News

Монсудар: Ном сонголтын тухай

Монсудар хэвлэлийн газар цаг үргэлж шинэ, шилдэг зохиолуудаар уншигчдадаа бэлэг барьдаг. Учир нь зажлууртай ном бүтээлийг эх хэл дээрээ алдаа мадаггүй, яруу орчуулгаар уншиж гэмээн бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн, төрөлх хэл, утга зохиолоо хөгжүүлж чадна. Харин эдгээр ном бүтээл хэрхэн, ямар шалгуураар шигшигдэн уншигч таны гарт хүрдэг талаар товчхон мэдээлэл хүргэе. 

Хамгийн түрүүнд номын сонголтоо хэрхэн хийдэг бол гэдэг асуулт таны толгойд эргэлдэж байгаа нь лавтай. Хэвлэлийн газрын хувьд номоо сонгохдоо хэд хэдэн шалгуур баримталдаг бөгөөд ямар төрөл, жанрын ном гэдгээсээ хамаараад шалгуурууд нь харилцан адилгүй. 

Уран зохиолын номын хувьд бид юун түрүүн уншигч олноо дэлхийн утга зохиолын сонгодог бүтээлүүдтэй танилцуулахыг зорьдог. Утга зохиолын түүхэнд  олон зуун жилийн турш ул мөрөө үлдээн, өнөөг хүртэл уншигч, зохиолчдод нөлөөлсөөр буй тэр л зохиолуудыг “сонгодог” хэмээн тодотгож буй юм. Энэхүү ангилалд Достоевский, Толстой, Бальзак, Гюго, Флобер, Гёте, Клайст зэрэг зохиолчид зүй ёсоор багтах нь гарцаагүй. Гэхдээ орчин цагийн сонгодгууд гэж бас бий.  Тухайлбал Кнут Хамсун, Франц Кафка, Хорхе Луис Борхес, Жеймс Жойс, Виржиниа Вульф, Эрнест Хэмингуэй, Нацүмэ Соосэки, Гарсия Маркес, Албер Камю гэхчлэн олон зохиолчдыг энд дурдаж болох юм. Гэхдээ аливаа бүтээлийг “сонгодог” юм уу “орчин цагийн сонгодог” хэмээн яаран тодорхойлох нь өрөөсгөл юм. Учир нь анх гарахдаа олныг шуугиулсан атлаа хорь, гучин жилийн дараа мартагддаг номууд бий. Чухам аль бүтээл он цагийн шалгуурыг даван сонгодог болж үлдэх эсэх нь уншигч, шүүмжлэгчид хийгээд утга зохиолын ертөнцөд хэр жинтэй байр эзэлсэн цаг хугацааны шалгуураар тодорхойлдог учир дор хаяж тавин жил харзнаж хүлээвэл зохилтой юм.

Бүтээгдээд 50 жил болоогүй ном зохиолууд өнөө үеийн уран зохиолд хамаарч таарна. Өнөө үеийн уран зохиолуудаас нутагтаа хийгээд олон улсад уншигчдын анхаарлыг ихээр татаж буй, бидний зүгээс ч мөн монголын уншигчид зайлшгүй унших ёстой хэмээн үзсэн зохиолчдыг сонгон уншигчдадаа танилцуулах нь манай нэг зорилго юм. Ийм зохиолчдын нэг гэвэл Монсудар Утга зохиол цувралаар “Арьсан хүрэмтэй Мадонна” зохиол нь орчуулагдан гарах хүртэл монголын уншигчид мэддэггүй шахам байсан Туркийн зохиолч Сабахаттин Али юм. Мөн  өрнө дахинд Габриель Гарсия Маркесын дараах Латин америк хамгийн амжилттай зохиолч хэмээн үнэлдэг Чилийн зохиолч Роберто Боланог нэрлэж болох юм. Түүний “Люмпены тууж” бүтээл нь Монсудар Утга зохиол цувралын VII дугаараар хэвлэгдэн гарсан. 

Олон улсад борлогдсон тоо ширхэг, олонд таашаагдсан байдал зэргээс гадна тухайн зохиолчийн нөлөө, байр суурийг үнэлэх үзүүлэлт нь  тухайн бүтээл, зохиолчид олгосон нэр хүндтэй шагналууд юм. Тиймээс ч бид дэлхийн алдартай Бүүкэр, Пулитцер, Нобелийн шагналтнуудын бүтээлийг цаг алдалгүй олны хүртээл болгохыг эрмэлздэг. Тухайлбал зохиолч Казүо Ишигүрогийн “Хөвөлзөх ертөнцийн зураач”, “Өдрөөс үлдсэн зүйл”, “Намайг бүү явуулаач”, Элис Манро “Сайн бүсгүйн хайр”, Мо Янь “Эргэлт”, Оэ Кензабүро “Хувийн асуудал”, Габриель Гарсиа Маркез “Тахлын үеийн дурлал”, Орхан Памук “Цагаан цайз”, Элиас Канетти “Марракешийн дуу хоолой”, Альбер Камю “Этгээд хүн”, Эрнест Хэмингуэй “Өвгөн тэнгис хоёр”, Кнут Хамсун “Өлсгөлөн” зэрэг Нобелийн шагналт зохиолчдын бүтээлүүдийг бид монгол хэлнээ хөрвүүлэн уншигчдадаа хүргэсэн билээ.

