News

Монсудар хэвлэлийн газрын редактор Б.Ундрах ХБНГУ-ын Штралэн хотноо европын орчуулагчдын зөвлөлөөс зохион байгуулсан “Орчуулагчдын уулзалтад” оролцлоо

Монсудар хэвлэлийн газрын редактор Б.Ундрах ХБНГУ-ын Штралэн хотноо европын орчуулагчдын зөвлөлөөс зохион байгуулсан “Орчуулагчдын уулзалтад” оролцлоо

Гёте институт болон Мерк байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй “Хамтын орчуулга” төсөлд ”Монсудар” хэвлэлийн газар энэ жил 2 дахь удаагаа хамтран, тус хэвлэлийн газрын редактор Б.Ундрах оролцож, Германы орчин цагийн нэрд гарч буй залуу зохиолч Юдит Шаланскийн “Алдагдсан зүйлсийн жагсаалт” бүтээлийг Азийн 5 орны орчуулагч болон зохиолчтой хамтран орчуулахаар болсон билээ.

2019 оны 5 дугаар сарын 21-нээс 27-ны өдрүүдэд ХБНГУ-ын Штралэн хот дахь “Европын Орчуулагчдын Зөвлөл”-өөс зохион байгуулсан зохиолч, орчуулагчдын уулзалт, ярилцлагад тус төслийн оролцогчдыг хамруулсан байна. Европын Орчуулагчдын Зөвлөл, Нордрайн Вестфален мужийн соёлын сангийн дэмжлэгээр жил бүр зохион байгуулдаг уулзалт энэ жил 18 дахь удаагаа явагдаж, дээрх бүтээлийг голланд, грек, англи, испани, итали, норвеги, хятад, тайланд, япон, монгол, швед хэл рүү орчуулахаар сонгогдсон 11 орчуулагч болон зохиолч Ю.Шаланский өөрөө оролцжээ.

Арга хэмжээ 7 өдрийн турш үргэлжилж, энэ хугацаанд “Европын Орчуулагчдын Зөвлөл”-ийн үйл ажиллагаа болон “Хамтын орчуулга” төсөлтэй танилцсан талаарх сонирхолтой мэдээг “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар”  редакцын редактор Б.Ундрах танилцууллаа.

Тэрээр хэлэхдээ энэ хугацаанд нийтэд зориулсан уулзалт лекцэд бүгд оролцож, зохиолч бүтээлээсээ уншиж танилцуулан, уншигч, утга зохиол сонирхогчдын асуултад хариулах хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд зохиолоос нэг өгүүлбэр сонгон 11 орны орчуулагч өөр өөрийн хэлээр хүмүүст уншиж үзүүлсэн нь олны сонирхлыг ихэд татсан тухай дурдлаа. Уулзалтад ирсэн уншигчид Азийн орны орчуулагчдыг илүүтэй сонирхон асуулт тавьж тэс өөр бүтэц, тогтолцоотой ийм хэл рүү энэ зохиолыг орчуулахад хэр бэрхшээлтэй байх, европ хүмүүст илт ойлгомжтой атлаа Азийн уншигчдад ойлгомжгүй олон нэр, ойлголтуудыг яаж шийдэх вэ гэх мэт зүйлсийг сонирхон асуусан байна.

Тус зохиол тун өвөрмөц онцлогтой, орчуулагч болон уншигчдад өндөр шалгуур тавьсан, унших, орчуулахад маш их ажиллагаа, цаг хугацаа, чармайлт шаардсан бүтээл билээ. Түүвэрт багтсан 12 өгүүллэг бүгд өөр өөр хэв маягаар, тун чигжүү нягт бичигдсэний дээр өөр өөр цаг хугацаанд өрнөж, олон талын сэдвийг хамарсан, түүхэн бодит хүн, баримтууд, олон салбарын ойлголтууд ихээр орсон тул ялангуяа шашин, соёл өөр Азийн орнуудын хувьд орчуулахад хүндрэлтэй зүйлс олон гарах ажээ. Түүнчлэн өгүүллэг тус бүр 16 хуудаснаас бүрдсэн төдийгүй  өгүүллэгүүдийг тусгаарласан хар цаасан хуудастайгаа нийлээд хэлбэр талаас нь харахад ч нэг цогц систем болох онцлогтой ном тул үүнийг алдагдуулахгүйн тулд үг өгүүлбэрийн уртыг ч аль болох чанд баримтлахыг хичээх ёстой болно.

Зохиолчийн зүгээс орчуулахад хэрэг болох, зохиолд гарч буй зүйлтэй холбоотой зураг, ном, видео, мэдээ баримт, цахим хуудас зэргийг үзүүлэн, тухайн өгүүллэгийг яагаад бичих болсон, аль хэсэгт юу бодож байсан зэргийг тайлбарлан ярьж тун нээлттэй, нөхөрсөг хандсан байна.

Мөн уулзалтад оролцсон орчуулагчид өөрсдийн оронд уран зохиолын орчуулагчаар ажиллахад ямар онцлогтой тухай ярилцан, ажлын арга барил, мэдээлэл, сонин сайхнаа хуваалцан тун үр өгөөжтэй уулзалт болсон тухай орчуулагч, редактор Б.Ундрах бидэнд танилцууллаа.

 

 

 

 

 

 

Share

Sign up for newsletter