News

Соён гэгээрлийн өдрүүд: Эх хэлний хөгжил

Соён гэгээрлийн өдрүүд: Эх хэлний хөгжил

“Монсудар” хэвлэлийн газраас жил бүр зохион байгуулдаг Соён гэгээрлийн өдрүүдийн хүрээнд “Монгол хэлээрээ бид ойлголцож чадаж байна уу?” сэдвийг хөндөж, эх хэлний хөгжлийн талаарх асуудлаар ярилцлаа. Энэхүү ярилцлагын зочноор МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш Б.Түвшинтөгс уригдан, тус хэвлэлийн  газрын Хэл соёлын редакцын редактор Б.Одончимэг, Ж.Хишигжаргал нар оролцов.

- Боловсролын сайд асан Л.Гантөмөрийн “Монголчууд Нобелийн шагнал хүртэхэд ойрхон байна” гэсэн нийтлэл сонинд гарчээ. Гэтэл хэн, хэзээ, юугаар энэ шагнал авах талаар юу ч өгүүлсэнгүйд гонсойв. Наад захын үзмэрч түүнээс арай дээр таамаг хэлэх байх л даа. Энэ бол хэлсэн үгэндээ хариуцлагатай байх ёстой хүний амнаас гарсан хий хоосон зүйл байв. Энэ мэт юу ч хамаагүй ярих, эх хэлээ бид ямар нэгэн утга учиртай зүйлд зориулах ёстой байтал ийм хандлагатай болжээ. Энэ мэт засгийн газар солигдох бүрийд шинэчлэлийн, шийдлийн гэх мэтчилэн сүүлдээ үнэн худлыг нь ч олж мэдэхийг  хүсмээргүй, юу ч ярьж байсан хамаагүй хэмжээнд бидний харилцааны чухал хэрэгсэл монгол хэл оржээ. Мэргэжлийн хүний хувьд та үүнийг юу гэж үзэж байна вэ?     

Б.Түвшинтөгс: Нийтлэл, ярилцлагын гарчиг агуулга хоёр зохицдоггүй зүйл олонтоо тохиолддог. Мөн сэтгүүлчдийн хариуцлагагүй, олон нийтийг татах гэж яриан дундаас онцын ач холбогдолгүй сүржин нэр сонгон өгсөнтэй холбоотой байдаг. Монголчуудын Нобелийн шагнал авахад ойрхон байна гэдэг нь бэлгэ дэмбэрэлтэй сайхан ч үүнийг яаж хөдөлмөрлөж авах гэсэн энд мэдээж хөндөгдөх ёстой. Гэхдээ иймэрхүү асуудлыг сэтгэл хөдлөлөөр, гэнэн гоомой хандаж хэлж болохгүй зүйл.

Нөгөө талаасаа “Хариуцлага” гэх үгийг өнөөгийн нийгэмд “Үнэхээр хариуцлагагүй үг болгоод хаячихсан”. Үүн дээр хэлний тал гэхээсээ илүү хувь хүнтэй холбоотой. Бид нарын өөрсдийн эх хэлэндээ хандаж байгаа хандлага, сэтгэлгүй байгааг харуулж байгаа хэрэг. Дээр нь үгийг нэг их уран чамин болгох гэсэн оролдлого, аль болох хүний чихийг дэлдийлгэж, анхаарлыг өөртөө татах гэсэн тийм байдал руу орж байна. Сүүлд нь үг ямар ч үнэ цэнгүй болж, хэр баргийн юмыг тоохоо больж, дөжирч байх шиг байна.

Монгол хэлээр илэрхийлэхдээ тэрийгээ харин зүй зохистой, хариуцлагатай л хэрэглэх ёстой.

- Монголчууд буруу ярьж зөв ойлгодог гэж өөрсдийгөө хаацайлдаг. Улс төрчид ч хаа сайгүй худал үнэн нь мэдэгдэхгүй юм ярьдаг. Хариуцлага энээ тэрээ чинь ярьж байгаа хэлнээс л эхлэх учраас энэ талаар ярилцъя гэсэн юм.

