News

Хүүхдийн оюун ухаан гэдэг хүссэн бүхнээ чихэж болдог сав биш шүү дээ

Бага насаа нацист Германд өнгөрүүлсэн Эрик Карл өдгөө хүүхэд багачуудын хамгийн хайртай зохиолчдын нэг болж, жил бүр бяцхан уншигчдаасаа 10000 гаруй захиа хүлээн авдаг болжээ.


Эрик Карл хэмээх гүн цэнхэр нүдтэй, татуургатай өмд өмссөн, аядуухан ярих энэ хөгшин бол хүүхдийн уран зохиол дахь нэгэн тод од юм. Түүнийг харахаар Рэймонд Бриггсийн Өвлийн өвгөн юм уу, Пиноккиогийн аав аль эсвэл Гепеттогийн дүр өөрийн эрхгүй санаанд бууна. Зохиолчийн хамгийн алдартай ном болох “Гэдэс нь өлссөн авгалдай” гучин сая хувь борлогджээ. 80 гарсан хүний хувьд энэ ч гайхмаар тоо шүү.

Энэ ном хэдийгээр дөчин жилийн өмнө хэвлэгдсэн ч өнөөг хүртэл шилдэг номын тоонд багтсаар байна. Бараг хагас зууны өмнө аав минь надад уншиж өгдөг байсан ном шүү дээ. Би Флорида явж, Карлтай уулзах гэж буйгаа аавдаа дуулгахад тэр номлогчийн хоолойгоор “Нэгэн ням гарагийн өглөө, нар дулаанаар ээж...” гээд л  номын эхний хэсгийг цээжилснээ уншиж өгсөн юм. Хайртай номтойгоо ахин уулзхаас өөр сэтгэл догдлуулам зүйл хаана байх билээ?

Түүний гэр бүл гурван жилийн өмнө Массачуссетсээс Флоридагийн Кий Ларжод нүүж иржээ. Одоо тэр эхнэртэйгээ хамт чамин сайхан байшинд амьдардаг. Тэдний сонгосон газрын уур амьсгал таатай, усан сан руу хөтлөх бяцхан төгөл дэхь нарийн зөрөг үлгэрийн мэт л санагдана. Хөршийн тавцанг эс тооцвол хүн байдаг гэх өөр шинж үгүй. (Хөрш нь Жин Хэкмен байдаг нь бүр ч сайхан хэрэг).

Усан сангийн талбайг цагаан шүрээр чимэглэж, дууч шувууд  жиргэнэ.  Нэгэн өдөр Карл том гэгчийн аалз өөрөөсөө давжаа аалзыг барьж байгааг харж л дээ. Тэгээд жижиг аалзыг аварсан ч гунигтайгаар “Би байгалийн жам ёсонд саад болчихлоо” хэмээжээ.

Нацист Германд хүүхэд насаа өнгөрүүлсэн зохиолч хэрхэн хүүхдүүдийн хайртай зохиолч, зураач болов оо? 

Тэр өөрийн амьдрал, туулсан бүхнээ тунгаан бодохыг үргэлж хичээж, энэ нь түүний уран бүтээлд нөлөө үзүүлсэн. Бага насны зовлон зүдгүүрт дурсамжууд түүний гэрэл гэгээ, баяр баясал, өнгө будаг бялхсан номтой хэрхэн холбогддог юм бол?   Зохиолчийн хэлснээр хэрэв түүний амьдрал хангалуун чинээлэг байсан бол хүүхдийн зохиолч болж чадахгүй байсан байх. Гэдэс нь өвдсөн авгалдай ном ердөө 26 хуудас, 224 үгтэй хэдий ч улаан нүүр, бөгтөр нуруу, хувиралгүй  царайтай авгалдайг хэрхэн мартаж чадах билээ?

Авгалдай эрвээхий болон хувирах жаргалтай мөчид  гуниг ч бас анзаарагддаг. 

Таваас доош насны хүүхдэд зориулсан хичнээн ном үүнтэй адил олон утга санаа агуулдаг бол?

Карл коллажист буюу өөр өөр материал, өнгө будгийг цаасан дээр давхарлах маягаар ном бүтээдэг. Ингэснээр зохиол хүүхдэд үр өгөөжтэй болж чаддаг . Орчин үед  борооны дараах мөөг шиг олширсон хүүхдийн номуудад дутагдаад буй зүйл чухам тэр юм. Зохиолч болохоосоо өмнө Карл “Нью Иорк Таймс” сонинд дизайнер, сурталчилгааны ажилтан байжээ. Түүний уран бүтээлд сонины газар ажиллаж байсан туршлага нөлөөлсөн нь дамжиггүй.

