News

Г.Г.Маркес: Би “Тахлын үеийн дурлал” романаа бичиж байсан үеийнх шигээ л амьдармаар байна

Зохиолчийнхоо бичиж туурвих эгнэшгүй чадвар, уран сэтгэмж, хошигнол, цэцэн цэлмэг үг хэллэг болон уран бүтээлч хүний эрх чөлөө, эр зоригийн бүрэн илэрхийлэл болохын зэрэгцээ "хайрын нэвтэрхий толь"-ийг роман хэлбэрээр хүүрнэсэн гайхалтай бүтээл хэмээн үнэлэгддэг "Тахлын үеийн дурлал" романыг Монсудар хэвлэлийн газар шинэчлэн найруулсан орчуулгаар уншигчдадаа хүргэхэд бэлэн болоод байгаа билээ. Дашрамд дурдахад суут зохиолч Габриель Гарсиа Маркесийг цоо шинээр таних боломжийг олгох "Тахлын үеийн дурлал" романы нээлт 2019/06/10-ний 10 цагт Интерном номын дэлгүүрт болох юм.

Ингээд Габриель Гарсиа Маркесийн “Нью Йорк Таймс”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.

Габриель Гарсиа Маркесын хувьд уран зохиол бичихийн зовлон жаргал роман бүрд нь өөр өөр. “Зуун жилийн ганцаардал” романы хувьд тэр бичих санаагаа урт удаан хугацааны туршид бодож боловсруулж эцэст нь цаасан дээр нэгэн зуур буулгасан байдаг. 

1982 онд Нобелийн шагнал хүртэхээсээ долоон жилийн өмнө анх хэвлүүлсэн “Толгойлогчийн намар” романаа бичихдээ багагүй бэрхшээлтэй нүүр тулсан нь сүүлийн үеийн нэгэн ярилцлагадаа “...өдөрт ердөө дөрөвхөн мөр биччихээд чамгүй ахиуллаа гэж баярладаг” байснаа дурдсанаас нь тодорхой харагдана. “Толгойлогчийн намар” романаа тэр долоон жилд арай гэж дуусгажээ.

Харин “Тахлын үеийн дурлал” романаа Маркес амьдралынхаа хамгийн аз жаргалтай он жилүүдэд бичсэн байна. Уг романаа бичихдээ эцэг эхийнх нь амьдралд гарч байсан сээтгэнэл, шохоорхол, түүнчлэн завинд суун гол мөрнөөр аялснаас нь санаа авсан аж. Төвхнөж амьдраад удаж буй Мехико хот дахь гэрт нь би Габриель Гарсиа Маркестай “Тахлын үеийн дурлал” романыг бичих ямар байсан тухай ярилцсан юм.

Габриель Гарсиа Маркес: Энэ номыг бичих үнэхээр таатай байсан. Илүү ч урт үргэлжлэх боломжтой байсан хэдий ч би биеэ барих хэрэгтэй болсон. 

Бие биедээ хайртай хоёр хүний амьдралын тухай ярих юм мундахгүй их шүү дээ. Бүр дуусаж дундаршгүй их.

Түүнээс гадна романыхаа төгсгөлийг урьдаас мэдэж байсан минь надад давуу тал болсон. Учир нь ийм номын тухайд төгсгөл нь маш ярвигтай. Хоёр дүрийн аль нэг нь, эсвэл хоёул нас эцэслэж дуусах нь ер нь таатай биш. Харин тэд үүрд мөнх бие биеэ хайрласаар байвал тун гайхалтай зүйл болно. Тиймээс амраг хосыг авч яваа завь үүрд мөнх аяллаа үргэлжлүүлж буйгаар романаа төгсгөснөөрөө би уншигчдыг тайтгаруулж байгаа хэрэг. Завь, хосын үлдсэн амьдралын туршид ч биш, бүр үүрд мөнх аяллаа үргэлжлүүлнэ.

Марлиз Саймонс: “Нисдэг голланд эр” маягийн хайр байх нь. Та өөрөө завиар нэлээд аялсан уу?

ГГМ: Би тэр завийг эртнээс мэднэ. Анх арван хоёртойгоосоо эхлэснээс хойш би түүгээр олонтоо аялсан. Колумбид би далайн эрэг дээр амьдардаг байлаа. Тэгээд Богота хотод сурахаар тэтгэлэгт шалгалтад тэнцээд, завиар Барранкильягаас Ла Дорада руу, тэндээсээ галт тэргээр Богота руу явсан даа. Гол бохирдон сүйрч эхэлсэн үе. Голоор хамгийн анх хөвөхөөс эхлээд хамгийн сүүлд аялах хүртэлх хугацаанд номдоо өгүүлсэн гол мөрний тэр сүйрэл доройтлыг би өөрийн нүдээр харсан.

