Мэдээлэл

Таны хүүхдэд гарцаагүй таалагдах 5 зурагт ном

Хэрвээ та хүүхдээ номонд дуртай болгохыг хүсвэл орой бүр 5-10 минутыг үлгэр уншиж өгдөг, номынхоо тухай харилцан ярилцдаг хэвшлийг бий болгоход зарцуулаарай. Ийм хэвшлийг бий болгоход хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон зурагт ном чухал үүрэгтэй байдаг. Бидний санал болгож буй дараах номууд танд болон таны хүүхдэд таалагдана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

  • Моаби

…70 метр өндөр ургаж, 1000 жил амьдарч чадах Моаби мод Африкийн хамгийн том мод юм. Моаби үнэт мод учраас маш ихээр ашиглаж сүйтгэгдсэн. 19-р зуунаас эхлэн Габон, Камеруны өмнөд хэсэг уг модыг  Европ руу зөөж эхэлжээ. Хөдөө тосгодын ард иргэд Моабид их хайртай. Моаби үр жимс, тос өгөхөөс гадна эм хийхэд хэрэглэгддэг. Моабигийн томхон жимсний газар унах хүчтэй доргилт нь заануудад хүртэл мэдрэгддэг байна. Халуун орны хамгийн сэтгэл татам, хамгийн гоёмсог үзэсгэлэнтэй моддын нэг нь Моаби . Аварга том Моабитай тааралдсан хэн ч түүнийг мартаж чаддаггүй...

Хэдэн мянган жилийн настай Моаби модын амьдралын түүхийг хүүрнэн өгүүлсэн энэхүү өвөрмөц дүрслэлтэй зурагт ном таны хүүхдийг эх дэлхийгээ илүү ихээр танин мэдэхэд нь туслана.

Энэхүү номын тусламжтай таны хүүхэд ой мод, эх дэлхий, биднийг хүрээлэн буй орчин гээд бүхий л зүйлс харилцан шүтэлцээтэй оршин байдаг гэдгийг,  хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалахгүй бол байгаль дэлхий бидэнд хичнээн ихээр гомдож харуусахыг тун ч энгийнээр ойлгож авах болно.


  • Шувуу

...Нэгэн хүүхэд аав ээж хоёроосоо ийн асуужээ:

“Яагаад би энэ газар төрсөн юм бол?

Яагаад та хоёр миний аав,ээж болсон юм бэ?”

Хариуд нь тэд гайхалтай нэгэн аяллын тухай ярьж гэнэ.

Хайртай үр минь!Чамайг төрөхөөс өмнө, тэргэл сартай шөнө нэгэн шувуу чамд ертөнцийг харуулсан юм....

Эцэг эхчүүд маань сониуч жаалынхаа би хаанаас ирсэн юм бэ? хэмээх асуулттай нүүр тулгарах үедээ энэхүү номыг үрдээ уншиж өгөөрэй.

Нэгэн шувуу урт удаан, уудам хол орон зайг туулан ээж аав бүхэн дээр хайртай үрийг нь авчирч өгдөг тухай “Шувуу” зурагт үлгэрийн номонд өгүүлэх болно.  Шувууны аялалыг дүрслэн харуулсан зураглал үнэхээр гайхалтай учир таны хүүхдийн гоо зүйн мэдрэмжинд ч мөн энэхүү ном сайнаар нөлөөлөх болно.


  • Алтан загасны үлгэр

Алдарт А.С.Пушкины “Алтан загасны үлгэр” –ийг сонсоогүй, уншаагүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Монгол хэлнээ академич Ц.Дамдинсүрэн яруу сайхнаар буулгасан байдаг бөгөөд энэхүү хувилбар нь зарим нэг үг хэллэгийг бага насны хүүхдэд ойлгомжтой болгон засварлаж, энэхүү алдартай үлгэрийг анхны бие даасан зурагт ном болгон уншигч багачуудад хүргэж байгаагаара онцлогтой юм. Сувдаг шунахай сэтгэл эцэстээ юунд хүргэдгийг өгүүлэх “Алтан Загасны үлгэр”-ийг та оройн уншлагын цагаар хүүхэддээ уншиж өгөн, харилцан ярилцаарай. Балчир хүүхэд зурагт номд тун дуртай байдаг учраас хуудас бүрд буй сонирхолтой, өгүүлэмж сайтай зургуудыг хүүхэд тань хэдэн ч удаа үзсэн уйдахгүй.


  • Гуталт муурын үлгэр

...Ууган хүү тээрмээ, удаах хүү илжигээ авч харин отгон хүүд муур ноогджээ. Иймхэн хувь хүртлээ хэмээн отгон хүү ихэд гутарч “Ах нар маань хамтдаа гэдсээ цатгаад байж чадна. Гэтэл би мууураар юугаа ч хийх билээ.Өлбөрч үхэх л болж дээ” хэмээн гунигтайгаар амандаа бувтнана...

Францын алдарт гуталт муур хэмээх үлгэрийг олон хэлнээ, янз бүрийн хувилбараар гаргасан байдаг. Харин энэхүү хувилбар нь эх зохиолын агуулгыг алдагдуулалгүйгээр бяцхан уншигч нартаа хүргэхийг зорьжээ. Сэргэлэн арга ухаантай нэгэн муур ямар ч эд хөрөнгөгүй болсон ядуу эзнээ хэрхэн ханхүү болгож буйг өгүүлэх “Гуталт муур”-ын үлгэр таны хүүхдийн хамгийн унших дуртай зурагт номуудын нэг болж чадна.

Дашрамд дурдахад дээрх 4 ном бол Улаанбаатар хот дахь Гёте институт, Alliance Franҫaise d’Oulan-Bator (Улаанбаатар дахь Францын холбоо) хамтарч энэ оны 04.10 – 04.21-ний хооронд СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх дизайн урлагийн сургууль дээр зохион байгуулагдсан "Дэлхийн үлгэрүүд" сэдэвт хүүхдийн номын зургийн сургалтын үр дүнд хэвлэгдэн гарсан бүтээлүүд юм. Энэхүү сургалтыг Герман-Францын соёлын сан санхүүжүүлсэн бөгөөд сургалтанд манай хэвлэлийн газрын хүүхдийн номын зураачид хамрагдсан юм.


  • Диснейн гүнжийн түүх

Ариел, Жасмин, Белла гүнж нарын түүхийн талаар өгүүлэх хүүхдийн киног  үзээгүй хүүхэд багачууд тун ховор биз. Харин энэ удаа үзэсгэлэнтэй, ухаалаг, эр зоригтой гүнж нарын түүхийг та хүүхэддээ өөрөө ярьж өгөх боломжтой боллоо. “Цэнхэр гүзээлзгэнэ” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Үзэсгэлэнт 11 гүнжүүдийн адал явдалт энэхүү үлгэрийн номууд өхөөрдөм багачуудын маань нандин цуглуулга болно гэдэгт итгэлтэй байна.

 

 

 

 

Номын мэдээлэл хүлээн авах