Шилдэг борлуулалттай номын зохиолч Марк Мансон номондоо хатуухан үнэн болон тэдгээрийг хэрэгжүүлэх бодит арга замуудыг тусгажээ.
Битгий хичээ. Бүтэлгүйт. Татгалзах хэрэгтэй. Өөртөө эрх ямба олгох хэрэггүй. Та онцгой биш. Марк Мансон таны тархинд үлдээх гэж шинэхэн номондоо өгүүлсэн санаануудыг товчилоод хэлэхэд нэг иймэрхүү.
Тэрээр Буковскигоос эхлээд Будда бүр Шекспирээр жишээ авч сайхан амьдралын үндэс болсон амжилт, аз жаргалын тухай гүн бодол хийгээд зэрвэс санаануудыг татан гаргаж иржээ. Зарим ойлголтууд нь танд танил байж болох ч зарим ойлголтууд (Тамын эргэх холбоо, Урам хугалагч Панда) нь таны хэзээ ч сонсож байгаагүй зүйлс байх болно.
Бага зэрэг бүдүүлэгдүү аясаар хэлвэл зугаа цэнгэлийн араас хөөцөлдөгч байсан Мансон гэдэг залуу хамгийн их борлуулалттай номын зохиолч болчихсон, түүндээ таны үзэл бодлыг шинэчлэх, чадварыг тань дээшлүүлэх бодит аргуудыг бичсэн байна. Товчоор бол энэ ном таны анхаарал хандуулах хэрэгтэй ямар нэгэн зүйл.
Сэтгүүлч: “Тоомжиргүй байх” гэдэг нь яагаад хэнэггүй, хайхрамжгүй байх гэдгээс өөр ойлголт юм бэ гэдгээр ярилцлагаа эхлэе.
Марк Мансон: Ерөнхийдөө “Тоомжиргүй байх” гэдэг нь үнэт зүйл, чухал, чухал бус зүйлсийг зөвөөр эрэмбэлэх тухай ойлголтын түлхүүр үг юм. Тэгэхээр “Бид юунд ач холбогдол өгөхөөр сонгож байна вэ” гэдэг л чухал асуулт.
Сэтгүүлч: Баяр баясал гэдэг бол сайн үнэт зүйл биш юм гэж бичсэн байсныг уншихад онцгүй санагдлаа. Яагаад тэгэж бодсон юм бэ?
Марк Мансон: Мэдээж баяр баясал гэдэг бол гайхалтай зүйл, бүгд л энэ мэдрэмжийг мэдрэхийг хүсдэг. Энгийнээр хэлэхэд бидний амьдралд үнэ цэнэтэй зүйлс тэр болгон баяр баясал төрүүлээд байхаар байдаггүй болохоор баяр баяслыг хамгийн чухал зүйлсийн нэгэнд тооцож болохгүй. Баяр баясал гэдэг бусад зүйлсийг зөв хийвэл өөрөө хүрээд ирдэг, дагалдаж ирдэг зүйл, үнэт зүйлсийнхээ төлөө тууштай байснаар ирэх нэг үр дагавар юм. Харин зөвхөн баяр баяслын араас хөөцөлдөөд байх юм бол маш олон асуудлууд үүснэ.
Сэтгүүлч: Энэ үзлийг бэлгийн харьцаатай хэрхэн холбож ойлгож болох вэ? Ихэнхдээ эрчүүд хэнтэй хамт байх нь хамаагүй гэх зэргээр олон эмэгтэйтэй байх, ингэснээрээ бахархах хандлагатай байдаг. Ингэж бодох нь яагаад буруу гэж?
Марк Мансон: Энэ асуудал бидний соёл эрэгтэй хүнийг юу гэж хардагтай ихээхэн холбоотой. Ихэвчлэн эрчүүд бэлгийн харьцааг хүнээс тусад нь авч үзэх хандлагатай байдгаас хэнтэй юу хийхийг чухалчилах шаардлагагүй болдог. Энгийн л бэлгийн харилцаа гэдэг санааны эсрэг байж болно л доо, гэхдээ та зөвхөн бэлгийн харьцааны төлөө бэлгийн харьцааны араас хөөцөлдөж болохгүй шүү дээ.
