News

Утга зохиол судлаачид Харри Поттерийн тухай

СУИС-ийн Театр урлагийн сургуулийн багш, утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц

Ж.К.Роулингийн "Харри Поттер" утга зохиолын ертөнцөд ямар өөрчлөлт авчирсан бэ?

- Роулинг энэхүү зохиолоороо үлгэр домгийн уран сэтгэмжийг улам хязгааргүй болгож шинэчлэсэн. Өнөөдөр бид үндэсний үлгэр домог гэж хув хуурай үглэж, зүтгээд шинэ бүтээл туурвихгүй гэдгээ тунгаах цаг иржээ. Үнэнхүү сайн хүүхдийн зохиол гэдэг маш сайн "том хүн"-ий зохиол л байдаг. Үндэсний мэдэрхүй, түүхэн ухамсрын уран сайхны язгуур бүтэц болсон үлгэр домгийнхоо үнэ цэнэт агуулгадаа хэрхэн сэтгэлгээний үүднээс хандаж, танин мэдэхүйгээ өөрчлөх тухайд санаа зовних ёстойг Харри Поттер ухааруулдаг.

Өнөөгийн монголын уншигчид ямар учраас "Харри Поттер"-ыг унших ёстой вэ?

- Харри Поттер уран сайхны төсөөлшгүй хийгээд хүсүүштэй үйл явдлуудаар дамжуулан орчин үеийн хүүхдүүдийн танин мэдэхүйд маш оюунлаг хандсан санагддаг. Жишээ нь ёс суртахуун, байгаль, амьтныг хайрлах, арьс өнгө, гарал үүслийн үзэл гээд олон санаа сэдлийг давхар уншиж болно. Бяцхан уншигч төдийгүй томчуулыг ч үл уйдаах ид шидийн бишрэм ертөнцийн амт шимт киноноосоо илүү зохиолдоо шингэсэн байдгийг олж, нээж, уралдаж уншаасай гэж хүсэж байна.

"Харри Поттер" зохиол дэлхийн шилдэг 100 номын нэгээр нэрлэгдэж байсан төдийгүй өрнөдийн ЕБС-иудын багш нар сурагчиддаа үлгэр болохуйц зүйлсийг уг зохиолоос эшлэх нь цөөнгүй байдаг нь юутай холбоотой бол?

- Сайн бүтээл гэдэг тайлал, тайлбарын боломжоороо аль ч үед, ямар ч нөхцөлд амь бөхтэй байх нь бий. Үүнтэй холбоотой болов уу. Бид ч уран сайхны уугаль сэтгэлгээний өв сангаараа аль ч улсаас дутахгүй учир суралцаж танилцахын хажуугаар үндэснийхээ сэтгэлгээг дэлхийн хэмжээний сэтгэхүйд аваачин хөгжүүлж чадаж байгаа хөдөлмөр, арга барилд хөл нийлүүлэх хэрэгтэй байна. Хамтарч сайн бүтээлийн "үйлдвэрлэл" хийх чухал.


Монгол Улсын Гавьяат багш, утга зохиол судлаач, шүүмжлэгч, Шинжлэх ухааны доктор, профессор Д.Галбаатар


Ж.К.Роулингийн "Харри Поттер" утга зохиолын ертөнцөд ямар өөрчлөлт авчирсан бэ?

- Бичгийн соёл иргэншилтэй өрнөдөд ном унших явдал цөөрсөн. Энэ нь томоохон туульсын хэмжээний уран зохиолыг уналтад оруулсан юм. Энэ үед Ж.К.Роулингийн"Харри Поттер" зохиол бичигдсэн нь хүүхдийн уран зохиолд ид шид гэдэг зүйлийг, тэр тусмаа зургийн шидийг сайн ашигласан бүтээл болж өгч чадсан юм. 

Өнөөгийн монголын уншигчид ямар учраас "Харри Поттер"-ыг унших ёстой вэ?

- Өнөөгийн зав чөлөө асар бага нийгэмд түр ч гэсэн тархиа амрааж байх хэрэгтэй.  

Харри Поттер зохиол нь дэлхийн шилдэг 100 номын нэгээр нэрлэгдэж байсан бөгөөд Өрнөдийн ЕБС-иудын багш нар сурагчиддаа үлгэр болохуйц зүйлсийг уг зохиолоос эшлэх нь цөөнгүй энэ нь юутай холбоотой бол?    

- Эл зохиолд хүн төрөлхтний амьдрал, авир араншинг дүрслэхийн сацуу хүний үнэн дүр төрхийг олж харж, мэдэрч болохуйц дүрслэлүүд /хэсгүүд/ нэн элбэг учир эшлэх нь олонтой болов уу.

МУБИС-ийн багш, сэтгүүлч, доктор С.Амартүвшин

Ж.К.Роулингийн "Харри Поттер" утга зохиолын ертөнцөд ямар өөрчлөлт авчирсан бэ?