Б.Одончимэг: Бид өдөр тутамдаа хэлэх бичих, унших сонсох гэхчилэнгээр хэлийг байнга ашиглаж байгаа. Гэхдээ зөвхөн харилцах төдийхнөөр ашиглаж байна уу? гэж харагддаг. Бидний сайн мэдэх нэг жишээ дурдахад Хилчин хотхон, Саруул хотхон, Нарны хороолол, Буянт-Ухаа хороолол, Содон цогцолбор хороолол гэхчлэн. Үүний “хотхон, хороолол, цогцолбор хороолол”нь яг юугаараа ялгаатай, ямар байдаг вэ гэдгийг төдийлөн сонирхдоггүй. Магадгүй 3 хүнээс асуухад 3 өөр хариулт хэлэх байх.

Мөн шинээр баригдаж байгаа барилгуудыг “tower (тауэр), mall (молл), center (центр)” гээд л нэрлэчихсэн байдаг. Юугаараа ялгаатайг нь тэр бүр мэддэггүй хэрнээ л хэрэглээд байдаг.

Б.Т: Иймэрхүү асуудал хэлний хөгжлийн явцад шийдэгдэнэ. Одоохондоо хороолол хотхон гээд төдийлөн ялгахгүй хэрэглэж байгаа ч аандаа утга нь ялгарна. Яг иймэрхүү зүйлийг “хотхон” гэдэг, иймэрхүү зүйлийг нь “хороолол” гээд хүмүүс ялгаж хэрэглэдэг болно. Ялангуяа 90 оноос улс төр, эдийн засгийн шинэ тогтолцоо руу орсноос хойш мэдэхгүй, ойлгохгүй, урьд нь байгаагүй олон зүйл гарч ирэх болсон. Тэрийгээ дагаад шинэ нэршлүүд хэрэгтэй болж байгаа. Түүн дээр шинэ үг зохиох, хуучин үгийг нь хэрэглэх, эсвэл гадаад үгээр шууд авах гэсэн янз бүрийн аргууд бий. Мэдээж, манай хэл судлаачид энэ тал дээр ажлууд хийж байгаа. Зах зухаас нь танилцуулж байгаа.

Гэтэл энэ чинь шилжилтийн  30 жил гэсэн хугацааг хамарч байгаа учраас тухай бүрд нь шийдээд шийдээд явах боломж ховор байна. Яагаад гэвэл шинжлэх ухаан дотроо хэл шинжлэлийн салбар нь тухайн зүйлийнхаа араас нь нэхэн судалдаг онцлогтой. Тиймээс хэлний судлаачид тухайн зүйл дээр энэ нь хэлний талаасаа буруу юу, зөв үү, ямар зүй тогтол байна гэхчлэнгээр шинжилж судалдаг. Энэ талын судалгаанууд бий.

Нэр томьёог бол цэгцлэх боломжтой. 

Харин хувь хүний үг яриа, нийтийн үг хэллэгийг тэгж ярина, ингэж ярих ёстой гэж чиглүүлэх боломжгүй зүйл. Энэ нь зөвхөн хэлнээс хамаарахгүй.

- Бид хэлэндээ анхаардаггүй биш анхаардаг үе байсан. Социалист нийгмийн үед монгол хэлний талаар яасан ч их зүйл хийгдэж,  ямар мундаг хөгжүүлээ вэ? гэдгийг цаг ирэх тутам мэдрэх боллоо. Цоо шинэ уран зохиолын хэл бий болж, хэлэндээ ч их анхаарч дээ. Зах зээлд орлоо гээд бусад улс оронд эх хэлээ хаячихдаггүй.

