Сабахаттин Али хэмээх Турк зохиолчийн бичсэн “Арьсан хүрэмтэй Мадонна” романы тэмдэглэлээ уншигчидтайгаа хуваалцъя. Уг зохиолын үйл явдал Туркийн Истанбул болон Германы Берлинд өрнөж, Мариа Пүдер хэмээх германы жүүд бүсгүй, Раиф Эфэнди хэмээх турк эр хоёрын хайр дурлалын тухай өгүүлнэ.
Романы агуулгыг нэг өгүүлбэрээр томьёолвол Раиф хэмээх турк эр 1920-иод онд Берлинд амьдарч байхдаа тэндэхийн нэгэн жүүд эмэгтэйд хайр сэтгэлээ зориулсан ч золгүй хувь тавилангийн эрхээр хайрт бүсгүйгээсээ хагацан одож буй тухай зохиол хэмээн дүгнэж болох юм. Гэхдээ үүний цаана амьдралын мөн чанар, “хамгийн том хүсэл мөрөөдөл маань биелэхгүй бол бид хэрхэх билээ” гэсэн асуултыг гүнзгийрүүлэн авч үзсэнээрээ бусад зохиолуудаас илт өөр ажээ.
Мариа, Раиф хоёроос гадна романы хүүрнэгч Расымын дүр ч энэ зохиолд чухал ач холбогдолтой мэт. Ялангуяа романы эхний хорь орчим хуудсанд Истанбулд банкны ажлаасаа халагдаад өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж буй энэ залуу эрийн тухай өгүүлж буй хэсэг нь надад тун сонирхолтой санагдлаа. Ажил хайх явцдаа олон газраас татгалзсан хариу авсаар залхсан Расым багын анд Хамдитайгаа золоор таараад, түүний компанид ажил орохоор болж буй хэсэгт энэ хоёр дүрийг их өвөрмөц байдлаар сөргүүлж тавьсан юм шиг санагдав.
Расым арчаагүй байдалд орсон өөрийгөө дотроо чамлах ч хөрөнгө мөнгөтэй болж дэвжсэн найз Хамдигаа дотроо зэвүүцэж байгаа хэсгийг ёжтой хошиндуу өнгө аясаар бичжээ. Хамди энэ үед Расымтай “[тэр] өөр бодолтой байж болох юм, эсвэл тайлбар хэлэх болов уу гэж ч санаанд нь орохгүй байгаа бололтой, жаахан хүүхдэд сургаал айлдаж байгаа юм шиг л, ажил мэргэжилдээ олж авсан амжилтынхаа ачаар ингэж сургаал айлдах эрхтэй болчихсон ч юм шиг ичиж зовсон шинжгүй” ярина. (х.19)
Дараагийн хэсэгт, Расым ажлынхаа нэг өрөөнд суух Раиф хэмээх дүнсгэр, дуугай бараг л дожоогүй гэмээр эрийн дотоод сэтгэлийг таньж мэдэхийг хичээж буй тухай гарна. Хамдигийн элдэв ааш, хамт ажиллагсдын ёжтой хорон үгийг ер тоодоггүй энэ хүн үнэхээр ч романы хүүрнэгч Расымын нэгэн адилаар, энэ романы уншигчдад ч гэсэн ямар нэг нууц хадгалаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ.
Расым удалгүй Раифын Берлинд өнгөрүүлсэн хоёр жилийн түүхээ бичсэн хар хавтастай тэмдэглэлийн дэвтрийг олж уншиж эхэлснээр түүнтэй цуг уншигч ч мөн адил Раифын Берлин дэх хоёр жил, Туркийн Хавран хотод өнгөрүүлсэн бага нас, гэр бүл гээд ер нь түүний амьдралын түүхтэй танилцах боломжтой болно.
Гэхдээ энэ түүхэд хамгийн тод тусаж, үйл явдлын гол зангилаа болж буй өгүүлэмж нь Мариа Пүдер, Раиф хоёрын хайр дурлал ажээ. Гол дүр маань Мариа Пүдерийн өөрийн хөргийг нь нэг үзэсгэлэн дээр хараад тэр зурагт өөрийн мэдэлгүй татагдаж, өдөр бүр тэр л зургийг харах гэж үзэсгэлэнд бүхий л цагаа өнгөрүүлдэг болно:
Өдөр бүр, үдээс хойш тийшээ очиж, хүссэн зураг руугаа хүрэх гэж тэсэж ядсан хөлөө албадан захирч хонгил дахь зургуудыг үзэж байгаа дүр үзүүлэн алгуурхан тэнүүчлэх боловч удах төдөх юмгүй л хөл минь намайг “Арьсан хүрэмтэй Мадонна” руу чирээд очдог байв. Нэгэнт тэнд хүрсэн хойноо зургийг анх харж байгаа юм шиг нүд салгалгүй ширтэж, музей үүдээ барих хүртэл сууна. Үзэсгэлэнгийн жижүүрүүдээс гадна өдөр бүр тэр хавиар эргэлддэг хэдэн зураач намайг анзаарсан нь мэдээж. Намайг дотогш хөл тавив уу үгүй юү, тэдний царайд инээмсэглэл тодорч, уран зураг сонирхдог энэ хачин хүнийг удаан гэгч нь дагуулж харцгаана. Сүүлийн өдрүүдэд би бусад зургийг сонирхож байгаа юм шиг дүр эсгэж жүжиглэхээ ч болив. Шууд л ангийн арьсан хүрэмтэй бүсгүй рүү очиж, тэндхийн вандан сандлуудын нэгэн дээр суугаад, түүн рүү нүдээ чилтэл ширтэн суудаг болов, хааяа ядарч харж чадахаа больсон үедээ доошлуулж шал руу чиглүүлнэ.” (х.87)
Үүний дараа зохиолын гол дүр Раиф, энэ хөргийн эзэн буюу “Арьсан хүрэмтэй Мадонна”-тай тун сонирхолтой байдлаар танилцаж, дотно үерхэж улмаар бие биедээ хайр сэтгэлтэй болж буй хэсэг нь энэ романы хамгийн гол өрнөл хэсэг юм.
