News

“Би ном уншмаар байна, гэхдээ юу унших вэ?”

ЗУНЫГ НОМТОЙ ӨНГӨРҮҮЛЬЕ

“Би ном уншмаар байна, гэхдээ юу унших вэ?”

Ном унших яг ямар хэрэгтэй юм бэ?

Ном уншихгүй сайхан амьдарч болоод байгаа юм биш үү?

Би ном уншмаар байна, гэхдээ юу унших вэ?

Энгийн юм шиг хэрнээ шууд хариулахад түвэгтэй эдгээр сэдвээр ярилцахаар Монсудар хэвлэлийн газар бүтэн 7 хоногийн хөтөлбөр боловсруулжээ.

Яагаад?

Тус хэвлэлийн газраас жил бүр “Зуныг номтой өнгөрүүлье” арга хэмжээг зохион байгуулж найр наадам хэсэж явахаас илүү сайхан амралт гэж бий, та хол замд явахдаа, эсвэл унаа унш хүлээн олон цагаар саатахдаа, эсвэл зочилж буй газар орон, хүн зоныг илүү сайн ойлгохын тулд ном авч явж хэвшээрэй хэмээн уриалдаг. Энэ жил ч мөн ийм л зорилгын хүрээнд арга хэмжээгээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Урьд өмнөх жилүүдийнхээс юугаараа өөр байх вэ?

Энэ жилийн хувьд нэлээд онцлог арга хэмжээ, яригдах сэдвүүдтэй. Тухайлбал, өмнө нь ном өдөр тутмын хэрэглээ болж хараахан чадаагүй байна. Хүмүүс номыг зөвхөн гоё сайхан хэмээн магтаж, номын тухай яриа гоё ном гэдэг үгнээс цааш гарч ач холбогдол, хэрэгцээг нь ярих түвшинд очоогүй байна хэмээж байсан бол энэ жилээс илүү ахиц дэвшил харагдаж эхэлжээ.

Үүнийгээ Монсудар хэвлэлийн газар 2016 оны сүүлээр эрхлэн гаргасан “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид”, 2017 оны эхээр эрхлэн гаргасан “Сингапурын хөгжлийн нууц” номуудаар жишээлэн тайлбарлаж байна.

Тодруулбал “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” ном 1990 оноос хойш анх удаа асар богино хугацаанд олон тоогоор борлуулагдсан ном болсон нь энэ номын хэрэгцээ шаардлага нийгэмд байгааг, хүмүүс номыг хэрэглээ гэдэг талаас нь харж эхэлснийг харуулж байгаа бол “Сингапурын хөгжлийн нууц” номын хувьд 700 гаруй хуудастай, тус улсын ерөнхийлөгчийн улс орноо босгож ирсэн түүхийг өгүүлсэн зузаан номыг хүмүүс зорьж ирэн авч байгаа нь ном хэрэглээ болж байгааг илтгэж байна хэмээн үзэж буй ажээ.

Аливаа зүйл жинхэнэ хэрэглээ болж эхэлсэн цагаас л түүний тухай ул суурьтай яриа өрнөх үндэс суурь бий болдог. Харин хүн дээдэлж шүтдэг зүйлс, жишээлбэл бурхан тахилыг хүн үргэлж өөрөөсөө дээгүүр тавих тул түүнтэй тулсан, эн зэрэгцсэн харилцаа хэзээ ч үүсдэггүй, тодорхой зайнаас харьцан сүсэглэж, мөргөлөө үйлддэг. 

Үүний нэгэн адилаар номыг хий хоосон шүтэх, түүн дор мөргөх биш өдөр тутмын амьдралдаа хэрэглэж эхэлснээр номын тухай яриа үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн тайлбарлалаа.

Бүтэн 7 хоног юу ярих вэ?

Хамгийн нэгдүгээрт 6 сарын 12-18-г дуустал үргэлжлэх “Зуныг номтой өнгөрүүлье” арга хэмжээ бол гоё нэр өгч байгаад номоо хямдруулж зарах гэж байгаа арга хэмжээ биш гэдгийг дурдах хэрэгтэй. Дээр дурдсан ном унших яг ямар хэрэгтэй юм бэ?, Ном уншихгүй сайхан амьдарч болоод байгаа юм биш үү?, Би ном уншмаар байна, гэхдээ юу унших вэ? зэрэг асуултын хариултыг хамтдаа эрэлхийлсэн, нээлттэй, номын тухай харилцан ярилцсан арга хэмжээ болох ажээ.

Дээрээс нь нэмээд зун бол эцэг эхчүүд хүүхэдтэйгээ илүү их цагийг хамт өнгөрөөх боломжтой үе байдаг тул Та хүүхэддээ цаг гаргаж чадаж байна уу?, Хэрвээ та бага насны хүүхэдтэй бол номтой хэрхэн нөхөрлүүлэх вэ?, Таны хүүхдээ хүмүүжүүлэх арга барил тань зөв биш бол яах вэ?, Таны хүүхэд дөнгөж уншиж сурч байгаа бол яаж дэмжих хэрэгтэй вэ? зэрэг олон чухал сэдвээр мэргэжлийн багш, судлаачид оролцсон үнэ төлбөргүй зөвлөмж ярилцлагуудыг зохион байгуулна.

