хүнд хэцүү цаг үед ямар зовлон үзэх бол? Амьд үлдэх хувь бий болов уу? Энэ бүх асуултын хариулт “бүү мэд”. Дэлхийн хамаг суут эрдэмтэд, олон улс эв санаагаа нэгтгэвэл дэлхий ээжийнхээ төлөө юу хийж чадах вэ? Харин л дээ... Европын сансрын агентлагийн ажилтан Стратт дэлхийг аврах ажлыг удирдан зохион байгуулж, Норвегийн эрдэмтэн Локкен сансрын хөлгийн загвар санаачилж, Оросын инженер Димитри хөдөлгүүр бүтээж, Хятадын ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэрэг хүн хүчээ дайчилж, АНУ-ын шинжлэх ухааны багш шатахуун судалж, түүнийг нь Шинэ Зеландын инженер үржүүлж, Канадын инженер хиймэл дагуул бүтээж, Францын цаг уурч дэлхийг аль болох удаан тэсэх тал дээр анхаарах гэх мэт. Тэр байтугай хөлгийн шатахуун олборлох технологи дээр ах дүү хоёр монгол инженер ч хөлх хүчээ шавхан ажиллана.
Энэ нөр их хөдөлмөрийн үр дүнд хүн төрөлхтөн нэгэн сансрын хөлөг бүтээгээд, түүнийгээ алс холын Тау Цети одны аймагт (зөвхөн нэг талдаа явж хүрэх шатахуунтай) “ямар нэг аргаар” тэндээсээ шийдэл олоод эргэн мэдээлэх төлөвлөгөөтэйгөөр, бүтэх эсэхийг нь тэнгэртээ даатгаад нүдээ анин илгээж буй. Ийм л эцсийн найдвар болсон од хоорондын дамжуулалтаа тэд “Аве Мария ажиллагаа” буюу бидний орчуулснаар “Тэнгэр мэдэг ажиллагаа” хэмээн нэрлэжээ.
Buy