Романдаа би голоор аялж буй тухай хоёронтоо өгүүлэх шаардлагатай болсон. Эхний удаад, Флорентина Ариза шуудан холбооны ажилтан байхдаа голоор аялна. Үүнд ямар нэг чухал зорилго байгаагүй; тийм ч учраас тэрээр голоор аялаад үүндээ харамсаад буцаад ирдэг. Гэхдээ би голыг, гол орчмын байгалийг дүрслэхийн тулд энэ аяллыг зориуд зохиолдоо багтаасан юм. Хэрэв ингэж бичээгүй бол тэр бүх дүрслэл зохиолын төгсгөлд, нас дээр гарсан хоёр хүн голоор аяллаа үргэлжлүүлэхтэй зэрэгцэн орж таарах гээд байлаа. Тэгсэн бол зохиолын хамгийн чухал сэдвийг буюу тэр хоёрын харилцааг бүдгэрүүлэх байв. Түүнчлэн энэ аргын ачаар би цэвэр сайхан урсгалтай гол хэрхэн сүйрч доройтсоныг үзүүлж чадсан. Би хамгийн сүүлд хорин хоёртойдоо, их сургуульд сурч байхдаа голоор аялсан. Тэгээд л голын завин аяллын төгсгөл ирсэн дээ.

Энэ бүхэн миний хувьд өнгөрснөө эргэн санагалзсан гуниглал. Чухамдаа энэ санагалзал уран зохиол, яруу бүтээлд хэзээд агуу эх сурвалж болдог доо.

МС: Та романыхаа ихэнхийг Картахенад бичсэн үү?

ГГС: Тэгсэн. Энэ романыг бичсэн хоёр жил бол амьдралын минь дүүрэн аз жаргалтай цаг мөчүүд юм. Бодсон бүхэн минь бүтэмжтэй сайхан байсан. Хүмүүс хэрхэн яаж амьдрах учиртайгаа эргэцүүлсээр амьдралаа дуусгадаг. Энэ тухай анд нөхдөөсөө асуухад минь яв цав мэдэх хүн нэг ч гараагүй. Харин одоо бол надад юм бүхэн тодорхой болсон. 

Би “Тахлын үеийн дурлал” романаа бичиж байсан үеийнх шигээ л амьдармаар байна.

Би өглөө тав хагас, зургаа гээд босно. Ердөө зургаан цаг унтахад хангалттай. Тэгээд би мэдээ сонсох гэж яарна. Зургаагаас найм хүртэл сонин сэтгүүл уншина; яг энэ хоёр цагийн хооронд л уншихгүй бол өөр цаг зав гарахгүй, хэмнэлээ ч алдчихна. Хэн нэгэн ойр орчмын тэнгисээс шинэхэн барьсан загас, хавч, сам хорхой гэрт авчирч өгнө. Би наймаас арван нэг хүртэл бичнэ. Үд дунд Мерседес [эхнэр нь] далайн эрэг рүү яваад, найзуудтайгаа цуг намайг хүлээнэ. Хүмүүс тасралтгүй ирээд л яваад л, би цааш өөр хэн ирэхийг ч мэдэхгүй. Үдийн хоолны дараа би жаахан дугхийнэ дээ. Нарны элч буурахаар гадагш гарч, зохиолынхоо дүрүүдийн байх газар очиж, хүмүүстэй ярилцаж, романыхаа ерөнхий үг хэллэг, орчныг сонгоно. Тэгээд маргааш нь гадаа гудамжнаас олж авсан шинэ материалтайгаа сэрнэ шүү дээ.