Зохиолч маань заримдаа  “Өгүүллэг бичих гэж байгаа хүний санаа 35 үгэнд л багтдаг. Тэгээд үүнийгээ 35000 үг болгож дэлгэрүүлдэг. Харин хүүхдийн номын санаа нь 35000 үгээр илэрхийлэгдэх ч, 35 болгож танахаас өөр аргагүй. Хэтрүүлэг байж магадгүй ч зурагт ном бүтээхэд иймэрхүү зүйл тохиолдоно шүү.” хэмээн хошигнодог юм.

1967 онд Билл Мартинтай хамтарч бичсэн  “Бор баавгай, бор баавгай, чи юу харж байна?” Дараа жил нь бичсэн  “Нэг,хоёр,гурав Амьтны хүрээлэн рүү” хэмээх хоёр номынхоо дараа “Гэдэс нь өлссөн авгалдай” нэртэй гурав дахь номоо бичжээ.

Эрик Карлын бүтээлүүдээс...

Түүнийг нэр алдартай болохын хэрээр олон хэвлэлийн газрууд уран бүтээлийн санал, албан тушаал санал болгож байсан ч Карл өөрийнхөөрөө ажиллахыг илүүд үзжээ. 

“Маркетингийн алба гурван настай охид улаан өнгөнд дурлаж,  хөвгүүд трактор сонирхож байгааг олж мэдээд түүнийг нь би ном болгоно гэвэл бүтэхгүй хэрэг байх аа. Надад хэдэн ч удаа тракторын талаар ном бичээч гэж хэлэв.  Би тракторын талаар ном хийчих байх л даа. Гэхдээ би трактор яаж хийдгийг мэдэхгүй шүү дээ” гэж мөрөө хавчин өгүүлсэн юм.

Зургаан нас хүртлээ Карл Нью Иоркын хойд хэсэгт аав ээжтэйгээ амьдардаг байлаа. Гучаад оны дунд үед хүн болгон Германаас явахын түүс болж байхад нутгаа санасан ээж нь гэр бүлээ аваад буцжээ. Удалгүй дайн эхэлж Карлын аав цэрэгт татагдан, улмаар найман жилийг Оросын шоронд өнгөрөөсөн юм. Дайны өмнө аав нь  хүүгээ дэмждэг, даруу төлөв зантай, сонирхогчийн хэмжээнд  зурдаг хүн байлаа. Харин дайнаас эргэж ирэхдээ ихэд өөрчлөгджээ. Карл тэр үеийн дурсамжааөгүүлэхдээ аавыгаа зөвтгөхийг хичээдэг билээ.

Харин Карлын ээж хүүгийнхээ урлагт хайртай сэтгэлийг ойлгож, дэмждэг байжээ. Бүр үхэн хатан зүтгэдэг байсан ч байж магад. Түүний ээж уян зөөлөн биш харин сайн ээж байсан гэвэл үнэнд нийцнэ.

“Яг үнэндээ ингэж хэлмээргүй байгаа ч... Би түүнд маш их хайртай байсан. Тэр хариуцлагатай, сайн ээж байсан. Гэхдээ л аавыгаа гэх сэтгэл минь арай илүү байлаа. Намайг хүүхэд байхад аав минь надад сонинд нийтлэгдсэн хөгжилтэй зүйлсийг уншиж өгч, үлгэр ярьж, зураг зурахыг зааж, хамтдаа алхдаг байлаа. Заримдаа зүгээр л ажиглаж, чухал биш юм шиг санагдах олон зүйлийг хамтдаа л хийдэг байлаа. Гэвч тэр бүх зүйлс  миний амьдралын хамгийн чухал зүйл болсон юм. Нас ахих тусам үүнийг улам бүр ойлгож байна даа” гэж дурссан юм.

Аавыгаа цэрэгт явахад арван настай байсан Карл эргэн ирэхэд нь арван найм  хүрсэн байв. Аав нь сэтгэлзүй, бие махбодын хувьд маш ихээр  доройтсон байв.

Карл түүнээс урьдынх шигээ болооч гэж гуйсан болов уу? 

Үнэндээ тэд ойр зуурын зүйлс ярьж өмнөх шигээ байхаа болив. Карл ч бяцхан хүү байхаа больж, өөр олон зүйлсийг сонирхох болжээ. Тэр “Би урлагийн сургуулийн оюутан болоод удаагүй, охид миний сонирхлыг татаж эхлээд байлаа. Харин Оросоос ирсэн тэр хөгшин байгаа байхгүй нь ч мэдэгдэхгүй шахам байдаг байсан. Үнэхээр гунигтай хэрэг шүү.” гэж аавыгаа дурсдаг.. Оюутан ахуй үедээ хожим өөрийг нь амжилтад хүргэсэн “коллаж” хэв маягаа олж авсан юм.

