News

​ЭРЧ ХҮЧЭЭР ЦЭНЭГЛЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТҮҮХ

Удахгүй “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” тохиох гэж байна. Гэхдээ энэ өдөр бид цэцэг жимс болж өнгөрүүлэхээс илүүтэй эрх чөлөө, нөхцөл боломжоо ярилцах, асуудлыг хөндөх нь маш чухал.

XX зуунаас өмнө, эмэгтэйчүүд үр хүүхэд гаргахаас гадна аяга тавгаа угаах, гэр орноо цэвэрлэх гэх мэт ахуйн аар саархан зүйл оролдож, ажил хийлээ ч бүхий л цалин хөлс нь нөхрийнх нь гарт очдог байжээ. Сурч боловсрох, эрдэм мэдлэгээ тэлэх нь эмэгтэйчүүдийн хувьд байж болшгүй асуудал байсан төдийгүй тухайн үед сурах тухай дурссан ямар ч эмэгтэйг эрчүүд шоглон инээлдэж, тоглоом  дохуу хийнэ. Тэр ч байтугай нөхөр нь эхнэртээ гар хүрч, хүчирхийлэх нь байдаг л үзэгдэл мэт байсан гэвэл та итгэх үү? (Английн модернист зохиолч Виржиниа Вүүлфийн “Өөрийн гэсэн өрөө” бүтээлд, эмэгтэйчүүдийн эрх хурцаар яригдах болсон тэр тэсрэлтийн цаг үеийг баримт нотолгоотойгоор өгүүлсэн нь бий.)

Тэгвэл хүчирхэг, дайчин эмэгтэйчүүдийн ачаар тэрхүү хэцүү цаг үе түүх болон үлджээ. Энэ номд тэдгээр эмэгтэйн туулсан зовлон бэрхшээл, эрхийнхээ төлөө хэрхэн тэмцэж байгааг үлгэрчлэн бичсэн аж. Өсвөр наснаасаа л зоримог, шийдмэг, тууштай тэмцсэн энэ эмэгтэйчүүдийн түүхийг уншсан охид, хөвгүүдийн сэтгэл зүрхэнд өөртөө итгэх итгэл, урам зориг бадрах нь лавтай. Түүнчлэн янз бүрийн үндэс угсаа, ажил мэргэжилтэй хүмүүсийг сонгон оруулсан нь тун сонирхолтой. 

Тухайлбал, Харри Поттерын зохиолч Ж.К.Роулинг, дуучин Бейонсе, Америкийн тэргүүн хатагтай асан Мишель Обама, жүжигчин Одри Хепбёрн, хөтлөгч Опра зэрэг алдартнууд төдийгүй уулчин, тагнуулч, хувьсгалч, галт уул судлаач, далайн дээрэмчин, сансрын нисгэгч гэх мэт зориг зүрх, хүч чадал шаардсан ажил мэргэжилтэй хүмүүсийн чин үнэн түүхийг эндээс уншиж болно.

Охид энэхүү номоос урам зориг, эрч хүч авах бол хөвгүүд эмэгтэй хүнийг илүү ойлгож, хүндлэх ухамсартай болох учраас эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүгд уншаасай гэж хүсье. 

Sign up for newsletter