Үүнээс гадна тэнд би өмнө хэзээ ч таарч байгаагүй уран зохиолын тун сонирхолтой туршлагатай нүүр тулсан. Зохиолын минь дүрүүдийн нэг нь XIX зууны сүүлч үед Карибын тэнгисийн эргийн нэгэн хотод амьдардаг арван найман настай Фермина охин. Тэр Испаниас дүрвэсэн аав, ээжтэйгээ амьдардаг. Гэхдээ ээжийг нь би ер тодорхой төсөөлж чадахгүй байлаа. Түүнээс гадна авга эгч нь бий. Анх охинтой ижил нэртэй бичигдсэн авга эгчийг нь би тун тод харж төсөөлөөд байгаа юм. Ээжийг нь л харж болдоггүй. Тэднийг бүгдийг нь ширээ тойруулж суулгаад, хэрхэн харилцаж, яаж аашилж буйг нь тун тодорхой харна: ээжээс нь бусдыг. Би анхандаа авга эгч нь л саад болоод байна даа гэж бодсон. Тэгээд авга эгчийг нь тэндээс гаргаж авсан ч ээж нь асуудал үүсгэсэн хэвээр: би царайг нь ч харж чадахгүй, нэрийг нь ч, ер нь ямар ч онцлогийг нь мэдэхгүй хэвээр. Би нэг л өглөө сэрээд хэргийн учир юунд байгааг ойлгосон. Охиныг жааханд ээж нь тэнгэрт одсон байж. Би ээж нь нас барсан гэдгийг ойлгомогц л түүний дүр амьд, жинхэнэ болсон: Гэртээ, хүн бүрийн дурсамжид илүү их орон зай эзэлж эхэлсэн. Энэ оньсогыг ийнхүү тайлсандаа би тун их баярлаж билээ. Би номынхоо логикоос давж сэтгээд байж. Нас барсан хүнийг амьд хүмүүсийн дунд багтаах гэж, боломжгүй зүйлийг хүчээр хийж гэж хичээгээд байж.

МС: Харин эрчүүдийн тухайд? Та Флорентинаг юу гэж боддог вэ?

ГГМ: Тэр надад таалагддаггүй. Тэр бусад бүх эрчүүдийн адил туйлын хувиа хичээсэн хүн. Ферминагийн хувьд тэр бодсоноосоо ч илүү хөрөнгөтний хэв маягтай болчихдог. Улмаар өөрчлөгдсөөр худал дүр эсгэсэн янзтай болно. Нас дээр гарсан хойноо, завиар хамт аялахаар зөвшөөрөхдөө л Фермина үүнийгээ ойлгоно. Ингэснээрээ тэр бүхий л амьдралаасаа нүүр буруулна даа.

Нэр усгүй өөр нэг чухал дүр байдаг нь Карибын тэнгисийн эргийн хүн ард, тэдний урьдаас тогтсон хэвшмэл үзэл, мухар сүсэг, улигт уламжлал нь юм. Угтаа энэ дүр л бүх түүхийг хөтөлнө.

МС: Эцэг эхийн тань бүр эртний шохоорхол үерхэлд хөндлөнгөөс саад хийж тасалсан нь энэ номд нэг ёсны загвар болсон гэж та хэлсэн байдаг. Ээж тань энэ романыг уншсан уу?

ГГМ: Бүхэлд нь уншсан эсэхийг мэдэхгүй. Ээж минь одоо 84 настай. Хүмүүс зарим хэсгийг нь ээжид уншиж өгсөн байх. Гэхдээ романд минь юуны тухай өгүүлдгийг ээж угаас мэднэ. Би Картахенад романаа анх бичиж эхлэх үедээ орой бүр төрөлх гэртээ очиж ээж аав хоёроо тус тусад нь байцаадаг байсан юм. Тэр үед аав минь амьд сэрүүн байсан.


МС: Энэ романыхаа англи орчуулгыг уншсан уу?

ГГМ: Миний англи хэлний орчуулагч бол Грегори Рабасса. Би түүнд маш их итгэдэг. Орчуулгыг нь нягталж унших шаардлага ч үгүй. Гэвч энэ удаад Рабасса чухал ажилтай байж таараад, өөр орчуулагч хайхаас өөр аргагүйд хүрсэн. Би англиар унших нь уншина, гэхдээ франц эсвэл итали хэлээрх бичвэрийг шүүж хянадаг шигээ хангалттай сайн шүүж чадахгүй.

Гэхдээ ямартаа ч орчуулагчдаас сорил авсан. Туршилтын гурван хувилбараас би энэ орчуулгын зөвхөн нэгдүгээр бүлгийг уншсан. Энэ яалт ч үгүй хамгийн сайн нь байсан. Кнопт хэвлэлийн газрын редакторууд ч зөвшөөрсөн. Тэгээд ч би ер нь юу хийж чадах билээ дээ. Санаа зовоод ч яах юм. Ном минь япон, швед, голланд гэх мэт миний огт гадарлахгүй хэлүүдэд орчуулагдаж л байгаагаас хойш.

