News

Ямар нэг дүрэм журам, физикийн хууль хүүхдэд чухал биш

Шведийн зохиолч Астрид Линдгрен


Энэхүү бичвэрт “Урт оймст Пиппи” зохиол хэрхэн амжилтад хүрч, улбар үст бяцхан охин хүүхдүүдэд юу ойлгуулсан тухай өгүүлнэ.

“Чи намайг хэн болохыг мэдмээр байна уу, би бол Пиппи, урт оймст Пиппилотта байна.” хэмээн далайн дээрэмчдийн цайны газрын ширээн дээр ташаагаа тулж зогсоод инээд алдан чангаар ярих есөн настай, улбар үст өөртөө итгэлтэй, хийж буй зүйлдээ эргэлздэггүй, хөөр баяраар дүүрэн эцэг эхгүй ч морь, сармагчинтайгаа хамт өөрийн байшиндаа амьдрах охин. Тэр сургуульд явдаггүй, орон дээрээ буруу харж унтана, жигнэмэг хийх гурилаа шалан дээрээ зуурна, арагшаа ухарч явна, хэдэн цагт унтахаа өөрөө л шийднэ. Өглөө сэрээрэй гэж хэн ч дуудахгүй. Шведийн зохиолч Астрид Линдгрений “Урт оймст Пиппи” зохиолын гол дүр болох энэ охин нэр алдартай болж, хүүхдийн уран зохиолд шинэчлэл авчирчээ.

“Урт оймст Пиппи” төрсөн түүх

1940 оны эхээр Линдгренд энэхүү зохиолоо бичих санаа төржээ. Зохиолчийн долоон  настай охин Карин өвдөж ээжээсээ “Урт оймст Пиппи” охины тухай түүх яриад өгөөч хэмээн гуйснаар  энэхүү номыг бичих эхлэл тавигдаж, ээж охин хоёрын сонирхолтой харилцан яриа охины өвчнийг эдгээгээд зогсохгүй,  хүүхдийн уран зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Ийм ер бусын нэртэй охины түүх ер бусын гайхамшигтай л байх ёстой гэж Линдгрен бодож бичсэн тухайгаа хожим өгүүлсэн байдаг. Астрид залуудаа орон нутгийн сонинд нийтлэл бичдэг байсан ч “Урт оймст Пиппи”-гээ хэвлүүлье гэсэн бодолгүй байж. Гэхдээ аз болж түүний зохиол 1945 онд анх Шведэд хэвлэгдэн гарч, номоо дагаад жүжиг, кино гэх мэт олон бүтээл төрлөө. Өнөөдөр энэ зохиол дэлхий дахинд уншигдаж 70 гаруй орны хэлээр орчуулагдаж 60 сая гаруй хувь борлогджээ. 2002 онд түүний зохиол дэлхийн утга зохиолын 100 шилдэг бүтээлийн тоонд багтсан.

Гэсэн хэдий ч энэ зоримог охины дүр, зан чанар ямагт хүмүүсийн талархлыг хүлээж байсангүй. Линдргений гайхалтай төсөөлөл тухайн цаг үеийн нийгмийн хэм хэмжээ, ёс зүйд нийцээгүй юм. Ганцаараа амьдардаг, дүрэм журмыг үргэлж зөрчдөг,  хүссэнээ хийж,  цагдаа нарыг ч загнадаг охин. Линдгрен "Хүүхдийг эрх чөлөөтэй өсгөх" гэсэн санааг хүмүүст ойлгуулахыг хичээсэн боловч 1945 онд хэвлэгдэн гарсан даруйд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, хүмүүс хүүхдүүдэд нь Пиппигийн эрх дураараа зан, дэггүй байдал тэр чигтээ  нөлөөлж магадгүй хэмээн айж байлаа. Зохиолч маань хүүхдийг эрх чөлөөтэй өсгөн хүмүүжүүлэх хэрэгтэй гэсэн санааг нийгэмд хэлэхийг хүссэн.

Энэ бүх эсэргүүцэл дургүйцлийн хариуд Линдгрен хүүхдийн эрхийн талаар онцгойлон ярьж ''Хүүхдийг хайрлаад л бай, хайрлаад л бай, тэгвэл аяндаа л сайн сайхан хүн болно шүү дээ.'' хэмээж байв.

Германд 8-11 насны 429 хүүхдийн дунд хийсэн судалгаагаар Пиппи тэдний хувьд хамгийн хайртай дүр нь бөгөөд гурван хүүхэд тутмын нэг нь хүүхдэд зориулсан хэд хэдэн шилдэг телевизийн бүтээл дундаас Пиппиг л онцолжээ. Тэд өөрсдийн зурсан зургаар Пиппид яагаад хайртай, түүний юунд нь дуртай гэдгээ харуулж байв. Уг судалгаанаас харахад хүүхдүүд түүний ер бусын зан чанар болоод сэтгэл татам түүхүүдэд хамгийн дуртай гэнэ.

Пиппи охины гайхалтай зан чанар ба хүүхдүүдийн онцолсон эшлэлүүд

Хүүхдүүдийн хариултаас харахад энэ зохиолыг онцгой болгож буй дөрвөн чухал зүйл байна.

1. Нэн түрүүнд  Пиппи охины гадна төрх  -  Хүүхдүүд түүний лууван шиг өнгөтэй үс, сэвхтэй нүүр, урт оймс, том шаахай гээд этгээд бүхэнд нь дуртай.

