News

Соён гэгээрлийн өдрүүд: Хүүхэд нас байдаг гэдэгт итгэдэг үү?

Монсудар хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг Соён гэгээрлийн өдрүүдийн хүрээнд Жангар хүүхдийн номын редакц Америкийн хүүхдийн номын зохиолч, зураач Маурис Сендакын амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх баримтат киног толилууллаа. Киноны дараа Жангар редакцын хамт олон ирсэн үзэгчидтэй санал бодлоо хуваалцаж эцэг эх байх хариуцлага болон хүүхэд насны тухай ярилцсан юм. Ингээд энэхүү кино болон уг арга хэмжээний товчлолыг хүргэж байна.

Хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн тухай баримтат кино


А.Даваасүрэн: Киноны ихэнх хэсэгт хүүхдийн ном, хүүхэд нас, аав ээж байх тухай ярьж байна. Хүүхдийн номын салбарт ажилладаг хүмүүсийн хувьд “Мангасуудын оронд” ном Америкт маргаан,  шүүмжлэл дагуулж эцэг эхчүүд, сэтгэл судлаачдын анхаарлыг татсан нь их зүйл бодогдууллаа. Учир нь тэнд хүмүүс хүүхдийн боловсрол, хүмүүжилд чин сэтгэлээсээ анхаардаг. Гэтэл манайд ийм төрлийн ном гарахад хэн ч чухалчилж ярихгүй. Хүүхдийн ном юм чинь гэсэн утгаар л харж, өөрсдөдөө хамаагүй мэт ханддаг. Энэ мэтээр хүүхэдтэй холбоотой юм бүхнийг үл тоомсорлож, хүүхдийнх гэсэн зааг ялгаатай хандаж байдаг. Тэгсэн атлаа хүүхдийн боловсрол, хүмүүжил их чухал л гээд байна.

Р.Энхбат: “Миний ном асар их асуудал дагуулахыг би мэдэж байсан.” гэж зохиолч хэлж байна. Ямар нэг бүтээл гараад маш их маргаан дагуулж байвал баярламаар. Нийгэм хүлээн авч, хариу үйлдэл үзүүлж байна гэсэн үг. “Хүүхэд нас байдагт би итгэдэггүй” гэсэн үгээрээ Сендак хүүхэд насны зовлонг л хэлэх гэсэн болов уу. Бид бүгд  хүүхэд байж үзсэн. Эргээд бодоход сайнаасаа саар нь их байсан ч байж мэднэ. Та нарын бодоод байдаг тэр хүүхэд нас чинь хүүхэд нас биш гэж энэ хүн хэлээд байгаа юм..

Б.Дэлгэрмаа: “Манай ээж хүүхэдтэй байх ёсгүй байсан юм” гэх мэт зохиолчийн хэлсэн үгс зарим хүнд хатуу сонсогдоно. “Аав, ээж минь амьдралаа ч авч явж чадаагүй” гээд л их шударга ярихын хажуугаар ах, эгч хоёрыгоо амьдралынх нь хамгийн том аз завшаан байсан гэж байна. Сендакийн хувьд түүний ах, эгч нь бүх талаар өөрийг нь ойлгож, дэмждэг, бодлыг нь сонсдог, сонирхол нэг байж л дээ. Үүгээрээ ах, эгч нь түүний өөртөө сонгосон аав, ээж нь болжээ. Ингээд бодохоор хүүхдийг ойлгох, ижил түвшинд харилцаж, санаа бодлыг нь сонсох хүн үнэхээр чухал байдаг.

 Р.Э: “Би хүүхэдгүй байгаадаа баярладаг, надад хүүхэд өсгөх авъяас байхгүй, маш олон хүүхдүүд зовж байна. Яагаад хүүхдээ зовоогоод байгаа юм бэ. Яах гэж төрүүлдэг юм бэ” гэж зохиолч хэлж байна. Бид энэ асуултыг өөрсдөөсөө асуух хэрэгтэй. “Яана аа, хүүхэдтэй болчихжээ, за гаргая даа’’ гэх мэт.

“Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг маш бүтээлч ажил” гэж бас хэллээ. 

Үүнийг ойлгож байгаа учраас л Сендак үнэнээ хэлж байгаа юм. Манай хүүхдийн зохиолчид их л хөөрхөн зүйлс ярьдаг. Сендак бол байж ядан шатаж, амьдралынхаа утга учир болсон зүйлийн их тухай нухацтай ярьж байна. 