- Уран зохиол бол уран дүр, дүрслэлийн гайхамшигт ертөнц. Гэхдээ бидний ахуй байдлаас ч илүү бодит ертөнц. Хүний амьдралын жинхэнэ бодит үнэн, түүний дүр төрхийг бид уран сайхны ертөнцийн энэ цонхоор харж, таньж байдаг. Хүн бүхний нүдээрээ харж, үзэж чадахгүй байгаа энэ гайхамшигийг нээн харуулах гэж үгийн урлагийн шидтэнүүд авьяас билиг, оюун бодлоо чилээн байж, ур ухаанаа шингээн бичиж туурвидаг гэж боддог. Эртнээс өнөөг хүртэл ингэж хамгаа шавхаж ирсэн. Мэдээж уран сайхны сэтгэлгээний есөн шидийн арга ухаан үүнийг үеийн үед баяжуулж ирсэн ч зарим нь шавхагдаж, зарим хэсэг нь мухардалд орсон. XX зуун бол урлаг, уран сайхны сэтгэлгээний хувьсгал тэмцлийн эрин үе байсан билээ. Яг л энэ цаг үед уран сайхны нэгэн өвөрмөц арга, үзэл онол, хандлага бий болсон нь постмодернизм гэж үздэг. Энэ зохиол бол яг тэр арга барилаар хамгийн төгс төгөлдөр бичигдсэн гэж хэлж болно. Энд энгийнээр тайлбарлавал хоёр чухал зүйл бий. Нэг нь хүн төрөлхтний уран сайхны бүтээл туурвилын эрт эдүгээгийн хамгийн сайн гэж болох арга барилуудын бүх боломжийг ашиглах нь постмодернизмын давуу тал байсан юм. Иймээс ч энэ зохиолд эртний домгийн сэтгэлгээнээс эхлээд бидний зарим нь хоцрогдсон гэх реалист арга барилын бусдаас давуу уран дүрслэлийн арга барил, мөн модернизм, абстракт урлагийн хэлбэрдэх буюу хэт хийсвэр дүрслэлийн уран сайхны бүх боломжийг тусгахыг эрмэлзэж, мөн хувь уран бүтээлчийг бичлэгийн арга барилыг ч шингээж чаддаг тул хэнд ч шинэ сонирхолтой, уншихад таатай байдагт оршино. Зохиолд гарч байгаа тэр олон төрхтэй дүрүүд, хувирал өөрчлөлт, үйл хөдлөл, санаанд багтамгүй мөртлөө байж болох сонирхолтой өрнөл, зөрчил, энгийн мэт хэрнээ, уран тод, бас хурц үг хэллэг гээд энэ зохиолын уран сайхны шинж ёстой л уран сайхны сэтгэлгээний олон талт шинж төлөвт уншигчийг уусган татах шидтэй. Хүүхэд төдийгүй томчуул ч бид татагддаг шалтгаан ч үүнтэй холбоотой. Энэ онцлогоороо уран сайхны ертөнц гэдэг бол ямар гайхамшигтай вэ гэдгийг мэдээлэл технологийн шинэ эрин үеийн уншигчдад мэдрүүлсэн гавьяатай. Энгийнээр хэлбэл компьютер, гар утаснаас салдаггүй “хэрэглэгчид”-ийг ном, зохиол руу эргүүлж татаж чадаж байна гэсэн үг.

Өнөөгийн монголын уншигчид ямар учраас "Харри Поттер"-ыг унших ёстой вэ?

- Бид даяаршиж байна. Хүүхдүүд ч мөн адил. Уран сайхны сэтгэлгээ угаас хил зааггүй. Монгол сэтгэлгээ, хятад сэтгэлгээ, орос сэтгэлгээ гээд туйлшраад байдаг нөхдүүд энэ зохиолоос тийм юм хайвал ичгүүртэй. Харин ч энэ зохиолын уран сайхны шимээр хүүхдүүд маань угжиж, бойжвол уран сайхны ертөнцийн үүд хаалгаар төвөггүй алхан орж, бяцхан оюун нь “жиг” сэтгэлгээгээр түргэн бойжих болно. Наанадаж л гар утас, компьютер гэсэн шинэ цагийн “дайснуудаас” эцэг эхчүүд хүүхдүүдээ хөндийрүүлж чадна шүү дээ. Үүнийг би эцэг хүнийхээ хувьд, дунд хүү маань энэ зохиол, номыг тэр гайтай дайснуудаас ч илүүд үзэн уншдаг болохыг анзаарсныхаа хувьд хэлж байна.

Харри Поттер зохиол нь дэлхийн шилдэг 100 номын нэгээр нэрлэгдэж байсан бөгөөд Өрнөдийн ЕБС-иудын багш нар сурагчиддаа үлгэр болохуйц зүйлсийг уг зохиолоос эшлэх нь цөөнгүй энэ нь юутай холбоотой бол?    

- Амьдрал бол тэмцэл. Асар их бэрхшээл, зовлонг туулан байж амьдралынхаа утга учрыг бага багаар нээдэг гэж боддог. Манайд ч энэ зохиолыг ЕБС-ийн уран зохиолын сурах бичигт оруулж байсан удаатай. Хүүхэд үлгэр домгийн гэмээр, ид шидийн ертөнцөд их дуртай байдаг. Бодит амьдрал чинь энэ зохиолд тэгж л дүрслэгдсэн байгаа. Хэтрүүлэг гэж боддог хүмүүс үүний учрыг ойлгохгүй, харин ч хүүхдүүдэд энэ бол хамгийн бодитой санагддаг ертөнц шүү дээ. Тиймээс нэн шинэ үеийн уран зохиолын ийм сор бүтээлтэй хугацаа алдалгүй хүүхэд багачууд маань танилцаж, уран сайхны ертөнцөөр дэлхийн хүүхдүүдтэй хөл нийлэн алхах нь зүйн хэрэг.



Sign up for newsletter