News

Англи хэлээрх зуун шилдэг романы нэг: Казүо Ишигүро, Хөвөлзөх ертөнцийн зураач

“Гардиан” сонин хоёр жилийн судалгааны эцэст олноо танилцуулсан шилдэг зуун номын жагсаалтдаа Казүо Иширүрогийн "Хөвөлзөх ертөнцийн зураач" романыг багтаасан билээ. Уг романы тухай “Англи хэлний түүх” (The Story of English, 1986) номын зохиолч, утга зохиол шүүмжлэгч Роберт Маккрамын бичсэн нийтлэлийг хуваалцъя.

Дайны дараах Япон оронд амьдарч буй нэгний гэмшил, өтөл нас, ганцаардлыг өгүүлсэн Казүо Ишигүрогийн “итгэж боломгүй хүүрнэл”-ийн сор жишээ.

Зургийн тайлбар: Дэлхийн аль ч өнцөг буланд өөриймсөж болмоор япон сэдвээр бичдэг зохиолч Казүо Ишигүро.


Казүо Ишигүро, Бүүкерийн шагналт "Өдрөөс үлдсэн зүйл" болон орчин үеийнхний дуртай “Намайг бүү явуулаач” (Never Let Me Go) романуудаараа олноо хамгийн их алдаршжээ. Гэхдээ түүний Япон угсаа гарал болон ер бусын тансаг, гоёмсог англи хэлийг хамгаас тод харуулах, өөгүй төгс роман бол Хөвөлзөх ертөнцийн зураач юм. 

Дэлхийн II дайны дараа, АНУ-д эзлэгдсэн Япон оронд өрнөх уг романы үйл явдлыг 1930-аад он болон дайны үеэр олны хүндэтгэлийг хүлээсэн зураач Масүжи Оно хүүрнэнэ. Тэтгэвэртээ гарснаар, цэцэрлэгээ арчилж, бут зүлгээ хяргаж өдрийг өнгөрүүлэх болсон Оно хүүрнэлээ тун даруухан өгүүлбэрээр эхлэх аж: “Нарлаг сайхан өдөр эндхийнхний “Тээнэгэлзлийн гүүр” гэж нэрийддэг жижиг, модон гүүрнээс дээш зам даган эгц өгсөх аваас та нэг их удалгүй хоёр гинкго модны оройн голоор манай байшингийн дээврийг олж харна.” 

Энэ л тээнэгэлзэж таамагласан өнгө аяс зохиолын туршид тод мэдрэгддэг. Оногийн хувьд урлаг, гэр бүл, хувийн амьдрал, ирээдүй гэхчлэн аливаа бүхэн нь бүрэн шийдэгдээгүй, асуудал бэрхшээлтэй нэгэн ажээ. Улс орныг хамарсан их гамшгийн дараа уран бүтээлээ орхиж, тэтгэвэртээ гарсан зураач хүний аниргүй амар амгалангийн цаана зөөлөн давалгаалах түгшүүр, тээнэгэлзэл дунд Хөвөлзөх ертөнцийн зураач романы үйл явдал хөвөрнө.

Гадаа, гудамжинд Нагасаки, Хирошимагийн их аймшгийн дараах баргар өдрүүд үргэлжилж, Америкийн эзэрхийлэл Японы үндэстний бахархлыг нугачин дарах зуур залуу үеийнхэн эзэнт гүрний өнгөрснөө даруй мартаж, ирээдүй өөд, цааш алхахыг хүсэмжилнэ. 

Оно харин анир чимээгүй орон гэртээ улам бүр шаналант бодол автана. 

Тэр дайнд эхнэр, хүү хоёроо алдаж, одоо хоёр охинтойгоо үлдсэнийх нь ууган охин нь хүнтэй сууж өрх тусгаарлажээ. Отгон охиныхоо гэрлэлтийн хэлцлээс үүдсэн түгшүүр хямралыг ардаа орхиод, гэртээ ганцаар үлдэж, нас дээр гарсан өвгөн хүний амар амгалан амьдралд биеэ тушааж болох ч, ирээдүйн худуудтайгаа уулзахаасаа өмнө “тодорхой урьдчилсан арга хэмжээ” авахаас өөр аргагүй.