Бид нар өнөөдөр тийм байна, ийм байна гэж ярих гээгүй. Тодорхой санал дэвшүүлэх зорилго тавьж байгаа. Хэл хөгжихөд нэн тэргүүнд бүгдээрээ нэг дүрмээр л бичдэг болох явдал юм байна лээ. Ингэж л чадвал бид асар их зүйлийг хийж чадлаа гэсэн үг. Үүнийг дагаад маш их зүйл цэгцэрнэ. Энэ бол тийм хэцүү зүйл биш. Үүнийг төр засаг, мэргэжлийн хүмүүс хийхэд болохгүй юм баймааргүй юм. Ямар нэг ажлыг хийхэд маргаан гардаг. Тэгэхдээ шийдэл гаргаад тодорхой хугацаанд мөрдөнө гэдгээ тохироод, тодорхой хугацаа хүртлээ яваад өнгөрсний дараа нь тэрийгээ өөрчлөх ёстой гэсэн арга замаар явдаг. Гэтэл манайх нэг жил ингэж бичнэ гэчхээд, 2 жилийн дараа дахиад өөрчилдөг.

Сая Ерөнхийлөгчийн дэргэдэх ХБҮЗ-өөс шинэ толь гаргасан энэ нь маш цөөхөн үгийг багтаасан, цөөхөн үгийг журамласан. Манай хэвлэлийн газар өч төчнөөн үгсийг яах вэ? гэдэг асуудалтай тулгардаг. Үүнийг цааш хөгжүүлээд явмаар байдаг. Гэтэл нэг толь хийчхээд санаа нь амарчихдаг.  Үүн дээр одоо яах ёстой вэ? Хэвлэлийн газар, хэвлэл мэдээллийн байгууллага өдөр болгон тексттэй зууралддаг учир нэр томьёо, үг хэллэгийг журамлах хэрэгцээ асар их гардаг. 

Б.Т: Үүн дээр 90 оноос зөв бичих дүрэмгүй болчихсон юм шиг ойлгогддог. Дүрэм бол өөрчлөгдөөгүй. Гэхдээ одоо хүн бүхэн өөрийн гэсэн үзэл бодолтой, орон зайтай байна гээд үүнийгээ бүх зүйл дээр хэрэгжүүлж байна. Улс төрийн үзэл бодол, өөрийн сонголт дээр ч тэр. Зөв бичих зүй дээр ч тэр. Гэтэл бусад төлөвшсөн улс оронд хууль дүрэм, журмынхаа дагуу явдаг. Энэ эргээд хариуцлагагүй байдал руу оруулж байна. Шийдэж чадахгүй байж шийдэх гээд явдаг. Эсвэл буруу шийдвэр гаргадаг. Эсвэл гаргасан шийдвэрээ дараагийн хүн, эсвэл өөр хүн ирээд үгүйсгэдэг, тэгээд өөрчилдөг. Яг л ийм зарчмаар бүх зүйл явж байна. Ийм зүйл хэл шинжлэл дээр ч байна.

Төрийн хэлний зөвлөл гэж байсан. Тухайн үедээ хэлний судлаачдыг цуглуулаад санал авах байдлаар шийдсэн. Ингээд буруу гаргасан шийдвэрийг олон нийт, эцэг эхчүүд, үр хүүхдүүд нь хэрэглээд явж байтал дараагийнх нь ирээд наадах чинь буруу гээд дахиад өөрчилж байгаа юм. Тухайлбал, “чээж”-ийг “цээж” гэж журамлаж байгаа нь тэнд байсан хоёр хүний л хариуцлагагүй ажил л байна лээ. Судлаачдын саналыг авахгүй өөрсдийн үзэл дээр тулгуурлаж муйхарласан зүйл. Энэ мэт зүйл хэлний судлаачдыг нь юмаа хийж чадахгүй байгаа юм шиг харагдуулдаг.