Карлыг 14 настай байхад олон  хүүхдийн хамтаар Засгийн газрын тогтоолын дагуу  бусдад үрчлүүлжээ. Карл өөрийг нь үрчилж авсан талхчны гэр бүлийг цаасан дээр буулгасан нь төгс гэр бүл шиг харагдаж байв. Үүнийг  харсан талханд дуртай ангийнх нь Хэрман гэдэг хүү уйлагнан байж Карлтай хаягаа сольжээ. Хөөрхий Хэрман хүсч байсан талхаа авч чадсангүй, харин саравчин дахь халаалтгүй өрөөнд амьдрах болж, харин Карлыг аз дайрсан юм. Тэр тосгоны хамгийн сайхан гэр бүлд үрчлэгдэн очиж  юугаар ч дуталгүй өсөж торнижээ. Одоо ч Карл тэднийгээ зүүдэлдэг. Өнгөрсөн жил тэр эхнэрийн хамт ах дүү нарынхаараа зочилсон юм. Салж явсныхаа дараа нэг гудамж өнгөрөөд л  машинаа зогсоогоод цурхиртал уйлжээ.

15 настай байхад нь бусад хөвгүүдийн хамтаар цэрэгт татаж, Зигфридын шугамд шуудуу ухах ажил оноожээ. Карл болон түүний эхнэр энэ талаар ярих дургүй. Зохиолч маань одоо болтол өөрийгөө дайны дараах сэтгэлзүйн хямралтай гэж үздэг.

“Та Зигфридын шугамын талаар дуулж байсан уу? Арван тавхан настай хүүхдүүд шүү дээ. Шуудуу ухаад зогсож байна гэж санаанд чинь бууж байна уу? Эхний өдөр л гэхэд гурван хүн нас барсан юм. Хүүхдүүд биш орос хоригдлууд байсан байх. Харин Штуттгартад манай байшин ганцаараа бүтэн үлдсэн нь байсан. Цонх, хаалга, дээвэр нь алга болсон ч ерөнхийдөө бүтэн үлдсэн гэх үү дээ.” хэмээж билээ.

Хүүхэд насны дурсамжинд үлдсэн нэгэн сайхан хүн бол ахлах сургуулийнх нь зургийн багш Ноён Краус юм. Карлын төрөлх авъяасыг анзаарсан тэрээр өөрт тулгарч болзошгүй аюул заналыг үл тоон хүүг гэртээ авчирч тухайн үед хориотой байсан Клее, Матисс, Пикассо зэрэг зураачдын бүтээлийг сонирхуулдаг байв. Ихэнх зургууд нь экспрессионист хэв маягтай байсан ба хүүгийн сэтгэлийг ихэд хөдөлгөдөг байв.

“Би өмнө нь ийм зүйл байдаг талаар ямар ч ойлголтгүй байлаа.  Туг далбаа намирч, үүний дор буу барьсан Ари цэрэг зогсож, эс бөгөөс хэт реалист хэв маягийн Ари тариачин, хүчирхэг гартай эмэгтэйчүүд төдийгөөр миний уран зургийн ойлголт хязгаарлагдаж, урлагийг ийм л байх ёстой гэж боддог байв. Харин тэдгээр зургууд жинхэнэ урлагийн бүтээл. Миний нүд нээгдэх шиг л болсон” хэмээн дурссан юм.

Дизайны сургуулийг төгссөнийхөө дараахан Карл Нью Иорк хотод нүүж ирэв. Уран бүтээлийн цуглуулгаа өвөртөлж ирсэн мань эр Баухаусын сургуулийн хүчирхэг, цэгцтэй өгүүлэмж бүхий зургуудаа ашиглан ажилд орохыг зорьж байлаа. Гэхдээ Карлыг тухайн үед ид цэцэглэж байсан арилжааны урлаг илүүтэй татаж сурталчилгааны салбарт ажиллах болж, ажлын шугамаар дэлхийг тойрон аялж, эхнэр, хоёр хүүхэдтэй ч болоод амжлаа.

Хүүхдүүд нь аавынхаа  алдар хүндийн талаар төдийлөн сонирхдоггүй байж. Карл энэ талаараа “Миний ажлыг хүндэлдэггүй байсан. Тэднийг амралтын өдрөөр зочлоход нь би “Миний бүтээсэн номыг хар даа” гэхэд “Дажгүй болсон байна шүү. Зурагтын удирдлага хараагүй биз” гэдэг хэмээн инээмсэглэн өгүүлсэн юм. Хожим Карл эхнэрээсээ салж, эелдэг, хөгжилтэй тусгай сургуулийн багш Боббитой гэр бүл болсон билээ.

