Хүүхдийн номын ''Жангар'' редакц ''Малчны хотонд'' зурж, буддаг номоо эцэг эхчүүд болон хүүхэд багачууддаа танилцуулж байна. Хот суурин газрын хүүхдүүдэд хөдөө явж байгалийн сайхан, малчин айлын өдөр тутмын амьдрал, мал сүрэг гээд олон зүйлийг нүдээр үзэх боломж хомс байдаг шүү дээ. Тиймээс энэ удаад бид энэхүү зурж будах номд өгүүлэх Заяа хүүгийн зуны амралтын тэмдэглэлээр дамжуулан хөдөө нутаг, малчин айлын ахуй амьдралыг хүүхдүүдэд таниулахыг зорьсон юм. Аав ээжүүд хүүхэдтэйгээ хамт энэхүү номын зургуудыг гүйцээн зурж бас будаж, сонирхолтой тэмдэглэлийг нь уншиж ярилцахын зэрэгцээ хамгийн арын хуудсаас ''унага чагтлах'', ''дайралцаа үг'' гэх зэрэг үгсийн тайлбарыг уншиж өгөөрэй.
Энэхүү номын эхний хуудаст дурсамжтай аяллын гэрэл зургаа наах хэсэг бий. Аав ээжтэйгээ хамт аялалд гарч буй Заяа хүү нагац ахындаа очиж үеэлүүдтэйгээ тоглохоор тун ч баяртай явна. Зам зуурт таарах уул уснаас эхлээд хөдөө очиход нь түүнийг угтах нохой, хурга, адуун сүрэг гээд л бүх зүйл түүний сонирхлыг татна.
Хуудас бүрдээ сонирхолтой түүх өгүүлэх энэ номыг хүссэнээрээ будаж, гүйцээж зураарай. Зурсан, будсан бүхэн хүүхдийн бүтээл юм шүү. Зурж будах нь хүүхдийн танин мэдэхүйд тустай, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна аз жаргал, баяр хөөр бэлэглэдэг. Хүүхэд энд тэнд суугаад зураг зурж байгаа л харагддаг. Томчууд төдийлөн чухалчилж анхаардаггүй. Хүүхдийн зураг бол тэдний захидал юм. Тэд таньж мэдсэн зүйлээ, төсөөлж бодсоноо, тулгарсан асуудлаа зурж, буддаг. Томчууд харин тэдний зурсан зургийг авьяас чадвартай холбон ойлгодог учраас хүүхдэд хүндэдсэн дүр дүслэлтэй, нарийн чимхлүүр ажилбартай буддаг номыг сонгох нь элбэг. Хүүхдийн хөгжлийн чухал хэсэг нь бүтээлч үйл юм. Зурж будахдаа бодож, төлөвлөж, төсөөлж байдаг. Ийм төрлийн номууд гарын жижиг булчин, тархины хөгжилд чухал нөлөөтэй байдаг учраас хэт хүнд дүр дүрслэлтэй өөрт таалагддаг хүүхэлдэйн киноны дүрүүдийн зурагтай буддаг ном сонголгүй, нас сэтгэхүйн онцлогт нь тохирсон ном авч өгөх нь чухал юм. Энэхүү номтой хамт сонирхолтой аялалд гараарай.
Buy