Нөгөө талаас нийгэмд хэн буруу бичээд байна гэхээр 90 онд боловсролын гажуудал буюу тогтолцооны алдаанд өртсөн хүмүүс алдаатай бичиж байгаа. Тэр үед сургуульд анх ороход нь монгол бичиг зааж байсантай холбоотой. Тэр үеийн хүмүүсийг сургалтад хамруулаагүй, бараг бие дааж сурцгаасан байдаг. Ийм хүмүүс нийгэмд гараад ирэхээр нийтээрээ алдаатай бичээд байгаа юм шиг харагддаг.

Мөн сургалттай холбоотой. Өмнө нь хүүхэд болгоноор нэн тэргүүнд зөв бичиж сургадаг байсан.

Одоо шинээр баталсан зөв бичих зүйн толийг мөрдөөд, толио ч сайжруулаад л явах хэрэгтэй.

Ж.Хишигжаргал: 2012 онд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байсан “Монгол хэлний кирилл бичгийн толь”-ийг энд онд шинэчлэн гаргах гэж байгаа.

Журамласан толь гээд нэгэнт л гаргаж байгаа юм чинь маш хариуцлагатай хандах ёстой. Гэтэл толгой үг дээрээ өөрөөр бичсэн хэр нь ээ жишээ болон тайлбар дээрээ өөрөөр бичсэн, хувилал дээрээ ч алдаатай бичсэн зүйл мэр сэр байна. Мөн “Болор толь”-ийг албан хэрэгцээнд хэрэглэж байгаа, “Болор толь” ч мөн журамласан тольд нийцүүлээд шинэ хувилбарыг гаргасан. Ингэхдээ “Журамласан толь”-д гарсан санамсаргүй болон техникийн алдаануудыг хүлээн авах боломжгүй учир оруулсангүй” гэж үзсэн байсан.

Энэхүү толио харьцуулаад хийх гэхээр журамласан толь дээр өөрөөр, “Болор толь” дээр өөрөөр бичсэн байгаа нь болор толио барих уу, журамласан толио барих уу гэсэн эргэлзээг үүсгэж байна. 

Нэгэнт төрийн албан хаагчид, багш нар бүгд энэхүү толиудыг хэрэгцээндээ ашиглаж байгаа тул энэ 2 толио нийцүүлэх хэрэгтэй. Хэн ч гэсэн алдаа гаргаж болох учраас үүнийгээ хойноос нь даруй залруулга хийх хэрэгтэй байна л даа.

Гадаад үгийг аль болох хэрэглэхгүй, орчуулан монгол үгээр оноон хэрэглэх зэргээр хичээж байгаа ч зарим хэрэглээнд байгаа гадаад үгээрээ тогтчихсон үгсийг яалт ч үгүй  бичих болдог. Гэтэл зөв бичих зүйн тольд ороогүй байдаг. Тэгэхээр хүмүүс өдөр тутмын хэрэглээнд тохиолдож байгаа энэхүү гадаад үгсийг мөн л дураараа бичих үндсийг тавьж байна.

Тиймээс эдгээр үг одоохондоо орчуулагдахгүй байгаа учраас энэ бичлэгээр нь явж байх нь зүйтэй гэсэн байдлаар журамлах нь зүйтэй юм болов уу.

Б.О: Нийтээрээ зөв бичих тухайд “хэчнээн сайн хуульч, эдийн засагч байлаа гээд эх хэлээрээ алдаагүй зөв бичиж чадахгүй бол тухайн хүнийг бага сургуулийн боловсролгүй гэж үзэн, үнэлэмжийг бууруулдаг байх” гэсэн ойлголттой болох хэрэгтэй байх.

- Зөв бичих үгсийг шинэчлэн журамлах асуудалд хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэлийн газрууд гэхчлэн хэлний нарийн ширийнтэй өдөр тутам харьцдаг байгууллагуудын төлөөллийг оролцуулж тэднээс санал авч байх хэрэгтэй. Зөвхөн тухайн хүрээний хэсэг хүмүүс, төслийн хүрээнд өрөөсгөл оролцоогоор хийчихдэг. Нэгэнт ингээд гаргасан толийн хойноос янз бүрийн юм яриад нэмэр болохгүй. Одоо хойноос нь засаж сайжруулах тал дээр л анхаармаар байна.

