Уншигч (Der Vorleser) романыг Германы эрхзүйн профессор, шүүгч Бернхард Шлинк бичжээ. 1995 онд Германд, 1997 онд АНУ-д хэвлэгдсэн уг бүтээлийг Холокостыг ухан ойлгох хэцүүхэн давааг туулж буй дайны дараах үеийн германчуудын тухай “ёгт үлгэр” гэж үзэх нь бий.
(Энэхүү дайны дараах үеийн германчуудыг Бертольт Брехт “Nachgeborenen” буюу “хожим ирэгсэд” гэж томьёолсон нь бий). Уншигч роман 1998 онд Германы Ханс Фалладагийн нэрэмжит нэр хүндтэй шагналыг хүртэж, The New York Times сонины шилдэг борлуулалттай номуудын жагсаалтыг тэргүүлсэн анхны герман ном болжээ. Өнөөг хүртэл дөчин таван хэлнээ хөрвүүлэгдсэн уг бүтээл их сургуулиудын “Холокостын тухай утга зохиол”, “Герман хэл, герман утга зохиол” гэх мэт хичээлүүдийн хөтөлбөрт багтдаг.
Энэхүү гайхалтай роман хориотой бэлгийн тачаалын тухай хүүрнэхээс гадна ёс суртахууны нарийн асуудлыг зоригтой хөндсөнөөрөө уншигчдаас эерэг үнэлгээ авчээ. Нөгөөтээгүүр Уншигч романыг дайны дараах Герман улсад өрнөж буй хайр дурлал, нууц, айдас, өрөвч сэтгэлийн тухай түүх ч гэж хэлж болно.
Зохиолын гол дүр Михаэль Берг хэмээх арван таван настай хүүг сургуулиас гэртээ харих замдаа дотор муухайрч ухаан алдах шахахад нь түүнээс хоёр дахин эгч Ханна бүсгүй аварна. Тэд янаг амрагийн харилцаа тогтоох ч Ханна бүсгүй удахгүй хаашаа ч юм алга болж орхино.
Үүнээс хойш олон жилийн дараа Михаэль их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр суралцаж байх үедээ л Ханнаг дахин олж харснаар зохиолын үйл явдал өөр утга агуулгаар цааш өрнөнө. Бүсгүй жигшүүрт гэмт хэрэгт шүүгдэж буй аж. Ханнагийн гэмгүй гэдгээ хэлж, биеэ өмгөөлөхөөс татгалзаж буйг харсан Михаэль энэ бүгдийн цаана ямар нэг нууц хадгалагдаж байж болохыг аажимдаа ойлгоно. Ямартаа ч Ханнагийн хувьд энэ нууц нь хүн амины хэргээс ч илүү шившигтэй бололтой.
Энэ зохиолоос сэдэвлэн 2008 онд бүтээсэн ижил нэрт киноны найруулагч Стивен Долдри Академийн шагналд нэр дэвшиж, Кейт Уинслет тус киноны Ханна Шмицийн дүрээр Оскарын шагнал хүртсэн юм.
Buy