News

Тэрслүү чанар гэж юу вэ?

Соён гэгээрлийн өдрүүд: Насанд хүрэх

Анх тэрслүү гэх энэ үгийг сонсоод танд юу бодогдов? Магадгүй эсэргүү, дайсны цэрэг, өрөмний өт гэх мэт үгс амнаас тань хөвөрч мэдэх юм. Монголчууд бидний хувьд “Сайн хүүхэд”, “Тэрслүү хүүхэд” гэж хэнийг хэлдэг билээ. Бүгдээрээ хамтдаа тодорхойлъё.  

Сайн хүүхэд 

Тэрслүү хүүхэд

Томоотой

Сахилгагүй, дүрсгүй 

Даруухан 

Зөрүүд 

Дуулгавартай 

Асуудал таригч

Бусадтай эвтэй 

Бүтэшгүй этгээд 

Томчуудын өөдөөс үг хэлдэггүй

 Бусдын үгийг авдаггүй 

Нүүдлийн амьдралтай, байгаль, мал ахуйгаа даган амьдардаг монголчууд бид ийм л хүүхдийг сайн хүүхэд гэдэг. Харин тэрслүү хүн гэдэг бол шоовдорлогдсон, зөрүүд нэгэн бөгөөд асуудал тарьдаг, дүрэм журмыг зүгээр л зөрчихийг хүссэндээ л зөрчдөг нэгэн гэж бид ойлгодог. Энэ бол бидний тархинд урт удаан хугацааны туршид суурьшсан зүйл. Гэвч асар хурдацтайгаар өөрчлөгдөн шинэчлэгдэж буй одоогийн нийгэмд энэхүү хэвшмэл ойлголтоо өөрчлөх, өөрөөр харах, засаж залруулах цаг нэгэнт иржээ. Тиймдээ ч бидний өдийг хүртэл баримталсаар ирсэн хүмүүжлийн зарчим үеэ илээжээ гэдэгтэй санал нэгдэхээс өөр аргагүй болоод байна.

Юуны өмнө тэрслүү чанар гэж юу болохыг тодотгох нь зүйтэй болов уу. 

Оксфорд, Кэмбрижийн толь бичигт:

1. Оршин байгаа улс орныхоо улс төрийн тогтолцооны эсрэг босож, хүч хэрэглэн өөрчлөхийг эрмэлзэгч.

2. Тогтсон дүрэм журам, ноёрхлыг таашаадаггүй ба түүнийгээ нийгмийн нийтлэгээс өөрөөр илэрхийлдэг нэгэн гэжээ. Харин “Монгол хэлний тайлбар толь”-д: 

а. Хэдэр, ярдаг зан; б. Урван тэрслэх зан хэмээсэн байдаг. 

Эндээс бидний ойлголтын зөрүү тодорхой харагдаж байгаа биз ээ. Мөн Харвардын их сургуулийн профессор, бихевиоризм судлаач Франческа Гино тэрслүү чанарын талаар дагнан судалдаг нэгэн билээ. Тэрээр “Тэрслүү чанар гэдэг учиргүй зөрүүдэлж, эсэргүүцэхийн нэр биш. Аливааг шууд хүлээн зөвшөөрөлгүйгээр учир шалтгааныг нь олохыг эрмэлзэж, эргэлзээг төрүүлж, улмаар өөрчлөлт шинэчлэлийг авчрахын төлөө тууштай тэмцэх явдал юм” гэжээ. Тэрээр хүүхдүүдийг тэрслүү чанартай болгож өсгөх нь дүрэм журам болон бусдыг сохроор дагалгүйгээр, ухамсартайгаар хандаж бие даасан, бүтээлч хүн болдог гэдэгтэй санал нэгдсэн аж. 

Иймд энд нэг зүйлийг тодотгоход, тэрслүү гэдгийг сөр, бос, тэмц гэсэн шууд утгаар нь хүлээн авч туйлшрах хэрэггүй гэдгийг санаарай. Өөрөөр хэлбэл, энэ нь өөрийн гэсэн үзэл бодол, байр суурьтай, бие даасан ертөнц гэсэн үг байх нь. Бодоод байх нь ээ нийгмийн амьдралд 100% томоотой, дуулгавартай, бусдыг дагалдагч хүнээс шинэлэг, бүтээлч зүйл хэзээ ч гарахгүй шүү дээ. Жишээлбэл,

Хэрвээ Жейн Остин бусдын жишгийг дагасан бол хэзээ ч алдартай зохиолч болохгүй байсан. 

Хэрвээ Эминем өөрийнхөө хүсэл мөрөөдөлд тууштай байж чадалгүй бусдын гадуурхал, дарамтад сөхөрсөн бол алдартай реппэр болж чадахгүй байсан. 

Хэрвээ Мишель Обама бусдын үгэнд орсон бол хэзээ ч хүчирхэг тэргүүн хатагтай байж чадахгүй байсан. 

Хэрвээ Махатма Ганди эх орноо гэсэн чин сэтгэлийнхээ дуудлагаар тууштай тэмцээгүй бол Энэтхэгийн хувь заяа хэцүүдэх байсан. 

Хэрвээ Малала зоригтойгоор сөрөн зогсоогүй бол бүх нийтээрээ адил тэгш боловсрол эзэмших асуудал орхигдох байсан. 

Эцэст нь бид тэрслүү байхын төлөө бус тэрслүү чанартаа хөтлөгдөж амьдрах нь л чухал санагдана. 

Иймд хүүхэд тань: 

  • Дотоод дуу хоолойгоо сонсдог 
  • Нийтийн жишгийг дагахаасаа өмнө эргэлзэж, учир зүйг нь олохыг хичээдэг 
  • Өөрчлөлт, шинэчлэлийг хэн нэгнээс хүлээдэггүй 
  • Алдаж, унахаас эмээдэггүй 
  • Алс, хэтийн зорилгодоо төвлөрдөг 
  • Хэн нэгнээс хамааралгүйгээр шийдвэр гаргаж чаддаг 
  • Ямагт шинийг санаачилж, бусдыгаа уриалдаг бол жинхэнэ тэрслүү чанар нь гэрэлтсэн иргэн болж буй хэрэг байх нь ээ. 

Харин үгүй бол, тогтоол ус өмхийрдөг, хэрэглээгүй авьяас зэвэрдэг гэдгийг санан тэрслүү чанарыг нь сэрээж, бүтээлч, шинийг санаачлагч, байлдан дагуулагч болгон төлөвшүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч буйг ухаараасай гэж хүсье. 

Тэрслүү чанар гэж юу вэ?

Sign up for newsletter