Учир нь Оно өнгөрсөн дэх нууц гэмшилтэйгээ нүүр тулах ёстой. Он цагийн хувьд төгс дараалуулсан илчлэлүүд дундаас уншигч, Оно дайнаас өмнө гол төлөв гейша нарын хөргийг зурдаг “хөвөлзөх ертөнц”-ийн зураач байснаа, 1930-аад оны “Хятад хямрал”-ын үеэр “хөвөлзөх ертөнц”-ийн хэв маягаасаа татгалзаж, эх оронч сэдэвтэй зургаар дагнах болсныг ойлгоно. Одоо отгон охиноо гэрлүүлэхээр яриа хэлцэл хийх зуур эзэнт гүрний төрийн бодлогыг дэмжсэн зургаар дагнасан зураач хэмээх нэр алдар нь түүний сэтгэлийг үймрүүлж эхэлжээ. Оно “Эх оронч бус үйлдэлтэй тэмцэх хороо”-нд зөвлөхөөр ажиллаж үедээ гарын шавиа тагнуулын ажилтанд матаж ховлосны улмаас шавь нь шоронд хоригдож, тамлагдан байцаагдсан аж.

Оногийн өнгөрсний гэмшил, өнөөгийн асуудал хоёрыг зэрэгцүүлсэн хүүрнэл нь тээнэгэлзэл төрүүлэм төдийгүй, тэр хэрээрээ илэн далангүй дотно аястай: “Мэдээж түүнээс хойш олон жил өнгөрсөн, тэр өглөө яг ингэж хэлсэн үгүйгээ би баттай хэлж чадахгүй.” 

Гэхдээ энэ бүх барим тавим итгэх аргагүй хүүрнэл дунд, үнэн ил тод илчлэгдэнэ. 

Оно дурсамжаа улам бүр өөртэйгөө холбож, өөртөө тусгасаар, романы сэтгэл шимшрүүлэм төгсгөл хэсэгт, “Өнгөрсний алдаа дутагдлаа зөвшөөрөхөөс айдаг хүмүүсийн нэг би биш” хэмээн зоригтой хэлнэ.

“Парис Ревью” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа (“Уран зохиол урлаг цуврал”-ын 196 дугаар), Ишигүро Хөвөлзөх ертөнцийн зураач романаа бичих болсон санаагаа үүний өмнөх романтайгаа холбон тайлбарлажээ: “Бүдгэрэн үзэгдэх толгод’ (A Pale View of Hills) романы минь туслах чанартай гэж хэлж болох үйл явдал нь амьдралаа тулж босгосон үнэ цэнийнхээ тухай дахин нэгэнтээ эргэцүүлэхээс өөр аргагүйд хүрч буй өвгөн багшийн тухай билээ. Яг ийм байдалд орсон хүний тухай бүрэн хэмжээний роман бичих хэрэгтэй гэж би бодсон юм: гэхдээ энэ удаад тодорхой нэг цаг үед амьдарсан учир ажил мэргэжлийн замнал нь сүйрсэн уран бүтээлчийн тухай байх болно.”

Ишигүрогийн бүтээлүүд итгэж боломгүй, нэгдүгээр биеийн хүүрнэгчтэй байдаг гол онцлогтой. Хөвөлзөх ертөнцийн зураач роман магад уран бүтээлийн энэхүү онцлогийнх нь хамгийн дээд оргил биз ээ. Уг роман өнгөндөө гарцаагүй япон хэв маяг, үйл явдалтай авч ХХ зууны англи романд түгээмэл ажиглагддаг далд нууц, харуусал, болгоомж, дүр эсгэлт, гарз хохирол зэрэг сэдвийг хөнджээ. Тиймээс ч Ишигүро үүний дараа англи гэрийн даамлын тухай Өдрөөс үлдсэн зүйл романаа бичсэнд гайхах зүйлгүй буй за.

Эх сурвалж: www.theguardian.com


Sign up for newsletter