Шаардлага, шалгуур өндөртэй утга зохиолын ном бүтээлийг сонгохдоо баримталдаг энэ зарчмаа бид философи, нийгмийн ухааны ном бүтээлүүдэд ч мөн адил авч үздэг. Руссо, Макиавелли, Монтескье зэрэг сонгодгуудын зэрэгцээ Фрейд, Макс Вэбэр зэрэг орчин цагийн сонгодгуудын бүтээлүүдийг бид Монсудар нийгмийн ухаан цувралаараа олонд хүргээд байна. Энэ цувралд багтсан сэтгэгч бүр хүн төрөлхтний сэтгэлгээний түүх хийгээд орчин цагт хүмүүний өөрийгөө ухаарч ойлгох үйл явцад үлэмж хувь нэмэр оруулснаараа түрүүчийн адил сонгодог, эсвэл орчин цагийн сонгодогт зүй ёсоор тооцогддог. Түүнчлэн бид сүүлийн үед бичигдсэн гол чухал эсээнүүдийг цувралаар танилцуулах Нухацтай сэдэв цувралыг эхлүүлж, одоогоор Дэвид Грэбер, Сэм Харрис, Харри Франкфурт нарын бүтээлүүдийг гаргаад байна. Мөн Хараригийн Сапиенс юм уу Параг Ханнагийн “Холболтыг газаргүй” гэхчлэн бие даасан бүтээлүүдийг ч хүргэдэг.

Тодорхой шалгуураар шигшигдэн уншигчийн гарт хүрэх бүтээлүүдийн дараагийн нэгэн “даваа” нь орчуулгын чанар юм. Бид аливаа зохиол бүтээлийг аль болох эх хэлнээс нь хөрвүүлдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд манай орчуулагчид англи, орос, хятад, япон, солонгос, герман, франц, испани, турк гэсэн есөн хэлнээс зохиол бүтээлүүдийг орчуулжээ. Мөн орчуулга нэг бүрийг нягт нямбай шалган хянаж, аль болох алдаа мадаг гаргахгүйн төлөө манай редакторууд чармайн ажилладаг. Тэглээ гээд ч алдаа гарсан тохиолдолд бид сургамж авч, дараагийн хэвлэлт дээрээ мэдээж засаж залруулдаг зарчимтай. 

Ном сонгохдоо харгалзан үздэг өөр нэг шалгуур бол орчуулгыг дэмжих төсөл, хөтөлбөрт хамрагдах боломж юм. Монголын номын зах зээл тун жижиг учир чанар чансаатай орчуулгын бүтээл гаргана гэдэг хэвлэн нийтлэгчдэд санхүүгийн томоохон сорилт, бэрхшээл дагуулдаг. Энэ бэрхшээлийг давах, орчуулагчдадаа аль болох сайн цалин хөлс өгөхийн төлөө бид дэмжлэг үзүүлэгч олон улсын байгууллагуудтай тогтмол хамтран ажилладаг. Ийм байгууллагууд гэвэл Гёте институт, Монгол-Францын төв, Щвейцарийн Pro Helvetia, туркийн TEDA хөтөлбөр, Солонгосын уран зохиолын орчуулгын хүрээлэн (LTIK) болон орон орны элчин сайдын яамдыг дурдаж болно. Жишээлбэл “Испани өгүүллэг, тууж” түүвэр маань Бээжин дэх Испанийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хэвлэгдэж, зургаадугаар сард Улаанбаатар хотноо болсон номын нээлтэд элчин сайд өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцсон билээ.

Товчхондоо, эдгээр бүх шалгуурыг хангасан шилмэл бүтээлүүдийг л Монсудар хэвлэлийн газраас уншигч та бүхэндээ санал болгодог. Нийгмийн соён гэгээрэлд хөтөлнө уриатай үйл ажиллагаагаа явуулдаг манай хамт олон ирэх олон олон жилийн турш та бүхний оюуны цангааг тайлж, тархины тэжээл болохуйц шилдэг бүтээлүүдийг хүргэсээр байх болно. Биднийг дэмжин ном бүтээлийг минь шимтэн уншиж, хамт байдаг Уншигч бүрдээ баярлалаа. 

"Утга зохиол" төслийн зөвлөх 

 Александер Шнорбуш

Instagram


@monsudar

Монголын анхдагч бөгөөд зах зээлд тэргүүлэгч хэвлэлийн газар.

Sign up for newsletter