Нэгэн удаа Карлын найз Билл Мартин сурталчилгаанд зориулан зурж байсан наймалжийг нь хараад ер нь чи миний хийж байгаа Бор баавгай, бор баавгай чи юу харж байна? номын зургийг зураад үзвэл яасан юм бэ гэжээ. Чухам юу байсныг нь хэлж мэдэхгүй юм, гэхдээ тэр зүйл л миний дотор байсан галыг асаасан гэж Карл дурсжээ. Харин түүний эхнэр Бобби “Нөхрийн минь  нэр алдар гэнэт л хаа сайгүй түгсэн ч тэр өөрийгөө хэзээ ч алдартан гэж бодож байгаагүй. Амжилтдаа эрдэж харалган болоогүй. Авъяасаа билгээ л тордохоос амжилтаа тордож мэддэггүй хүн шүү дээ.” хэмээсэн юм. Номоосоо олсон ихэнх ашгаа музейд зарцуулдаг байна.

Тэр гурав дахь номдоо хуудас бүрийг энд тэндгүй нүхэлсэн өлсгөлөн хорхойн талаар бичихээр төлөвлөж байв.  Харин түүнтэй удаан хамтарч ажилласан редактор Энн Бэнедүчи энэ санааг нь дэмжилгүй, авгалдайн талаар бичихийг санал болгожээ. “Эрвээхий” хэмээн Карл уулга алдсанаар алдарт зохиол мэндэлсэн юм. Энэ номыг Христийн шашны талаар гэж зарим нь тайлбарлахад, зарим хүмүүс капитализмыг шүүмжилсэн ном байна гэж мэтгэнэ, энэ мэт янз  бүрийн тайлбарууд номыг бүр их алдартай болгожээ.

“Берлиний ханыг нураасны дараа би хуучин зүүн Германд очиж номоо түгээж байсан юм. Залуу номын санч нартай уулзан, өдрийн хоол идэж байхад нэг нь таны номд гардаг авгалдай яалт ч үгүй капиталист. Тэд л таарсан болгоноо идэж, нүх гарган, ам хүрсэн болгон нь өмхөрдөг. Үрэлгэн зан бол капиталист шинж гэж билээ. Сонин юм шүү. Үзэл суртлаар хүмүүжсэн нүд ингэж хардаг байх нь.”

“Эмх замбараагүй, зүсэн зүйлийн юмс холилдсон маш олон хүүхдийн ном гарч байна. Хүүхдийн оюун, тархи гэдэг юу ч бодолгүй, хүссэн бүхнээ чихэж болдог сав биш шүү дээ.” хэмээн зохиолч өгүүлсэн юм.

Түүний бүгдийг төгс байлгах гэдэг зан нь машины мотор угсардаг байсан өвөөгөөс нь эхтэй. Карл “Би ажлаа порше машины нарийн эд ангийг угсарч байгаа юм шиг хийдэг.’’ Чадлаараа л зүтгэж байна. Хүүхдийн номыг хэрэгцээгүй зүйл гэж боддог олон хүн байдаг. Гэхдээ хүүхдэд зориулсан ном бол миний амьдрал. Бүхий л үнэт зүйл минь билээ.

Мэргэжил нэгтнүүдтэйгээ өрсөлдөх тал дээр Карл тун маруухан. Рэймонд Бриггсийн үйл явдлын ээдрээг өгүүлэх чадварыг биширдгээ нуудаггүй. “Цасан хүн”-ийг боломжийн найруулсан продакшн “Гэдэс нь өлссөн авгалдай”-н телевизэд зориулсан хувилбарыг хийхэд Карле “Арай ч дээ, ийм хөгийн юм хийх гэж. Надад ичгүүртэй байна” хэмээн шогширч байсан юм. Сюэссийн номыг анх хараад “Нэг их сайн болсон юм алга. Зургууд нь их хуучинсаг юм. Гэхдээ зурж сурахын тулд урт хугацаа зарцуулсны хувьд би түүнийг хүндэлж байна” хэмээжээ.

Карлын номууд хэзээ ч үнэ цэнээ алддаггүй.  Биднийг ярилцлага хийж байсан тэр өдөр Мишел Обама түүний “Бор баавгай” -г хүүхдүүдэд уншиж өгч байгаа зураг Америкийн ихэнх олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдэж билээ.

“Ном бүтээхэд нэг жил ч шаардагдаж болно. Хормын дотор бүтдэг ном ч бий. Ер нь ном бүтээх тусгай арга техник гэж байдаггүй. Шинэ санаа орж ирэхийг хүлээх хэрэгтэй.”

Тэр одоохондоо юу хийхээ мэдэхгүй байлаа ч төд удалгүй шинэлэг санаа харван орж ирнэ. Ингэж л бүх зүйл эхэлдэг юм даа.

Эх сурвалж: The Guardian

 

 

 

Sign up for newsletter