Нүдэнд ил харагддагүй ч хүнийг ЖИНХЭНЭ ХҮН болгодог мөн чанаруудыг бид номноос олж авдаг. Багаасаа эцэг эхээрээ ном уншуулж, сургуульд орсныхоо дараа ч бас ном уншдаг байсан хүүхдүүд том болоод ҮГ ХЭЛ ХУРЦ, бодол санаагаа ЗӨВ ЦЭГЦТЭЙ илэрхийлж чаддаг, төсөөлөн бодох чадвар сайтай БҮТЭЭЛЧ хүн болдог. Та хүүхэддээ ном уншиж өгөхдөө яарахгүй, түвэгшээхгүй, чин сэтгэлээсээ хандахаас л бүх зүйл эхэлнэ.
Танд бяцхан зөвлөгөө өгөхөд:
Таныг хүүхэдтэйгээ тоглох, ярилцах ЦАГ ЗАВ гаргаж чадна гэдэгт ИТГЭЖ байна. Ингээд танд дараах номуудыг санал болгож байна.
1. 365 ҮДЭШ
"Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын редакциас эрхлэн гаргасан уг номд нийт 365 үлгэр, 800 орчим зураг чимэглэл, мөн оньсого, дуу, шүлэг багтсан ба хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нийцсэн бүтэн жилийн “оюуны талх” гэж хэлж болох юм. Мэдээж хэрэг үлгэр бүр өөр өөр ертөнц. “365 үдэш” номд монгол ардын болон дэлхийн олон үндэстний алдартай, сонирхолтой үлгэр түүхүүдээс түүвэрлэж хялбаршуулан оруулсан бөгөөд хүүхдийн сэтгэхүй, анхаарал төвлөрөлтөд тохирсон найруулгатай, ихэвчлэн богино хэмжээтэй.
2. ХАВАР хайлтын ном
Хайлтын ном нь бичвэргүй, хүүхэд өөрөө түүх зохион өгүүлэх боломжтой. Ингэснээр хүүхдийн хэл яриа, сэтгэн бодох чадвар маш сайн хөгждөг. Мөн ажиглалт, ой тогтоолтыг ч сайжруулдаг. Хайлтын номоос хүүхэд ямар нэгэн шинэ зүйлийг байнга олж мэддэг бөгөөд томчуудад ч маш сонирхолтой байдаг. Мөн хайлтын номын дүрүүдийн үйл явдал нь дараагийн хуудсууд болон цувралд үргэлжлэн өрнөнө. Хүүхэдтэйгээ хамт уншихад хамгийн чухал гарын авлага байх болно.
3. АЛТАН ЗАГАСНЫ ҮЛГЭР
0-6 насны хүүхдийн номд зайлшгүй байх шаардлагатай ном бол зурагт ном юм. “Зурагт ном” гэдэг нь зохиолын утга санаа, үйл явдлыг зургаар бүрэн илэрхийлсэн буюу зургаас бүтэх ном юм. Учир нь хүүхдийн унших үйл явц зураг уншихаас эхэлдэг. Мөн богино өгүүллэгүүд хүүхдийн төсөөлөх чадварыг хөгжүүлж, хамтдаа ярилцах боломжийг олгодог. Ийм зурагт номны нэг нь та бидний сайн мэдэх "Алтан загасны үлгэр" юм.