Дармачари Нагаража
Будда унтлагын цагаар
Энэхүү номын зохиогч Дармачари Нагаража нь BBC радиогийн зочин хөтлөгч байсан бөгөөд буддын үлгэрүүдийг английн 7.7 сая сонсогчдод хүргэсэн билээ. Тэрээр 1988 оноос хойш буддын шашныг судалж байгаа бөгөөд “Будда унтлагын цагаар” ном нь түүний анхны бүтээл юм. Энэ ном нь зөвхөн буддын шашинтнууд, хүүхдүүдэд ч биш хүн бүрд хүртээмжтэй утга агуулгатай учир уншигч таныг бяцхан үрстэйгээ хамт амтархан уншина гэдэгт итгэлтэй байна. Хүүхдэд ойлгомжтой, уншихад сонирхолтой 20 сургамжит үлгэр бүхий уг цоморлог хүүхдийн тань оюуныг баясгаж, ухаарал, урам зориг өгнө. Хайр энэрэл, мэргэн ухааны тухай өгүүлэх энэхүү номыг уншаарай.
Уг номын үлгэрүүд өрөвч нигүүлсэнгүй тоть, сайхан сэтгэлт одос үхэр, аймхай мангас гэх зэрэг хүншүүлсэн олон дүрүүдтэй. Хөгжөөн баясгаж, сатааруулахаас илүүтэй амьдралд хэрэгтэй буддын сургаалуудыг ойлгуулахыг зорьсноороо онцлог юм. Үлгэр бүр хуудас дүүрэн өнгөт зурагтай. Хүүхдэдээ үлгэр домог чангаар уншиж өгөнгөө хамтдаа инээж, уйлж, догдолж, хөөрч баярлан, төсөөллийн ертөнцөөр аялах нь хүүхэдтэйгээ илүү дотносох таатай нөхцөл бүрдүүлдэг. Үлгэрүүдийг уншихын өмнө номын өмнөтгөл хэсгийг унших нь зүйтэй. 8-13 дугаар хуудсанд Будда болон түүний сургаалын талаар эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтран унших хэсэг бий. 14-23 дугаар хуудсанд эцэг эхчүүдэд зориулсан хэсэг бий. Харин 24-25 дугаар хуудсанд үлгэрээ эхлэхээс өмнө хүүхэдтэйгээ хамт хийх тайвшруулах дасгал бий.
Үлгэрийн үйл явдлууд аагим халуун цөлөөс, үржил шимтэй ширэнгэн ой хүртэлх олон янзын газар нутагт өрнөх бөгөөд мишээх нар, ододтой ярилцах саран авхай зэрэг амьдчилсан дүрүүд гарна. Энэ нь хүүхдэд байгаль дэлхийн гоо үзэсгэлэнг биширч, хайрлан хамгаалах сэдлийг төрүүлэхээс гадна хүрээлэн буй бүхэнтэй амар тайвнаар, зохицон амьдрахад тус дөхөм болно гэдэгт найдаж байна. Санаа зовнилд зөвхөн насанд хүрэгчид өртдөггүй. Үе тэнгийнхнээс ирэх дарамт шахалт, хичээл номдоо амжилт гаргах хүлээлт болон гэр бүл салалт зэрэг олон асуудлаас болж хүүхдүүд багаасаа стресст өртөмхий болдог. Иймээс Буддагийн ухаалаг үгс тэдэнд амьдралд тохиох асуудлыг эергээр даван туулж, дотроосоо амар амгаланг олохыг заадгаараа чухал юм. Мөн буддын сургаалын зарчмууд биднийг өнөөгийн нийгмийн үргэлж “илүү ихийг хүсэх” урхи занганд унахаас сэргийлж, тоглоом, хувцас зэрэг өөрт байхгүй эд зүйлс аз жаргал авчирдаггүйг ойлгуулдаг. Үлгэрүүд хүмүүжлийн шинж чанартай ч гэлээ, уншиж өгөхдөө хүүхдийнхээ үгийн баялаг, танин мэдэхүйн чадварыг шалгасан асуулт тавихгүй байх нь зүйтэй. Үлгэрээ баяртайгаар сонсоход нь тусалж, харилцан ярилцаарай. Уншлагын цагаа маш тайван, амгалан байдлаар төгсгөх нь хүүхдэд оюун санааны ачаалал өгөхөөс сэргийлж, бөх унтаж амрахад нь тусална.
Buy