МС: Орчуулагчид тантай холбогдож зөвлөгөө авдаг уу?

ГГМ: Заримдаа редакторууд холбогдож жижиг сажиг юм асуудаг. Орчуулагчид ч эргэлзэж буй зүйлсийнхээ жагсаалтыг явуулдаг. Гэхдээ хачирхалтай нь, аль хэлэнд хөрвүүлж буйгаас үл хамааран тэр эргэлзэж буй зүйлс нь нэг ижил байдаг.

МС: Уншигчдаасаа олон захидал авдгийг тань би мэднэ. Тэд танд юу бичдэг юм бэ?

ГГМ: Аль нэг сэдвээ, үйл явдлаа, дүрээ хаанаас олж авсныг минь асуусан захидлууд хамгийн сонирхолтой нь. Учир нь ийн асуусан уншигчид тэр сэдэв, үйл явдал, дүр нь түүний танил газар, дотно хүнтэй нь холбоотой гэж боддог. “Тэр яг л нагац эгч шиг минь” эсвэл “Надад яг түүн шиг авга бий” эсвэл “Яг тийм үйл явдал манай тосгонд болсон, та үүнийг яаж мэдээ вэ?” гэх мэтчилэн тэд бичдэг дээ.

Ялангуяа “Зуун жилийн ганцаардал”-ын дараа Латин Америкийн өнцөг булан бүрээс хүмүүс ийм зүйл надад хэлдэг болсон. Зохиолд минь гарч буй үйл явдал, эсвэл хүн тэдний амьдралын нэг хэсэг мэт санагдсан хэрэг.

МС: Тэгээд л та энэ романыг тань дэлгэцэнд буулгахыг зөвшөөрдөггүй хэрэг үү? Уншигчдын өөриймсөж буй байдал нь алга болох учраас тэр үү?

ГГМ: Тийм ээ, бүрмөсөн алга болно. Учир нь кино үзэгчдэд тэгж өөриймсөх боломж олгодоггүй. Аль нэг жүжигчний царай, жишээ нь, Грегори Пекийн царай, түүний тоглосон дүрийн царай болчихно. Тэр дүр авга ах тань байх боломжгүй. Мэдээж хэрэг, авга ах тань яг Грегори Пек шиг дүр төрхтэй биш бол шүү дээ.

МС: “Тахлын үеийн дурлал” роман кино болох уу?

ГГМ: Магадгүй. Латин Америк кино л байвал миний зүгээс татгалзах зүйл үгүй. Өөрөөр хэлбэл, латин америк хүн найруулж, Латин Америкийн орчин нөхцөлийг нэвт тусгаж, бидний дүр төрх, амьдралын хэв маяг, нийгмийг харуулах хэрэгтэй гэсэн үг. Учир нь энэхүү түүхийг тодорхойлж буй зүйлс нь тэр. Гэхдээ л асуудалтай.

Ямартаа ч би оролцоогүй нь дээр. Францеско Росси “Зарлагдсан үхлийн товчоон” романаар кино хийхэд яг тийм зүйл болсон. Түүнийг киноны зохиолоо үзүүлэх гэхэд нь би “Надад кино зохиолоо битгий үзүүл. Хэрэв би үүнийг чинь харчихвал кино чинь хэзээ ч хийгдэхгүй. Би номынхоо тухай, чи киноныхоо тухай бодож байгаа. Би номоо ганцаараа бичсэн, чи ч киногоо ганцаараа хий” гэж хэлсэн. 

Тэгээд л кино амжилттай хийгдэж, Росси надад талархсан юм даа.

--

Марлиз Саймонс бол “Нью Йорк Таймс” сонинд зориулж Латин Америкийн тухай мэдээ, нийтлэл бичдэг сэтгүүлч юм. Тэрээр “Утаат толь: Латин Америкт амьдрах нь” (The Smoking Mirror: Living in Latin America) хэмээх ном бичжээ. Дээрх ярилцлага нь “Габриель Гарсиа Маркес: Зохиолчтой хийсэн ярилцлагууд” (Gabriel Garcia Marquez: Conversations with the author) номд бүтнээрээ багтсан.

--

Эх сурвалж: www.nytimes.com

Номын нээлт: ЭНД ДАРНА УУ!



Sign up for newsletter