Б.Ундрах: Нийтээрээ хүүхдийн асуудлыг нэг их ойшоодоггүй. Би хүүхэдгүй байлаа ч энэ асуудал надад хамаагүй биш. Залуу хүмүүс хэзээ нэгэн цагт бүгд л үр хүүхэдтэй болно шүү дээ. Гэтэл залуучууд хүүхэд нас, хүүхдийн хүмүүжил, хүүхдийн боловсрол өөрсдөд нь огт хамаагүй мэт хандаж байгаад харамсдаг.

Зочин: Кино таалагдлаа. Би “Соён гэгээрлийн өдрүүд”- ийн арга хэмжэээнд алгасахгүй ирж байгаа. Энд логикийн зөрчил гараад байна. “Насанд хүрцгээе” гэж ярьж эхэлсэн ч өнөөдөр “хүүхэд нас гэж байхгүй” гээд яриад эхэллээ. Би хүүхэд нас байхгүй гэдэгтэй би эвлэрч чадахгүй. Хүн бүрд, хүүхэд насанд ч зовлон бий. Хүүхэд насны зовлонг ойлгох хэрэгтэй, хүн болж төрснөөр харилцан адилгүй зовлон туулдаг гэх мэт асуудлыг зөвөөр ойлгуулах нь зүйтэй гэж бодож байна. 

Р.Э: Насанд хүрэхийн тулд хүн хүүхэд насаа бүрэн эдлэх ёстой. Хүүхэд насандаа авах ёстой бүхнээ авч чадаагүй хүүхэд том болоод асар их асуудалтай тулгардаг. Биологийн хувьд насанд хүрсэн ч хүний хэлснээр явдаг, өөрийн бодолгүй, уруу татагдахад амархан хүмүүс зөндөө л бий. Энэ хоёр өөр асуудал мэт боловч хүний тухай яриа юм. Хоёрдугаарт энэрэнгүй байдал, эр зоригийн хүмүүжил, үнэнч шударга зан гэх мэт олон чухал зүйлс том болсон хойно нь бий болдоггүй. Хүүхэд насанд нь л бүрэлдүүлэх ёстой шүү дээ. 

Б.Д: Хүүхэд насаа олигтой эдлээгүй хүмүүс нэг өдөр насанд хүрч амжаагүй байхдаа хүүхэдтэй болдог шүү дээ. Монгол залуусын 85 орчим хувь нь хүүхэдтэй болоод гэрлэлтээ батлуулж, харамсалтай нь ихэнх нь салдаг. “Аяндаа л болдог юм”, “эртхэн хүүхэдтэй болчих” гэх мэт үгс бид үргэлж сонсдог. “Хүүхэд чиний амьдралыг өөрчилнө”, “хурдан хүүхэдтэй бол” гэхээсээ өмнө хүүхэдтэй болоход ямар бэрхшээл тохиолддогийг ярих хүн байгаасай гэж хүсдэг юм.

Хүүхдийн төлөө ажилладаг хүмүүсийн хувьд “хүүхэд хүнстэйгээ ирдэг”, “хүүхэдтэй болоод л насанд хүрдэг”  гэдэгт итгэдэггүй. 

Ямар ч тийм ид шид байдаггүй. Тэгэхээр насанд хүрэх асуудал хүүхэд нас, хүүхэд өсгөх хариуцлага гэх мэт олон зүйлтэй холбогдож байна. 

Зочин: Амьдрал олон өнгөтэй гэдгийг харлаа. Маурис Сендак бага насандаа энэ зовлонг үзээгүй байсан бол энэ ном бүтэхгүй байсан болов уу. Би хоёр хүүхэдтэй, хүүхдүүдээ муу муухай зүйлээс хол байлгахыг хүсдэг. Харж, үзэж сонсож байгаа бүхнийг нь сайхан л байлгахыг хүснэ. Нэг тал руугаа хэт их явах юм бол, үргэлж бал бурмаар тэтгэх юм бол буруу юм байна. Гэхдээ бас шууд л муу муухайг ярих хэцүү байдаг учир номоор дамжуулж ойлгуулмаар зүйл ч байна. 