Энэ бол хамтын үйлдэл. Зөвхөн нэг шөнийн асуудал байсан ч өөр нэг хүнийг хамруулж, хоёр хүний харилцан үйлдлээс ирэх баяр баясал, аз жаргалын талаарх асуудал. Миний бодлоор ихэнх залуучууд ингэж хүлээж авдаггүй. Бидний соёл, хүрээлэлээс үүдэлтэй ч гэх үү “Аль болох олон хүнтэй явалдах” гэдэг л асуудал болсон байна.
Сэтгүүлч: Номондоо өөрийгөө зугаа цэнгэлийн араас хөөцөлдөгч залуу байсан гэж бичсэн байсан. Яаж энэ бүхнээс холдож, гэрлэх шийдвэрийг гаргасан бэ?
Марк Мансон: Үнэнийг хэлэхэд ингэж амьдрах нь хоосон, утга учиргүй санагдаж эхэлсэн. Гэхдээ хөгжилтэй байсан л даа. Ялангуяа 23, 24 настай байхад бүр гоё санагддаг байсан. Юунд ч санаа зовдоггүй, бүх зүйл шинэ бас гайхалтай санагдаж, тэнгэр л хүрж болох хязгаар мэт санагддаг байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам би өөрийн цаг хугацаа, эрч хүчээ өөрийнхөө амьдралд тодорхой нэг байдлаар эсвэл урт хугацаанд ямар ч нөлөөлөл авчирахгүй зүйлийн төлөө зориулж байгаагаа мэдэрсэн юм. Тэгээд ирээдүйнхээ тухай “Би 10,20 жилийн дараа хэн байх вэ? 40 нас хүрчихээд нөгөө л шөнийн клубуудаараа хэсч, өөрөөсөө хэд дахин дүү охидын араас хөөцөлдсөн залуу болох гэж үү? Үгүй ээ би ийм зүйлийг хүсэхгүй байна. Өөрийгөө үнэхээр юу хүсч байгаагаа мэдэх хэрэгтэй юм байна” гэх бодлууд толгойд эргэлдэж эхэлсэн юм. Энэ үеэс эхлээд л би тэр амьдралаас тэр чигтээ салсан.
Сэтгүүлч: Номын нэг хэсэгт “Өөрийгөө зориулснаар ирэх эрх чөлөө” гэсэн бүлэг байсан. Бодит байдлаас эсрэг юм шиг сонсогдож байгаа ч үнэн байх шүү.
Марк Мансон: Тиймээ. Би залуу байхдаа тогтвор суурьшилтай байхыг хүсдэггүй байлаа. Зөвхөн олон эмэгтэйтэй явалдаж, хөгжилтэй байж, бүхнийг хөнгөн хуурмаг хардаг байлаа. Харин өөрийгөө хэн нэгэнд зориулж, тархиндаа “Энэ хүнтэй би олон жил амьдарна, бүр насаараа амьдарна” гэсэн бодлыг бий болгосноор асар их эрх чөлөөг олж болохыг мэдэрсэн юм.
Ганц бие хүнд ийм хүнтэй уулзаж болно, ийм юмыг туршиж үзэж болно, энэ хот руу явж болно гэх зэрэг олон олон сонголтууд байдаг, тэр нь ч сайхан. Ингэх нь хичнээн гайхалтай ч оюун санаа болон мэдрэмжийн хувьд их гарзтай гэж хэлж болно. Өөрийгөө бүрэн зориулах тогтвортой хамтрагчийг олсноор тархиа хэрэггүй зүйлд зарцуулахаа больж амьдралынхаа өөр хэсэгт төвлөрөх боломжтой болсон. Өөр бусад зүйлд зарцуулж болох байсан хир их энерги, эрч хүчээ эмэгтэй хүмүүсийн араас хөөцөлдөж дэмий үрснийг мэдэхгүй юм.
Сэтгүүлч: Ач холбогдол өгөхүйц үнэ цэнэтэй зүйлс нь ихэвчлэн хувийн талтай асуудлууд байдаг уу, эсвэл илүү өргөн цар хүрээнд байдаг уу?
Марк Мансон: Хувь хүн өөр лүүгээ гүн орох тал руугаа илүү байдаг гэж бодож байна. Мөн хэдэн настай вэ, юу хийж байна вэ, амьдралынхаа ямар хэсгийг даван туулж байна вэ гэдгээс шалтгаалаад өөрчлөгддөг байх.
Сэтгүүлч: Улс төрд ач холбогдол өгөх хэрэгтэй болов уу?