Раиф, Мариа Пүдертэй нэгэн шөнө согтуу үедээ санамсаргүй тааралдаад, улмаар казинод дуулдаг гэдгийг нь мэдэж байгаа хэсгийн нарийн ширийнийг өгүүлэхийн оронд энэ хоёр хүн үнэхээр хайж байсан зүйлээ бие биеэсээ олсон гэдгийг л товчхон дурдъя.
“Бодол санаа маань ийм адилхан байгаа нь аливаа зүйлийг ижил өнцгөөс хардгийг маань баталж байлаа; үнэндээ, нэгийнхээ хэлснийг нөгөөх нь л шууд шүүрч авахад бэлэн байдаг нь ч үүнийг харуулж байв. Тэгэхээр ярьж буй хүнийхээ хэлсэн бүрийг нь зөвтгөж, өөрийн болгох шалтаг эрэлхийлэх нь сэтгэл зүрхээрээ ойр дотно байгаагийн илрэл биш гэж үү?” (х.154)
Аливаа хайр дурлалд тохиолдох тунирхал ч энэ хоёрыг дайран өнгөрч тун өвөрмөц зантай Мариа Пүдер таагүй үгээр Раифыг гомдоож, хайртдаа гомдсон турк эр өдрийн турш гадуур шаналан тэнэж, элдэв зүйл санаандаа төсөөлж байгаа хэсэг нь надад хамгийн сонирхолтой, сэтгэл догдлом санагдсан.
Ялангуяа Раиф, герман зохиолч Хайнрих фон Клайстын найз бүсгүйнхээ хамтаар амиа хорлосон Ванзее нуурын мөсөн дээр гулган, дарс ууж буй хүмүүсийн хажуугаар өнгөрснийхөө дараа амиа хорлоё гэж сэтгэлдээ төсөөлж байгаа хэсэг нь санаанд буутал тод дүрслэгджээ:
“Шөнө, түүнийг Атлантикийн үзүүлбэрийнх нь яг өмнө утсаар дуудуулаад, тух алдуулсандаа уучлал гуйсныхаа дараа, цөөн хэдэн үгээр салах ёс хийгээд, харилцуураа сонсож байхад нь толгойдоо сум зоовол ямар байх бол! Энэ сүрлэг чимээг сонсоод эхэндээ тэр юу болсныг ойлгохгүй хэсэг зогсоно, дараа нь ухаан мэдрэлээ алдсан мэт “Раиф! Раиф!” гэж бахирсаар, надаас хариу сонсох гэж хичээнэ. Газар унаад амьсгал хурааж байхдаа би магадгүй ийнхүү орилохыг нь сонсож амжвал инээмсэглэсээр үхэх юм шүү.” (х.184)
Гэвч Раиф амьдралд нь тохиолдсон энэ сайхан хайраа орхин төрөлх нутаг Хавран руугаа буцахаас өөр аргагүйд хүрч, хосын амьдралын зам салаална. Романы сэтгэл шимшрүүлсэн энэ хэсэгт үйл явдлын гол оньсогын суурь тавигдаж, улмаар төгсгөл хэсэгт ер бусын гайхалтай тайллаар энэ роман төгсөнө.
Турк хэлнээс хөврүүлсэн энэ зохиолын өмнөх үгэнд дурдсанчлан энэ роман хүрээлсэн хүүрнэл хэлбэрээр хайр дурлалын зангилаат үйл явдлыг сэдвээс гажилгүй, цогц байдлаар авч үзжээ. Романыг уншиж дууссаны дараа, энэ “бүрэн бүтэн дүрслэл” гэсэн үг миний санаанд бууж, зохиолч бүтэлгүй хайр, нийгэмд ганцаардсан хүний түүхийг өгүүлэхдээ юу ч дутуу орхисонгүй, юу ч илүү бичээгүй ажээ гэсэн л бодол төрч байлаа.
Арын хуудсандаа үйл явдлынхаа зангилааг товчхон дүгнэж, “Аз жаргалын гашуун дурсамж цаг хугацааны эрхэнд мартагдах ч алдсан боломж хэзээ ч санаанаас гарахгүй, санах бүрд гүн харамсал төрүүлнэ” хэмээн эшилсэн ийм баялаг өгүүлэмжтэй романаас хүн бүр өөр өөрийн учиг, хайсан зүйлээ олж харах биз ээ.