Мэдээлэл

Казуо Ишигуро утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртлээ

Казуо Ишигуро залуудаа дуучин, дуу зохиогч болохыг хүсдэг нэгэн байв. Фолк клубүүдээр тоглож, тоглох хэв маяг нь  хэд хэдэн урсгал дамжин өөрчлөгджээ.

Хэдийгээр тэр хөгжмийн бизнест хэзээ ч амжилт олоогүй ч гэсэн дууны үг бичих нь түүнд илүү дутуу чимэггүй, өвөрмөц бичлэгийн хэв маягийг олоход нь тусалж, Английн орчин үеийн зохиолчид дундаа хамгийн нөлөө бүхий нэгэн болоход нь нэмэр болсон аж.

2015 онд Нью Йорк Таймс сонинд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр “Энэ туршлага надад зохиол бичих арга барилаа олоход минь тус нэмэр болсон. Зохиолч хүн давалгаан доор маш их утга учрыг нуух ёстой байдаг” гэжээ.

Энэ пүрэв гарагт утга зохиолын эрхэм дээд Нобелийн шагналыг хүртсэн Казуо Ишигурогийн зохиолуудаас долоо нь нэр алдрыг олсон билээ.

Ноён Ишигуро 62 настай. Түүний зохиолууд дундаас дэлхийн хоёрдугаар дайны үед английн лордод үйлчилдэг гэрийн үйлчлэгчдийн ахлагчийн тухай “Өдрөөс үлдсэн зүйлс” (“The Remains of the Day”), английн тусгай сургуульд өрнөх хайр дурлалын сэдэвт меланхолик дистопи төрлийн зохиол “Намайг бүү явуулаач” (“Never Let Me Go”) хоёр нь олонд хамгийн их танигджээ. Түүний зохиолуудад алдагдсан ой санамж, үхэл, цаг хугацааны хоосон чанар маш ихээр дүрслэгддэг. Бүтээлүүдийнх нь гол цөм нь уран зохиолын төрлүүдийг эвдэн шинийг санаачилж, орон зайн нарийн мэдрэмж, Английн ангийн системийг чадварлагаар задлан шинжилдэгт оршино.

“Товчхондоо хэрвээ Жэйн Остин, Франц Кафка хоёрыг холиод дээр нь жаахан Марсел Прустийг нэмчихвэл Казуо Ишигуро болно. Тэр бол гайхалтай үнэнч шударга зохиолч. Тэр ганцаараа гоо төгөлдөр ертөнцийг бүтээн дэлгэрүүлсэн” хэмээн Шведийн академийн нарийн бичгийн дарга Сара Дэниус хэлжээ.

Пүрэв гарагт Лондонд болсон хэвлэлийн бага хурал дээр Ишигуро “Би энэ шагналыг аваад үнэхээр их цочирдлоо. Хэрвээ би жаахан ч гэсэн  таамаглаж байсан бол өглөө ядаж үсээ угаахгүй юү. Өнөө цагийн бүхий л агуу зохиолчид одоог болтол Нобелийн шагнал аваагүй байхад би одоо ийнхүү хүртэж байгаа нь надад яг л луйвар шиг санагдаж байна” хэмээн дэндүү эгэлхэн хариулсан юм.

Гучин таван жилийн карьерынхаа туршид ноён Ишигуро сэтгэл хөдлөл төдий илэрхийлдэггүй хэр нь тод томруун дүрслэлүүд бүхий бүтээлүүдээрээ олонд сайтар танигджээ. Тэр зохиолуудаа ихэвчлэн нэгдүгээр эзэн биеэс хүүрнэдэг. Итгэж найдаж боломгүй энэ хүүрнэгч үнэнийг үгүйсгэж, эцэст нь уншигч ч түүнийг нь олж илрүүлнэ. Ишигурогийн зохиолын үйл явдлын өрнөл нь түүний бүрэн дүүрэн баялаг бичвэрээс урган гардаг. Хүүрнэгчийн төсөөлөл, бодит байдал хоёрын хоорондох ялгаа, орхигдсон санаа зэрэг нь түүний уран бүтээлийн хамгийн гол онцлогууд юм.