Б.Т: Нэг бичгээс нөгөө бичигт шилжсэнтэй холбоотойгоор судлаачдын хооронд ч маргаан байгаа. Тэдгээрийг ч мөн журамласан. Одоо нэгдмэл байдалд хүрэхийн тулд тухайн толиос алдаа олсон байвал иргэнийхээ үүргийн үүднээс тухайн гаргасан газарт хандаж хэлэх ёстой. Тухайн хариуцсан байгууллагатай энэ талаар маш тодорхой ярих хэрэгтэй.

- Арваад жилийн өмнө Төрийн хэлний зөвлөлд тодорхой тооны гадаад үгсийг яаж бичихийг албан бичгээр явуулаад хариу аваагүй. Харилцаа үүсдэггүй, ийм үед яах ёстой вэ?

Б.О: Манай хэвлэлийн газар Оксфорд, Дүдэн, Понс гээд хэд хэдэн газартай хамтарч ажилладаг тэдний зүгээс ерөнхийдөө хэрэглээ рүү чиглэсэн байх буюу “амьд” байх гэсэн шаардлагыг тавьдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр тольд байгаа үгс, түүний тайлбар, жишээ өгүүлбэр зэрэг нь хэлний бодит байдалтай бүрэн нийцэж байгаа юу? гэсэн шаардлага юм. Нэг үгээр жишээлэхэд “Нэгж” гэх үг нь аливаа зүйлийн хэмжээг баримжаалах зүйл байсан бол өдгөө энэ нь “нэгж” гэх үгийг аливаа зүйлийн хэмжих баримжаа гэдэг утга үнэхээр илүү хэрэглээтэй байна уу, эсвэл.... Гэтэл манайд утасны нэгж, утсаа нэгжээр цэнэглэх гэх утга нь төдийлөн өдөр тутамдаа хэрэглэж байгаа тэр үг гэхэд монгол хэлний тольд орсон эсэх нь эргэлзээтэй.

Оксфорд толь бичиг шинэчлэл хийхдээ манай хэвлэлийн газар луу тодорхой хугацаанд шинэчил гээд толгой үг явуулдаг. Гэтэл үүнийг бидэнд дүйцүүлэх монгол үг байхгүйн улмаас эсвэл шинэ үг зохиох, шинэ нэр томьёо оноох зохицуулалт, журам, зарчим байхгүйн улмаас бид тайлбарлах төдийхнөөр орчуулга хийдэг. Жишээ нь: “greenwash” - байгаль орчинд хариуцлагатай ханддаг дүр үзүүлсэн/эсгэсэн хуурамч мэдээлэл, “e-paper” - принтерийн хороор бичсэн юм шиг харагдуулдаг цахим технологи гэх мэт.

- Бие засах газар, ариун цэврийн өрөө, нойл гэх зэргээр тойлет гэдэг үгийг янз бүрээр л нэрлээд байгаа. Алийг нь толинд оруулах вэ? Үнэртэй ус гэж байсныг “сүрчиг” гээд нэг үгээр маш сайхан шинэ үг зохиож чадсанчлан ийм олон үгийг шинээр зохиох эрэлт хэрэгцээ их байна. Үүнийг ер нь хэн хийх ёстой юм бэ?

