Монгол ардын аман зохиолыг өнгө бүрээр гэрэлтсэн нэгэн сүрлэг эрдэнэсийн уул хэмээвээс уншигч танд өргөн барьж буй Жангар хэмээх энэхүү бүтээл нь тэрхүү ноён сүмбэр уулын оргилд заларч ертөнц даяар өөрийн өнгөт сайхан гэрлийг түгээсэн нийт монгол туургатны оюуны соёлын үнэт өв юм.
Энэ удаад бид 1940 онд Халимагийн нэрт яруу найрагч Б.Басанговын эмхэтгэсэн 12 бүлэг Жангарын эхийг баримтлан ойрад-халимаг аялгаас орчин цагийн монгол хэлний халх аялгад шинэчлэн буулгаж, та бүхэнд хүргэж байна. Энэхүү Жангарын бүлгүүд нь манай туулиудад түгээмэл тохиолддог шашны үзэл ойлголтууд харьцангуй ерөнхий байдалтай туссан төдийгүй жангар судлаач, эрдэмтдийн голлон баримталдаг бүрэн хувилбарыг өөртөө багтаасан бүлгүүд гэж ойлгож болно.
Тууль нь уран сайхны хэтрүүлэл, уран сэтгэмж ихтэй тул хүүхдийн ургуулан бодох чадварыг сайжруулах, үг хэллэгийн баялагийг нэмэгдүүлэх гэх мэт олон талын ач холбогдолтой. Түүнчлэн тохиолдсон саад бэрхшээлийг хэрхэн даван туулахыг сургамжлах төдийгүй эр зориг, тэсвэр хатуужил, нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгуулна. Иймд хүүхдээ багаас нь туультай танилцуулж, үг дүрслэл бүрийг харилцан ярилцах замаар өв соёлоо таниулахыг зориорой.
Buy