Харпер Лий
Гургалдайг хөнөөхүй
Нелл Харпер Лийг дэлхий дахинаа алдаршуулсан Гургалдайг хөнөөхүй роман нь анх 1960 онд олны хүртээл болсон бөгөөд тэр даруйдаа шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг борлуулалттай номоор шалгарсан билээ. Тус роман 1961 онд Пулицерийн шагнал хүртэж, одоогийн байдлаар дэлхий дахинаа 40 сая гаруй хувь борлогдоод байгаа юм. Гургалдайг хөнөөхүй роман Америкийн орчин үеийн уран зохиолын сонгодог бүтээлүүдийн нэгд эргэлзээгүй тооцогдоно.
“Их Хямралын” (1933–1935) үеийн Америкийн Нэгдсэн Улс, өмнөд хэсгийн Алабама муж улсын Мейком хэмээх жижиг хотод өрнөх Гургалдайг хөнөөхүй романыг “Скаут” хэмээх хочит Жин Луиз Финч охин хүүрнэнэ. Скаутыг нялх байхад ээж нь өөд болж, хуульч мэргэжилтэй эцэг Аттикус Финч нь хоёр хүүхдээ ганцаар өсгөжээ.
Ээж нь өөд болсныг эс тооцвол, хүүхдүүдийн бага нас Америкийн өмнөд хөдөө нутагт энгийн, аз жаргалтай өнгөрч байлаа. Гэвч 19 настай цагаан арьст эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт буруутгагдаж буй хар арьст залуу Том Робинсоныг эцэг Аттикус нь өмгөөлөх болсноор энэ бүхэн өөрчлөгдөнө. Финчийн нэр хүндтэй гэр бүл гэнэтхэн л Мейкомын анхаарлын төвд оров. Том Робинсоныг өмгөөлөхийг Аттикус ажил үүргээ хэмээн үзэж, “төрт улсад хүн бүр шударгаар шүүлгэх эрхтэй” гэсэн итгэл үнэмшил тээж байхад тосгоны иргэд түүнийг өөр өөр арьстнуудын хооронд ноёрхож буй харьцааг сэвтээх “негрийг хайрлагч” гэж үзэх болжээ. Ганц Аттикус ч биш Жим, Скаут хоёр ч Мейкомын оршин суугчдын дургүйцлийг мэдэрнэ. Финчийхний амьдрал нэг л түгшүүртэй болж, хамаатан саднууд нь ч тэднээс нүүр буруулав. Аттикус өөрийн зарчимдаа үнэнч хэвээр үлдэх болов уу? Эсвэл Финчийнхэн тосгоныхны дарамт шахалтад бууж өгөх үү?
Buy