Р.Э: Бид дандаа л хүүхдээ хайрлаж байна гээд амьдрал гэдэг их сайхан цав цагаан юм гэж ойлгуулдаг шүү дээ. Ингэж явсаар 17, 18 хүрээд их гэнэн, юунд ч хууртахад бэлэн хүмүүс болдог. Буруу замаар ороход их амархан болдог. Багаас нь ойлгуулаагүй атлаа томроод ирэхээр нь “энэ хүүхэд чинь хаашаа янзын хүн болчхоод байна аа”  гээд л “өөрөө мэднэ биз”  гээд зөнгөөр нь хаячихдаг. 

Б.У: Энэ хандлага их ажиглагддаг. Өнгөрсөн зургаан сард манай Өвөл, Хавар гэдэг хайлтын номыг нэг ээж авчихаад буцааж авчирч өгсөн. Тэр ном дээр гудамжинд өлсгөлөн зарлаж суугаа хүмүүсийн зураг байдаг юм. Улаанбаатарын өнгө төрхийг байгаагаар нь харуулсанд дургүйцсэн. Эргэн тойронд байгаа бүхнийг нуухын оронд тайлбарлах хэрэгтэй гэж боддог. Хаацайлж өсгөсний үр дүнд бид үргэлж аав, ээжээсээ зүүгдсээр, амьдралд хөл алдах тохиолдол байдаг

А.Д: Мэдээж амьдралын бодит үнэнийг харуул, хэл ойлгуул гэж байгаа нь бүх муу муухай юмыг шууд харуулаад, үзүүлээд бай гэсэн үг биш шүү дээ. Харин хүүхэд хэдэн насандаа юуны талаар ойлголт, мэдлэгтэй болсон байх хэрэгтэй вэ? Хэдэн насандаа юу, юуг харж мэдэрч, хүлээж авч байдаг вэ гэдгийг нь бид орхигдуулаад байдаг талтай л даа. 

Зочин: Насанд хүрэх гэдгийг 2 янзаар ойлгож байна. Эцэг эхчүүд хүүхэд нь үнэмлэхээ аваад насанд хүрлээ гэж ойлгодог. Гэхдээ хүүхэд дотроо бас насанд хүрэх хэрэгтэй гэдгийг Соён гэгээрлийн өдрүүдээр дамжуулаад ойлгох хэрэгтэй болов уу. Би өрнө, дорно гэсэн ялгаа байдаг гэж боддог. Өрнийн хүмүүс аав, ээжтэйгээ илүү нээлттэй ярилцдаг бол дорнынхон бол төдийлөн яагаад гэж асуудаггүй. Асуусан ч хариулт олж авдаггүй. 

Р.Э: Ямар ч сэдвээр ярилцсан өрнө, дорно гэсэн яриа үүсдэг. Бид яг аль нь вэ гэдэг их маргаантай. Гэхдээ манай “Гэдэс нь өлссөн авгалдай” ном дэлхийн маш олон хэл дээр орчуулагдсан. Япон, солонгосчууд ч бас эдгээр номуудыг хамгийн түрүүнд авч орчуулдаг. Тэнд эрэлт хэрэгцээ байна. Хүргэж байгаа арга зам нь өөр байж болох ч эцэстээ боловсрол өндөр хөгжсөн орнууд хүүхдийнхээ төлөө л байдаг. Ёс суртахууны асуудлыг ойлгуулдаг. 

Зочин: Би хүүхэд нас байдагт итгэдэг. Сендак бол азгүй л дээ. Хүсээгүй хүүхэд байсан. Одоогоос 20,30 жилийн дараа ч юм уу Монголд ийм уран бүтээлч төрж магадгүй. 90 оноос хойш нийгэм асуудалтай байгаа учраас хайр халамжгүй, зовлонтой өсөж буй хүүхдүүд олон бий. Тэрнээс өмнө хүүхэд нас дажгүй, сайхан өнгөрсөн. Дунд сургуулийн хүүхдүүдийг харахад тэд энд яриад байгаа шиг амьдралын хар барааныг мэдэхгүй гэвэл худал. Амьдралын муу, муухайг бүгдийг мэддэг. Тиймээс харин ч хийсвэр, үлгэр домогт итгэж хүүхэд насаа эдлээсэй гэж бодсон. Гэрээс гараад үргэлж л хар бараан зүйл харж байгаа. Номын хэлэлцүүлэг хийх гэхээр үлгэр домогт итгэдэггүй. 

