News

Монголын орчин үеийн уран зохиол

Монголын орчин үеийн уран зохиолын үечлэл

(Лекцийн товчлол)

Манай уншигчдын дунд, “ Монголын уран зохиол хөгжиж байна уу?”, “Ер нь манай уран зохиол ямар үе шатлалыг дамжиж, хэрхэн хөгжиж ирсэн бэ?”, “Монголын өнөөгийн уран зохиол ямар түвшинд байна вэ?” гэх мэт асуултууд хариу хүлээсэн хэвээр байгаа билээ. Тиймээс уншигчдын боловсролд зориулж Монсудар хэвлэлийн газар, Интерном номын дэлгүүр хамтран Утга зохиол судлаач, шүүмжлэгчид, уншигчдын уулзалтыг 11 сарын 21-нд зохион байгууллаа.

Уг уулзалтад Утга зохиол судлаач, шүүмжлэгч А.Мөнх-Оргил (Ph.D) оролцож Монголын уран зохиолын түүхэн үечлэл хийгээд тухайн цаг үеүд дэх онцлох зохиолчид, зохиол бүтээлүүдийн талаар танилцуулж уншигчдын сонирхсон асуултад хариулсан юм. Түүний лекцийн товчлолыг хүргэж байна.

Монголын уран зохиолыг ерөнхийд нь эртний уран зохиол, орчин үеийн уран зохиол гэж хоёр ангилж болно. Эртний уран зохиол гэдэгт эрт үеэс 1921 он хүртэл бичгийн хэлээр бичигдсэн бүхий л бичгийн дурсгалуудыг хамруулан ойлгож болно. Эртний уран зохиол нь сэдвийн хувьд сургаал, магтаал, шашин, баатарлаг туульсын аястай байсан. Энэ нь тухайн цаг үе, мөн нийгмийн үйл явцтайгаа холбоотой юм. Жишээлбэл, XIII, XIV зууны үед дайн байлдаанд оройлон оролцож, гавьяа байгуулсан, овог аймгуудыг нэгтгэсэн, өстөн дайснаа дарсан баатар эрсийн гавьяаг магтан дуулж, товойлгон үзүүлсэн зохиолууд бичигдэж байсан бол XV зуунд өрнөсөн буддын шашны дэлгэрэлтийн нөлөөгөөр энэхүү агуулга өөрчлөгдөж, бурхан шашны сургаалыг номлох, агуу дээд худагт хувилгаад, бурхдын алдрыг магтан дуулсан зохиолууд бичих болсон. 

Үүний дараагаар XIX зуунаас иргэний уран зохиол ихэд дэлгэрсэн юм. Гадаад дотоодын ноёрхлыг эсэргүүцсэн эрх чөлөөний хөдөлгөөний өрнөл, эх орны тусгаар тогтнолын төлөө тэмцлийн үзэл санааг утга зохиолын уран дүр, зохиолын үзэл санаагаар дамжуулан илэрхийлэх бодит шаардлага бий болж, нийгмийн хөдөлгөөнөөс үүдэлтэй энэ хэрэгцээг тухайн үеийн уран зохиолын гол төлөөлөгчид болох Д.Равжаа, В.Инжаннаши, Хуульч сандаг, Гуларанс нар бүтээлдээ чадварлагаар тусган, тодорхой хэмжээгээр илэрхийлсээр ирсэн юм.

Харин 1921 оноос хойш өнөөг хүртэл бичигдсэн бүхий л зохиол бүтээлийг Монголын орчин үеийн уран зохиол гэсэн ухагдахуунд хамруулан авч үздэг бөгөөд дотор нь цаг хугацааны хувьд дээрх зурагт үзүүлснээр 6 ангилж болох юм. Гэхдээ судлаачид үүнээс өөрөөр бас ангилан үздэг. Одоогийн байдлаар 5, 6 ялгаатай ангилал байна. Энэхүү ангилал нь мөн л тухайн цаг үе, түүхэн нөхцөл байдал, нийгэмтэйгээ холбоотой юм. 1921 оноос хойших Монголын уран зохиолд аман болон хуучны утга зохиолын нөлөө, туурвилзүйн арга туршлага байсан ч, бас нийгэм улс төрийн хувьсгал, өөрчлөлт, европын соёл урлагийн нөлөө ихээхэн түлхэц болсон юм. 

