Аниропологич Дэвид Гребэрийн үзэж буйгаар, бид өрийн тухай түүхэн мэдлэг болон өр, хүчирхийлэл хоёрын уялдаа холбооны тухай хэдий чиний сайн ойлголттой болно, өнөөгийн эрин үеэ төдий чинээ гүн гүнзгий дүгнэж чадах билээ. Чухам эндээс л Гребэр, бидний түүхийн мэдлэгт үүсээд байсан тэрхүү хоосон орон зайг нөхөж, бидний зайлшгүй мэдэх учиртай тэр зүйлийг дэлгэн тавьсан юм.
Өр гэж юу вэ? хэмээх энэхүү номонд Дэвид Гребэрийн бичсэн нэг эсээ, нэг ярилцлага багтсан юм. Энэхүү эсээ, ярилцлагадаа тэрбээр Өр: Анхны 500 жил номынхоо гол санааг хураангуйлан өгүүлсэн билээ. Энэхүү номын онцлох ишлэлүүдээс дурдвал:
1.Мөнгө гээч зүйлийг орчин үеийн утгаар нь төсөөлөх боломжийг олгон, улмаар ямар ч зүйлийг худалдан авч, борлуулж болдог зах үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн гол хүчин зүйл нь чухамдаа өр байжээ.
2. Зээл өр хоёр анхдагч, харин үүнээс мянга мянган жилийн дараа зоос үүссэн бөгөөд эцэст нь бартерын солилцоо нь бэлэн мөнгөний тогтолцоо ямар нэгэн шалтгаанаас үүдээд (жишээлбэл: 1998 оны Орос шиг) нуран унасан эсвэл огт алга болсон газруудад л ихэнхидээ тохиолдож байв.
2. Алт ба металл мөнгөний уурхайнуудыг хаад өөрсдөө ихэвчлэн эзэмшдэг хэрнээ уг металлуудын хэлтэрхий дээр өөрийнхөө дүрийг цутгаад, ардууддаа тарааснаа, эргүүлээд түүнийгээ татвар хэлбэрээр буцаан нэхдэгийн учир шалтгаан юу вэ? Татвар оногдуулах замаар хүн бүрийг хүчээр зоостой болгоод түүгээрээ дамжуулан зах үүсэн хөгжих нөхцөлийг бүрдүүлж байсан гэдэг л хамгийн ойлгомжтой тайлбар юм.
3. Мөнгө бол энэхүү нийгмийн өрийн зүгээр биежсэн хэлбэр, энэ өрийг зохицуулах арга зам юм.
4. Хүн төрөлхтний хэлэнд хамгийн анх тэмдэглэгдсэн “эрх чөлөө” хэмээх утгатай үг бол шүмэр хэлний “амарги” юм. “Өргүй” гэсэн утгаар хэрэглэгдэх энэ үг цаашлаад “эрх чөлөө” гэсэн ерөнхий утга илэрхийлдэг ч, үгчилбэл “ээждээ эргэн очих” гэсэн үг байдаг. Учир нь өрийн өршөөлийг тунхагласнаар бүх өрийн боолууд гэртээ харих боломжтой болдог байжээ.
5. Санскрит, еврей, арамай хэлнүүдэд “өр”, “гэм”, “нүгэл” зэрэг утгыг нэг л үгээр илэрхийлдэг. Шашны томоохон урсгалуудын хэрэглэдэг хэллэгүүдийн ихэнхи нь (төлөөс, ангижрах, кармын данс гэх мэт) эртний санхүүгийн хэллэгээс үүсэлтэй.
6. Хүчирхийллийн үр үндсийг бүрэн устгасан нийгэмд эрх чөлөөт хүмүүс бие биедээ ямар өртэй байх бол гэж асууцгаая. Тэд ямар төрлийн амлалт, найдлага харилцан бие биедээ өгөх бол?