“Англи өвчтөн” романы зохиолч Майкл Ондатжи  академийн дүнг сонсоод сэтгэл нь ихэд хөдөлснөө дуулгажээ. “Тэр бол маш ховор нууцлаг зохиолч, зохиол бүрээрээ намайг гайхшируулдаг” гэж Ондатжи захидалдаа бичсэн байна.

Казуо Ишигуро 1954 онд Японы Нагасакид далайн зурагчны гэр бүлд төржээ. Түүнийг  таван настай байхад гэр бүл нь английн Суррейд нүүж ирэв. Таван настай байхдаа Вокингийн гимнази сургуульд орсноо хожим “The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа “маш хурдан бүдгэрч алга болсон Англи  нийгмийн үнэрийг мэдрэх сүүлчийн боломж байсан” хэмээн ярьжээ.

Ишигуро маш эрт уран зохиолын амтанд орсон бөгөөд есөн настайдаа Шэрлок Холмсын бүтээлүүдийг орон нутгийн номын санд уншиж байлаа. “Би ес арван настайгаасаа л Холмс, Ватсон хоёрын адал явдлыг шимтэн уншаад зогсохгүй тэднийг дуурайн аягладаг сан. Сургууль руугаа очоод ‘гуйж байна, суучих’, ‘энэ бол байж болох хамгийн цорын ганц тохиолдол’ гэж хэлнэ. Энэ үед намайг япон болохоор хүүхдүүд их доош хийнэ” хэмээн тэрээр “The Times Book Review”-д өгсөн нэгэн ярилцлагадаа дурдаж байв.

Кэнтербэрид байрладаг Кентийн их сургуульд англи хэл, философийн чиглэлээр сурч байхдаа тэрээр оройдоо Малколм Брэдбери, Анжела Картер нартай зэрэгцэн уран зохиол бичих урлагийн магистрын зэргийн хичээлүүдэд сууж бүтэн нэг жилийг зохиол бичихэд зориулжээ.

Ишигуро уран зохиолын хүрээнийхэндээ аль эртнээс үнэлэгдсэн нэгэн. 1983 онд тэрээр Мартин Эмис, Ян МкЭван Салман Рушди нартай зэрэгцэн “Granta magazine” сэтгүүлээс гаргасан Британийн шилдэг залуу зохиолчдын жагсаалтад багтсан билээ.

Тэр Англид амьдардаг хижээл насны япон эмэгтэйн тухай өгүүлдэг “Бүдгэрэн харагдах толгод” (“A Pale View of Hills”) хэмээх анхны романаа 1982 онд хэвлүүлжээ. Үүний дараа бичсэн “Хөвөгч ертөнцийн уран бүтээлч”(“An Artist of the Floating World”) романых нь үйл явдал дэлхийн хоёрдугаар дайны дараах Япон оронд өрнөнө. Энэхүү романыг нас дээр гарсан япон зураач хүүрнэнэ.

Харин “Өдрөөс үлдсэн зүйлс” (“The Remains of the Day”) хэмээх гурав дахь романаараа Казуо Ишигуро өөрийн нүүж суурьшсан Британи улсаа ямар сайн ойлгож, энэгшин дассанаа харуулжээ. Ёс дэгийг нарийн сахидаг гэрийн даамлын тухай өгүүлдэг энэхүү роман Бүкерийн шагнал хүртсэн юм. Хожим нь уг романаас сэдэвлэсэн киноны гол дүрийг жүжигчин Энтони Хопкинс ер бусын чадварлагаар бүтээсэн билээ. Зохиолынхоо нооргийг байнга гараар бичдэг Ишигуро уг романаа ердөө сарын хугацаанд бичсэнээ хожим дурссан нь бий.

“Өдрөөс үлдсэн зүйлс” романаа хэвлүүлэх үедээ Ишигуро, итгэж боломгүй нэгдүгээр биеийн хүүрнэгч бүхий зохиол бичсэн нь өмнөх бүтээлүүдээ давтсан хэрэг болж гэсэн шүүмжлэл хүртэх болов уу гэж эмээж байсан ч шүүмжлэгчид түүнийг энэ романаараа уран бүтээлийн цоо шинэ шатанд дэвшиж, өмнөхүүдээсээ эрс өөр зохиол туурвисан хэмээн үнэлжээ.