1925 онд манай хэсэг сэхээтнүүд тухайн үеийн хамгийн шилдэг зохиолч болох А.М.Горькийд захидал илгээсэн байдаг. Тэрхүү захидлын утга нь бид яаж шинэ уран зохиолыг туурвиж хөгжүүлэх вэ, ямар арга замаар явах вэ? гэсэн зөвлөгөө, зааварчилгаа хүссэн утгатай байсан. 

Үүний хариуд Горький гадаадын шилдэг зохиолуудаас ихээр орчуулан гаргах хэрэгтэй, тэрхүү зохиолууд нь идэвхтэй зарчим буюу шинээр цогцлоосон улс төр, нийгмийн бүтээн байгуулалтыг үзүүлсэн, магтсан, бадрангуй өнгө астай байвал зохино гэжээ. Ингээд манай уран зохиолын хөгжилд гаднын уран зохиолын арга туршлага ихээхэн нөлөөлсөн юм. Үүний дараагаар 1929 онд зохиолчдын байгуулга байгуулагдсан. Яг энэ үеэр тухайн үеийн Гэгээрлийн яамны сайд Эрдэнэбатхаан Герман явж гадаадын соёл боловсролтой танилцаад Монголын залуу шинэ үеийн төлөөлөгчдөө гаднын улс орнуудад сургах хэрэгтэй гэсэн санаачилга гаргасан. Ингээд манайхан Герман, Франц улс руу Д.Нацагдорж, Т.Нацагдорж, Д.Намдаг тэргүүтэй хүүхдүүдийг илгээсэн бөгөөд тэдний ихэнх нь хожмын нэртэй зохиолч, шилдэг боловсон хүчин болсон юм. 1940 оноос өмнөх манай уран зохиол агуулгын хувьд илүү чөлөөтэй, социалист реализмын хүлээсэнд баригдаагүй бөгөөд энэ үед сайн сайн зохиолууд бичигдэж уран зохиолын  хөгжил эхэлсэн.

Манай уран зохиолын нэгэн содон үе бол 1937-1938 он буюу хэлмэгдлийн үе юм. Энэ үед улс төрийн үзэл суртлаар зохиол бүтээлийн агуулгад хяналт тавьж, өнөөх шилдэг зохиолч сэхээтнүүдээ хэлмэгдүүлэн барьж хорьж, буудахыг нь буудаж, хороосон. Энэ нь хөгжиж эхлээд байсан орчин үеийн уран зохиолыг тас цохиж, бараг үндсээр нь тасалдуулахад хүрсэн аймшигтай явдал байлаа. Хэлмэгдүүлэлтээс Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Д.Намдаг нарын цөөхөн шилдэг зохиолчид л амьд үлдсэн ч зохиол бүтээлээ чөлөөтэйгөөр бичих эрхгүй байв. Ингээд бараг уран зохиолын талбар хоосорч, зэрлэгшихэд хүрсэн гэж болно.

Гэхдээ энэхүү хоосорсон орон зайг дайны үеийн уран зохиол гэж нэрлэгддэг зохиол бүтээлүүд нөхсөн юм. Халх голын дайн, Дэлхийн II дайн, Чөлөөлөх дайны шууд нөлөөгөөр бий болсон нийгмийн сэтгэлгээний өөрчлөлтийн шаардлагаар дайн байлдаан, эв нэгдлийн агуулгатай зохиолууд ихээр бичигджээ.