Б.Т: Үүнийг бид нар хийх ёстой. Монгол хэлээр харилцаж байгаа, бичиж байгаа хүн бүрийн үүрэг. Жорлон гээд үг байхад тэрийг яагаад хэрэглэж болохгүй байгаа юм. Үг үнэртэхгүй шүү дээ. Ингэж л ярьж хэвших хэрэгтэй. Бид жорлон барьчхаад дээр нь “City toilet” гэж бичиж байгаа бидний өөрсдийнх нь буруу. Нөгөө талаараа Улаанбаатарыг зөвхөн Монгол улсын нийслэл биш, Төв Азийн аялал жуулчлалын төв болдог учраас, тэндээс тавьдаг шаардлага нь англиар бичих ёстой гэдэг юм байна лээ. Гэхдээ хажууд зайлшгүй монголоор бичих л хэрэгтэй. Бид нар өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Бид монгол хэлэндээ тоомжиргүй ханддагийн гай тэр. Компанидаа монгол нэр яагаад өгч болохгүй гэж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний газрууддаа монгол нэр өгч болохгүй гэж эндээс л эхэлнэ. Улсын бүртгэл дээрээ хяналт тавих хэрэгтэй байх. Дэлгүүр нээчхээд “минимаркет, супермаркет” гээд л янз бүрээр нэрлээд байна шүү дээ. Ер нь монголоор л нэрлэх хэрэгтэй.

Үүн дээр улсын бүртгэлийн газар, мэргэжлийн хяналтын газар энэ шаардлагаа ч тавих хэрэгтэй. Нэг хэсэгтээ монгол нэр н ь сонин санагдах л гэхдээ хэвшинэ, цаашдаа болно.

- Үе үе мэргэжлийн хяналтаас хяналт тавьж, хаяг энэ тэр хуулах, торгууль тавих зэргээр далайлгаж шийдэх гэдэг. Өөрөөр хэлбэл хувь хүмүүс, хувийн хэвшлийнхний хариуцлагагүй байдал гэж үзэх нь буруу. Үүнийг 5, 10 жилийн тасралтгүй бодлогоор шийдвэрлэж зохицуулах ёстой. Үүнийг харин хэлний бодлого барьдаг хүмүүс хийх ёстой. Тэд үүнээс өөр юу хийдэг юм бэ?

Б.Т: Энэ бол үнэн. Би төр засгийн хүн биш болохоор тодорхой шийдэл хэлж чадахгүй. Энэ тал дээр Хэлний зөвлөл ажлаа хийхгүй байгаа нь харагдаж байна л даа. Тэгэхдээ би байгууллагын төлөөлөл биш учраас тодорхой мэдэхгүй байна. Хоёрдугаарт нэг хэсэг хүүхдэдээ гадаад нэр өгдөг байлаа, гэтэл үндэсний ухамсар өөрөө сэргээд энэ асуудал одоо өөр болсон. Үүнтэй адил монгол гэдэг бүх юмаа эрхэмлээд ирэхээр компанийн захирлууд, үйл ажиллагаа явуулж байгаа газрууд ч хэсэг хугацааны дараа монгол нэр өгдөг болох байх.

   Хувь хүний хувьд монгол хэл хөгжиж шинжлэх ухааны хэл болон төлөвшөөсэй хүсдэг.

Харь хэлнээс үг орж ирэх хоёр, гурван арга зам байгаа. Нэгд, бичгийн хэлээр орж ирэх, ярианы хэлээр орж ирэх. Бичгийн хэлээр орж ирвэл ингэж авна, ярианы хэлээр орж ирвэл ингэж авна гэсэн арга бий. Мэдээж ойлголт нь байхгүй бол үүнийгээ тайлбарлах хэрэгтэй. Цаашлаад орчуулах хэрэгтэй. Үгийн сангийн аль ч ном дээр харь үгийг яаж авах тодорхой байгаа.

Энэхүү ярилцлагаас гарсан санал:

Бид монгол хэлээ хамгаалъя, хадгалж үлдэе, дархалъя, аваръя, хайрлая, дээдэлье, эрхэмлэе гэж улиглан ярих бус нэн тэргүүнд “хөгжүүлье, сайжруулъя, арчилъя, тордоё” гэсэн ойлголттой болох ёстой. Техник технологи, шинжлэх ухааны хөгжилтэй зэрэгцэн монгол хэлэнд шинээр хэрэглээнд орж ирж байгаа гадаад үг хэллэгийг өөриймшүүлэн хэрэглэх талаар нэгдсэн журам байхгүйгээс дур дураараа нэрлэсээр л...  Тиймээс энэ цаг үед гаднын хэлээс бараа бүтээгдэхүүнтэй адил импортлогдон орж ирж байгаа үгсийг хэл аандаа хөгждөгөө гээд хараад суух бус хэл шинжлэлийн судалгаанд тулгуурлан орчуулах, шинэ үг зохиох тогтолцоо, түүнд зориулсан зохион байгуулалт шаардлагатай байна.   