Р.Э: Мэдээж хүүхэд олон зүйл харна. Гэхдээ тэр бүхний учрыг олохгүй байна шүү дээ. Аав ээжээс асуухаар хэлж, ярьдаггүй. Тэртээ, тэргүй эд нараас асуугаад нэмэргүй гэж бодоод өөрийнхөөрөө явна. Тийм учраас л хүүхэд хүмүүжүүлэх гэдэг чинь бүтээлч ажил. Эцэг, эхийн оролцоо маш их байх ёстой. “Хүн биш цэрэг гэдэг” шиг “хүн биш хүүхэд” гэдэг болоод байна уу даа.

Зочин: Хүүхдийг хүмүүжүүлэхээсээ өмнө бид өөрсдөө хүмүүжих хэрэгтэй болж байна даа.  

А.Д: Хүүхэд бүхнийг харж л байдаг. Бүр ойлгож байдаг. Харин бид хүүхэд гэж ялгалгүйгээр ярилцаж, учрыг нь тайлбарлаж өгч байх хэрэгтэй. 5, 6 настай байхад нь үхэл, хагацал гэх мэт нууж хаагаад байдаг сэдвүүдээ аятайхан, зөвөөр ойлгуулах нь л чухал гэх боддог. Үүнийг насны онцлогт нь тааруулна, хүүхдэд ойлгуулна гэдэг чинь л аав ээж байх бүтээлч ажлын нэг юм. 

Зочин: Насанд хүрэх, хүүхэд нас байдаг эсэх тухай ярьж байгаа учраас бид бурханы тухай л ярих хэрэгтэй. Бурханы оролцоо байхгүй бол хүүхдийг хүн болгож чадахгүй. Мөн бид оюун санааны хувьд насанд хүрэх боломжгүй. Хүн эхийнхээ гэдсэнд байхад сүнс нь бий болсон байдаг. Хүүхэд хэлд ороогүй ч бүхнийг мэдэж байдаг. Сүнс, сэтгэлийн хувьд хэн болох, ямар хүн болох нь аль хэдийн тодорхой болсон байдаг юм.

Зочин: Та нар сайхан номууд гаргаад л байна. Гэхдээ хүмүүс ойлгохгүй. Хүмүүст өөрсдийнх нь жинхэнэ “би”- гийн тухай, бурханы тухай ойлголт өгч, соён гэгээрлийн өдрүүдээрээ ярьж байж ийм ном ойлгож эхэлнэ. 

Зочин: Хүний суурь үнэт зүйлс хүүхэд насанд л тогтдог доо. 

Ямар ч бурхан энд яриад хэрэггүй шүү дээ. 

Р.Э: Бид хэд хэдэн удаа хүүхдийн асуудал дээр сэтгэл судлаачид, мэргэжлийн гэх хүмүүсийг урьсан ч энэ талаар ярих хүн байдаггүй. Байдаг бол баярламаар, амьд яриа өрнүүлмээр байна.

Зочин: Өөрсдөөсөө хайх ёстой. Бид ямар уламжлалтай байсан юм бэ, би энэ талаас нь сонирхож сүүлийн үед “Бумбардай” цуврал авч байгаа. Социализмийн үеэс бид гадны нөлөөнд их орсон. Монгол хүний үнэ цэн, үнэт зүйл юу вэ гэдгээ эхлээд мэдэх хэрэгтэй. Уламжлалаасаа ургуулж бодох нь зүйтэй. 

Р.Э: Үүнийг боловсролын бодлогоор төр засгаас тодорхойлох ёстой. Хүмүүс хүүхдээ хүмүүжүүлэхдээ юуг эрхэмлэх , юу нь буруу юу нь зөв болохыг тодорхойлох хэрэгтэй. Даанч үүнийг хийх хүмүүс нь хийхгүй байна. Ямар ч үнэт зүйл байхгүй учир уран зохиолын номоос л ёс суртахууны асуудлыг олж, баримжаа авч ярихаас өөр арга алга. Бас бид уламжлал их ярьдаг. 300 жилийн өмнөх амьдралыг шүтээд байх юм. Уламжлал гэж нэг зүйл яриад л, шүтээд л огт хөгжүүлдэггүй. Үнэндээ уламжлалын талаар бид олон ажил хийсэн ч бас л сонирхдоггүй юм. Бид их олон зүйл хийж үзсэн. Тиймээс зоригтой ярьж чадаж байгаа юм. Хэдэн ном зарах гэж энд суугаагүй юм шүү. 

 Зочин : Сендакын хэлсэн шиг шударга ярилцлаа, баярлалаа. 

Sign up for newsletter