Эрих Сегалын Хайрын түүх хэмээх тус бүтээл нь гарсан даруйдаа шуугиан тарьж, гучин гурван хэлнээ орчуулагдан хорин нэгэн сая хувь хэвлэгдэж байв. Тэр үед зөвхөн Битлз хамтлагийн амжилт л үүнтэй эн зэрэгцэж байлаа.
Нийгмийн анги давхарга, үзэл бодлын хувьд ч эрс ялгарах идэр залуусын бие биедээ сэтгэл алдран буй энгийн атлаа эмзэглэл дүүрэн эл хайрын түүх нь уншигч биднийг хөгжөөн баясгахын сацуу санаашран бодолхийлгэх амьдралын олон өнгийг цогцлоожээ.
Энэ бол коллежид сурч байхдаа учирсан хоёрын түүх. Оливер гэх хөгжүүн залуу бол Баррет удмын өв залгамжлагч, Харвардын оюутан. Харин Женни энгийн нэг талхчны охин. Хоёр өөр ертөнцийн хүмүүс ч гэлээ бүсгүй залуу хоёр анхны харцаар бие биедээ татагдаж, цаг хугацаа өнгөрөх тусам улам гүнзгий дурлацгаана.
Коллежоо төгсөөд хос хоёр гэрлэхээр шийдсэн ч Оливерын аав зөвшөөрөхгүйгээр үл барам хүүгээсээ бүх холбоогоо тасална. Оливерын сургуулийн төлбөрийг төлөхийн тулд Женни хувийн багшаар ажиллаж, Оливер ч амьдралаа залгуулахын тулд чадлаараа зүтгэнэ. Хүнд хэцүү үе ард үлдэж, сургуулиа амжилттай төгссөн хос хоёр Нью-Йорк хотыг зорин, хөлөө олж амьдрал нь дээшлэх ч хамтдаа байх аз жаргалтай мөч удаан үргэлжилсэнгүй. Бүсгүй эдгэх найдлагагүй хүнд өвчин тусаж, амьдрах хугацаа тун бага үлджээ.
Залуу хос энэ хүнд сорилттой хэрхэн нүүр тулах бол...
Buy