“Хүмүүс номыг минь уншаад, ‘Өө энэ ч амьдралаа эргэн нэг хараад, одоо ч аливааг өөрчлөхөд дэндүү оройтож дээ гэж санаа алдах өвгөний тухай нөгөө л ном шив дээ’ гэж дүгнэх вий гэж би айж байлаа” хэмээн “The Times” сонинд өгсөн ярилцлагадаа тэр дурдсан байна. Харин гэтэл уншигчид Ишигурогийн романуудын үйл явдал байнга л Япон өрнөдөг байсан; энэ харин түүний хувьд маш том ахиц дэвшил боллоо гэж үнэлсэн ажээ. Үүнээс хойш түүний шинэ бүтээл бүр нь өмнөхөөсөө өөр төрөл жанр, хэв маягаар бичигдэх болсон билээ.

Утга зохиолд эрс шинэчлэлийг эрэлхийлдэг Ишигуро роман бүрдээ детектив, вестерн, уран зөгнөл, фантааз зэрэг жанруудыг өөрийн дураар өөрчилж, хувиргасан ажээ. Жишээ нь, Европын нэгэн нэргүй хотод амьдардаг төгөлдөр хуурчийн тухай сюрреал, зүүд мэт бичигдсэн “Тайтгараагүй” (“The Unconsoled”) хэмээх роман нь 1995 онд хэвлэгдэн гарахад шүүмжлэгчид үүнийг шидэт реализмын төрөлд хамааруулж байв. Түүнчлэн “Биднийг өнчин байхад” (“When We Were Orphans”) зохиолыг нь ч ихэнхдээ детектив роман гэж үздэг. 2005 онд хэвлэгдэн гарсан “Намайг битгий явуулаач” (“Never Let Me Go”) романых нь үйл явдал хэдийгээр 1990-ээд онд өрнөдөг ч үүнийг хэв маягийн хувьд шинжлэх ухааны уран зөгнөлт, футурист романы төрөл жанрт хамруулах нь бий.

Ишигурогийн хамгийн сүүлчийн роман “Булшлагдсан аварга биет” (“The Buried Giant”) нь мөн л уншигчдыг гайхшируулж алмайруулав. Артур хааны үеийн Британи улсад өрнөх фантааз түүхийг өгүүлэх энэхүү романы гол дүрүүд нь Аксл, Беатрис хэмээх өвгөн, эмгэн хоёр аж. Тэд алга болсон хүүгээ хайхаар тосгоноо орхиж явж, нас дээр гарсан хүлэг баатартай таарна. Луу, аварга махчин зэргийн тухай өгүүлэх, гарцаагүй фантааз төрөлд хамаарах энэ зохиолдоо ч Ишигуро өөрийн хэзээ ямагт хөнддөг сэдвүүд буюу хувь хүний эмзэг турьхан мөн чанар, хамтын ой ухаан зэрэг сэдвүүдээ нягт шингээсэн ажээ.

Ишигурод нэр хүндтэй Нобелийн шагналыг хүртээснээрээ Шведийн академи энэ удаад яах аргагүй уран зохиол бичих авьяасыг харгалзан үзэж шийдвэр гаргасан бололтой. Учир нь тус академи улс төрийн үзэл санаагаа зарлан тунхаглах зорилгодоо энэхүү шагналыг ашиглаж байна, өөрөөр хэлбэл уг шагналыг нэлээд улс төрийн шинжтэй болгож байна гэсэн шүүмжлэлд урьд өмнө өртөж байсан юм.

Утга зохиолын салбар дахь Нобелийн шагналыг олгохдоо зохиолчийн аль нэг бүтээлээс илүүтэйгээр уран бүтээлийн замналыг нь харгалздаг. Энэхүү шагналыг өмнө нь Сол Белоу, Эрнест Хемингуэй, Габриель Гарсиа Маркес, Тони Моррисон зэрэг агуу зохиолчид хүртэж байв. Түүнчлэн англи хэл дээр уран бүтээл төдий хэвлэгдээгүй франц романч Жан-Мари Гюстав Ле Клезио (2008), румын-герман зохиолч Херта Мүллер (2009), швед яруу найрагч, орчуулагч Томас Транстромер (2011), франц романч Патрик Модиано (2014) зэрэг Европын төдий алдаршаагүй уран бүтээлчид ч энэ шагналын эзэн болсон нь бий. 1901 онд анх шагнал гардуулснаас хойш нийт 114 хүн тус нэр хүндтэй шагналыг хүртсэний 14 нь эмэгтэй ажээ.