Марк Мансон: (Инээв) Энэ асуулт их ирж байна шүү. Миний хариулт бол их л хэцүүхэн байдлаар “Тийм”. Улс төрийн эргэн тойронд хог новш, драм их. Утга учиргүй маш их дуулиан шуугиан л байдаг. Хүмүүс ч үүнийг мэддэг, тийм ч болохоор улс төр хүмүүсийг бухимдуулдаг байх. Гэхдээ гол асуудал нь бид ардчилсан нийгэмд амьдрах хангалттай азтай төрсөн нь улс төр гэх зүйлтэй зохицох шаардлагатай болгож байгаад оршино. Тэгэхээр энэ нь тэр чигтээ “Иргэний үүрэг хариуцлагатай” холбоотой асуудал болчихож байна. Бид тодорхой хэмжээгээр анхаарал хандуулж, хамгийн зөв шүүмжлэлт сэтгэлгээгээр шийдвэр гаргаж байх хэрэгтэй. Хэрвээ хэн ч анхаарал хандуулахаа больчихвол бид улс төрийн жолоогоо алдана.
Сэтгүүлч: Танд Хиллари Клинтон болон Доналд Трамптай ганцаарчилж уулзах 5, 5-н минут байна гэж бодвол номныхоо аль хэсгийг тэднийг ойлгож, хүлээж аваасай гэж хүсч байна вэ?
Марк Мансон: Өө бурхан минь. Хилларигийн хувьд бол түүний яагаад тийм нууцлагдмал, параной маягийн байдгийг ойлгож байгаа ч мэдээж илүү нээлттэй, ил тод байх хэрэгтэй гэснийг ойлгоосой гэж бодож байна. Доналд... Түүний тухайд бол хаанаас эхлэхээ ч мэдэхгүй нь.
Сэтгүүлч: Би түүнийг таны номноос олон удаа олж харсан.
Марк Мансон: Тиймээ. Өөртөө эрх ямба олгох гэдэг хэсэг дээр тэр бараг л зурагт хуудсан дээр нь байгаа хүүхэд шиг л тод байсан байх. Бараг л түүний талаар бичсэн юм шиг. Тэр яг л Америкийн соёлын муу муухай талын: өөртөө дурлах үзэл, хувиа хичээх үзэл, бодит байдлаас ангид байх зэргийн үлгэр жишээ мэт байдаг. Өөртөө эрх ямба олгох гэсэн хэсэгт түүний талаар бүтэн бүлэг бичсэн ч тэр тоохгүй, зөвхөн үүнийг унших ч тэвчээр түүнд байхгүй шүү дээ.
Сэтгүүлч: Ингээд ярьсан чинь таны номны нэг хэсэг дээр тодорхой бус байх нь сайн, бүхнийг мэдэх гэж хичээх хэрэггүй, эсвэл бүхнийг мэддэг гэж бодох хэрэггүй гэж бичсэн байсан санаанд орлоо.
Марк Мансон: Миний бодлоор даруу байдал гэдэг бол сурах хэрэгтэй чухал зан төлөв. Үүнийг өөрийнхөө хэнэггүй байдлыг ойлгох гэдэг санаа гэж дэлгэрүүлж ойлгож болно. Доналд өөрийнхөө хэнэггүй байдлыг мэдээж анзаардаггүй. Хир өөрийнхөө талаар тодорхой байна, тэр чинээгээр дэлхий ертөнцийг өөр өөр өнцгөөс хүлээж авах, шинэ зүйлд нээлттэй байх тал дээр сул байна.
Сэтгүүлч: Бүтэлгүйтлийн тухайд юу гэх вэ? Та бүтэлгүйтэх нь сайн гэдэг. Гэхдээ та ийм сайн кареертай байхад энэ санаа тантай хэрхэн холбогдох вэ? Танд бүтэлгүйтэлд итгэх шаардлага байгаа юу? Эсвэл амьдралын чинь өөр хэсэгт бүтэлгүйтэл ирэх вий гэж айдаг уу?
Марк Мансон: Бүтэлгүйтлээс айх айдас хэзээ ч алга болдоггүй. Олон тохиолдолд амжилт нь бүтэлгүйтэх боломжийг хэд дахин үржүүлж байгаа хэрэг. Ерөнхийдөө бүтэлгүйтлийг хэрхэн хүлээж авах вэ гэдэг л анхаарах асуудал юм.
Эрика Ривэра 2016/10/05
Эх сурвалж: www.craveonline.com