Номын зохиолч Жулиа Эндэрс 2012 онд Гэдэс хэмээх илтгэлээрээ Берлинд болсон Сайэнс Слам шоунд тэргүүн байр эзэлжээ. Энэ илтгэлийн бичлэг YouTube-д шуугиан дэгдээсэн билээ. Энэ илтгэлийн дараагаар түүнд энэ номыг бичих санаа төрсөн гэдэг.
Энэ ном анагаах ухааны нарийн асуудлуудыг мэргэжлийн бус уншигч ч тун хялбар ойлгохоор энгийн, хөгжилтэй хүүрнэснийг Сэлф Магазин “Ийм төрлийн номыг ингэж амархан уншиж болох юм гэж ер бодсонгүй ...хосгүй өвөрмөц, ил шулуун бичсэн хөгжилтэй, ойлгомжтой ном...” гэж батлан өгүүлсэн юм. Спектатор сэтгүүлийн Виллиам Күүкийн хэлсэнчлэн “Эндэрсийн энгийн, дотно өгүүлсэн номыг түүний эгчийн зурсан хөгжилтэй, ухаалаг зургууд улам бүр чимсэн” байна.
Таймс сэтгүүлийн “Бие засах тухай ичилгүй ярихад өдөөсөн бүтээл” гэж товч дүгнэсэн олон улсын бестселлер энэ ном хүмүүсийн ярихаас цээрлэдэг гэдэс гэгч энэ эрхтэн маань үнэндээ сайшааж магтууштай гайхамшигт үйлийн эзэн гэдгийг уншигчид харуулах нь гарцаагүй.
Гэдэс маань бидэнд тархи, зүрхнээс дутахгүй чухал атал бид гэдэснийхээ тухай маш багыг мэддэг. Эгдүүтэй хөөрхөн гэдэс бүтээлээрээ Жулиа Эндэрс зүгээр л нэг байдаг, тэгээд үнэнээ хэлэхэд бүр санаа зовмоор гэж бидний зарим нь боддог эрхтэн маань харин ч хамгийн нарийн, чухал, бүр бидний анатомийн хамгийн гайхалтай нэгэн хэсэг байсныг харуулжээ. Ямар мундаг вэ гэдгийг нь эрдэмтэд одоо л нээж эхэлж байна; шинэ судалгаанууд гэдэсний бактериуд таргалалт, харшлаас авахуулаад Алцхаймерын өвчинд хүртэл нөлөөлдгийг тогтоогоод байна.
Анх өвчин туссаныхаа дараа өөрийнхөө талаар илүү ихийг мэдэх гэсэн түүний судалгаа яван явсаар шим тэжээл шингээлтээс өгсүүлээд гэдэсний бактери сэтгэл зүйд нөлөөлдөг талаарх сүүлийн үеийн нээлтүүд рүү хөтлөх болно. Түүний бичсэн уг ном тун ч хөгжилтэйн зэрэгцээ эрүүл мэндийн талын мэдээлэл сайтай гарын авлага болжээ. Бидний дотор буй гайхамшигт энэ ертөнцийг таньж мэдсэнээр бид цөм ашиг тусыг нь хүртэх боломжтой гэдгийг Эгдүүтэй хөөрхөн гэдэс ном харуулжээ.
Buy