  • “Хөгжилтэй хувцаслалт” /Хачи 10 настай/
  • “ Пиппи маш гоё өнгөлөг урт оймс өмсдөг.” /Гордон 9 настай/
  • “Тэр хоёр өөр өнгийн оймстой нь их сонин.”  /Лара 10 настай/ За тэгээд мэдээж
  • “Годойтол хоёр боосон үс”  /Флориан 9 нас/
  • “Пиппи ганцаараа амьдардаг, аав нь далайн дээрэмчин шүү дээ. ” /Самуэл 10 нас/
  • “Пиппи хүссэн бүхнээ л хийдэг, маш эрх чөлөөтэй. ”/Mаттис 10 нас /
  • “Тэр бүх асуудлаа хэний ч тусламжгүй өөрөө л шийддэг.” /Самира 9 нас/
  • Түүнлэн Пиппи охин маань сармагчин Нилсон,  бас морьтойгоо хамт амьдардаг нь гоё шүү. /Фахим 10 нас/
  • Тэжээмэл амьтантай байх нь хүүхдэд хариуцлагыг их сайн ойлгуулж, ухаан суулгадаг.

2. Хүүхдүүдийн хамгийн ихээр онцолж дурддаг зүйл бол сүлжсэн улбар үс мөн түүний бие даасан байдал. Мөн Пиппигийн маш хүчирхэг байдал 

9 настай Свен хэлэхдээ “Тэр маш хүчирхэг ” гэсэн бол бусад олон хүүхдүүд ч ингэж хариулсны нотолгоо нь тэдний зурсан Пиппи морь өргөж байгаа зургаас харагдана.

''Пиппи үнэхээр хүчирхэг, бүхнийг хийж чаддаг''


“Эдгээр олон уран төсөөллийн цаана олон утга санаа байгаа, надад хамгийн их таалагддаг зүйл нь бидний хийж чадахгүйг хийдэг, цонхоор үсрээд л гарчихна гээч.”

Пиппигийн хийж байгаа үйлдлүүдийг хүүхдүүд шуудхан дуурайгаад хийж чадахгүй ч тэдгээр нь хожмын амьдралд нь маш хэрэгтэй,  өөрөө жигнэмэг хийх, гэрээ цэвэрлэх, аялалд гарах гэх мэт. Хүүхдүүд түүний гайхалтай чадваруудыг тоочин ярихдаа Пиппиг тоо тоолж, нэмж, хасаж чаддаггүй гэдгийг огт хайхардаггүй. Томчуудад аюултай санагдах олон зүйлс хүүхдийн нүдээр бол унших тоо бодохоос ч хавьгүй сонирхол татам байдаг аж.

3. Пиппи бол хүчтэй, ухаантай,  хөгжилтэй хүүхдүүдийн мөрөөдлийн амьдралаар амьдардаг охин. Ихэнх нь түүнийг хөгжилтэй, бас ухаалаг гэдэг.

Тэр үргэлж итгэхийн аргагүй зүйл сэддэг ч дандаа л сайхан санаа байдаг. /Иллиана 9 нас/


Хүүхдүүд үргэлж л наснаасаа түрүүлж, бие дааж, том хүн болохыг хүсдэг. Тэд энэ номын гол дүр нь өөрөө болчихсоноор төсөөлнө, хүүхдүүдийн хувьд Пиппи бол зүгээр л нэг уран төсөөлөл биш, том болоод ямар хүн болох мөрөөдөл нь билээ.

Гайхалтай нь хүүхдүүд Пиппигийн амьдралаас өөрийнхөө амьдралыг тун сайн ялгаж салгаж ойлгодог гэдгийг судалгаа харуулдаг.

Пиппид тохиолддог зарим зүйлс өөрт нь тохиолддог уу гэсэн асуултад 8,9 хувь нь л тийм гэжээ. Харин 76,1 хувь нь тэд Пиппитэй адилгүй зарим зүйлээрээ л төстэй гэсэн. 11,4 хувь нь Пиппиг дуураймаар санагддаг гэжээ. Түүний найз Анника болон Томмид ч хүүхдүүд дуртай.

4. Хүүхдүүд энэ зохиолоос өөрт таалагдаагүй жишээгээ ч хэлсэн. 

Хэд хэдэн зүйл байдаг аж. “Тэр аав ээжгүй ганцаараа амьдардаг, зул сарын баяраар ганцаараа байдаг нь маш гунигтай.”

Хүүхдүүдийн хариулт, хандлагуудаас харахад тэд хамгийн жижиг зүйлсийг ч марталгүй санаж явдаг аж.

“Өөр хаанаас ч олж уншихгүй гайхамшигт адал явдалд Пиппи л чамайг хөтөлнө.” /Гиада 10 нас/
“Миний бодлоор Пиппи дээрэлхүүлсэн хүүг хамгаалдаг хэсэг хамгийн гоё.” /Мира 10 нас/

Эцэст нь

Хүүхдүүдийн нүдээр Пиппи бол боломжгүй бүхнийг боломжтой болгосон гайхалтай зохиол. Ямар нэг дүрэм журам, физикийн хууль хүүхдэд чухал биш, тэд Пиппитэй хамт чөлөөтэй, бүтээлчээр сэтгэж чаддаг.

Германы Регенсбургийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор Жулиа Сопи Хаагер

Эх сурвалж: www.br-online.de

Дэлхийн хүүхдийн номын өдөр буюу 04 сарын 02-нд Монсудар хэвлэлийн газарInternom Bookstore хамтран "Урт оймст Пиппи ба "зөв" хүүхэд" хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

Энэ хэлэлцүүлгээр Шведийн зохиолч Астрид Линдгрений "Урт оймст Пиппи" номын агуулгад тулгуурлан эцэг эхчүүдийн байнга асуудаг асуулт хэдий ч хариулт нь тэр бүр тодорхой байдаггүй хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ?, "зөв хүүхэд" гэж хэнийг хэлэх вэ? асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. 

Дэлгэрэнгүй мэдээлэл: Энд дарж авна уу.

Sign up for newsletter