Мөн залуучуудын хувьд өөрийгөө хөгжүүлэх, бусдаас түрүүлж алхахад зун хамгийн тохиромжтой улирал байдаг. Тиймээс бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа, өөрийн бизнесээ дөнгөж эхлүүлээд байгаа, одоогийн байгаа нөхцөлөө өөрчлөхийг хүсэж байгаа залууст зориулсан арга хэмжээг энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд мэргэшин ажиллаж байгаа залуустай хамтран зохион байгуулах юм байна.

Энэ өдрүүдийн бас нэг гол сэдэв бол уран зохиол. 7 хоног үргэлжлэх арга хэмжээний нэг өдөр нь л гэхэд зөвхөн Японы уран зохиолын талаар ярилцахаар төлөвлөөд байгаа бөгөөд Мүраками Харүкиг яагаад дэлхий дахин уншиж байна вэ?, Японы уран зохиолыг орчин үежүүлсэн (манайхаар бол Д.Нацагдорж хэмээн ойлгож болох) Нацүмэ Соосэкигийн тухай гэх мэт сонирхолтой, хамгийн гол нь үр өгөөжтэй олон арга хэмжээг зохион байгуулна.

Уран зохиолын гэхдээ бас нэгэн онцлох үйл ажиллагаа бол Испани зохиолч Элана Алонзо Фрэйлэгийн удирдан явуулах "ТЭСРЭЛТ -ТЭСРЭЛТИЙН ДАРААХ ҮЕ - УНАЛТ” нэртэй чөлөөт ярилцлага. Энэ чөлөөт ярилцлагаар Габриель Гарсиа Маркесээс Роберто Боланьо хүртэлх Латин Америкийн уран зохиолын 40 жил буюу Латин Америкийн уран зохиолын тэсрэлтийн талаар ярилцана. Гэхдээ хаа холын ямар нэгэн үйл явдлын тухай ярьж буй мэт дурдаад өнгөрөх биш уран зохиолын тэсрэлт гарахад нийгмийн нөлөө ямар байдаг, бидэнд энэ цаг хэр ойрхон байгаа бол? гэх мэтээр өөрсдийнхөө өнөөдөртэй холбосон, уран зохиол сонирхогч хийгээд зохиол бүтээл бичигч нарт тусгайлан зориулсан үйл ажиллагаа болно.

Энэ мэтээр хүүхэд, эцэг эх, залуучууд, уншигчид гээд бүх л хүмүүст зориулсан цогц арга хэмжээ явагдаж, зааж сургасан биш янз бүрийн номыг хэрхэн, яаж уншиж хэрэглэх талаар өөр хоорондоо харилцан ярилцсан арга хэмжээ болох юм.

Танд ямар хэрэгтэй вэ?

Ном бол бидний хоол хүнстэй л адил сайн муу, таарах таарахгүй гээд олон янз. Аль сайн, өөрт таарсан номоо “идэж”, өөрт тэжээл болгох нь уншигч танаас багагүй хичээл зүтгэл, дадал зуршлыг шаарддаг. Тиймээс та хичээл зүтгэл, туршлага, мэдрэмж, дадал зуршлынхаа тухай бусадтай хуваалцаж, бусдаас сонсох, үргэлжүүлэн унших тусам таны өмнө шинэ, хязгааргүй орон зай нээгддэг.

Үүнээс гадна ганцхан жишээ дурдахад ном бол хамгийн сайн стресс тайлагч. Өнөөгийн завгүй амьдралын хэв маяг хүмүүсийг хүссэн хүсээгүй, байнгын стресст оруулдаг болж. Харин стрессээс гарахад сонирхолтой сайн ном тус болдог. Ном уншсанаар сэтгэл зовоосон зүйлс нэг мэдэхэд ямар ч ач холбогдолгүй болох, амьдралаа шинэ гэрэлд харах, өөрт шинэ хүч мэдрэгдэх үе ч тохиолддог. Өдөр тутмын амьдралаас үүдсэн есөн шидийн асуудал дунд залхаж, элдэв асуудлаас болж хүн төөрөлддөг. Тиймээс өөрийн гэсэн үзэл бодолтой болж, орчин тойрныхоо нөлөөнд автсан байдлаасаа салж өөрийгөө жолоодон явахад ном танд тус болно. Энэ мэтчилэн ном уншихын, номын тухай ярилцахын үр шим их.

6-р сарын 12-18 буюу Даваагаас Ням гарагт зохион байгуулагдах үйл ажиллагааны хөтөлбөрийг хавсаргалаа. Танд хэрэгтэй, чухал арга хэмжээ байж чадна гэдэгт итгэлтэй байна.

Арга хэмжээний хөтөлбөрийг дараах холбоосоор орж авна уу: https://goo.gl/1rZSZm

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: 7585 0724; 7577 7700

Sign up for newsletter