Монгол хэлэнд анхнаасаа байгаагүй шинэ ойлголтыг яаж орчуулах вэ? гэдэг дээр олон бэрхшээл гардаг. Ихэнхдээ л тухайн үгийнхээ нарийн утгыг зөв гаргаж чадахгүйгээс хоёр гурван үг, цаашлаад бүтэн өгүүлбэрээр тайлбарладаг. Үүний оронд оновчтой нэгээс хоёр үгээр өөриймшүүлэн буулгаж, түүнийгээ хэрэглэж хэвшвэл хэлээ баяжуулахын зэрэгцээ хөгжүүлж байна гэсэн үг.

Тухайлбал, “flash mob”олон нийтийн газар хүсэл зорилгоороо нэгдсэн хүмүүс цугларан богино хугацааны урлагийн үзүүлбэр үзүүлээд тарах үйл ажиллагаа” гэж тайлбарласан байх юм. Энэ мэт жишээ маш олон бий.

Мэдээж хэл амьд организм учраас үүнийг тодорхой цаг хугацаанд (багадаа л 5-10 жил) нь журамлаад, дараагаар нь толь бичигтээ өөрчлөлтийг тусгаад, түүнийгээ нийтэд хэвшүүлээд явах нь зүйтэй. Эх хэлээ маш сайн хөгжүүлж, тухайн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг улс орны туршлагууд ч ийм байдаг. 

Шинээр зохиосон, тухайн үгэнд шинэ утга нэмсэн хийгээд бичлэгийг нь журамлан баталсан үг бүрээ тухай бүрд нь толь бичигт оруулж, нийтэд хэвшүүлэх, түгээх тал дээр олон ажил хийх хэрэгтэй. 

Мөн монгол хэлээр хэлэлцэж буй хэн бүхэн толь бичгийг ширээнийхээ ном болгож, нийтээрээ нэг бичдэг, тухайн зүйлийн талаар нэг ойлголттой болохыг чухлыг ч ухамсарлах нь зүйтэй.

Толь бичгийг хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг хангахуйгаар маш сайн шинэчилж хийж байвал хэнд ч хэлний асуудал гарсан толь бичиг рүүгээ хандаад өөрсдийн асуудлаа шийдэж чадна. Толь бичгээрээ хэлээ хөгжүүлж, толь бичгээрээ зөв хэрэглээ рүү чиглүүлж залж байдаг. Тиймээс ч толь бичиг хэрэглэгчдэд хэдий л хэмжээний хэрэгтэй мэдээлэл, хэрэглээнийх нь жишээ зааврыг өгсөн байх тусмаа л тэр толь бичиг сайн гэж үнэлэгддэг аж. Гэтэл манайхан төсөл хөтөлбөрөөр нэг зүйл хийчхээд цааш үргэлжлүүлэхгүй зогсонги байдалд оруулаад хаяад байдаг. Тиймээс толь бичгийн төслүүдэд энэхүү толийг цаашид хэрхэн үргэлжлүүлж, сайжруулах вэ? гэдэг шаардлагыг тавьж баймаар. Олон нийт ч аль эрт гарсан толь бичгийг эрж сурах бус өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн, хамгийн сүүлд шинэчлэгдсэн хувилбар нь илүү үнэ цэнтэй гэдгийг ойлгон, түүнийг хэрэглэхийг зорьдог болох цаг аль хэдий нь болжээ.

Соён гэгээрлийн өдрүүдийн хүрээнд бэлтгэн хүргэсэн Эх хэлний тухай видео:


Sign up for newsletter