Сүүлийн үед, Шведийн академи роман, яруу найргаас илүүтэйгээр уламжлалт бус төрлөөр уран бүтээл туурвидаг зохиолчдыг онцолж үзэхийг хичээх болсон нь нууц биш. Өнгөрөгч онд л гэхэд, дууны үг зохиогч, дуучин Боб Диланд “Америкийн дуу бичих агуу уламжлалд яруу найргийн шинэ илэрхийллүүдийг олж нээсний учир” Нобелийн шагнал олгосон нь зарим нэг уламжлалт үзэлтний уур бухимдлыг хүргэжээ. 2015 онд аман түүхүүдээрээ алдаршсан беларус сэтгүүлч, үргэлжилсэн үгийн зохиолч Светлана Алексиевич, 2013 онд канад өгүүллэг зохиолч Элис Манро энэ шагналыг хүртсэн билээ.

Казуо Ишигуро англи хэл дээр уран бүтээлээ туурвидаг зохиолчид дундаас энэхүү шагналыг хүртэж буй 29 дэх хүн. Гэхдээ тэр англи хэлт зохиолчдоос ялгаатай нь уншихад тун хялбар байдлаар бичдэг. Эрдэмтэд, шүүмжлэгчдийн талархлыг хүлээхийн зэрэгцээ номын борлуулалтаараа ч тун их амжилтыг олсон Ишигурогийн бүтээлүүд олонд ихэд танигдаж, өргөн хүрээнд уншигдаж байна.  Түүнчлэн эдгээрээс сэдэвлэж бүрэн хэмжээний уран сайхны кино, зурагтын цуврал кино ч бүтээжээ. Түүний романууд АНУ-д л гэхэд 2.5 сая гаруй хувь борлогдсон юм.

“Ишигуро ой санамж, алдаа эндэгдэл, дайн, хайр сэтгэл гэх мэт маш том сэдвүүдээр тун чиг нарийн урлаж, нягт нямбай бичдэг” хэмээн 1989 оны бичигдсэн “Өдрөөс үлдсэн зүйлс” романаас нь хойш түүнтэй хамтарч ажиллаж буй Альфред А. Кнопт хэвлэлийн газрын захирал, ерөнхий редактор Сонни Мехта үнэлжээ.

Энэ пүрэв гарагт утсаар ярилцлага авах үед ноён Ишигуро тун гайхширч алмайрсан мэт байв. Утас дуугарах үед тэр Лондонд эхнэр Лорнатайгаа цуг амьдардаг гэрийнхээ гал тогооны өрөөнд цахим зурвас бичиж суусан ажээ. Нобелийн комисс түүнд шагнал гардуулахаар шийдсэн гэх мэдээг түүнд хэвлэлийн газрын төлөөлөгч нь анх дуулгасан гэнэ. ВВС телевизээс утасдаж, сэтгүүлч, гэрэл зурагчид хаалганых нь өмнө бүчжээ. “Үнэхээр ичмээр байсан шүү. Хөршүүд минь намайг цуврал алуурчин гэж бодсон байх даа” гэж Ишигуро хошигножээ.

Ноён Ишигуро одоогоор шинэ романаа бичихийн зэрэгцээ хэд хэдэн романаас нь сэдэвлэн кино, жүжиг бүтээх ажил ч гар бие оролцож буй аж.

“Энэ романаа дуусгах хэрэгтэй байна. Тийм ч амар роман биш. Одоо энэ бүх бужигнасан тоос намжмагц л би буцаад мөнөөх хэцүү ажилдаа орно доо.”

ЭХ СУРВАЛЖ: New York Times

OCT. 5, 2017


Номын мэдээлэл хүлээн авах