Үүний дараагаар дайны хөлд туйлдсан улс орноо дахин цогцлоон байгуулах, атар газар эзэмших, аж үйлдвэрүүд бий болгох, нэгдэлжих хөдөлгөөн зэрэг нийгмийн өөрчлөлттэй холбоотойгоор энэ үеийн зохиол бүтээлүүдэд бүгд тэрхүү үйл явцыг тусгаж, уран сайхны аргаар нээн үзүүлэх болсон. Та бүгдийн социализмын үеийн гоё кино, гоё зохиол, гоё дуу хөгжим гэж нэрлээд үзээд байдаг тэрхүү бүтээлүүдэд тэр үеийн хүмүүсийн амьдрал ахуйгаар дамжуулан атар газар, нэгдэл, аж үйлдвэр, хуучин шинийн зөрчил зэрэг яг л тухайн үеийн нөхцөл байдлыг их бага, ил далд, ямар нэг хэмжээгээр тусгаж, нээн үзүүлсэн байдаг.

Энэ нь 1960 он хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ үеэс уран зохиол дахин шинэчлэгдсэн. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, 20, 30-аад оныхныг залгаад шинэ үеийнхэн бие хүнийхээ хувьд төлөвшин гарч ирсэн. Жишээ нь: Б.Явуухулан, С.Эрдэнэ гэх мэт. Хоёрдугаарт, Орос манайд маш их тусламж үзүүлж байсны нэг нь уран зохиол, урлагт анхаарал тавьсан. Ингээд энэ үеэс анх мянган есөн зуун дөчин хэдэн онд Д.Сэнгээгийн явж сурсан Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд 60-аад онынхон бүгд явж сурсан. Энэ үеийнхэн боловсрол мэдлэг эзэмшиж ирээд гадаадын зохиол бүтээлүүд ихээр орчуулах болсон. Энэ нь уран зохиолын уур амьсгалыг өөрчилж, уншигчдын боловсролыг дээшлүүлсэн бөгөөд сайн зохиолчид төрөн гарах нэг түлхэц болжээ. Энэ үйл явц 70, 80 онд ч үргэлжилсэн.

Энэ үеийн дараагаар 1980 –аад он бас нэгэн онцлог үе байсан. Нэгдүгээрт наяад оны дундуур социалист систем, түүний агуулга үзэл санаанд зарим талаар шүүмжлэлтэй хандан, улмаар дахин шинээр авч үзэх, алдаа доголдлыг засаж сайжруулах, өөрчлөн байгуулах тухай яриа яригдах болсон бөгөөд угаас 1980 оны сүүл бол уран зохиолын сэдэв чөлөөлөгдөх, нийгэм, оюун санааны их өөрчлөлт гарах угтал үе байлаа. Хоёрдугаарт, энэ үед 60-аад оныхон гэдэг шиг уран зохиолын бүхий л төрөл зүйлээр шинэчлэлийг авчирсан 80-аад оныхон буюу нэг үеийнхэн төрөн гарч ирсэн. Энэ үеийнхэн 90 оны уран зохиолын хөрс суурийг тавьжээ.

Ийнхүү 1990-ээд оны нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн нөлөөгөөр манай урлаг, уран зохиолд шинийг эрэлхийлэх оюун санааны хөдөлгөөн өрнөсөн юм. Энэ үед нийгмийн амьдралын шинэ хэвшилд дасан зохицож өрнийн утга зохиолын урсгал чиглэлүүдийг хэлбэрдэн хиймлээр дуурайх болон нийгмийн шинэ тогтолцооны сул талыг шүүмжлэн буруушаах, уран зохиолын өмнөх уламжлалаа барих гэх мэт ерөнхий хэдэн чиглэлээр зохиолчид хэд хэдэн бүлгэм болон хуваагдаж зохиол бүтээлээ бичих болсон. Энэ үеийн нэг гол асуудал бол нэг хэсэг судлаачид Монголын өнөөгийн уран зохиолд дэлхийн сэтгэлгээний чиг хандлага болсон модернизм, постмодернизм гэх мэт урсгал чиглэлүүд байхгүй, ийм чиглэлийн зохиол бичигдээгүй гэж үздэг бол, нөгөө хэсэг нь энэ чиглэлийн зохиол бүтээлийн туршилт манайд хийгдэж байгаа, хэдийгээр системтэй цогц хөгжиж чадаагүй ч, огт байхгүй гэж үгүйсгэж болохгүй гэсэн эсрэг тэсрэг байр суурь баримталж байна.

Уншигчдын зүгээс тавьсан онцлох асуултууд:

   - Арван жилд одоо уран зохиол орж байгаа, үгүй хоёрын дунд байна. Эрдэмтэн докторууд уран зохиолын талаар өөр өөр юм ярьдаг, өөр өөр байр суурь баримталдаг. Ингээд тэдний яриан дундаас тодорхой ойлголт авах боломжгүй болчихдог. Яагаад ийм байгаад байдаг юм бэ? Үүнийг жигдэлж болдоггүй юм уу?

Дунд сургуульд гадаадын, монголын, эртний уран зохиол гээд ордог. Гэхдээ ихэвчлэн зүгээр ерөнхий нэг зохиолчийн тэдэн онд энд тэнд төрсөн, ийм тийм сургууль төгсжээ. Тийм тийм зохиол бичсэн гэх маягаар хуурай хэлбэрээр заагаад байдаг. Харин тэгэхгүйгээр уран зохиолыг түүх, нийгмийн нөхцөл байдалтай нь холбож заах хэрэгтэй. Нэгдүгээрт, өнгөрсөн түүхийг нь яг үнэнээр нь хэлж өгөөд, үүний дараагаар түүн дээрээ суурилан нийгэмд юу болсон болоод, яагаад энэ зохиолыг бичсэн юм бэ, бичигдэх болсон юм бэ гэдэгтэй холбож ярьж, цаашлаад утга агуулгыг тайлбарлах юм бол тухайн хүүхдэд жинхэнэ мэдлэг болж очиж байгаа юм. Тэгэхгүйгээр амьдралаас тасархай нэг зохиол, шүлэг яриад ямар ч ойлголт хүүхдэд очихгүй. Хэрвээ уран зохиолыг дунд сургуульд нийгэм, түүхтэй нь холбож заавал хүүхэд түүх, нийгэм, уран зохиолын мэдлэгтэй төгсөнө. Тэгээд яагаад нэгэн үе сайн зохиолчид гарч ирсэн юм бэ, яагаад энэ зохиол бүтээлийг уран зохиолд шинэчлэл авчирсан гэж үздэг юм бэ, Д.Нацагдорж яг юуны улмаас тийм мундаг зохиолч болов гэдэг талаар зөв мэдлэгтэй болно гэж боддог.

  -  Гадаадын уран зохиол өөрсдийн гэсэн философитой байдаг. Жишээлбэл, Японы уран зохиолын философи гэхэд зэн буддизм нь болчихдог. Тэгвэл Монголын уран зохиолын философи нь юу юм бэ?

 Монголын уран зохиолын философи бол ерөөсөө л нүүдлийн соёл иргэншил нь юм. Зарим хүмүүс нүүдлийн соёл иргэншлийг соёл иргэншил биш ээ гэж үздэг. Би бол зуун хувь мөн гэж хэлнэ.

  - Утга зохиол, уран зохиол хоёр ялгаатай юу? Хэрэв ялгаатай бол ялгааг нь хэлж өгнө үү?

Утга зохиол гэдэг нь их өргөн хүрээтэй бөгөөд бичиж, тэмдэглэсэн бүхий л зүйлс орно. Акт, өрөгдөл, зохиол, сурах бичиг гэх мэт. Харин уран зохиол гэдэг нь утга зохиол гэсэн ухагдахуун дотор хамаарна. Та бүгдийн уншдаг тодорхой дүр, дүрслэл, уран сайхны хэл найруулга, утга агуулгатай тэрхүү зохиол бүтээлүүд орж байгаа юм.

 

Sign up for newsletter